Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар     109/ШШ2021/0009

 

 

 

 

 

 

 

 

                                     109/ШШ2021/0009

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Прокурор: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М

            Хариуцагч: Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э

            Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Л.Б-д шийтгэл ногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М, хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.М шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч, ахмад Ш.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0134766 дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн холбогдогч Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн үндэслэлээр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалтай танилцахад, холбогдогч Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-ны өдрийн хугацаанд “Хюндэй голд” маркийн, 34-86 УНП улсын дугаартай автомашинаар Архангай аймгаас Улаанбаатар чиглэлд мах тээвэрлэхдээ эрх бүхий байгууллагаас тогтоосон хязгаарлалтын дэглэм зөрчиж, зорчигч тээвэрлэсэн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Б-гийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн” зөрчлийн шинж тогтоогдсон байна.

Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус тогтоосон харьяаллыг зөрчиж аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Э нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Архангай аймгийн онцгой байдлын газрын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, ахмад Ш.Э-ын зөрчлийн холбогдогч Л.Б-д шийтгэл ногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэв.

Хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн төвийн /Цагаан хаалганы/ байнгын хяналтын постоор “Хюндэй голд” маркын 34-86 УНП улсын дугаартай автомашинаар иргэн Л.Б нь Улаанбаатар хотруу мах тээвэрлэхдээ тусгай зөвшөөрөлгүй 2 иргэн тээвэрлэсэн гэх мэдээллийг хүлээн авч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр холбогдогч Л.Б-д хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр шийтгэл оногдуулсан. Дээрх зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ" гэж тус тус тогтоосны дагуу 0134766 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-т холбогдуулан “Иргэн Л.Б-д шийтгэл ногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11.-д “гомдол” гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг;”

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл. “Зөрчил хянан шийдвэрлэх шүүх” 2. “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.7 ... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдол, прокурорын дүгнэлтийг хянан шийдвэрлэх ажиллагааг захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байх тул шүүх дээрх прокурорын дүгнэлтээр 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбогдогч тус аймгийн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан нь хууль бус байх тул 0134766 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, иргэн Л.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумаас Улаанбаатар хотруу 8тн мах ачиж явахдаа тусгай зөвшөөрөлгүй 2 иргэнийг тээвэрлэжээ. /х.х-н 8/

Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагруу буцах замд Архангай аймгийн хяналтын постоос зөрчлийн мэдээлэл хүргүүлж, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э шалгасан байна. /х.х-н 5/

Холбогдогч Л.Б зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: “ ... Архангай аймгийн Ихтамир сумаас 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотруу “HYUNDAI GOLD” маркийн 34-86УНП улсын дугаартай автомашинаар 8 тн мах ачиж явсан. Явахдаа тусгай зөвшөөрлийг И сумын Засаг даргын Тамгын газраас, гарал үүслийн бичгийн Мал эмнэлгийн тасгаас авахдаа ганцаараа явна гэж авсан. Явахдаа тус сумын иргэн Д.О, П.Г нарыг авч явсан ...  тусгай зөвшөөрлийн дагуу ганцаараа яваагүй, илүү хоёр хүн авч ирсэн ...” гэж мэдүүлжээ. /х.х-н 6-7/

Ийнхүү Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2-т зааснаар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. /х.х-н 18/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-с “ ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус тогтоосон харьяаллыг зөрчиж аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Э нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн холбогдогч Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон ...” гэж;

Хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-с “ ... 0134766 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна ...” гэж тус тус тайлбар гаргаж байна.

 

Хуулийн зохицуулалтаас үзвэл, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2.-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж;

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7.-д “гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6,  5.17, 5.18 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил”, 7.-д “Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл, 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндэслэлээр зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий этгээд нь Эрүүгийн хэргийн шүүх байна. Өөрөөр хэлбэл дээрх зөрчилд Эрүүгийн хэргийн шүүх торгох, эсхүл баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ.

Гэтэл Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь иргэн Л.Б-д Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтан биш, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э нь маргаан бүхий 0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байгаа талаар бичгээр тайлбар гаргасан болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн  8.-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж заасны дагуу Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-ын гаргасан дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-ын “Иргэн Л.Б-д шийтгэл ногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 106.3.12., 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1., 5.13 дугаар зүйлийн 2., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7.-д заасныг баримтлан Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.М-ын гомдлыг /дүгнэлт/ хангаж, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Ш.Э-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0134766 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА