| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/0037/И |
| Дугаар | 130/ШШ2021/00209 |
| Огноо | 2021-02-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2021/00209
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Т-н Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт бүртгэлтэй, одоогоор Бугат сумын 5 дугаар багт түр оршин суудаг, Т овогт С-ны Т-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б, хариуцагч С.Т, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр С.Т-тэй сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, гэрлэлтийн гэрчилгээг авсан ба энэ хугацаанд буюу 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүү Т.Серуен төрсөн. С.Т нь гэрлэсэн цагаас эхлэн ээжтэйгээ хамтран, надтай зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлон,зодож хүчирхийлэлд байлгаж ирсэн ба байнга гэрээс хөөдөг байсан ба хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард гэрээс хөөж явуулсан,түүнээс хойш би очоогүй. Би тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж ,гэр бүлээ хамгаалах зорилгоор санал тавьсан байсан боловч нөхөр маань зөвшөөрөөгүй тул бид хоёр эвлэрч чадаагүй. Улмаар С.Т нь тус шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2020/01177 дугаартай шийдвэрээр бид хоёрын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн юм. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд би тухайн үед гэрлэлт цуцална гэж бодоогүй байсан тул хүүхдийн асрамж,тэтгэлгийн талаар нэхэмжлэл гаргаагүй, өмгөөлөгчөөс зөвлөгөө аваагүй тул хүүхдийн асуудлыг хөндөж чадаагүй. Одоо миний хүү Т.Серуен нь ой зургаан сартай бөгөөд миний асрамжид эрүүл эсэн мэнд бойжиж байгаа. С.Т нь надаас гэрлэлт цуцлуулсан ч гэсэн Т.Серуений эцэг хэвээр бөгөөд тэрээр эцэг хүний хувьд хүүхдээ эргэж ирж, асран хамгаалах үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.
Иймд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүсье гэв.
Хариуцагч С.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Б-н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би түүнтэй 2019 оны 03-р сарын 20-ны өдөр гэр бүл болсон үнэн юм. Харин бид хоёрыг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтийг цуцалсан юм.2019 оны 07-р сарын 23-ны өдөр Т.Б амаржиж хүүтэй болсон бөгөөд бид хоёр хоорондоо таарамж муутай учир хамтран амьдарч чадаагүй.Би анх шүүхэд гаргасан тайлбартаа хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй талаар бичсэн байсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүүхдийн өөрийн асрамжид үлдээх болон эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2020/01177 дугаартай шийдвэрээр хариуцагч Т овогт С-ны Т, нэхэмжлэгч С овогт Т-н Б нарын гэрлэлтийг цуцалж, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрт гэрлэгчид гэр бүл болсны дараа 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуен гэсэн хүүхэдтэй боловч нэхэмжлэгч хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй тул хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн талаар үндэслэлдээ дурджээ.
Улмаар нэхэмжлэгч Т.Б-ээс хариуцагч С.Т-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг өөрийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа гаргасан болно.
Харин нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү Т.Серуен төрсөн ба одоо тэрээр эсэн мэнд бойжиж, эх нь болох Т.Б-тэй хамт амьдарч байгаа нь Шипагер өрхийн Эрүүл мэндийн төвийн өрхийн хүний их эмч болон Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын тус тус тодорхойлолтуудаар нотлогдож байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох,... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Т.Серуен нь эхтэй хамт амьдарч байгаа байдал, хүүхдийн нас болон хариуцагчаас хүү Т.Серуенийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг эх нь болох Т.Б-н асрамжид үлдээж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг С.Т-ээр тэжээн тэгүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 33840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг эх нь болох Т.Б-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Серуенийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох С.Т-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 33840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ