Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/383

 

                                         

 

    2024              4            12                                         2024/ШЦТ/383

 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Н.Ганчимэг /цахим/,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Т-ад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2206 00000 1224 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Т , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь Д.Ө бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух хохирогч Ж.Ө эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн Кен маркийн гар дриллийг хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...монгол гэрийн хаалганы хоёр талд 112x100 см хэмжээтэй цонхтой байх ба хаалганы баруун талын цонхыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гэрийн хаалга цоожтой ...хаалганы баруун талд хулгай орсон гэх цонх байх ба цонхны урд хэсэгт олон тооны хагарсан шил байв. ...хөргөгч онгорхой, ..авдар онгорхой, урд талд эд зүйлсийг гаргасан байдалтай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 16- ны өдрийн 20 цаг 16 минутад ...эрэгтэй нар камерын харагдах өнцгөөс цуварсан 2 монгол гэр байрлах хэсэг рүү гартаа ямар нэг эд зүйл бариагүй байдалтай явж байв. ...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 50 минутад цуварсан 2 монгол гэрийн хойд талын монгол гэрийн гэрэл асах ба улмаар ногоон эрээн цоохор өнгийн сант куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй болон дээгүүрээ бараан өнгийн куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй нар тухайн монгол гэрээс гарч ирэн камерын бичлэгийн харагдаж өнцгийг чиглэн ирж байх ба ногоон эрээн цоохор десант куртик, доогуураа хар өнгийн өмд өмссөн эрэгтэй баруун гартаа ямар нэгэн эд зүйл барьчихсан явж байгаа талаар бичигдсэн байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

Хохирогч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цаг 35 минутад манай хөрш айлаас “танай цонх хагарах чимээ сонслоо, танайх камераа шалгаач” гэхэд нь би утасны гэртээ суурилуулсан камераа үзэхэд алаг цэргийн хувцастай хүн болон цэнхэр куртиктэй хоёр хүн манай хашаанд яваад, гэр лүү орж байгаа харагдахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...шар ууттай гар дрилл алдагдсан. Камерын бичлэгт аваад явж байхыг харсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

Хүний биед үзлэг хийсэн: “Д.Ө дээгүүрээ ногоон эрээн цэргийн десант өнгийн... куртик өмссөн, Д.Ө ... биеийн зүүн гарын алганы дотор хэсэг 1*0.8 см хэмжээтэй зулгарч цус гарсан, баруун гарын долоовор хуруу өндөгний хэсэг зулгарч цус гарсан...” гэх тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 6-27, 33-34 дүгээр хуудас)

Шүүгдэгч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ямар нэгэн хулгай хийх зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас),

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (2 дугаар хавтаст хэргийн 31-32, 33-34 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дүгээр хуудас),

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 173-176, 178-200, 202-212 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т  нь Д.Ө бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод оршин суух хохирогч Ж.Ө эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн Кен маркийн гар дриллийг хууль бусаар авч, бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-12 дугаар хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), хохирогч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 6-27, 33-34 дүгээр хуудас), шүүгдэгч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа ямар нэгэн хулгай хийх зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас), эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хүндрүүлэх шинжийг бүрэн агуулжээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж заасан байх ба шүүгдэгч Д.Т  нь өөрийн төрсөн ах Д.Ө бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ө эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цонхыг хагалж, нууцаар, хууль бусаар нэвтрэн Кен маркийн гар дриллийг хууль бусаар авсан байх тул “бүлэглэн” үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т  нь бүлэглэж “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг буцааж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Т ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг танилцуулж, Д.Т  уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Т ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдэхдээ “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Т ад 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Т ад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т ын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Д.Т ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т ад авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ