| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/00323/И |
| Дугаар | 130/ШШ2021/00323 |
| Огноо | 2021-03-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2021/00323
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, О овогт Х-н С-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт Х-н Н-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, түүний өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Х.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 21.958.647 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Х.Н-т 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 4 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан сарын 1.7% хүүтэй бодож 32.000.000 төгрөг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээг тухайн үед нотариатаар баталгаажуулсан. Түүнээс хойш иргэн Х.Н нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16.136.304 / арван зургаан сая нэг зуун гучин зургаан мянган гурван зуун дөрвөн/ төгрөгийг төлсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй өдий хүрч байгаа ба анх байгуулсан зээлийн гэрээний хугацаа ч дууссан болно. Иргэн Х.Н-ээсзээлж авсан мөнгө төлж өг гээд шаардсан боловч одоо хүртэл төлөхгүй байна. Иймд иргэн Х.Н-ийн надаас зээлж авсан мөнгөнөөс үлдсэн болон хүүгийн хамт 21.958.647 төгрөгийг гаргуулан миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Х.С гэдэг. Би Х.Н-т 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 32.000.000 төгрөгийг өөрийн данснаас Х.Н-ийн данс руу шилжүүлсэн. Х.Н 16.136.304 төгрөгийг бид хоёрын байгуулсан гэрээний дагуу төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл мөнгө болох 17.265.000 төгрөг, хүүгийн хамт 21.958.647 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ зээлийн гэрээний төлөгдөөгүй, үлдэгдэл мөнгийг Х.Н-ээсгаргуулж өгөхийг хүсэж байна. Энэ мөнгийг би өөрийн хувийн зүгээс өгсөн зээл юм. Тиймээс Х.Н-ээс тайлбарлаж байгаа барилгатай холбоотой шалтгаан нь энэ зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй. Саяны хариуцагч талын гаргаж өгсөн төлбөрийн баримт нь Х.Н-ийн “Көшелик” ХХК-ийн дансанд шилжүүлсэн төлбөрийн баримт юм байна. Харин миний шилжүүлсэн мөнгө бол миний өөрийн хувийн данснаас Х.Н-ийн дансанд шилжүүлсэн мөнгө байгаа юм. Тиймээс хуулийн дагуу миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Х.Н бид хоёр 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 32.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн зээлтэй, 4 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тухайн үед Х.Н надаас мөнгөний хэрэг гараад байна, би 4 сарын дотор буцаагаад төлж өгнө гээд сайн дураараа тохиролцсоны үндсэн дээр 32.000.000 төгрөгийг зээлээр өгсөн. Тэр мөнгийг ямар зорилгоор хэрэглэснийг би мэдэхгүй. Х.Н нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 16.136.304 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл мөнгийг, 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн хамт 21.958.647 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт би Х.С гэдэг хувь хүнтэй гэрээ хийгээгүй. Хоёрдугаарт энэ хүний надтай хийсэн гэж байгаа гэрээ нь ямар зөрчил, дутагдалтай гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон. Үүнийг хуулийн байгууллага шударга шийдэж өгөх байх. Тухайн нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх ёстой гэж бодохгүй байна. Би мөнгө авсан нь үнэн. Гэхдээ ийнхүү мөнгө зээлэхдээ энэ хүн надад орон сууцаа худалдан борлуулах зорилгоор миний банканд байсан цалингийн зээлийн асуудлыг шийдэх зорилгоор надад 32 сая төгрөгийг зээлсэн. Би түүнийг хугацааны зөрүүдтэй байж харагдахаар иргэн Т.Манарбекээс 32.000.000 төгрөг авч өөрийн зээлийг хаагаад, дараа нь Т.Манарбек-т өгөх ёстой 32.000.000 төгрөгөө Х.С аас авч өгсөн. Харин Х.С-д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрөө бичиж өгсөнчлөн 16 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Би харин ч “Көшелик” ХХК-аас авлагатай. Учир нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөгийг иргэн Х.С-н дансанд орон сууцны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар банкны гүйлгээ хийж шилжүүлсэн. Нотлох баримтыг нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр надад иргэн Т.Манарбекээс 32.000.000 төгрөгийн орлого орж ирсэн. Тэр 32.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн баримтыг бас хавтаст хэрэгт хавсаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр би орон сууцны үнэ гэж гүйлгээний утга дээр бичиж 56.980.000 төгрөгийг “Көшелик” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х.С-аас миний дансанд 32.000.000 төгрөг орж ирсэн байдаг. Мөнгө орж ирсэн өдөр нь би иргэн Т.Манарбекийн дансанд өрөө дарах зорилгоор тэр мөнгийг шилжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Көшелик” ХХК-ны захирал Х.Мүптид бэлнээр 24.420.000 төгрөг төлсөн. “Көшелик” ХХК-ийн захирал болон ахлах нягтлангийнх нь тамга даруулж, гарын үсэг зуруулж аваад тайлан тооцоогоо нийлүүлээд, орон сууцны урьдчилгаа төлбөр төлсөн баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Ингээд миний нийт “Көшелик” ХХК-д төлсөн мөнгө 105.400.000 төгрөг болж байгаа. “Көшелик” ХХК надад 68 м.кв орон сууцыг, м.кв-ыг нь 900.000 төгрөгөөр тохиролцоод, банканд гаргаж өгөх халхавч гэрээнд м.кв-ыг нь 1.100.000 төгрөгөөр худалдсан, байрны нийт м.кв нь 74 гэж бичиж, надад авлагатай байх боломжийг бүрдүүлж өгөөд, тухайн орон сууцыг худалдсан. Ингээд бодоод үзэх юм бол орон сууцны төлбөр 61.200.000 төгрөг болж байгаа, үүн дээр Х.С-аас авсан 32.000.000 төгрөгийг нэмэх юм бол 93.200.000 төгрөг болж байгаа. Гэтэл миний “Көшелик” ХХК-д нийт төлсөн мөнгө 105.000.000 төгрөг болж байгаа. Тийм байтал надаас мөнгө нэхэмжлээд байна. Би үүнийг ямар учиртай гэдгийг ойлгохгүй байна. Би “Көшелик” ХХК-аас авах ёстой авлагаа авахын тулд Х.С-ад үлдэгдэл мөнгөө өгөөгүй нь үнэн. Яагаад гэвэл Х.С нь “Көшелик” ХХК-ийн ерөнхий менежерээр надтай удаа дараа гэрээ байгуулсан. Ийнхүү албан ёсны хийсэн гэрээн дээр худалдагч гэж баталгаажуулж гарын зурж, банканд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ гэрээний дагуу би нийлүүлсэн нийт тооцоогоор авлагатай гардаг. “Көшелик” ХХК-аас авч чадахгүй байгаа мөнгөө нэг төлөөд, дээр нь нэмээд иргэн Х.Саас авсан мөнгөө давхар төлөөд, 1 компанийн 2 хүнтэй тус тусдаа тооцоо нийлснээс болж асар их хэмжээний мөнгөөр хохирол амсаад байгаа. Тийм учраас шүүх энэ хэргийг шударгаар шийдэж, авлагатай байгаа миний авах ёстой мөнгийг гаргаж өгөхийг хүсэж байна. Би “Көшелик” ХХК-аас авлагатай хүн. Гэтэл хохирч үлдсэн надаас Х.С нь би хувь хүний үүднээс би энэ мөнгийг авах ёстой гэж далимдуулсан нэхэмжлэлээс болж хохирч үлдмээргүй байна гэв.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Көшелик” ХХК-нийн барьж ашиглалтад оруулсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай “А.Жылхышы-1” дугаар гудамж, “Көшелик” ХХК-ны 24 айлын орон сууцны 128 тоот байрыг “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” 18/02 тоот дугаартай гэрээний дагуу “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах” гэрээгээр худалдан авч, Голомт банктай байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” , Ипотекийн ЗГ5805110363 дугаартай гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сарын 25-аас 2038 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд 20 жилийн хугацаатай зээлээр худалдан авч,Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000515157 дугаартай гэрчилгээ ёсоор Х.Н би уг байрыг өмчлөлд шилжүүлэн авсан билээ. Тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан гүйцэтгэгч “Көшелик” ХХК-ний захирал Х.Мүпти нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” 18/02 дугаартай гэрээг захиалагч Х.Н надад байгуулсан байх бөгөөд тухайн гэрээний нөхцөл, журмын дагуу байрны үнэ өртөг төлөгдөөд бараг дуусах шатанд байгаа билээ. Гэтэл “Көшелик” ХХК-ны барьж ашиглалтад оруулсан тухайн 24 айлын орон сууцны барилга нь Барилгын норм,норматив тогтоосон БНбД-31-01-01 стандарт шаардлага хангахгүй,барилга байгууламжид тавих шаардлагыг хангахгүй байгаа нөхцөл байдал барилга байгууламжийн зүгшрүүлэх хугацаа дууссаны дараа илэрч, захиалагч тал гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргах, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гомдол,нэхэмжлэл гаргах гэтэл “Көшелик” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.С-н захиалагч Х.Н-ийннадтай байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 01 дугаартай “зээлийн гэрээ” нэртэй “хүчин төгөлдөр бус хэлцэл” саад учруулж байх тул “ сөрөг нэхэмжлэл” гаргаж байна.
Нэг: Нэхэмжлэгч Х.С-н үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус тооцох үндэслэл:
1.1 Хариуцагч Х.Н миний бие нэхэмжлэгч Х.С-аас 32.000.000/ гучин хоёр сая/ төгрөг зээлж авсан явдал байхгүй юм.Энэхүү “Көшелик” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.С-тай байгуулсан гэрээний нэг тал болох Х.Н миний 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаар гэрээ нь “Көшелик” ХХК-ний ерөнхий захирал Х.Мүпти, захиалагч Х.Н бид хоёрын дунд 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан” орон сууц захиалах,захиалга гүйцэтгэх” 18/02 дугаартай гэрээг “ халхавчлах зорилгоор” дүр үзүүлэн” хийсэн хэлцэл болно.Хариуцагч Х.Н миний бие “Көшелик” ХХК-ний ерөнхий захирал Х.Мүпти, гүйцэтгэх захирал Х.С нараас орон сууцны байр худалдаж авсан болохоос бус мөнгө зээлж авч байгаагүй тул эхний ээлжид нэхэмжлэгч Х.С-тай байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “хүчин төгөлдөр бус хэлцлийг” хүчингүйд тооцох шаардлагатай байна.
1.2 Хэрэв нэхэмжлэгч Х.С нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох “зээлийн гэрээ” хүчин төгөлдөр гэж үзвэл хариуцагч буюу зээлдэгч Х.Н надад зээлээр олгосон 32.000.000 төгрөгийг бэлнээр буюу миний хувийн дансанд шилжүүлсэн бичгийн нотлох баримтыг гаргаж ирүүлэх шаардлагатай байна.
1.3 Хариуцагч Х.Н би “Көшелик” ХХК-тай /ерөнхий захирал Х.Мүпти, гүйцэтгэх захирал Х.С/ нартай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх” 18/02 тоот дугаартай гэрээ ёсоор 74 м.кв байр худалдан авч, ипотекийн зээлд хамрагдсан уг гэрээг халхавчлах зорилгоор, дүр үзүүлэн хийсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд уг гэрээний дагуу миний бие 1.7 хувийн хүүтэй төлөх, нэхэмжлэгч алдангаа нэхэмжлэх эрхгүй юм.
1.4 Хариуцагч Х.Н надтай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 дугаартай гэрээ нь миний хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчсөн, гүйцэтгэгч талд илт давуу байдал бий болгосон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлж хийсэн”, 56.1.3-д заасан 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх гэрээг” “халхавчлан хийсэн” хэлцэл учир “хүчин төгөлдөр бусад тооцох” үндэслэлтэй гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
1.5 Нэхэмжлэгч Х.С-н нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “зээлийн гэрээ” 01 гэрээнд Иргэний хуулийн 451.2,452.1,452.2,453.1-т заасан “Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд”-ийн эрх хэмжээнд зээл олгосон хуулийн заалтаар гэрээ байгуулсан нь уг гэрээ илт хууль бус болохыг нотолно.
Учир нь нэхэмжлэгч Х.С нь “Банк, санхүү,зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд” биш юм. Мөн гэж үзвэл банк, төлбөр тооцооны тусгай зөвшөөрлийг нотлох үүрэгтэй юм. Иргэн Х.С-н шүүхэд гаргаж өгсөн гэрээгээр хувь хүнтэй гэрээ байгуулсан мэт харагдаж байгаа. Гэвч би хувь хүнтэй биш, компанитай гэрээ байгуулсан. Уг гэрээ нь шинжээчийн дүгнэлтээр зүйл заалт өөр хоорондоо зөрүүдтэй, цагаан өнгийн арилгагч бодисоор “Көшелик” ХХК гэдгийг арилгаж Х.С болгож өөрчилсөн, иргэн Х.С-н зурсан гарын үсэг нь өөр хоорондоо зөрүүдтэй, нэхэмжлэгч Х.С болон гэрээг баталсан нотариатын гаргаж өгсөн гэрээ хоорондоо зөрүүдтэй зэрэг хуурамч бичиг баримтын асуудалтай байна. Энэ гэрээ Х.С бид хоёрын байгуулсан гэрээ биш. Нотариат нь засвартай гэрээ баталсан байх ёсгүй. Тийм учраас нотариатаар батлуулсны дараа гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа. Иймд шүүхээс хүсэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2,56.1.3, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Х.С, Х.Н нарын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х.С хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н-ээснадад холбогдуулан гаргасан “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзэж эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х.Н нь 2018 оны 12 дугаар сард надад ирж цалингийн зээлийг хаалгах гэж байна мөнгө зээлдэнэ уу гэхээр нь миний бие 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч Х.Н-тэй 4 сарын хугацаатай 1.7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж нийт 32.000.000 төгрөгийг түүний Голомт банк дахь 5805110004 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлсэн юм. Холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэрэгт байгаа болно. Уг зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн график зааснаар Х.Н надаас авсан 32.000.000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон ба ингэж тохиролцсоны дагуу зээлдэгч Х.Н-ээс 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үндсэн төлбөрт 15.005.696 төгрөг, хүүгийн төлбөрт 1.130.608 төгрөг нийт 16.136.304 төгрөгийг надад төлж өгсөн. Энэ тухай миний бие нэхэмжлэлдээ дурдсан байгаа. Гэтэл Х.Н нь надаас зээлдэж авсан 32.000.000 төгрөгийг “Көшелик” ХХК-аас худалдаж авсан орон сууцтай холбож тайлбарлаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, түүний бусдаас орон сууц худалдаж авсан нь тус хэрэгт огт хамааралгүй байна. Маргаан бүхий зээлийн гэрээг нотариатаар батлуулах үед Х.Н бид хоёр хамт байсан, хамт гарын үсэг зурсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н-т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 21.958.647 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэг: Үндсэн нэхэмжлэлийн талаар
1.1 Нэхэмжлэгч Х.С-аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлохоор хариуцагч Х.Н-тэй байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “Зээлийн гэрээ” болон хавсралтыг мөн 32.000.000 төгрөгийг Х.Н-т шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримтыг хавсаргаж ирүүлж улмаар Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Б.Гүлжаукараас гэрчийн мэдүүлгийг авхуулж, тус нотариатаас 2018-12-03 өдрийн 2212 бүртгэлийн дугаартай гэрээний хуулбар, гэрээний хавсралт, тухайн гэрээний бүртгэлийн дэвтрийн 24 хуудасны хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгч шүүх хуралдаанд 2019 оны 02 дугаар сарын 03-аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хүүг нэхэмжилж байгаагаа тайлбарлажээ.
Хариуцагчаас эс зөвшөөрч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн надтай байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “Зээлийн гэрээ”-нд нэхэмжлэгч Х.С-н зурсан гарын үсэг түүний гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1.2 Хэдийгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “зээлийн гэрээ”-нд байгаа “Х.С” гэсэн бичиг болон гарын үсэг нь нэхэмжлэгчийн бичиг, гарын үсэгтэй харилцан байрлал, элементийн хэмжээ зэрэг шинжүүдээрээ тохирохгүй байгаа боловч 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулж нэхэмжлэгч Х.Саас хариуцагч Х.Н нь 32.000.000/ гучин хоёр/ сая төгрөг зээлдэж авсан болох нь нэхэмжлэгч талын хүсэлтээр Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Б.Гүлжаукарын “....Гэрээ байгуулахаар Х.С болон Х.Н хоёр ирж бүртгэлд хоёулаа гарын үсэг зурсан.Хэрэв гэрээний талууд “Көшелик” болон Х.Н нар байсан бол журналд “Көшелик” ХХК болон Х.Н нар гэж бүртгэгдэж тухайн байгууллагын тамга дарагдах ёстой. 2018 оны 12 дугаар сарын гэрээний бүртгэлийг шүүхэд ирүүлсэн бөгөөд тухайн бүртгэлийн журналын 24 дүгээр хуудсанд 2212 дугаарт Х.С болон Х.Н нарын хооронд байгуулагдсан гэрээ гэж бүртгэгдсэн ...” гэх гэрчийн мэдүүлэг мөн нотариатчаас ирүүлсэн талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “зээлийн гэрээ”-ний эх хувь болон гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг гэрээг байгуулах үед бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг хариуцагч Х.Н-ийнГоломт банкин дахь 5805110004 дугаартай дандсанд шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт, хариуцагчаас уг мөнгийг Х.С-аас шилжүүлсэн өдөр нь буюу 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Т.Манарбект шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
1.3 Хэрэгт авагдсан нотариатчаас ирүүлсэн гэрээний хуулбар болон эх хувьд нь зээлдүүлэгч Х.С нь зээлдэгч Х.Н-т 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 32.000.000 төгрөгийг 4 сарын хугацаагаар, сарын 1.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн болон талууд үндсэн зээл,зээлийн хүүгийн хамт хоёр хувааж анхны төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, дараагийн төлөлтийг 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгавар болохоор харилцан тохиролцсон байжээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан тул нэхэмжлэгч Х.С-аас 32.000.000 төгрөгийг хариуцагч Х.Н-ийнГоломт банканд дахь 5805110004 дугаартай дансанд шилжүүлсэн нь тус банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
1.4 Гэрээгээр талууд сарын 1.7 хувийн хүүтэй жилийн 20.4 хувийн хүүтэй байхаар харилцсан тохиролцсон байхад зээлийн гэрээний хавсралтад зээлийн жилийн хүү 20.8 хувийн хүүтэй гэж 0.4 хувийн илүү хүү бодсоныг дараах байдлаар зөвтгөж тооцлоо.
Үүнд: 32.000.000 төгрөгийн өдрийн хүү нь 17884.94 ( 32.000.000 төгрөг х 20.% / 365 хоног) төгрөг байх ба анхны төлөлт буюу 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 62 хоногт зээлийн хүү-д нийт 1.108.866 (17884.94 х 62 хоног) төгрөг байна.
Гэрээний дагуу хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн гэх анхны төлөлтөөс дээрх хүүгийн мөнгийг хасаж тооцоход 15.027.438 (16.136.304-1.108.866) төгрөг нь үндсэн мөнгө ба анхны үндсэн зээлийн мөнгөнөөс уг мөнгийг хасаж тооцоход 16.972.562 (32.000.000-15.027.438) төгрөг нь үндсэн зээлээс үлдсэн байжээ.
Нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 03-аас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 508 хоногийн хугацааны хүүг нэхэмжилсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 16.972.562 төгрөгөөс өдрийн хүү нь 9486 (16.972.562 төгрөг х 20.4% / 365 хоног ) төгрөг ба 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хүү-д 4.818.888 (9486 төгрөг х 508 хоног) төгрөг байх ба түүнд үндсэн зээлийн мөнгөнөөс үлдсэн мөнгийг нэмж тооцоход 21.791.450 (16.972.562 төгрөг +4.818.888 төгрөг ) төгрөг төлөх ёстой байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.Н-ээс үндсэн зээл болон хүүгийн хамт 21.791.450 (16.972.562+4.818.888) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, илүү нэхэмжилсэн 164.197 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар
2.1 Хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-аас “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг”-ээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р баг Ховд гол А.жылхышы-1 гудамж “Көшелик” ХХК-ний 24 айлын байраас 74.м.кв талбайтай гурван өрөө Орон сууцны зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн 2003848 регистрийн дугаартай “Көшелик” ХХК-ний нь улсын бүртгэлийн 000126619 дугаар гэрчилгээгээр 2005 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гүйцэтгэх захирлаар Хавалын Мүптийг бүртгэсэн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл ганц гишүүн Х.Мүпти болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ мөн хариуцагчийн хүсэлтээр Х.Мүптигийн гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг “Көшелик” ХХК-ний ерөнхий захирал Х.Мүпти баталж гэрээг худалдагч талыг төлөөлж Х.С болон захиалагч талыг төлөөлж Х.Н нар байгуулснаар нэхэмжлэгч Х.С нь “Көшелик” ХХК-нийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж дүгнэх боломжгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Гэтэл хариуцагч Х.Н-ээс “Көшелик” ХХК-аас орон сууц худалдаж авч урьдчилгаанд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 24.420.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 56.980.000 төгрөг, мөн нэхэмжлэгчид 16.136.304 төгрөг нийт 105.536.304 төгрөг буюу байрны үнээс илүү мөнгө төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-аас орон сууц худалдаж авахад ипотекийн зээл хамрагдахаар болж ХААН банк дахь 32.000.000/ гучин хоёр сая/ төгрөгийн цалингийн зээлээ хаахын тулд Т.Манарбек гэх хүнээс 32.000.000 төгрөгийг авч цалингийн зээлээ хааж, улмаар уг мөнгийг нэхэмжлэгч Х.С-аас авсандаа маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд “... Би “Көшелик” ХХК-аас авах ёстой авлагаа авахын тулд Х.С-д үлдэгдэл мөнгөө өгөөгүй нь үнэн.” гэх мэдүүлэг болон нотариатчийн гэрчийн мэдүүлэг, нотариатчаас ирүүлсэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргийн бичгийн нотлох баримтаар хариуцагч Х.Н нь нэхэмжлэгч Х.Саас мөнгө зээлдэж авсан болох нь нотлогдон тогтоогдлоо.
Хариуцагчаас зээлийн гэрээний “Көшелик” ХХК гэсэн хэвлэмэл бичгийг цагаан өнгийн будагч бодисоор дарж дээр нь Х.С гэж бичсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул уг гэрээг нэхэмжлэгч Х.С-тай бус “Көшелик” ХХК-тай байгуулсан нь мөн гэрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.452 дугаар зүйлийн 452.2 ,453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар олгосон гэж “Банк,зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд”-ийн эрх хэмжээнд олгосон зээлийн зүйл заалтыг бичигдсэн нь хувь хүнээс буюу Х.Саас олгосон зээл биш “Көшелик” ХХК-аас олгосон зээл гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч талын хүсэлтээр Баян-Өлгий аймгийн тойргийн нотариатч Б.Гүлжаукарын “...тухайн гэрээний төслийг талууд өөрсдөө боловсруулж авчирсан.Тухайн гэрээ ирэх үед заавартай байсан. Талууд өөрсдөө хүлээн зөвшөөрч тухай гэрээг батлуулж байсан.Гэрээний төслийг би боловсруулаагүй...Хэрэв гэрээний талууд “Көшелик” болон Х.Н нар байсан бол журналд “Көшелик” ХХК болон Х.Н нар гэж бүртгэгдэж тухайн байгууллагын тамга дарагдах ёстой. ... гэх” мэдүүлгээр хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-тай бус нэхэмжлэгч Х.С-тай зээлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа ба гэрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.452 дугаар зүйлийн 452.2 ,453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтуудыг бичигдсэнээр хариуцагч зээл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тус зүйл заалтаар зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй болно.
2.3 Хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-ний /ерөнхий захирал Х.Мүпти, гүйцэтгэх захирал Х.С/ нартай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “орон сууц захиалах, захиалгыг гүйцэтгэх” 18/02 тоот дугаартай гэрээ ёсоор 74 м.кв байр худалдан авч, ипотекийн зээлд хамрагдсан уг гэрээг халхавчлах зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай “зээлийн гэрээ”-г дүр үзүүлэн хийсэн гэжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдэхийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж тус тус ойлгох бөгөөд хариуцагч Х.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Х.С-аас шилжүүлсэн 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг өмнө нь ХААН банканд байгаа цалингийн зээлийг хаах зорилгоор Т.Манарбек гэдэг хүнээс авсан 32.000.000 төгрөгийг хаах зорилгоор авсан болох нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мөн тухайн өдөр уг мөнгийг Т.Манарбек гэх хүнд шилжүүлсэн нь Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа тул тэрээр “Көшелик” ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх” 18/02 тоот гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн нэхэмжлэгч Х.Сай зээлийн гэрээ байгуулсан байна гэж дүгнэх боломжгүй болно.
Хариуцагч Х.Н-т хуульд заасан эрх, үүргийг шүүхээс тайлбарлаж, хавтаст хэрэгтэй танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч Х.С-н нэхэмжлэл үндэслэл болгож буй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаар бүхий “зээлийн гэрээ” нь түүний “Көшелик” ХХК-аас 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “орон сууц захиалах,захиалгыг гүйцэтгэх” 18/02 тоот гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
2.3 Хариуцагч Х.Н нь “Көшелик” ХХК-аас орон сууц худалдаж авч урьдчилгаанд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 24.420.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 56.980.000 төгрөг, мөн нэхэмжлэгчид 16.136.304 төгрөг нийт 105.536.304 төгрөг буюу байрны үнээс илүү мөнгө төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч “Көшелик” ХХК-аас худалдаж авсан орон сууцны үнэтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж тус компаниас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээх ба шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267743 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 21.791.450 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 266907 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч Х.Н-ээсшүүхэд нотлох баримтаар цуглуулж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 04-04-035/52 дугаартай дүгнэлт,”Көшелик” ХХК-ний захирал Х.Мүптигээс Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, орон сууцны барилгын ажлын хэсгийн ахлагч цагдаагийн ахмад Х.Н-т хаягласан албан бичгүүд, 2016 оны 05 дугаар сарын 23-ны, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдийн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн албан хаагчдын 20 айлын орон сууцны барилгын захиалагчидтай хийсэн хурлын тэмдэглэлүүд, фото зураг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Цагдаагийн алба хаагчдын 20 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах гэрээ, уг орон сууцнаас захиалаг гаргасан цагдаагийн албан хаагчдын нэрсний жагсаалт зэрэг бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тус тус хамааралгүй ач холбогдолгүй нотлох баримт тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Н-ээсүндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн хамт 21791450 / хорин нэгэн сая долоон зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 167197 төгрөг болон хариуцагч Х.Н-ийн2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №01 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай..
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267743 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Н-ээсулсын тэмдэгтийн хураамжид 266907 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ