| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2021/00108/И |
| Дугаар | 130/ШШ2021/00320 |
| Огноо | 2021-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2021/00320
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багт оршин суух Ш овогт У-н Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Жанат” ХХК-ны / гүйцэтгэх захирал Ж овогт М-н Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Б, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “Жанат” ХХК-аас 3.553.850 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жанат” ХХК-ний захирал М.Т нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн иргэн У.Б надтай ажил гүйцэтгүүлэх албан ёсны гэрээ хийж доорх ажлуудыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан билээ.Үүнд: зочид буудлын өрөөний тавилга болох: 1.Хувцасны шүүгээ 13 ширхэг буюу 14.300.000 төгрөг, 2.Ус буцлагчийн тавиур 10 ширхэг буюу 11.100.000 төгрөг, 3.Зурагтын хайрцаг 12 ширхэг буюу 1.320.000 төгрөг, 4. Эргэдэг зурагтын хайрцаг 2ширхэг буюу 220.000 төгрөг, 5.Ширээ 12 ширхэг буюу 960.000төгрөг. Нийт 21.200.000 төгрөгийн материалуудыг худалдан авсан ба гэрээний нийт дүн 26.500.000 төгрөгөөр тооцоологдсон юм.Харин гэрээнээс гадуур нэмж 1 ширхэг 70000 төгрөгөөр 23 ширхэг орыг 1.610.000 төгрөг хийлгэсэн юм.
Гэтэл миний хийгээгүй ажил болох зурагтын хайрцгийг өөр хүнээр 4 сая төгрөгөөр хийлгэсэн гэж тайлбар өгсний дагуу би авах ёстой мөнгөнөөс хасаж тооцоолсон юм.Тухайн үед надтай хийсэн гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахгүй хамтран ажиллаж явж байгаад сүүлдээ өөр хүнээр 4сая төгрөгөөр хийлгэсэн гэж хэт их өндөр үнэ хэлж миний хөлснөөс хэтрүүлсэн хассан. Иймд 26.500.000-21.233.000=5.267.000 төгрөг, 5.267.000+1.610.000=6.877.000 төгрөг.Уг мөнгөн дүн дээр надаас нэмж авсан 5 ширхэг хавтан буюу 974850 төгрөг, 1 ширхэг наалт буюу 90000 төгрөгийн материалын үнийг би нэмж нэхэмжилж байна. Тэгэхээр 6.877.000+974850+90000=7.941.850 төгрөг.Үүнээс “Жанат” ХХК-ний захирал М.Т-ийн надад өгсөн тайлбар тооцооны дагуу 4 сая төгрөг, мөн 388.000 төгрөгөөр зурагтын шилэн тавцанг өөр хүнээр хийлгэсэн гэсний дагуу 7.941.850-4.000.000-388.000=3.553.850 төгрөгийг надад авч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 сарын 05-ны өдөр Жанат ХХК-ний захирал М.Т-ийн боловсруулж ирсэн гэрээний дагуу 26.500.000 төгрөгт 5 төрлийн тавилга хийхээр харилцан тохиролцсон байсан. Эхний ээлжид 10 сая төгрөг, сүүлд 11 сая төгрөгийг өөрийнхөө данснаас материал авахаар өөр компанид шилжүүлсэн.
Уг материалаар 5 төрлийн тавилга хийхээр тохиролцсон байсан. Хувцасны шүүгээ 13 ширхэг, ус буцалгагчийн тавиур 10 ширхэг, зурагтын хайрцаг 12 ширхэг, эргэдэг зурагтын хайрцаг 2 ширхэг, ширээ 12 ширхэг хийж өгөхөөр болсон. Тэгээд хэдэн хоног өнгөрсний дараа М.Т бид хоёр Улаанбаатар хотод хамт очиж тавилга хийх материалыг М.Т өөрөө сонгож авсан. Үлдсэн жижиг, сажиг материалыг өөрийнх нь өгсөн мөнгөөр нь би авчсан. Гэхдээ тэр материалын барааг Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу би өөрөө авчирсан. М.Т зөвхөн сонголт л хийж өгсөн. Бид бүх тавилгыг чадлынхаа хэрээр хийсэн. Хариуцагч тайлбартаа бүрэн гүйцэд хийхгүй, зугтсан гэж хэлсэн байна. Тийм асуудал байгаагүй. Харин ч хугацаанаас нь өмнө дуусгаж “Жанат” ХХК-ний захирал М.Т-д хүлээлгэн өгч, ачуулаад явуулсан. М.Т-ийн эцэг болох М гэх хүний хашаанд буулгаж тэндээ байлгаж байсан. Үлдсэн гүйцэтгэх 3 төрлийн ажлын анх тохирсон дизайн загварыг хариуцагчаас өөрчилсөн ба уг өөрчилсөн дизайнаар манай тоног төхөөрөмжөөр хийх боломжгүй байсан тул өөр газраар хийлгэнэ гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэрнээс гадна тавилгыг угсрах ажиллагаанд хугацаа алдсан гэж бичсэн байна. Тийм асуудал байгаагүй. Комиссоос барилгыг хүлээн авч , доор нь хивс дэвссэний дараа бидний угсралтын ажиллагаа хийгдэх ёстой байсан. Үүний дагуу хамгийн сүүлд угсралтын ажиллагааг гүйцэтгэсэн. Бид нараар хийлгээгүй дутуу үлдсэн юмаа өөр хүмүүсээр хийлгэсэн. Хариуцагчийн өөр хүнээр хийлгэсэн зурагтын хайрцаг, ширээний үнэ 4.000.000 төгрөг мөн гэрээнд эргэдэг зурагтыг 2 ширхэг буюу 220.000 төгрөгийг тус тус хасаж байгаа. Мөн дээрээс нь бид нарын хийлгэж байгаа хүнд материал байхгүй тул чамаас материал авч тооцоог нь дараа хийе гэсний дагуу 5ширхэг хавтан, 1 ширхэг наалтыг авсан.
Тийм учраас бид нар хийсэн ажлынхаа хөлс болон зээлээр авсан материалын үнийг л нэхэмжилж байгаа. Нэг ч төгрөг илүү нэхэмжилсэн асуудал байхгүй. Бид нарын хийсэн ажлын нийт хөлс М.Т-ийн надад гэрээний дагуу өгөх ёстой 26.500.000 төгрөгөөс 5267000 (26.500.000-21.233.000) төгрөг үлдсэн. Тэр мөнгөнөөс миний хийгээгүй зурагтын хайрцаг 4.000.000 төгрөг,2 ширхэг эргэдэг зурагтын үнэ 220.000, 12 ширхэг ширээ 960.000 төгрөгийг тус тус хасаж тооцсон байгаа. Мөн дээрээс нь 1 ширхэг орыг хийлгэсэн хөлсийг нь 70.000 төгрөгөөр тооцож, 23 ширхэг ор хийлгэсэн. Ор хийх материалыг М.Т өөрөө авч ирсэн. Энэ бүгдийг нэмж тооцоход миний М.Т-ээс нэхэмжилж байгаа мөнгө 3.553.850 төгрөг болж байна. Уг мөнгө нь 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлс 1.610.000 төгрөг, 5 ширхэг хавтангийн үнэ 974850 төгрөг, наалт 90000 төгрөг, үлдсэн нь өмнөх ажил гүйцэтгэснээс хөлснөөс үлдсэн мөнгө байгаа гэв.
Хариуцагч “Жанат” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У-н Б-аас тус компанид холбогдуулан 3.553.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаж үзээд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Манай компанийн зүгээс орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж У.Б-той тавилгын ажил хийж гүйцэтгэх тухай тохиролцоо хийсэн У.Б нь тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 26.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн тавилгуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж бидэнд хүлээлгэн өгөх ёстой байсан. Ажил эхлэхээс өмнө захиалагч талаас ажил гүйцэтгэгч талын хүсэлтийн дагуу 11.000.000 төгрөгийг материал авах барилгын материалын дэлгүүрийн дансанд шууд шилжүүлж өгсөн.Ажил гүйцэтгэгч та уг барилгын материалын дэлгүүрээс өөрсдөө бараагаа татан авсан.Дараа нь ажил хийгдэж эхлэх явц дунд захиалагч талаас ажил гүйцэтгэгч талын хүсэлтийн дагуу хөдөлмөрийн хөлс болгож дахиад 10.000.000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж өгсөн. Гэтэл У.Б нь гэрээний дагуу 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэгч бидэнд хүлээлгэж өгөх ёстой байснаас зөвхөн хувцасны шүүгээ -11 ширхэг, ус буцлагчийн тавиур- 8 ширхэг тус тус хийж гүйцэтгэж хүлээлгэн өгч,үлдсэн ажил болох зурагтын хайрцаг, эргэдэг зурагтын хайрцаг,ширээ гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэж өгөлгүй зугтаагаад алга болсон.Манай компаниас ажил гүйцэтгэж өгөлгүй зугтаагаад алга болсон. Манай компаниас ажил гүйцэтгэгчид үлдсэн 3 төрийн ажлаа гэрээний дагуу хугацаандаа хурдан шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсан боловч ажил гүйцэтгэгч тал элдэв хэл ам гаргаж, худлаа шалтаг тоочиж үлдсэн ажлаа хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан. Ингээд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл талдаа ороогүй байхад ажил гүйцэтгэгчийн буруугаас болж цуцлагдсан юм. Манай компанийн зүгээс үлдсэн 3 төрлийн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд У.Б-той тохиролцсон гэрээний үнээс бараг шахуу 2 дахин их үнийн дүнгээр хохирсон.Өөрөөр хэлбэл манай компани У.Б-н хийж гүйцэтгээгүй үлдсэн 3 төрлийн ажлуудыг өөр этгээдээр буюу Улаанбаатар хотын “Нарны цаг” ХХК-аар хийлгэсэн болно. Хэрэв У.Б гэрээний дагуу бүх ажлуудыг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн гэж байгаа бол эдгээр ажлуудыг манай компанид хүлээлгэж өгсөн тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөд асуудлаа бардам ярих ёстой.Мэдээж ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй,ажлаа тал хүртэл хийж гүйцэтгэж чадаагүй юм чинь хаанаас явж тийм ажил хүлээлгэж өгсөн тухай баримт гаргах өгөх билээ.Хүнлэг,шударга байх ёстой шүү гэдгийг хэлмээр байна. Дээр дурдсанчлан манай компани У.Баас болж хохирч үлдсэн буюу У.Б-н хийгээгүй ажлыг өөр компаниар өндөр үнээр хийлгэсэн тул үүнээс үүссэн хохирлоо сөрөг нэхэмжлэл гаргах байдлаар У.Баас нэхэмжлэх болно.Дэлхий даяр КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас Улаанбаатар хотын орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан,зарим аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоосон болохыг бид бүгд мэдэж байгаа билээ.Энэ шалтгааны улмаас “Нарны цаг” ХХК-аас зарим нэгэн баримтуудыг авч чадахгүй байна.Иймд У.Б-н нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.
Хариуцагч “Жанат” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Жанат” ХХК-ийн гаргасан хариу тайлбарыг дэмжсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч У.Б-оос хариуцагч “Жанат” ХХК-аас 3.553.850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал үүнийг эс зөвшөөрч байгаа. “Жанат” ХХК-ийн зүгээс У.Б-той тавилга хийлгэх тохиролцоо хийсэн. У.Б тус компанитай байгуулсан тохиролцооны дагуу 26.500.000 төгрөгийн үнэ бүхий, 5 төрлийн тавилгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж өгнө гэж амлалт өгч, тохиролцсон. Тэгээд эхний ээлжид тавилгуудыг хийж гүйцэтгэхэд бараа материал шаардлагатай байна гэж хэлээд тийм газраас, тийм материал авна гэж 11 сая төгрөг хүссэн. Тэр хүсэлтийнх нь дагуу “Жанат” ХХК-ийн зүгээс 11.233.570 төгрөгийг Доече Вэллэ ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч уг 11.233.570 төгрөгийн барилгын материалыг өөрөө хүлээж аваад, ачуулж, Баян-Өлгий аймагт авчраад ажил хийж эхэлсэн байдаг. Явцын дунд дахиад 10 сая төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Тэр мөнгийг хүлээж авсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Энэ талаар маргаан байхгүй гэж үзэж байна. Хэдийгээр У.Б нь 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж амлалт өгсөн боловч хувцасны шүүгээ 11 ширхэг, ус буцалгагч 8 ширхэг тус тус хийж гүйцэтгэн хүлээлгэн өгч, үлдсэн ажил болох эргэдэг зурагтын хайрцаг, зурагтын урд байрлах ширээ, ширээ гэсэн ажлуудыг хийж гүйцэтгээгүй асуудал байгаа. Үүнийг нэхэмжлэгч сая өөрөө хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эргэдэг зурагтын хайрцаг 1 ширхэг нь 110.000 төгрөг, 2 ширхгийн үнэ 220.000 төгрөгийг би хасаж тооцож байна гэсэн. Мөн зурагтын урд байрлах ширээ 1 ширхэг нь 80.000 төгрөг. Нийтдээ 12 ширхэг ширээ 960.000 төгрөгийн ажлыг хийж өгөөгүй тул хасаж байгаа гэж тайлбарлаж байна. Бид нар хариу тайлбар дээрээ бас бичсэн байгаа. 3 төрлийн ажил үүрэгтэй холбоотой маргаан байгаа гэж үзэж байгаа. Энэ 3 төрлийн ажлыг гэрээний дагуу хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж өгөхийг удаа дараа шаардсан боловч ажил гүйцэтгэгч тал элдэв хэл ам гаргаж, худлаа шалтаг тооцож үлдсэн ажлаа хийхгүй, үндэслэлгүйгээр ажил хийхээс татгалзсан. Тиймээс ажлын гүйцэтгэл талдаа ороогүй байхад ажил гүйцэтгэгчийн буруугаас болж гэрээ цуцалсан. Гэрээ цуцалсан гэдгийг бид нар удаа дараа хэлж байгаа. У.Б-н амласан ёсоор хийж чадаагүй ажлыг Ерболат гэдэг хувь хүнээр 4 сая төгрөгөөр хийлгэсэн. Ерболат энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөөд, ямар ямар хийсэн талаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Хэдэн ширхэг тавилга хийсэн талаар мартсан байна. Нөгөө талаас үлдсэн ажлыг “Нарны цаг” гэсэн компаниар хийлгүүлж, илүү зардал гаргасан. Тэгэхээр У.Б-н нэхэмжлээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Уг гэрээгээр ор хийнэ гэж тохиролцоогүй. Орыг нэг бүрийг нь 70.000 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж тохиролцоогүй. Энэ гэрээнээс үүсэх шаардах эрхэд ямар ч хамааралгүй гэдгийг хэлмээр байна. Гэрээний 7 дугаар зүйлд хэрэв талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол хоёр тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр заавал бичгээр өөрчлөлт оруулах ёстой гэж заасан. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэдгийг хэлье. “Нарны цаг” ХХК-тай холбоотой ажил гүйцэтгүүлсэн гэдгийг хариуцагч талаас хэлж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг тус компаниас авхуулах гэсэн боловч дэлхий даяар Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим аж ахуйн үйл ажиллагааг зогсоосон тул нотлох баримтын эх хувь эсвэл нотариатаар батлуулсан хуулбарыг явуулж чадахгүй байна. Уг нотлох баримтыг өнөөдрийг хүртэл хүлээсэн. Гэхдээ хавтаст хэрэгт уг гэрээний хуулбар хувийг өгсөн байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа гэж үзэж байна. Үүнээс гадна “Жанат” ХХК нь “Өлгий Нур мебель” ХХК-тай гэрээ байгуулаагүй. “Өлгий Нур мебель” ХХК-ийн гэрчилгээний хуулбарыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байсан. “Жанат” ХХК нь У.Б гэсэн хувь хүнтэй тохиролцож, гэрээ байгуулсан. Тэгэхээр гэрээг үндэслэхдээ үүнийг анхаарах нь зүйтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б-аас хариуцагч “Жанат” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Тид холбогдуулан 3.553.850 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн 3.553.850 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн үндэслэлээ 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлс 1.610.000 төгрөг, 5 ширхэг хавтангийн үнэ 974850 төгрөг, наалт 90000 төгрөг, ажил гүйцэтгэснээс хөлснөөс үлдсэн 879000 төгрөг нийт 3.553.850 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.
Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 3077284 регистрийн дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000180144 дугаартай гэрчилгээнд “Өлгий нур мебель” ХХКомпаний гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч У.Б-ыг бүртгэсэн байжээ.
Гэтэл нэхэмжлэгч У.Б нь “Өлгий нур мебель” ХХК нь гэсэн нэртэй хуулийн этгээдийг үүсгэнэ байгуулахаас өмнө талууд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Өлгий мебель” аж ахуйн нэгжийн дарга У.Б болон “Жанат” ХХК-ний захирал М.Т нар нь “Ажил гүйцэтгэх” 03 дугаартай гэрээ байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр байдал болон хууль зүйн үндэслэлийн талаар талууд маргаагүй болно.
Харин уг гэрээний 2.1-д заасан гүйцэтгэх 5 төрлийн ажлаас ажил гүйцэтгэгч У.Б нь 2 төрлийн буюу хувцасны шүүгээ, ус буцлагчийн тавиур хийж үлдсэн 3 төрлийн буюу зурагтын хайрцаг, эргэдэг зурагтын хайрцаг, ширээ зэрэг ажлыг гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдаж уг 3 төрлийн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн, нэхэмжлэгчтэй анх тохиролцсон үүнээс 2 дахин их үнийн дүнгээр хохирсон гэж хариуцагчаас маргажээ.
Нэхэмжлэгчээс гэрээний дагуу 2 төрлийн буюу хувцасны шүүгээ, ус буцлагчийн тавиур хийж үлдсэн зурагтын хайрцаг, эргэдэг зурагтын хайрцгийн анх гэрээний дагуу тохиролцсон дизайн загварыг захиалагч компаниас өөрчилсөн тул уг дизайн загвараар манайх хийх технологийн боломжгүй болсон тул өөр этгээдээр хийлгэсэн гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч У.Б болон хариуцагч “Жанат” ХХК-ний захирал М.Т нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажилгүй гүйцэтгэгч У.Б болон захиалагч “Жанат” ХХК-ний захирал М.Т нар нь ажлын хөлс, материалын үнийн хамт хувцасны шүүгээ 13 ширхэг буюу 14.300.000 төгрөг, ус буцлагчийн тавиур 10 ширхэг буюу 11.000.000 төгрөг,зурагтын хайрцаг 12 ширхэг буюу 1.320.000 төгрөг, эргэдэг зурагтын хайрцаг 2 ширхэг буюу 220.000 төгрөг, ширээ 12 ширхэг буюу 960.000 төгрөг нийт 27.800.000 төгрөгийн ажлыг 26.500.000 төгрөгөөр хийхээр болж харилцан тохиролцсон ба нэхэмжлэгчээс уг ажлаас хувцасны шүүгээ 11 ширхэг буюу 12.100.000 төгрөг, ус буцлагчийн тавиур 8 ширхэг буюу 8.800.000 төгрөг нийт 20.900.000 төгрөгийн ажлыг хийж хүлээлгэж өгсөн болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр “Mediana” зочид буудалд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, К.Кенжебек,Т.Тилеген нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.
Хариуцагч буюу захиалагч “Жанат” ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх материалын үнэд 11.233.570 төгрөгийг Доече Вэллэ ХХК-д шилжүүлж уг материалаас нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч У.Б нь хувцасны шүүгээ, ус буцлагчийн тавиурыг хийж өгсөн ба нэхэмжлэгчээс 5 ширхэг хавтан, 1 ширхэг наалтыг “Жанат” ХХК нь авч зурагтын хайрцаг, түүний угтвар ширээг Б.Ерболат гэдэг хүнээр 4.000.000 төгрөгөөр хийлгэсэн нь Б.Ерболатын гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлуулах эрхтэй” гэж заасан ба энэхүү гэрээг цуцалсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй бол мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй мөн зүйлийн 355.6-д зааснаар захиалагч ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байхаар хуульчилжээ.
Талууд зурагтын хайрцаг, угтвар ширээ, эргэдэг зурагтын хайрцаг зэргийн дизайн загварыг анх гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож баталсан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн М.Т-ийн үзлэгийн явцад “... анх гаргасан дизайн загвараа өөрчилсөн учир ажил гүйцэтгэгч хийх боломжгүй болсон тул өөр байгууллагаар хийлгэсэн үнэн. Хавтас хэрэгт байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зураг нь бидний анх тохиролцсон зурагтын хайрцаг, ширээ, эргэдэг зурагтын хайрцгийн фото зураг мөн” гэх мэдүүлэг мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий зурагтын хайрцаг, угтвар ширээ, эргэдэг зурагтын хайрцаг зэргийн анх тохиролцсон дизайн загварын фото зураг болон уг дизайн загвараас өөр дизайн загвараар хийлгэсэн нь үзлэгээр баталгаажуулж авсан фото зургаар нотлогдож байгаа бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад заасныг зөрчиж хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс уг загвар дизайныг өөрчилсний улмаас ажил гүйцэтгэгчээс өөрчилсөн дизайнаар хийх технологийн боломжгүй байдлаас болж гэрээ цуцлагдсан байх ба гэрээ цуцалсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар маргаан бүхий зурагтын хайрцаг, угтвар ширээ, эргэдэг зурагтын хайрцгийг өөр хүнээр өндөр үнээр хийлгэсэн захиалагчид учирсан хохирлыг ажил гүйцэтгэгч У.Б нь нөхөн төлөх үүрэг хүлээхгүй болно.
Нэхэмжлэгч У.Б нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5, 355.6-д тус тус зааснаар захиалагчаас ажлын хөлс, учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй хэдий боловч хариуцагч байгууллагын зурагтын хайрцаг, угтвар ширээг өөр хүнээр хийлгэсэн үнэ 4.000.000 төгрөг, эргэдэг зурагтын хайрцаг 2 ширхэг буюу 220.000 төгрөг, зурагтын шилэн тавцанг 388000 төгрөг нийт 4.608.000 төгрөгийг ажлын хөлснөөс тус тус хасахыг зөвшөөрсөн мөн тэрээр хувцасны шүүгээнээс 13 ширхэг хийх ёстойгоос 11 ширхэг буюу 12.100.000 төгрөг, ус буцлагчийн тавиураас 10 ширхэг хийх ёстойгоос 8 ширхэг буюу 8.800.000 төгрөг нийт 20.900.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн захиалагчаас гэрээнд заасан ажлыг хийх материалын үнэ болон хөлстэй хамт 21.233.570 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байх тул уг гэрээний дагуу ажлын хөлс гэж нэхэмжилсэн 879000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
2.Хариуцагч байгууллагаас 5 ширхэг хавтан буюу 974850 төгрөг, 1 ширхэг наалт буюу 90000 төгрөг нийт 1064850 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч буюу захиалагч “Жанат” ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх материалын үнэд 11.233.570 төгрөгийг Доече Вэллэ ХХК-д шилжүүлж уг материалыг нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч У.Б нь өөрөө татан авч, хувцасны шүүгээ, ус буцлагчийн тавиурыг хийж өгсөн ба гэрээнд заасан үлдсэн 3 төрлийн гүйцэтгэх ажлаас зурагтын хайрцаг, угтвар ширээг хариуцагч байгууллагаас өөр хүнээр буюу гэрч Б.Ерболатаар хийлгэсэн байжээ.
Уг ажлыг хийлгэхдээ нэхэмжлэгчээс 5 ширхэг хавтан болон нэг ширхэг наалтыг хариуцагч байгууллага нь авсан байх боловч эдгээр материалын үнийг хариуцагчаас төлсөн байх тул нэхэмжлэгчид уг материалын үнийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас материалын үнэ гэж нэхэмжилсэн 1.064.850 төгрөгийг хангах боломжгүй болно.
3. Хариуцагч байгууллагаас 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлс 1.610.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд хариуцагч “Жанат” ХХК-ний гүйцэтгэх захирал М.Т болон нэхэмжлэгч У.Б нарын хооронд байгуулсан гэрээнд ор хийлгэх талаар заалт байхгүй мөн энэ талаар хэрэгт бичгийн нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчээс орыг найзын хувьд тохирч хийлгэсэн гэж шүүх хуралдаан мэдүүлж байгаа тул хувь хүмүүсийн хооронд байгуулсан харилцан тохиролцоо гэж үзэхээр байна. Орны хөлс нэхэмжилсэн дүн нь өнөөдрийн энэхүү маргаанд хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Гэвч хавтас хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №№03 тоот ажил гүйцэтгэх гэрээндээ талууд ор хийлгэх талаар харилцан тохиролцоогүй байгаа боловч хариуцагч байгууллагаас 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлсний нэг бүрийн үнийг 70.000 /далан мянган/ төгрөгөөр тохиролцож нэхэмжлэгчээр хийлгэсэн мөн уг орыг хариуцагч байгууллагын “Mediana” гэх зочид буудалд тавьж ашиглаж хэрэглэж байгаа болох нь нэхэмжлэгч талын хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдөр “Mediana” зочид буудалд үзлэг хийж үзлэгээр баталгаажуулж авсан фото зураг болон хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Т-ийн үзлэгийн явцад “... нэг орыг 70 мянган төгрөгөөр, У.Бд хийлгэсэн үнэн” гэх тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс хийж гүйцэтгэсний ажлыг хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч “Жанат” ХХК-аас 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлс 1.610.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1.943.850 (материалын үнэ 1.064.850 төгрөг+ ажлын хөлс 879000 төгрөг) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.610.000 төгрөгт ногдох 40710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гэрээний дагуу гүйцэтгээгүй зарим ажлыг Улаанбаатар хотын “Нарны цаг” ХХК-аар хийлгэсэн ба тус компаниас мэйлээр ирүүлсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул уг нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлэх боломжит хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэнээр шүүхээс уг хүсэлтийг хүлээж авч, шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл буюу 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “Нарны цаг” ХХК-аас олгосон нотлох баримтын эх хувийг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгч нотолж чадаагүй тул тус компанитай хариуцагч байгууллагын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “тавилга хийж угсрах ажлыг гүйцэтгэх” тухай №20/07 дугаартай гэрээ, гэрээний хавсралт, “Нарны цаг” ХХК-ний захирал Ш.Алтанхуягийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5-т тус тус зааснаар хариуцагч “Жанат” ХХК-ний захирал М.Т-ээс 23 ширхэг ор хийлгэсэн ажлын хөлс 1.610.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1943850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жанат” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 40710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ