Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2021/00234

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, М овогт Х-н М-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газар / дарга Ш.А/-д  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Баян-Өлгий аймгийн Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын  2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.М миний бие 2010 оноос хойш Монгол Шуудан хувьцаат компанийн Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа бөгөөд хариуцсан ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэж ажиллаж ирсэн.Гэтэл тус газрын дарга Ш.А нь бүртгэл хяналтын pоst net программд илгээмж мэдээллийг хугацаанд оруулаагүй гэх шалтгаанаар надад 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан гомдолтой байна. Миний бие дээрх системд илгээмж мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв оруулж байсан ба тийм зөрчил гаргаагүй бөгөөд ажил ологчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.1,7.2.2, 7.2.13, 8.2-д заасан заалтуудыг зөрчөөгүй болно.

Хэрэв ажил олгогч буюу хариуцагч Ш.А намайг зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчлийг шалгаж баталгаажуулах,надад танилцуулсан байх ёстой.Гэхдээ надад гаргасан гэх зөрчлийг баримтжуулж танилцуулсан үүгээр хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар танилцуулж мэдэгдээгүй шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.Иймд Монгол шуудан хувьцаат компанийн Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн  “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалыг  хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газрын  дарга Ш.А би нэхэмжлэгч Х.М-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шуудангийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан Х.М нь нэхэмжлэлдээ 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/15 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Миний бие дээрх системд илгээмжийн мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв оруулж байсан ба тийм зөрчил гаргаагүй бөгөөд ажил ологчийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.1,7.2.2, 7.2.13, 8.2-д заасан заалтуудыг зөрчөөгүй болон мөн намайг зөрчил гаргасан гэж үзвэл тухай зөрчлийг шалгаж баталгаажуулах надад танилцуулсан байх ёстой гэсэн байна.Ажил олгогч би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комисс байгуулах А/10 тоот тушаал гаргасан юм. Уг ажлын комисс нь үйлчилгээний ажилтнуудын технологийн үйл ажиллагаа шалгаад,ажлын комиссын дүгнэлтээ 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан. Уг дүгнэлтэд шуудангийн технологийг ноцтой зөрчсөн хоёр төрлийн зөрчил илэрлээ.Үүнд:

1.Харилцагч байгууллагуудаас ирж байгаа зээл албан бичгийг зохих журмын дагуу хүлээж авч хяналтын систем буюу POST.NET программд бүртгэгдээгүй.

2.Хүлээн авсан шууданг технологийн дагуу хүлээлцдэггүй. 1-рт Зөрчлийн талаар дэлгэрэнгүй дурдвал. Х.М нь 11 дүгээр сард зээлээр хүлээн авсан шуудангаас 52 ширхэг зээл албан бичгийг зохих журмын дагуу программд бүртгэж албан зээл үүсгээгүй байна.Өөрөөр хэлбэл 52 ширхэг зээлээр авсан албан бичгийн мөнгийг сарын сүүлээр нэхэмжлээд төлүүлж авах боломж үүсгээгүй нэг ёсондоо байгууллагыг хохироож байна гэсэн үг юм.Энэ бүртгээгүй 52 ширхэг бичиг захидлын хугацааг нь үзвэл 11-р сарын 17-ний өдрийн 4 бичиг, 11 дүгээр сарын 19-ний өдрийн  48 бичиг байна. 2020 оны 11 дүгээр сарын 17,19-ний өдөр  Pоst net программ ажиллаж байсан. 2-рт Зөрчлийн талаар дурдвал хүлээн авсан шуудангаа ялагч, хүргэгчид өгөхдөө гарын үсэг зуруулдаггүй гарын үсгийн тайлал бичдэггүй байна. Хэн авсан нь мэдэгдэхгүй байгаа эдгээр шуудангууд шуудан саатах, алдах үрэгдэх ноцтой муу үр дагавартай юм.Х.М гаргасан зөрчлөө танилцуулаагүй гэсэн байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилчдад хурал хийсэн. Уг хурлаар технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дарга ня-бо Т.Нурлан шалгалтын талаар танилцуулсан ,нэг ёсондоо үйлчилгээний ажилтан Х.М-д зөрчлийн талаар танилцуулсан,энэ бүгд хурлын протокол дээр байгаа.Иймд үйлчилгээний ажилтнуудаас Монгол улсын Хөдөлмөрийн хууль, Монгол Шуудан ХК-ний Хөдөлмөрийн дотоод журам, бусад дүрэм, журмын дагуу мөн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын холбогдох заалтуудын дагуу сахилгын шийтгэлийг тус тус авсан. Х.М-д урьд нь 2020 оны 01-р сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан.Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20% бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болно гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.А-д  холбогдуулан тус газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/15 тоот тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь:

1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалт, Монгол Шуудан ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3, 13 дугаар зүйлийн 13.1.7 /в/, Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.2, 7.2.13, 8.2 заалтуудыг тус тус үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/15 дугаар тушаалаар Үйлчилгээний ажилтан Х.М нь бүртгэл хяналтын систем / Pоst net программ/-д илгээмжийн мэдээллийг хугацаанд нь оруулаагүй, алдаатай бүртгэсэн шуудангийн илгээмжийг технологийн дагуу хүлээлцээгүй зэрэг технологийн зөрчил гаргасан тул үндсэн цалин 1 сарын хугацаатай 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

1.2  Хариуцагч Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/10 дугаартай тушаалаар  тус газрын үйлчилгээний ажилтан Х.М, Х.Париза нар зээл албан бичгийн бүртгэл хяналтын системд /Роst net programm/-д илгээмжийн мэдээллийг бүрэн гүйцэд, хугацаандаа зөв оруулж байгаа эсэх, харилцагч байгууллага, ШЯБХ-үүд болон шууданч нартай шуудангийн илгээмжийг технологийн дагуу хүлээлцэж байгаа эсэх, гадуур, дотуур дагаврын дугаарлалтын давхардуулсан, алгассан, зөрүүлсэн мөн дагаварт гарын үсэг, өдрийн тэмдэг дарсан тухай шалгах тухай “Технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комисс”-ыг гурван хүний бүрэлдэхүүнтэй томилж, комиссын дарга ня-бо Т.Нурлан, гишүүд хүргэгч-жолооч Х.Батухан, нярав,үйлчлэгч Б.Үнзила нарыг томилсон байжээ.

Уг комисс нь албан шалгалтаар:  1.Харилцагч байгууллагуудаас ирж байгаа зээл албан бичгийг зохих журмын дагуу хүлээж аваад “Роst net” программд бүртгээд албан зээл үүсгээд явдаггүй.  “... Албан зээлийн тухай 11-р сард нийт харилцагч байгууллагуудаас аймаг дотор 139 ширхэг бичиг захидал хүлээн авсан байна. Үүнийг ажилтан тус бүрээр нь үзвэл  ....Х.М нь 78 ширхэг бичиг захидал хүлээн авсан байна. ...Х.М нь 78 ширхэг бичиг захидал хүлээн авснаас 52 ширхэг бичиг захидлыг “Роst net” программд бүртгэн оруулж албан зээл үүсгээгүй байна.Бүртгээгүй бичгийг хугацааг нь үзвэл 11-р сарын 17-ний өдрийн 4 бичиг, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 48 ширхэг бичгийг бүртгээгүй байна...”

2.Хүлээн авсан шууданг зохих технологийн дагуу хүлээлцдэггүй. “.... Хүлээн авсан шуудангаа ялгагч, хүргэгчид өгөхдөө гарын үсэг зуруулдаггүй гарын үсгийн тайлал бичдэггүй байна. Хэн авсан нь мэдэгдэхгүй байгаа эдгээр шуудангууд цаашлаад шууданг алдаг үрэгдэх ноцтой муу үр дагавартай...”  гэж  2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Шуудангийн технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дүгнэлт гаргасан байна.

Улмаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хамт олны хурлаар уг комиссын албаны шалгалтын талаар хэлэлцсэн ба комиссын дарга ня-бо Нурланаас “ ... зөвхөн 11-р сарыг хамруулж шалгасан. Харилцагч байгууллагуудаас ирж байгаа зээл албан бичгийг технологийн дагуу хүлээн авч “Роst net” программд оруулж бүртгэдэггүй, хүлээж авсан шууданг технологийн дагуу хүлээлцдэггүй, гарын үсэг зуруулдаггүй зөрчил илэрлээ...Бид зээл албан бичгийг  сар бүрийн 20-ны өдөр тасалбар болгоод байгууллагад нэхэмжлэлээ өгчихсөн байх ёстой. Үйлчилгээний ажилтан Х.М, Х.Париза нар нь хүлээн авсан шуудангаа ялгагч, хүргэгчид өгөхдөө гарын үсэг зуруулдаггүй. Харилцагчдад  өгөхдөө гарын үсэг зуруулдаг боловч гарын үсгийн тайлал бичдэггүй байна.Хэрэв ямар нэг юм болж шуудан алдагдвал хаана алдсанаа тодорхойлох боломжгүй байдал үүсэх юм байна” гэж танилцуулсан ба

Х.М-аас: “...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр газар шуудан авч ганцаараа ачаалалтай ажилласан.Шүүхийн олон бичиг ирсэн,программ бас болохгүй байсан.Тэгж явж байгаад ажлын цаг маань дууссан.Үүнээс хойч анхаарч ажиллая.

Дарга Ш.А: Х.Паризад анх удаа зөрчил гаргасан тул сануулж байна. Х.М-д бол үндсэн цалинг 20%-иар 1 сарын хугацаатай буруулах сахилгын арга хэмжээ авна.

Х.М: Албан бичгийг хөтөлсөн дэвтрийг дарга авсан ба удаа дараа асуусан боловч дэвтрийг өгөөгүй болохоор бичгийг бүртгэж чадаагүй.Дотоод группт сүүлдээ дэвтрийг асууж бичсэн боловч хариу өгөөгүй.Дараа нь шинээр дэвтэр нээсэн.Бусад үед хүлээж авсан бичгүүддээ цаг тухайд нь программд оруулж байсан.

Ня-бо Нурлан: Энэ шуудангийн солилцооны дэвтэр 19-ний өдөр чамд байсан биз дээ.Манайд шууданг нөхөж оруулж бүртгэнэ гэсэн ойлголт байхгүй. 20-нд албаны зээл тасалбар болгодгийг мэднэ биз дээ .... гэж тус бүр тайлбараа гаргаж хуралд оролцсон тухайн байгууллагын бүх хүн болон нэхэмжлэгч Х.М нар нь тэмдэглэлд гарын үсэг зурсан байжээ.

Уг хурлын тэмдэглэлийн агуулгаас нь үзэхэд  тус газрын үйлчилгээний ажилтан Х.Париза болон Х.М нарын ажлыг шалгасан комиссын дүгнэлтийг хэлэлцэж ажил олгогчоос үйлчилгээний ажилтан нарт сахилгын шийтгэл ногдуулсныг танилцуулсан байна.

1.3 Хариуцагч байгууллагын дарга Ш.А болон  нэхэмжлэгч Х.М нарын хооронд  2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан №01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний 1.2-т Ажилтан болон Ажил олгогч нь энэхүү гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын холбогдох хууль тогтоомж, компанийн Хөдөлмөрийн дотоод журам, хариуцсан ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг баримтална, 2.1-д ажлын байр буюу албан тушаалын нэр: Үйлчилгээний ажилтан, 2.2-д ажилтын гүйцэтгэх ажил, үүрэг: Ажилтан нь энэхүү гэрээний хавсралт болох  “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ, 2.3-д хөдөлмөрийн нөхцөл хэвийн гэж, нэг жилийн хугацаагаар гэрээ байгуулсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Х.М-д сахилгын шийтгэл ногдуулахдаа  Хөдөлмөрийн гэрээний 7.2.1, 7.2.2, 7.2.13, 8.2 заалтуудыг тус тус үндэслэсэн бөгөөд 7.2 дугаар зүйлийн ажилтны хүлээх үүргийн  7.2.1 дэх хэсэгт “Ажилтан ажиллах хугацаандаа энэхүү гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийг гүйцэтгэж, удирдлагаас өгсөн чиглэл, үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлж, үр дүнг дүгнүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн ба Ажлын байрны тодорхойлолтын 1.5-д “Баталгаатай буюу бүртгэлтэй шуудангийн илгээмжид баталгааны зураасан код наах, эсвэл баталгааны дугаар өгч,үйлчилгээний үнэ хураасан тасалбарын маягтын тод, гаргацтай бичиж, нэг хувийг нь үйлчлүүлэгчид,нөгөө хувийг нь тооцооны баримт болгон авах ба шуудангаа илгээхээр хүлээн авсан бүх гарах илгээмжид өдрийн тэмдгийг тод гаргацтай дарж, нэр төрөл зүйлээр нь ялган IPS, Pоstnet сүлжээнд бүртгэн дотуур дагаварт он, сар, өдөр, цагийг бичиж, гарын үсэг зурж тус тусын зориулалтын богцонд савлан битүүмжилж, шошго зүүх ба шууданг хүргэх хуваарьт ажилтанд тоо ёсоор хүлээлгэн өгөх ба гадуур дагаварт гарын үсэг зуруулж нэг хувийг авч үлдээнэ” гэж заасныг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Шуудангийн технологийн үйл ажиллагааг шалгах ажлын комиссын дүгнэлт, шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр  2021 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдлоо.

1.3 Тус үйлчилгээний газар нь хоёр үйлчилгээний ажилтантай ба нэгэн гэрчээр асуугдсан Х.Париза болон нэхэмжлэгч Х.М  нар байх ба тэд ээлжилж ажилладаг байх бөгөөд нэхэмжлэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр ажилд гарахдаа аймаг сум хооронд илгээх 4 ширхэг , Улаанбаатар хотод илгээх 14 ширхэг бүгд 18 ширхэг шуудан илгээмжийг  мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажилд гаргахдаа аймаг сум хооронд илгээх 65 ширхэг , Улаанбаатар хотод илгээх 13 ширхэг бүгд 78 ширхэг шуудангийн илгээмжийг тус тус хүлээн авч Шуудан хүргэгчийн дэвтэрт бүртгэж, тухайн өдрийн Улаанбаатар хот илгээх  илгээмжүүдийг мөн өдрүүдэд Pоstnet программд бүртгэсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Pоstnet программд илгээмж мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв оруулж байсан ба тийм зөрчил гаргаагүй. Хариуцагчаас намайг зөрчил гаргасан гэж үзвэл тухайн зөрчлийг шалгаж баталгаажуулах,надад танилцуулж мэдэгдээгүй шууд тушаал гаргаж сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой гэжээ.

Гэтэл Нэхэмжлэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр ажилд гарахдаа Pоstnet программ нь ажиллаж Улаанбаатар хотод илгээх 14 илгээмжийг бүртгэсэн, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажилд гаргахдаа мөн программд Улаанбаатар хотод илгээх 13 илгээмжийг  тус тус бүртгэж ялгагч, хүргэгчид хүлээлгэж өгсөн байхад 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн аймаг сум хооронд илгээх 4 ширхэг  мөн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймаг сум хооронд илгээх 65 ширхэг илгээмжүүдийг тухайн өдрүүдэд Pоstnet программд оруулаагүй мөн ялгагч, хүргэгчид технологийн дагуу хүлээлцүүлж өгөөгүй болох нь тус газраас томилсон комиссын дүгнэлт,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Монгол шуудан хувьцаат компанийн Баян-Өлгий аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын илгээмжийн “Роst net” программ болон шуудан солилцооны дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, шуудан хүргэгчийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/53 дугаар тушаалаар баталсан  “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх” дүрмийн  4-т Шуудангийн үйлчилгээний технологи, үйл ажиллагаанд 4.1.Хүлээн авах: 4.2.Ялган боловсруулах: 4.3. Хүргэж, гардуулах: 4.4. Гэрчлэх баримтууд: 4.5. Шуудангийн илгээмжийг илгээгчид буцаах: 4.6. Шуудангийн илгээмжийг түр хадгалах, хаяг тодорхойгүй илгээмжүүд багтдаг талаар заасан ба эдгээр үйлчилгээний технологийн ажиллагаа нь тус бүр тус тусдаа үйл ажиллагаатай мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дотоод хэрэглээний шуудангийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, тээвэрлэх, гардуулах ажлыг шуудангийн үйлчилгээний стандартын дагуу явуулна”,  3.2 дахь хэсэгт Технологи, ажиллагаа нь дараах ажлын иж бүрдэлтэй байна. Үүнд: Холбогдох байгууллагаар баталгаажсан жин, Өдрийн тэмдэгт, дардас, Байгууллагын нэр, логотой хайрцаг, боодол, илгээмжийн наалт, Хувцас хэрэгсэл, Шуудангийн илгээмжийн бүртгэлийн цахим программ, Шуудангийн илгээмжийн дагавар маягтууд багтааж ойлгохоор тус тус заасан ба  нэхэмжлэгч Х.М-аас эдгээр шуудангийн технологийн ажиллагааны “Шуудангийн илгээмжийн бүртгэлийн цахим программ” оруулах мөн шуудангийн илгээмжийг хүргэлтийн цэг /хүргэгч/ болон ялгагчид шилжүүлж өгөөгүй зөрчил гаргасан байна.

1.4 Нэхэмжлэгч Х.М-аас 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажилд гаргахдаа шуудангийн солилцооны дэвтэр байхгүй байсан  тул тухайн өдөр программд оруулж чадаагүй гэж маргасан боловч шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн тус газрын үйлчилгээний ажилтан Х.Париза нь “ ... би ажилдаа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гарахдаа шуудангийн солилцооны дэвтэр байсан.Маргааш нь Х.М  над руу залгаж дэвтэр хаана байгаа вэ гэхэд мэдэхгүй байдаг газартаа байх ёстой гэсэн.Тэгээд би  2020 оны 11-р сарын 22-ны бүтэн саяны өдөр би ажилд ирэхдээ шуудан хүргэгчийн дэвтэр байсан ...” гэх мэдүүлэг, мөн нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 17 болон 19-ний өдрүүдэд ажилд гаргахдаа  “Роst net” программ нь ажиллаж байсан 2020 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн аймаг сум хооронд илгээх 4 ширхэг илгээмжийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  ажилд гаргах  өдөр  программд оруулж мөн өдөр уг илгээмжийг технологийн дагуу хүлээлцүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн өдрүүдэд шуудангийн солилцооны дэвтэр өөрт нь байсан ба дээрх илгээмжүүдийг  2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр программд оруулахдаа 210020/844 дугаартай  нэг шуудангийн илгээмжийг огт оруулаагүй үлдсэн нь үзлэгээр тогтоогдлоо.

Мөн нэхэмжлэгчээс шуудан солилцооны дэвтэр нь 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажилд ирэхэд мөн байхгүй байсан бөгөөд даргын өрөөнд очиход дарга Улаанбаатар хотод мэдээ явуулж байгаа гэж өгөөгүй бөгөөд орой ажлаас буухдаа өгөөгүй явсан тул тус газрын  /FАСЕВООК/-д ашигладаг  “ПОЧТА” гэсэн группт даргын ашигладаг “@Zariya Sh” гэсэн хаяг руу “дарга гарах шууданг хаана бүртгэх юм бэ” гэж зурвас илгээсэн гэж маргадаг боловч нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  “Роst net” программд  17 ширхэг илгээмжийг оруулсан нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг нэхэмжлэгчээс үгүйсгэж нотолж чадаагүй болно.

Монгол шуудан ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2-7-д “...Аймгийн  ШҮГазрын дарга тухайн жилд батлагдсан орон тоонд багтаан, ажлын хамрах хүрээ, гүйцэтгэл хөдөлмөрийн харилцааны онцлогт тохируулж, аймгийн төвийн болон сумын ШҮС-ын ажилтнуудыг томилж,чөлөөлнө”,  11.4-д “Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, компанийн ёс зүйн дүрэм, бусад холбогдох нийтлэг хууль тогтоомж, энэхүү дотоод журмыг мөрдөн, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлж ажиллана” гэж заасан ба хариуцагчаас нэхэмжлэгч Х.Мд сахилгын шийтгэл ногдуулсан  тушаалдаа Монгол шуудан ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 11-р зүйлийн 11.3,13-р зүйлийн 13.1.7 дах заалтын в-г тус тус баримталсан ба 13-р зүйлд ажилтан дараах зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасны в-д Үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн зөрчил дутагдал гаргасан бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасныг үндэслэл болгосон  байна.

Түүнчлэн Монгол Улсын Шуудан холбооны дүрмийн 2 дугаар бүлэгт Шуудан холбооны байгууллага, ажилтан болон хэрэглэгчийн хүлээх хариуцлагын талаар заасны 10.2.5 дах хэсэгт  Шуудан холбооны ажил үйлчилгээний технологийг зөрчсөн ба гүйцэтгэж буй ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас болж, шууданг алдаж үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн ба саатуулж будлиантуулсан гэм буруутай шуудангийн ажилтанд даарах үндэслэлээр хариуцлагыг хүлээхээр заасан ба түүний в)-д  “Шуудангийн байгууллагад болон хэрэглэгчид материаллаг хохирол учраагүй боловч шуудангийн илгээмжийг саатуулсан ба технологийн зөрчил гаргасан бол захиргааны хариуцлага хүлээнэ” гэж зааснаар хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг баримталж Хөдөлмөрийн гэрээ болон Монгол Шуудан ХК-ний Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж  ажилтан Х.М-тай сахилгын шийтгэл ногдуулсан  2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ны Монгол Шуудан ХК-ийн Баян-Өлгий аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ