Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 23

 

Х б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 622 дугаар шийдвэртэй.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Х б-ны нэхэмжлэлтэй,

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 4-1 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХН69040106, Ч овогт Я-ын С-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулга, хариуцагч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х б-ны өмчлөлийн Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байрлах, гэрчилгээний 000234806 дугаартай, улсын бүртгэлийн Ү-1520001988 дугаартай, 99 м.кв талбайтай, 4 өрөө хувийн сууц, гэрчилгээний 000317222, нэгж талбарын 191903295, 600 м.кв талбайтай газрыг тус тус чөлөөлж, албадан нүүлгэх тухай

Нэхэмжлэгч Х б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Баттулга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Я.С нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хашаа байшин барих зориулалттай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 20.000.000 төгрөгийн зээлийг 1660001660 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. 1250001660 тоот зээлийн гэрээний үүргийг 2013 оны 3 сараас хойш зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө хийгээгүй. Я.Стэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, шаардаж байсан боловч цаашид зээл төлөх боломжгүй болсон тул 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 681 тоот шүүгчийн захирамж гарч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураар төлбөр төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг худалдан борлуулахаар 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагийн албадан дуудлага худалдаа зарласан боловч оролцогч ирээгүй тул барьцаа хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот гудамж хаягт байрлалтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай 99 м.кв талбайтай хувийн сууц, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай 600 м.кв тапбайтай газрыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр авагч Х бинд 19.622.755,55 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн өгөхөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба санал болгосны дагуу хөрөнгийг шилжүүлэн авсан.

Гэтэл Я.С нь банкны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхгүй, тавьсан шаардлагыг үл тоомсорлон биет байдлаар хүлээлгэж өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшиж ашиглаж байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Х б нь хууль ёсны өмчлөгч болохын хувьд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн хуулийн 106.3 дах хэсэгт зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасны дагуу Х б нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Увс аймаг, Улаангом сум, 10 дугаар баг, 14-07 тоот хаягт байршилтай, Ү-1520001988 улсын бүртгэлийн дугаартай, 99 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүр, граж, Г-1520002446 улсын бүртгэлийн дугаартай, 600 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд Я.С-ийн хууль бус эзэмшлээс Х бны өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Я.С шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх Х бнаас 20.000.000 төгрөгийн зээл авах үед эдийн засагч Түмэнжаргал нь 14.000.000 төгрөг авснаар сард 234.000 төгрөг төлөхөөр график гаргаж өгсний дагуу би 1 жилийн хугацаанд төлсөн. Тэгээд тухайн үед банкинд шалгалт ирсэн гээд үлдэх 6.000.000 төгрөгийг нэмээд сард 550.000 төгрөгөөр зээл төлүүлэхээр графикийг өөрчилснөөс би алдагдалд орж эхний 3 сарын хугацаанд зээлээ төлөөд цааш төлж чадахгүй болсон.

Би зээл авах үед миний үндсэн хөрөнгө хүрэхгүй байсан бөгөөд тухайн банкны ажилтны буруугаас би алдагдалд орсон гэдгээ банкинд удаа дараа хэлж байсан. Гэтэл Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Мягмаржав гэх хүн надаар гарын үсэг зуруулж газрын албанд очоод газрыг Х бны нэр дээр шилжүүлсэн.

Тэгээд банк надыг тухайн байраа 10.000.000 төгрөгөөр ав гэхэд надад уг мөнгө бэлэн байгаагүй бөгөөд би данс нээлгээд 1.000.000 төгрөгийг тухайн дансанд хийсэн. Тэгээд 10.000.000 төгрөгөө энэ байдлаар бүрдүүлж өгнө гэхэд Х б зөвшөөрөөгүй. Х б намайг найдваргүй зээлдэгч тул надад байрыг өгөхгүй гэсээр өдий хүрсэн.

Тухайн үед Х б хуулийнхаа дагуу ажиллаад 20.000.000 төгрөг биш 10.000.000 төгрөг өгсөн бол би ингэж байраа банкинд өгөх ёсгүй байсан. Би улсад 28 жил 6 сар ажилласан. Улмаар 2019 оны 4 дүгээр сард тэтгэвэрт гарах ёстой.

Иймд би хашаа байшингаа тэтгэврээ барьцаалан 10.000.000 төгрөгт тооцож авна. Би хэзээ ч байраа Х б-нд өгөхгүй. Х б хууль бусаар манай байрыг өөрийн эзэмшилд авсан гэж ойлгож байна. Банк өөрийнхөө давуу эрхээ эдэлж, бид нарыг хууль мэдэхгүйг далимдуулан хууль бусаар манай байрыг өөрийнхөө эзэмшилд оруулж авсан. Хуулийн дагуу өөрийнхөө эзэмшилд авсан юм биш. Миний авсан зээлийн хугацаа дууссан байгаа. Би хашаа, байшингаа өгөхгүй” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 622 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд зааснаар Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 14-07 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001988, гэрчилгээний 000156249 дугаартай, 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граж, дэлгүүрийн барилга, мөн хаягт байрлах 600 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520002446, нэгж талбарын 191903295 дугаартай өмчлөх эрхтэй газрыг хариуцагч Я.Сийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х бнаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Сээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х бинд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Уг маргааныг өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцээд давж заалдах шатны шүүхээр хянагдаад тухайн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан магадлал гарсан.

Тухайн магадлалын үндсэн агуулга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэлийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий дээрх үйл баримтуудыг тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх байсан, үүнийг давж заалдах шатны шүүх хурлаар тодруулах боломжгүй гэсэн үндэслэлээр буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх дээд шатны шүүхийн магадлалын заалтыг анхаарахгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Х б нь хариуцагч Я.С-т холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 14-07 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-1520001988, гэрчилгээний 000156249 дугаартай, 99 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц, граш дэлгүүрийн барилга, мөн хаягт байрлах 600 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Г-1520002446, нэгж талбарын 191903295 дугаартай өмчлөх эрхтэй газраа түүний хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч Я.С нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х б-наас 20.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20,5 хувийн хүүтэй зээл авч, зээлийн барьцаанд дээрхи эд хөрөнгийг барьцаалсан байна.

Зээлдэгч Я.С нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 14-07 тоотод байрлах 4 өрөө хувийн орон сууц, граш, дэлгүүрийн барилга, 600 м.кв талбай бүхий өмчлөх эрхтэй газрыг Х бны өмчлөлд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж , Х б хууль ёсны өмчлөгч болсон байна.

Хариуцагч Я.С нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байх үед уг ажиллагаатай холбогдуулан ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ба тухайн үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн журмаар Х бны өмчлөлд шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “ өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар Х б нь хариуцагч Я.Сийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол хангагдаагүй тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далин мянга хоёр зуун / төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 622 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далин мянга хоёр зуун / төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН