Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 24

 

            Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагч Э.Тулгаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар № 2277/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Н.Бадамцогт холбогдох 201721010021 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 12 сарын 07-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багт оршин суух, сарын өрхийн орлого 700.000 төгрөг, аминдаа 2-3 тооны үхэр, хашаа байшин зэрэг хөрөнгөтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Ховд аймгийн шүүхийн 2000 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2005 оны 07 сарын 15-нд 1 жил, 11 сар, 21 хоногийг тэнсэж суллагдсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Айраг овогт Настын Бадамцог. /РД: ПК76120711/                                                               

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Н.Бадамцог нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Булган Боомт дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Төмөрхүүг зодож, бусдын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Бадамцогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 сарын 16-ны өдөр хил гарахаар ачааны машинтай очерлоод зогсож байтал Н.Төмөрхүү өөрийн ачааны машинаа зам хаагаад зогсоосон байсан. Би тухайн үед та зам хаачихаад явчихдаг ямар учиртай юм бэ гэхэд Н.Төмөрхүү миний урдаас миний хаана зогсох чамд ямар хамаатай юм бэ гэх мэтээр маргалдсан. Тэгээд би Н.Төмөрхүүг нэг удаа алгадчихсан юм. Тэгээд бид цаашаа хил гарч ачаа буулгаад буцаж орж ирсэний дараа Н.Төмөрхүү цагдаад хандсан байсан. Миний цохилтын улмаас Н.Төмөрхүүгийн шүд хөдөлсөн, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Би хохиролд 1000.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг.

            Шүүгдэгч Н.Бадамцогийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр Хөшөөтөөс Булган боомтоор Такешкантруу Норд бенз маркийн 98-98 ХОҮ улсын дугаартай ачааны машинаар хил гарах гээд очерлоод зогсож байсан юм. Миний өмнө 4 машин байсан. Би шалгуулаад штамбаа даруулаад машинруугаа явж байхад зүс таних тээвэр хийдэг ах таарахаар нь та яагаад машинаа зам хаагаад тавьчихсан юм бэ гэхэд миний урдаас би машинаа хаана тавих чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгээд би баруун гараараа түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход газар хальтраад унасан. Тэр хооронд Н.Төмөрхүүгийн хүүхэд нь машинаас үсэрч бууж ирээд чи хөгшин хүн цохидог хэн юм бэ гээд зогсож байтал Н.Төмөрхүү надруу машиныхаа лапатка төмөр бариад цохих гээд хөөсөн. Тэр хооронд Булганцэцэг гэдэг штамб дарж байсан хүүхэн гарч ирээд биднийг салгаад миний бичиг баримтыг хурааж авсан...” гэх мэдүүлэг,

            Хохирогч Н.Төмөрхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 сарын 15-ны өдөр Цэцэг сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшөөтийн уурхайгаас Норд бенз маркийн автомашинаар нүүрс ачаад 2017 оны 02 сарын 16-ны өдөр гаалийн хяналтын бүсэд нэвтэрч ороод, мэргэжлийн хяналтаар дамжаад , штамбаа даруулах гээд бичиг баримтаа штамб дарж байсан Бадамцэцэг гэх хүүхэнд хэлж өгчихөөд банк орох зөвшөөрөл авч яваад ХААН банк ороод мөнгө авчаад эргээд бичиг баримтаа авах гээд ирэхэд Цаст Алтайн жинжин ХХК-ний жолооч Бадамцог гэх залуу намайг та машинаараа зам хааж зогссон байна гээд шууд нүүрэн тус газарлуу цохиж унагаад, унасны дараа дахин нуруу болон биеийн гэдэс хэсэг рүү өшиглөөд зөндөө зодсон. Тухайн үед цэргийн нэг ахлагч эмэгтэй ирж салгах хоорондоо цэргийнхээ дарга удирдлагыг утсаар дуудсан. Тухайн үед бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг,

  • Шинжээч томилох тогтоол /хх-ийн 15-р хуудас/
  • Шинжээчийн дүгнэлт    /хх-ийн 16-р хуудас/
  • Ял шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 22-ны өдрийн №106 тоот шинжээчийн дүгнэлтэд:

         -  Н.Төмөрхүүгийн биед гэмтэл учирсан байна.

         -  Н.Төмөрхүүгийн биед дээд эгнээний 11 дүгээр шүд бүрэн суларч булгарсан, буйланд зөөлөн эдийн няцрал үүссэн гэмтэл тогтоогдлоо.

         - Н.Төмөрхүүгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

         - Н.Төмөрхүүгийн биед учирсан дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын”-ын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.52.1-д ... зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         - Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. /хх-16 х/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

            Шүүгдэгч Н.Бадамцог нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Булган Боомт дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Төмөрхүүг зодож, бусдын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч Н.Бадамцогийн “...Тэгээд би баруун гараараа түүний нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход газар хальтраад унасан...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Төмөрхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Н.Бадамцог гэх залуу намайг та машинаараа зам хааж зогссон байна гээд шууд нүүрэн тус газарлуу цохиж унагаад, унасны дараа дахин нуруу болон биеийн гэдэс хэсэг рүү өшиглөөд зөндөө зодсон...” гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 22-ны өдрийн №106 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

            Иймд шүүгдэгч Н.Бадамцогийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч Н.Бадамцог нь Ховд аймгийн шүүхийн 2000 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-р 10 жилийн хорих ял шийтгүүлж, 2005 оны 07 сарын 15-нд 1 жил, 11 сар, 21 хоног тэнсэн суллагдсан гэж Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн газрын лавлагааны сангаас ирүүлсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд тэмдэглэгдсэн байна.

            Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт ...Онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 10 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол...ялгүйд тооцохоор хуульчилсан боловч 2006 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” - оор заасан бөгөөд  6.1.1 дэх хэсэгт  “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг”, 6.1.2-т хорих ялыг тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүгдэгч Н.Бадамцогийн ялтай байдал өршөөлийн хуульд хамрагдаж байна гэж шүүх үзлээ.

            Иймд Шүүгдэгч Н.Бадамцогийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Төмөрхүүгийн шүүхэд ирүүлсэн “Иргэн Н.Бадамцог нь Н.Төмөрхүү миний биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Би хуулийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хугацаанд Н.Бадамцог нь хохиролд 1000.000 төгрөгийг надад өгч хохиролгүй болгосон. Одоо бид хоёр хоорондоо эвлэрч ямар нэгэн маргаан, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болсон тул биднийг эвлэрсэн гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Н.Бадамцогийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч байгаа талаараа хүсэлт ирүүлсэн байх тул Н.Бадамцогд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Бадамцог нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон      

                                                         ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Айраг овогт Настын Бадамцогийг бусдын бие махбодид хөнгөн  гэмтэл

 санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Н.Бадамцогд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Н.Бадамцогийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Бадамцог нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.     

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Н.Бадамцогд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.