Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2021/00212

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Т овогт Х-н А-н  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар /дарга Б.Е/-д   холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Е, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  М.А, орчуулагч Б.Арманбек,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Наурызбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл нь ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэнгэл сумын  5 дугаар багийн иргэн Х.А нь Цэнгэл сумын ЗДТГазрын үйлчлэгчээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан үйлчлэгч Н.Еркегүлийн оронд ажиллаж байсан. Гэтэл намайг Цэнгэл сумын ЗДТГазрын даргын үүргийг тор орлон гүйцэтгэгчээр томилогдсон Х.Соронзонболд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр уг ажлаас нь маань чөлөөлсөн. Би тус сумын ЗДТГазар, Засаг дарга нарт олон жил өрх,гэр бүлийн талаарх гачигдал зовлонг хэлж өргөдөл гаргаснаар намайг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗДТГазрын даргын Б/03 дугаар тушаалаар сумын кобоны үйлчлэгчээр томилж, сар бүрийн цалинг 150000 төгрөгөөр тогтоосон. Манай ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй,нөхөр маань ажил эрхлэх чадваргүй өвчтэй тул өрхөд миний сар бүр олох  150000 төгрөгөөс өөр орлогогүй.Тус газрын үйлчлэгч Н.Еркегүл нь жирэмсний амралт авахаар  нь түүний оронд түр хугацаагаар хавсран ажиллая гэж хүсэлт гаргаснаар сумын удирдлагууд хэлэлцээд намайг томилсон байсан. Иймд миний хууль ёсны эрх ашиг,сонирхол ноцтойгоор зөрчигдсөн тул намайг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл нь ажилд орох хүртэл Цэнгэл сумын ЗДТГазрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие сумын Засаг даргын тамгын газарт ажиллаад 9 жил болж байна. Би өөрөө оюутан сургадаг, нөхөр маань ажилгүй, манай өрхөд ганц орлоготой хүн би болохоор Засаг даргын тамгын газарт учир байдлаа хэлээд ямар нэгэн сул орон тоо гарвал намайг давхар ажилд авах тухай өргөдөл гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Засаг даргын тамгын газрын үйлчлэгч ажил хийдэг Н.Еркегүл гэдэг хүн жирэмсний амралт авсан тул би сумын Засаг даргад намайг ажил авах тухай өргөдөл гаргасан. 6 сарын хугацаанд ч гэсэн 420,000 төгрөгийн цалин авч байя гэж өргөдөл гаргасан. Тамгын газрын дарга маань хүлээн зөвшөөрч Н.Еркегүлийн орон тоонд ажилд авсан. Дараагаар нь Соронзонболд, Айтуган гэдэг хүмүүс томилогдоод 7 хоног болоогүй байхад намайг чи намын ухуулгад яваагүй 9 дүгээр багаас хамгийн сайн ухуулгад явсан хүнийг чиний орон тоонд ажилд томилно гэж дарамталж ажлаас чөлөөлсөн. Миний орон тоонд М.А гэдэг хүний ажиллуулах болсон. Айтуган гэдэг хүн намайг намын үзэл бодлоороо ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Би өмнө нь 100 000 төгрөгөөр цалинждаг байсан. Чуулганы үеэр өөрийнхөө учир байдлаа хэлээд цалингийн доод хэмжээгээр цалин авч байх талаар өргөдөл гаргасан боловч хүлээн аваагүй. Одоогоор 150 000 төгрөгийн цалин авч байгаа. Сонгогдсон Жанбота, Ерлан гэдэг хүмүүс 9 дүгээр багт хамгийн сайн сурталчилгаанд явсан энэ хүнийг заавал чиний орон тоонд ажилд авна гэж намын үзэл бодлоор ажлаас чөлөөлсөн. Тиймээс намайг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын жирэмсний амралт авсан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Н.Еркегүлийн ажилд эргэн орох хүртэлх Засаг даргын тамгын газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Соронзонболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас үйлчлэгч ажилтан Еркегүл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жирэмсний амралт авч тус ажлын байранд ЗДТГазрын дарга Б.Е 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/11 дугаар тушаал гаргаж Х.А-ийг ажилд авах тухай тушаал гаргасан байна. Дээрх тушаалыг гаргахдаа Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е өөрийнхөө 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажилд авсан Х.А-ийг давхар ажилд авсан асуудлаар урьд өмнө ЗДТГ-т ажил хүссэн өргөдөл гаргасан иргэд гомдол гаргасны дагуу хянаж үзээд давхар ажил эрхэлж цалин хөлс авч байгаа иргэн Х.А-тэй уулзаж 2 ажлын байрны аль нэгэнд ажиллахыг санал болгосон.Х.А нь уг саналыг судлан үзээд өөрийн хүсэлтээр байнгын ажлын байр болох кабоны үйлчлэгчийн ажлын байрыг сонгосон. Х.А-н саналыг сонсох ажилд сумын ИТХ-ын дарга А.Жанбота оролцож олгож байгаа хөлсийг 50000 төгрөгөөр нэмэгдүүлж сард 200,000 төгрөг олгуулж өгөх талаар баталгаа гаргаж өгсөн.Эдгээр нөхцөл байдлыг судлан үзэж Х.А-ийг ЗДТГазрын байрын түр ажлын байранд ажилд авсан тушаалыг хүчингүй болгож амьдралын түвшин доогуур ямар нэг орлогогүй 6 ам бүлтэй өрхийн нэг хүний түр ажиллуулж байгаа. Хавдарышын Аийг ажил авах тухай 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Засаг захиргаа ,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг хүн ажилд авах талаар ямар нэгэн заалт алга байна. Мөн тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 гэдэг заалт тус хуульд огт байхгүй байна. Х.А-ийг ажилд авах тухай Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаал нь илт хууль захиргааны акт тул гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.  Иймд Х.А-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2020 оны 12 дугаар сарын 31-нд Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгч Н.Еркегүл гэдэг хүн жирэмсний амралт авах болсон. Тамгын газрын харья Кабон гэж байдаг. Кабонд үйлчлэгчээр ажиллаж байсан Х.А 150 000 төгрөгийн цалинтай, ар гэр нь тааруу, амьжиргаа нь муу хүн байсан. 4 сарын хугацаанд Н.Еркегүлийн оронд Х.А-ийг ажиллуулахаар тушаал гаргасан. Тэгээд манай сумд Орон нутгийн сонгуулиар шинээр сонгогдсон Айтуган Засаг дарга өөрсдийн үзэл бодлоор намайг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг Тамгын газрын даргын ажлаас намайг чөлөөлсөн байсан. Миний оронд ажилд орсон Х.Соронзонболд Х.А-ийг ажлаас нь чөлөөлж, оронд нь М.Аийг ажилд авсан тушаал гаргасан байна. Би Төрийн албаны зөвлөлд хандаж 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дахин Тамгын газрын даргаар томилогдсон. Х.Соронзонболд гэдэг хүний миний оронд ажиллаж байх хугацаанд гаргасан тушаал нь хүчингүй гэж үзэж байна. Шинээр томилогдоод ажиллаж байсан хүмүүсийг тушаал гаргаж ажлаас чөлөөлөөд байж болохгүй. Урд нь ажиллаж байсан Тамгын газрын дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд, энэ хүний аж амьдралыг бодож 4 сар ч гэсэн ажиллаг гэж 420 000 төгрөгийн цалинтай ажил хийг гэж томилсон. Х.А нь гүйцэд цалин авдаггүй, 150 000 төгрөгийн цалин авдаг байсан. Тамгын газрын үйлчлэгч Еркегүл жирэмсний амралт авах үед энэ хүний оронд ажиллах бүрэн боломжтой, ажил давхар гүйцэтгэх өргөдөл өгсөн байсан. Зөв шийдвэр байсан. Тус шийдвэрийг хүчингүй болгож өөр хүн ажилд томилох шаардлагагүй байсан. М.А гэдэг хүний ажилд оръё гэж хүсэлт гаргасан нь зөв боловч Х.Соронзонболдын ингэж ажилд авсан нь буруу. Би дахин сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажилд орж миний эрх мэдэлд орж ирж байгаа учир Х.А нь хэвээрээ ажиллаж байсан нь дээр гэж бодож байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Өөрийн гэсэн орон гэргүй. Би ч гэсэн олон оюутан сургаж байгаа. Ардчилсан нам, Ардын нам гэж намын үзэл бодлоор хуваагдахгүй. Би Б.Е даргад 8 жилийн турш ажилд орох талаар өргөдөл гаргасан боловч миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй. 15 сая төгрөгөөр 25 настай хүүхдийнхээ хагалгааг хийлгэсэн, нэгэн зэрэг 4 оюутан сургасан. Одоо 2 оюутан сургаж байгаа. Миний ч гэсэн аж амьдрал маш хэцүү. Х.А-н амьдралтай төстэй гэж хэлж болно. Би 4 сар ч гэсэн гарсан сул орон тоонд ажиллах тухай өргөдлөө хурлын дарга Жанботад гаргаад, Жанбота нь та ажиллаарай, Х.А нь 150 000 төгрөгийн ч гэсэн тогтмол цалинтай гэсэн болохоор би тус орон тоонд ажилласан. Би ч гэсэн хөдөлмөрлөх эрхтэй. Би ч гэсэн оюутан хүүхэд сургаж байгаа. Би өөрөө боловсрол эзэмшиж чадаагүй ч гэсэн хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө банкнаас маш их хэмжээний зээл авсан. Одоо 2 банканд зээлтэй. Зээлийн нийт хэмжээ нь 20 сая төгрөг хүрч байна. Би 10 жил хувийн хэвшилд ажиллаж байсан. Намайг ингэж ажлаас чөлөөлөх үед би шүүхээр заргалдаж яваагүй. Х.А нь 4 сарын ажлын төлөө ингэж шүүхээр заргалдаж явж байгаад маш их гомдолтой байна. Миний ч гэсэн 1 охин Говь-Алтай аймагт Х.А-н хүүхэдтэй хамт сурдаг. Улаанбаатар хотод 1 оюутан, Казакстан улсад 1 оюутан сургаж байгаа. Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргасан болохоор  сумын удирдлагууд миний аж амьдралын байдлыг харгалзан үзэж намайг ажилд авсан. Нөхөр маань 8 жилийн өмнө ажилд орох талаар өргөдөл өгөөд С.Бекет гэдэг дарга ажилд аваад, анх ажилд орсон өдрийн 12 цагт та үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж тухайн өдөр ажлаас халчихсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.А-ээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл нь ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Учир нь, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГазрын даргаас нэхэмжлэгч Х.А-ийг  2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сумын кабоны үйлчлэгчээр  мөн өдрөөс эхэлж томилж, сарын цалинд 150000 / нэг зуун тавин мянган/ төгрөг олгож байхыг нягтлан бодогчид зөвшөөрсөн ба улмаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  мөн даргын  Б/11 дугаартай тушаалаар жирэмсний амралт авсан Засаг даргын Тамгын газрын  үйлчлэгч Н.Еркегүлийн оронд тус тус томилуулан ажиллуулж байсан байжээ.

Гэтэл  хариуцагч  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Соронзонболд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг үндэслэл болгож 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Х-н А-ийг ажилд томилох тухай Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дугаар тушаалыг хүчингүй болгож, ЗДТГазрын үйлчлэгчийн орон түр ажиллах М.А-д үйлчлэгчийн эд материалыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөхийг Х.А даалгаж  шийдвэрлэснээр нэхэмжлэгч Х.А-ээс ажил олгогчийн уг эрхийн актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч байгууллагын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч Х.А нь  давхар ажил хийдэг тул түүнтэй уулзаж 2 ажлын байрны аль нэгэнд ажиллахыг санал болгосон. Х.А нь уг саналыг судлан үзээд өөрийн хүсэлтээр байнгын ажлын байр болох кабоны үйлчлэгчийн ажлын байранд томилж, тус газрын жирэмсний амралтын оронд өөр хүнийг томилсон гэж маргасан ба шүүх хуралдаанд оролцсон Цэнгэл сумын ЗДТГазрын дарга Б.Е нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ..., хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн,  ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж хуульчилсан бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг нь хөндөгдөх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болно.

Нэхэмжлэгч Х.А-ийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус сумын кабоны үйлчлэгчээр 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр томилж, сарын цалинд 150.000 төгрөг олгож улмаар тус газрын үйлчлэгч Н.Еркегүл нь жирэмсний амралт авснаар түүний оронд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс Х.А-ийг томилж хавсруулан ажиллуулж байгаа ажил ологчийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.

Гэтэл нэхэмжлэгч Х.А-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГазрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сумын кабоны үйлчлэгчээр томилсон тушаал хүчин төгөлдөр хэвээр байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б/06 дугаар тушаалаар Х.А-ийг сумын кабоны ажилд дахиж томилж,тэрээр давхар ажил эрхэлдэг гэж тус газрын жирэмсний амралт авсан Н.Еркегүлийн оронд  Х.А-ийг томилсон 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Еын Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгосон 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно” гэж заасан ба хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно”, 28.2-т “Энэ хуулийн 28.1 нь хавсран ажиллахад нэгэн адил хамаарна” гэж хуульчилсан хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглох заалтад нэхэмжлэгчийн ажиллаж буй үйлчлэгчийн ажил хамааралгүй байх тул ажил олгогчоос Х.А-ийг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүлийн оронд томилсон 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн  Б/11 дугаар тушаал нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Х.А-ийг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл нь ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид  70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  нэхэмжлэгч Х.А-ийг жирэмсний амралт авсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГазрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл нь ажилд орох хүртэл  тус газрын  үйлчлэгчийн ажилд эгүүлэн томилсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар  хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГазрын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ЖАРХЫНГҮЛ