Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2021/00232

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багт оршин суух, И овогт А-н Ө-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК /захирал А.Е/-д холбогдох иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ө, түүний өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Е, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд үүрэг болгож, ажил олгогчийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А.Ө-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг, 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ

Нэхэмжлэгч А.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие А.Ө нь 2011 оноос өнөөдрийг хүртэл тус сургуульд галчаар ажиллаж байна. Тус байгууллагын галчаар ажиллах хугацаандаа энэхүү Цахиуртай тоосноос уушги тоосжих мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлсэн.Сургуулийн захиргаанд энэхүү нөхцөл байдлаа удаа дараа танилцуулж, амар болон бичгээр өргөдөл гаргаж, өөр ажилд шилжүүлж өгөхийг шаардсан боловч хүсэлтийг маань хүлээн аваагүй.Тодруулбал ,ажиллаж байгаа хугацаандаа буюу 2020 оны 02-р сард өвдөж улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад тус эмнэлгийн эмч нарын зөвлөснөөр Улаанбаатар хот дахь Хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд хандсан юм. Үүний дагуу уг эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамрагдсанаар  мэргэжлээс шалтгаалах өвчин болох “Цахиуртай тоосноос уушги тоосжих” гэсэн үндсэн оношийг тогтоосон бөгөөд хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 дугаар актаар Үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд 6 сараа шилжүүлсэн юм.Уг актын дагуу сургуулийн захиргаанаас зохих хууль тогтоомжийн дагуу манаачийн ажилд түр томилсон билээ. Өвчин маань бүрэн эмчлэгдэх боломжгүй учраас магадлах комиссын шийдвэрээр үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлэх тухай акт гаргасан. Уг актын нэг хувийг ажлын газар болох Э сургуульд хүргүүлэн зохих хууль тогтоомжийн дагуу зохицуулан ажиллуулахыг хүссэн боловч татгалзсан. Би тус байгууллагад удаан хугацаанд ажилласны улмаас мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, холбогдох газраас акт гарч тоос,шороогүй ажилд шилжүүл гэсэн боловч өөр ажилд шилжүүлэн ажиллуулахгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу оногдох нөхөн төлбөрийг ч олгохгүй байна. Цаашид галчаар ажиллах ямар ч боломжгүй учраас ядаж галчийн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаж өгөөч холбогдох газраас ажилгүйдлийн тэтгэмжээ авъя гэсэн ч ажлаас чөлөөлөхгүй байсан тул шүүхэд анх тус сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг, сургуулийн захиралд даалгах  тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргасны дараа ажил олгогчоос 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б/02 дугаартай тушаалаар галчийн үүрэгт ажлаас маань чөлөөлөхдөө өөрийн хүсэлтээр гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Миний бие өрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр удаа дараа хүсэлт гаргасан мэтээр дурдсан байдаг.Гэтэл миний эрүүл мэндийн байдал галчийн ажилд буюу  тоос шороотой ажилд хэзээ ч тэнцэхгүй болсон нь эмчийн актаар бүрэн нотлогдож байгаа юм.Түүний дагуу намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар эрүүл мэндэд харшлахгүй ажилд шилжүүлж өгөхийг удаа дараа шаардаж өргөдөл гаргасан маань үнэн. Гэтэл “Таны асуудлыг дээд шатанд тавьсан боловч таныг ажлаас гаргаж болохгүй гэсэн юм. Та галчийн ажлаа хий” гэж байв. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.14-д заасан “ албадан хөдөлмөрлөхийг” шаардаж буй байдал мөн болно. Э сургууль Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн дотоод журам гаргасан боловч тухай дотоод журмын 5.2-т заасан үүргээ умартан тухайн журмын 6.31-т заасан заалтын дагуу тухайн үед эрүүл мэндийн байдлаас ажлаас чөлөөлсөн тушаал гаргах ёстой байтал намайг тухай журмын 2.10-д заасан заалтыг ноцтой зөрчиж чирэгдүүлсээр байгаад шүүхээс шаардсан өдөр буюу 2021 оны 01-р сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Түүний уршгаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хугацааны хувьд алдагдаж “ажилгүйдлийн тэтгэмж” авч чадахгүй байдалд хүрсэн.Энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-ийг баримтлах ёстой байтал тухай хуулийн 39-р зүйлийг баримталсан нь ажлаас халагдсаны тэтгэмж өгөхөөс хууль бусаар татгалзсан хэлбэр мөн.   Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй байх тул уг ажлаас чөлөөлсөн тушаал дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, хариуцагч байгууллагаас мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг,   2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг  тус тус гаргуулах мөн тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд үүрэг болгож өгөхийг хүсэж шүүх хуралдаанд шаардлагаа тодруулж байгаа. Шүүхэд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дээр Э сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг сургуулийн захиралд даалгах гэж буруу бичигдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодруулж байгаа гэв.

Хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургуулийн ХХК-ний захирал А.Е шүүхэд  ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай сургуулийн ажилтан А.Ө нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариу тайлбарыг гаргасан байгаа.

“Баян-Өлгийн Э” сургууль нь Боловсролын тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу 1994 онд үүсгэн байгуулагдаж 25 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийн баталсан бүтэц орон тоондоо багтаан үйл ажиллагаа эрхэлдэг. Манай сургууль 2020 оны 4 дүгээр сараас хойш Коронавирусээс үүдэлтэй Баян-Өлгий аймгийн хэмжээнд үүссэн онцгой нөхцөл байдлын ойлгож, нийгмийн хариуцлагаа ухамсарлан Коронавируст халдвар /ковид-19/-ыг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1,13.2.2-т заасан үүрэг буюу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлж ажлыг байрыг хадгалах чиглэл баримтлан ажиллаж ирсэн юм. МУ-ын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн №178 “Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” тогтоол, мөн Засгийн газрын 2020 оны 11-р сарын 15-ны өдрийн №181 "Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгасан тухай” тогтоолын дагуу боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогссон билээ. Бид бүхэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр үргэлжлүүлж байгаа хэдий ч эцэг эхчүүд сургалтын төлбөр төлөхгүй байгаа нь сургуулийн санхүүгийн хүнд байдалд орж багш, ажилчдын цалин, урсгал зардлаа төлж чадахгүй болох хэмжээнд хүрсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар ажилтан А.Ө нь өмнө удаа дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг илэрхийлж, ажлын байр нь дээр хүрэлцэн ирж ажиллахгүй байсан.Түүнчлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ галчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэл гаргасан зэргийг үндэслэн  2021 оны 01-р сарын 11-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлсөн болно.

Галчийн үүрэгт ажил нь өөрөө хэвийн бус нөхцөлтэй орчин мөн боловч мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн заавар зөвлөгөөний дагуу ажиллаж байгаа ба 25 жилийн хугацаанд ажиллаж байсан галч нараас эрүүл мэндийн шалтгааны хувьд ийм асуудал үүсэж байгаагүй юм. Нэхэмжлэгч А.Ө нь манай байгууллагад ажиллахаас өмнө уурхайд 10 гаруй жил ажилласан нь энэхүү өвчин тусах суурь шалтгаан болсон гэж мэргэжлийн эмч нар хэлж байсан.Гэтэл зөвхөн сургуульд ажиллаж байх хугацаандаа энэхүү өвчнийг авсан мэт ярих нь хэт нэг талыг буруутгасан гэж харагдаж байна.Нэхэмжлэгч А.Ө нь галчийн үүрэгт ажилд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлын байранд тэнцэхгүй болсон нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх ЭХМК-ын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн актыг эдийн засгийн ийм хүнд үед өөр ажлын байр шинээр бий болгож өөр ажилд үргэлжлүүлэн ажиллуулах ямар ч боломжгүй болно.Манай сургууль үйлдвэр аж ахуйн газар биш учир А.Ө-ийг үйлдвэрийн тоос шороогүй өөр ажилд шилжүүлэн ажиллуулах боломжгүй.А.Ө-н хийж гүйцэтгэж байсан галчийн ажил нь сургуулийн туслах аж ахуйд хамаардаг. Манай туслах аж ахуйд 3 манаач, 4 галч ажилладаг. Дээрх 3 манаачийн аль нэгийг галчаар шилжүүлэн ажиллуулахад зөвшөөрөхгүй учир сургуулийн захирал хүчээр галчаар томилох боломжгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Ө-ийг ажилтай байлгахын тулд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа өөр ажилтны ажлыг түүнд шилжүүлэн өгөх нь манай компанийн бусад ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр болно.

Мөн нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг.Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийг хангасан байх ёстой бөгөөд энэхүү шаардлагын дагуу нэхэмжлэгч нь  ИХШХШТХ-ийн 62.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл,түүнийгээ нотлох баримтын хамт дурдсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй хуульд заасан ямар үндэслэлээр нөхөн төлбөр ажил ологчийн зүгээс гаргуулан авах талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдаагүй болно.Үүнээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа түүний үндэслэлийг дурдаагүйн улмаас хариуцагч түүнд хариу тайлбар өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч талаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх ЭХМК-ын 2020 оны 10-р сарын 29-ний өдрийн актаар нэхэмжлэгч А.Ө 50%-ийн хөдөлмөр алдагдалтай гэх боловч уг акт нь хуулийн зүйн хувьд хүчинтэй эсэх талаар эргэлзэж байгаа тул манай компанийн зүгээс Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж тодруулахаар албан бичиг хүргүүлж байгаа болно.Сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар А.Ө нь Улаанбаатар хотод эмчилгээнд явах болсон тул 1 сарын цалинтай чөлөө олгож  2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын шийдвэрээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилж манаачаар томилж ажиллуулж байсан. Сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар А.Ө-г Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  А.Ө нь галчийн үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан учир түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 0303998 дугаартай шийдвэр нь А.Ө-н хөдөлмөрийн нөхцөл сольсон шийдвэр болохоос эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил,албан тушаалдаа тэнцэхгүй болсныг тогтоосон шийдвэр биш юм. Энэ тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжгүй.

А.Ө-г ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй учир ажлаас халагдсаны тэтгэмж олгох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн   42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зохицуулсан. А.Ө-н ажлаас халагдсан/ чөлөөлөгдсөн/ үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн   42.1-д ... энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор зохицуулсан ба нэхэмжлэгч ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ямар үндэслэлээр 3 сарын хугацаагаар тооцсон нь тодорхой бус байна.

А.Ө нь 2020 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод очиж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хуралд дахин орох болсон тул сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41дүгээр тушаалаар 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цалингүй чөлөө олгосон. А.Ө нь Улаанбаатар хот руу явж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын хуралд ороод 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд бүрмөсөн шилжүүлсэн.Тэгээд А.Ө нь Улаанбаатар хотоос ирээд  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “... ажлаас гарах маань тодорхой болсон учир Хөдөлмөрийн гэрээний 3.1-р заалтын 3.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд доорх хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг, 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй  байдал,эрүүл ахуйн тухай хуулийн 28  дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар тус тус олгохыг хүсэж байна” гэсэн хүсэлт гаргасан. Анх хүсэлт гаргахдаа ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаагүй.Иргэний өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд тухайн хүсэлтийг судалж байх явцад 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “...эрүүл мэндийн байдал уг ажилд тэнцэхгүй байгаа учир эмчийн актыг үндэс болгож ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны тэтгэмж болон мэргэжлээс шалтгаалах өвчинд нэрвэгдсэнд олгох нөхөн олговрыг /уг гаргасан хүсэлтдээ үүний талаар дурдаж байсан болно/ тус тус гаргаж өгөхийг та бүхнээс дахин дахин хүсэж байна” гэсэн хүсэлтийг дахин гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн сургуулийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар А.Ө-г үүрэгт ажлаас чөлөөлсөн.  2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр амралтын өдөр таарсан учир тушаалыг 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан.Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж 39.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус зохицуулсан.А.Ө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39-2-т зааснаар ямар нэгэн хүндэтгэх шалтгаантай байгаагүй,мөн ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой харилцан тохиролцоогүй.Энэ тохиолдолд А.Ө нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байх, ажил олгогч 30 хоног өнгөрмөгц тушаал гараагүй бол ажлын байраа орхих эрхтэй. Гэтэл А.Ө нь ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгснөөс хойш ажил үүргээ огт хийж гүйцэтгээгүй учир түүнд дээрх хугацааны цалинг олгох боломжгүй.Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ө нь анх шүүхэд хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ний захирал А.Е-д холбогдуулан тус сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг мөн тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг тус сургуулийн захиралд тус тус даалгаж, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мөн ажлаас чөлөөлсөн тушаал дахь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийг хүчингүй болгуулж, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчлүүлж, ажлаас халагдсаны тэтгэмж болох  1.350.000 төгрөг, 2020 оны 11,12-р сар болон 2021 оны 01 дүгээр сарын 11 буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг  тус тус хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед  дээрх  нэхэмжлэлийн шаардлагаа “тус  сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд  үүрэг болгож, ажил олгогчийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А.Ө-г ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг, Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг, 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг тус тус  хариуцагч байгууллагаас гаргуулахаар тодруулжээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Нэг: Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч А.Ө нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Монгол-Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн дунд сургуулийн захирлын 105 дугаар тушаалаар тус сургуульд галчаар томилогдон 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл  тасралтгүй ажилласан нь  хавтаст хэрэгт авагдсан ажилд томилсон тушаал, НДД №А0332063 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ талуудын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Энэхүү байгууллагад галчаар ажиллаж байх үед нэхэмжлэгч А.Ө-н биеийн өвдөж орон нутгийн нэгдсэн эмнэлэгт оношлуулахад “хр: обуструнтивтэй бронхит хр: гепатит” буюу "хp: Бөглөрөлтэй уушгины цочмог үрэвсэл xp: Элэгний архаг үрэвсэл" оношоор хэвтэн эмчлүүлж цаашид мэргэжлийн судлалын төвд онош тодруулах шаардлагатай гэсний дагуу  ажил олгогчоос А.Ө-т цалинтай чөлөө олгож, улмаар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэнд суудлын төв”-ийн мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төв”-д онош тодруулахаар  уламжилж явуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр А.Ө-г J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтыг үндэслэн 6 сарын хугацаагаар “Үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд шилжүүлсэн” Иргэн (даатгуулагч)-ийн Хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 дугаар акт гарсан байна.

Уг актын дагуу хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургуулийн ХХК-ны захирал А.Е нь нэхэмжлэгч А.Ө-г 2020 оны 05 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 30-ны хүртэл манаачийн оронд түр манаачаар ажиллуулсан байжээ.

Улмаар нэхэмжлэгч А.Ө нь  ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс цалингүй чөлөө авч, дахин онош тодруулахаар явсан ба 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэрээр А.Ө-г J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 24 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” 0303998 дугаартай  акт гарсан байна.

1.2 Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгч А.Ө манай байгууллагад ажиллахаас өмнө уурхайд 10 гаруй жил ажилласан нь энэхүү өвчин тусах суурь шалтгаан болсон гэж маргаж байгаа боловч А.Ө өөр буюу Кызыл тау ХК-д ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн шалтгаалах J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор өвчилж байсан  эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгч А.Ө  урьд нь ажиллаж байсан байгууллагаас болж мэргэжлийн оношоор өвчилсөн байна гэж дүгнэх боломжгүй болно.

Нөгөөтээгүүр тус байгууллагын галч нараас гаргасан хүсэлтийн дагуу  Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нараас Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийж “...тус сургууль нь хаалтын уурын зуухтай бөгөөд 3 галчтай ба 8 цагаар ээлжлэн ажилладаг байна.... харин тоос, хорт хийг сорох механик агааржуулалтгүй, тоосжилтыг бууруулах арга хэмжээ авагдаагүй,...Эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн шуугиантай, доргион үүсгэгч байхгүй, тоног төхөөрөмжийг ажиллуулах,засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт,аюулгүй ажиллагааны зааваргүй, галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглолоор шаардлагын хэмжээнд тоноглоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилгааны журналгүй байна.... гэх 2015 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн №04-06-033/32 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлт гарсан мөн хариуцагчаас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэнд судлалын төв”-д 30 дугаар албан бичгээр   А.Ө нь тус сургуульд 9 жил тасралтгүй галчаар ажиллаж байна.Ажлын нөхцөл нь: уурын зууханд гараар галладаг, ажлын цагийн туршид халуун, хүйтэй, тоос шороотой, угаарын нөхцөлд ажилладаг. Мөн ээлжийн хугацаанд 12 цагийн турш дуу шуугиан,халуун хүйтэн,тоосжилттой орчинд +50,+70 градусын халуун галлаж бөхийсөн байрлалд ажлын цагийн 40-50%-ийг өнгөрүүлдэг  гэж тодорхойлсон ажлын нөхцөлийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүх хэрэгт  байгаа бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

1.3 Ажил олгогч болон ажилтан А.Ө нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан ба уг гэрээний 3.1.4 дэх заалтад “Хөдөлмөрийн чадвар алдалттай холбогдуулан хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах ” эрх нь ажилтны эрх байхаар талууд харилцан тохиролцсон мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон ... ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно” гэж заасан ба түүний 97.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын, ... цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгохоор хуульчилсан байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ө-н сарын цалин  450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөг талаарх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийг тус тус үндэслэж Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 (7х450000) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.

Хоёр: Ажил олгогчийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А.Ө-г ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, ажлаас халагдсаны тэтгэмж болох 1.350.000(450000х3) төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгч А.Ө-ээс анх шүүхэд Э сургуулийн галчийн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаж өгөхийг хариуцагчид  даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирлын 2021 оны 01дүгээр сарын 11-ний өдрийн  Б/02 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэн А.Ө-г өөрийн хүсэлтийн дагуу галчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг шүүхэд ирүүлсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч А.Ө-ээс би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөөгүй тул хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/02 дугаар тушаалаар намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэл болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгон өөрчилж өгнө үү  гэж дээрх шаардлагаа өөрчилж тодруулсан байна.

2.2 Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэрээр А.Ө-т J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 24 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” 0302998 дугаартай акт тогтоосон байна.

Нэхэмжлэгч А.Ө-ээс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захиргаанд гаргасан хүсэлтдээ “...Иймээс миний бие нэгнээс ажлаас гарах маань тодорхой болсон учир Хөдөлмөрийн гэрээний 3.1-р заалтын 3.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд доорх хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг. 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.1-д заасан нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д зааснаар тооцож олохыг хүсэж, Монгол Улсын Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нарын 2015 оны  02 дугаар сарын 02-ны өдрийн №04-06-033/32 дугаартай дүгнэлт, Иргэн (даатгуулагч)-ийн Хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 дугаар акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0303998 дугаартай акт зэргийг хавсаргаж өгсөн ба энэхүү хүсэлтийн агуулгаас үзэхэд  нэхэмжлэгчээс ажил олгогчид эрүүл мэндийн байдлаас  болж цаашид ажлаас гарах нь тодорхой болсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмжийг олгохыг хүссэн ба ажил олгогчоос энэхүү заалтад заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд  олгох тэтгэмж байна.

Мөн ажил олгогчид 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргасан ба уг хүсэлтдээ “... Хөдөлмөрийн магадлах комисс нь  2020.10.29-ний өдөр 2 жилийн хугацаатай 50%-иар хөдөлмөр чадвар алдалтын акт тогтоосон мөн тус өдөр үйлдвэрийн тоос шороогүй ажилд бүр мөсөн шилжүүлэх актыг давхар гаргаж өгсөн билээ.Түүний дагуу миний бие 2020.11.12-ны өдөр хөнгөн ажил хүсэж хүсэлт гаргасан боловч өнөө хүртэл биеллээ үл олж байна. Урьд нь эрхэлж байсан галчийн ажлыг та бүхэн санал болгодог боловч уг ажилд миний эрүүл мэндийн байдал хэзээ ч тэнцэхгүй байдалд хүрсэн. Иймээс намайг эрүүл мэндийн байдалд уг ажилд тэнцэхгүй байгаа учир эмчийн актыг үндэс болгож ажлаас чөлөөлж гэнэт халагдсаны  тэтгэмж  болон мэргэжлээс шалтгаалах өвчинд нэрвэгдсэнд олгох нөхөн олговрыг  тус тус гаргаж өгөхийг та бүхнээс дахин дахин хүсэж байна гэжээ.

Дээрх нэхэмжлэгчийн ажил олгогчид гаргасан хүсэлтийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч А.Ө нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахдаа эрүүл мэндийн хувьд галчийн ажилд тэнцэхгүй болсон нь тодорхой болсон тул ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргаж, хүсэлттэй холбоотой нотлох баримтыг хавсаргасан байхад хариуцагчаас нэхэмжлэгч А.Ө-г өөрийн хүсэлтээр гэж Хөдөлмөрийн тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан   2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэрээр А.Ө-т J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 24 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” 0303998 дугаартай  актаар нэхэмжлэгч А.Ө галчийн ажилд тэнцэхгүй болсон нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  Б/02 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг үндэслэн болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-р болгож өөрчилж шийдвэрлэв.

2.3  Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажил олгогчоос мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажилтанд ажлаас халагдсан тэтгэмжийг олгох бөгөөд хэрэг авагдсан хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд мөн хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд хэдэн сарын тэтгэмж олгох талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй байна.

Шүүхээс  Хөдөлмөрийн тухай хуулийн  42-р зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн ... 40.1.2, ...-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэж хариуцагч байгууллагаас нэг сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох  450.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т олгож нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Гурав: 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1 Хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирал А.Е-гийн  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дугаартай тушаалаар  А.Ө-н өөрийн хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалингүй чөлөө олгосон байна.

Улмаар нэхэмжлэгч А.Ө-ээс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тус хариуцагч буюу ажил олгогчид ажлаас чөлөөлж өгөх болон ажлаас чөлөөлсөн тэтгэмж мөн Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгож өгөх тухай хүсэлт гаргасан боловч хариуцагчаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн Б/02 дугаар тушаалаар  А.Ө-г галчийн ажлаас чөлөөлсөн байжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргасан боловч ажлаас чөлөөлөөгүй тул 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гэжээ. Хариуцагчаас нэхэмжлэгч цалингүй чөлөө авч яваад,эргэж ажилд ороогүй,ажлаас халах тухай хүсэлтийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэг сарын дотор шийдвэрлэсэн гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”, мөн зүйлийн 39.2. “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй ба харин хүндэтгэн үзэх шалтгаантай бол хөдөлмөрийн гэрээг 30 хоног хүлээхгүйгээр өмнө цуцалж болохоор хуульчилсан байжээ.

Нэхэмжлэгч А.Ө нь цалингүй чөлөө авч Улаанбаатар хотоос ирчхээд хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаа тогтоогдохгүй байгаа бөгөөд тэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил олгогчид эрүүл мэндийн байдлаас галчийн ажилд ажиллах боломжгүй талаар болон ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай хүсэлт гаргасан өдрөөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр ажил олгогчоос ажилтан А.Ө-г  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр галчийн ажлаас чөлөөлсөн хэдий боловч  нэхэмжлэгч А.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр цалингүй чөлөө авснаас, ажлаас чөлөөлөх хүртэл хугацаандаа тус сургуулийн галчийн ажил үүргийг гүйцэтгээгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, мөн зүйлийн 49.8-д “Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн хариуцагч байгууллагаас 2020 оны 11,12-р сарын цалин болон 2021 оны 01 дүгээр сарын 11 өдөр буюу ажлаас чөлөөлөх хүртэлх цалин болох  1.049.996 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-д үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг  сургуулийн захиралд үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1 Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1-д зааснаар ажилтан А.Ө-г 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр А.Ө-т J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтыг үндэслэн 6 сарын хугацаагаар “Үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажилд 6 сарын хугацаагаар шилжүүлсэн” Иргэн (даатгуулагч)-ийн Хөдөлмөрийн нөхцөл сольсон 61 дугаар актыг үндэслэж 2020 оны 05 дугаар сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны хүртэл  манаачийн оронд түр ажиллуулж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэрээр А.Ө-г J62 Цахиуртай тоосноос уушги тоосжих оношоор мэргэжлийн өвчний жагсаалтын 2-1-1 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар 24 сарын хугацаагаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” 0303998 дугаартай  акт мөн өдрийн Иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” №0303998 дугаар акт гарсан байна.

Нэхэмжлэгчээс уг актын дагуу ажил олгогч Үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг хариуцагчид үүрэг болгож өгөхийг хүссэн боловч хариуцагчаас А.Ө-г үйлдвэрийн тоос шороогүй өөр ажилд шилжүүлэн ажиллуулах боломжгүй.Ө.Ө-н хийж гүйцэтгэж байсан галчийн ажил нь сургуулийн туслах аж ахуйд хамаардаг. Манай туслах аж ахуйд 3 манаач, 4 галч ажилладаг. Дээрх 3 манаачийн аль нэгийг галчаар шилжүүлэн ажиллуулахад зөвшөөрөхгүй учир сургуулийн захирал хүчээр галчаар томилох боломжгүй.А.Ө-г ажилтай болгохын тулд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа өөр ажилтны ажлыг түүнд шилжүүлэн өгөх нь манай компанийн бусад ажилтны хөдөлмөрлөх эрх ашгийг хөндсөн шийдвэр болно гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.1-д “Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ” гэж зааснаар ажил олгогч ажилтан А.Ө-г манаачийн оронд 6 сарын хугацаагаар томилсон ба  тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд ажиллах сургуулийн орон тооны бүтэц нь  манаач  3, галч 3 байсан ба 2020-2021 оны хичээлийн жилд мөн адил манаач 3, галч 4-ээр тус тус батлагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн” тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байхаар хуульчилсан бөгөөд харин  Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг өөр ажилд томилохыг Хөдөлмөрийн тухай хуулиараа ажил олгогч үүрэг хүлээгээгүй байх тул нэхэмжлэгчийн  тус сургуульд үйлдвэрийн тоос шороогүй нөхцөлийн ажил олж өгөхийг сургуулийн захиралд даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын  хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Тодруулбал, нэхэмжлэгч А.Ө-н хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн зарим хэсэг болох хариуцагч  Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А.Ө-г ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж,

Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох  450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Ө-т  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1.949.996 /нэг сая есөн зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн зургаан/ төгрөг болон тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захирал үүрэг болгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29750 / цалин болох 1.049.996 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа хангасан хэмжээ болох 3.600.000 (3.150.000+450.000) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  72550 төгрөгийг  хариуцагч байгууллагаас гаргуулан улсын орлого  болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.1, 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг  тус тус баримтлан

Хариуцагч  Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-ны захирлын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаартай А.Ө-г ажлаас чөлөөлсөн тушаалд  үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-г гэснийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 болгож өөрчилж, Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-иас ажлаас халагдсаны тэтгэмж болох  450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг,

үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 3.150.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ө-т  олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1.949.996 (900.000+1.049.996) / төгрөг болон тус сургуульд үйлдвэрлэлийн тоос шороогүй нөхцөлийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг сургуулийн захиралд үүрэг болгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ерөнхий боловсролын Баян-Өлгий Э сургууль ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  72550 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ЖАРХЫНГҮЛ