Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2021/00345

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хороо /дарга Х.Д/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газар /дарга Т.Е/-д холбогдох  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.Е, гэрч Х.Есболат,  М.Тилеужан, А.Тилеужан, Т.Алдаберген, Ш.Булбул, К.Тохтаубай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Наурызбек оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нөхөн сонгуулийн зардалд  19.200.000 / арван есөн сая хоёр зуун мянган / төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан , сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Талгатбек нь 2019 оны 02-р сард өвчний учир нас барсан тул орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх, сумын ИТХ-ын даргыг шинээр сонгох зайлшгүй шаардлага гарч Ногооннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн “Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай" 32-р тогтоолоор Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг 2019 оны 6- р сарын 30-ны өдрийн “Ням" гарагт явуулахаар товлон зарласан. Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 04-р сарын 30-ны өдрийн хүчин төгөлдөр  “Сонгуулийн салбар хороо байгуулах тухай" 43 дугаар тогтоолоор сумын сонгуулийн салбар хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан . Үүнд : Сумын сонгуулийн салбар хорооны даргаар - Х.Д/ Хурлын нарийн бичгийн дарга /, Нарийн бичгийн даргаар - Х.Шерияздан / Нийгмийн бодлогын түшмэл/, Гишүүдээр нь:Нийгмийн даатгалын байцаагч Х.Тойбастар , Мал зүйч Х.Цэдэнбал , Мал эмнэлгийн тасгийн дарга А.Советхан нарыг томилсон тул сонгуулийн салбар хороо Сонгуулийн Ерөнхий Хорооноос хүргүүлсэн нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нөхөн сонгуулийг зохион байгуулж явуулсан. Сумын сонгуулийн салбар хороо 2019 оны 05-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн нөхөн сонгуулийн хэсгийн санал авах байрыг сумын төвийн Соёлын төвийн “Б" зааланд байгуулж, хэсэгт санал авах , тоолох ажлыг зохион байгуулж явуулах хэсгийн хороог дараах 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсан. Үүнд: Хэсгийн хорооны даргаар - А.Хайрат/ Байгаль Орчны Улсын байцаагч/, Нарийн бичгийн даргаар - А.Мухтар /Халдвартын их эмч /, Гишүүдээр нь: Газрын даамал Т.Манарбек , Цаг уурын ээлжийн техникч М.Ахжархын, ЗДТГазард татвар хураагч А.Амандых нар, Мэдээлэл технологийн даамлаар Ахлах сургуулийн физикийн багш Д.Серикжаныг ажиллуулсан. Сонгуулийн Ерөнхий Хороо 222 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэн санал тоолох хар машины хамт сумын сонгуулийн хороонд тагнуулын байгууллагаар дамжуулан хүргүүлсэн тул сумын сонгуулийн хороо хэсгийн хороонд 222 ширхэг саналын хуудсыг санал тоолох хар машины хамт хүлээлгэн өгснөөр санал авах байр цагдаагийн хамгаалалтад авагдсан. 2019 оны 06-р сарын 29-ний өдөр 09 цагаас 20 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авагдсан.

Хэсгийн хорооны гишүүд 2019 оны 06-р сарын 30-ны өдөр сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авсан.

Ногооннуур суманд зууны цагт ялаа, шумуул их гардаг учраас зусланд 30-100 км газард зургаадугаар сарын сүүлээр нүүдэг нүүдлийн сум. Манай сумын төвийн айл өрх хөдөөгийн малчин өрхүүд зусланд 2019 оны 6-р сарын 20-нд нүүсэн. 2019 оны 6-р сарын 30-ны өдөр явагдсан Асгат багийн Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд сонгогчдын 50% нь хол газраас зуслангаас сумын төвд ирэх унаагүйгээс болж сонгуульд ирж санал хураалтад оролцож чадаагүй тул сонгуулийн ирц 50%-д хүрээгүй юм.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна гэж заасан. Сонгуулийн ирц 50%-д хүрээгүй тул Асгат 8-р тойрог буюу 164-р хэсэгт нэмэлт санал хураалт явагдсан. Өөрөөр хэлбэл Асгат 8-р тойрог 164- р хэсэгт нөхөн сонгуулийн санал хураалт хоёр удаа явагдаж дууссан.

Сумын сонгуулийн хороо 2019 оны 07-р сарын 06-ны өдөр хуралдаж Асгат багийн 164-р хэсэгт 2019 оны 6-р сарын 30-ны өдөр буюу 07-р сарын 06-ны өдөр явагдсан нэмэлт санал хураалтын хоёр удаагийн саналын дүнг нэгтгэхэд нэр дэвшигч С.Аманжол нь нийт сонгогчдын 82 сонгогчийн саналыг авч ялалт байгуулан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Дээрх өдрүүдэд явагдсан нөхөн сонгуульд байгууллагын ажилтан, албан хаагчдаас 13 хүн, цагдаагийн тасгаас 3 хүн, Сонгуулийн ерөнхий хорооноос 2 хүн, Аймгийн улсын бүртгэлийн газраас 3 хүн, нийтдээ 20 хүн ажилласан. Ингээд Асгат багийн 164 дүгээр хэсэгт явагдсан 2 удаагийн нөхөн сонгуульд ажилласан ажилчдын урамшууллын мөнгө, хоолны мөнгө, байгууллага, хоршоо, компани, хувь хүнд төлөх шуудан холбоо, бичиг хэрэг, бензин шатахуун, унааны зардал зэрэг сонгуулийн биелэгдэх ажиллагааны зардал нийтдээ 19.200.000 төгрөг гарсан гэсэн тооцоо гарч байгаа. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дугаар заалтад орон нутгийн нөхөн, дахин ээлжит бус  сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж тодорхой заасан байгаа тул энэ нөхөн сонгуулийн төсөв орон нутгийн төсвөөс гарах ёстой. Ногооннуур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр хөрөнгө зарцуулах тухай 61 дүгээр тогтоолоор Засаг даргын нөөц хөрөнгөнөөс нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг шийдвэрлэсэн боловч тухайн үед орон нутгийн төсвөөс нөхөн сонгуулийн зардалд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй.

  Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуульд гарсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 10-р сарын 31-ний өдрийн ээлжит бус долоодугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр  “2018 оны Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай" 14-р тоот тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэж баталсан. Тухайн үед Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх тогтоолын хууль зүйн үндэслэл нь хэлэлцэгдэж байгаа гэсэн.

Тус сумын Асгат багийн 164-р хэсэгт хоёр удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардлын 8.600.000 төгрөгийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар авч хэлэлцээд уг мөнгийг 2018, 2019 оны орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргуулан олгохоор шийдвэрлэж мөн өдрийн хуралдааны хүчин төгөлдөр төгөлдөр  “Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тогтоолыг гаргаж тогтоолын хавсралтаар нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг баталсан.

Орон нутгийн давсан хэсгийн дээрх мөнгөний эрх нь 2019 оны 12-р сарын сүүлээр нээгдэж Аймгийн Төрийн сангаас санхүүжилтийн мөнгөний хамт сумын ЗДТГазарын Төрийн сангийн дансанд батлагдан хуваарилагдан ирсэн байхад өгөөгүй. Энэ мөнгө өнөөдрийг хүртэл ЗДТГазрын орон нутгийн ерөнхий орлогын 100020800910 тоот дансанд зарцуулагдаагүй бэлэн байгаа. Иймд тус шүүхээс хүсэх нь: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12-р сарын 11- ний өдрийн ээлжит хоёрдугаар хуралдааны хүчин төгөлдөр “Давсан орлогыг зарцуулах тухай" 05-р тоот тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000 / найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны хүчин төгөлдөр “2018 оны орон нутгийн орлогын давсан хэсгийн мөнгөний хуваарилалтыг” 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталж шийдвэрлэж өгсөн сумын сонгуулийн хорооны нөхөн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны зардлын мөнгө болох 8.600.000/ найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” 61 дүгээр хүчин төгөлдөр тогтоолоор нөхөн  сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 2.000.000 / хоёр сая /төгрөг нийт 19.200.000 / арван есөн сая хоёр зуун мянган / төгрөгийг шийдвэрлэж өгсөн.  Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн болон төлөөлөгчдийн 3 удаагийн хүчин төгөлдөр тогтоолоор Ногооннуур сумын Асгат багийн 164 дүгээр хэсэгт 2 удаа явагдсан нөхөн сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд гарч байгаа  нийт 19.200.000 төгрөгийг 2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэг болон Засаг даргын нөөц хөрөнгөнөөс хуваарилан олгохоор шийдвэрлэж өгсөн тул энэ мөнгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулан тус сумын Сонгуулийн салбар хороонд олгож өгөхийг хүсье гэв. 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Шшүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Х.Днь Орон нутгийн орлогын давсан хэсгээс сонгуулийн зардал гаргуулах талаар ЗДТГ-т удаа дараа хүсэлт ирүүлж байсан. Энэхүү асуудлын талаар судлан үзэхэд Х.Дөрбетханы нэхэмжилж байгаа 8 600 000 /найман сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2018 оны “Орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтыг батлах тухай” сумын ИТХ-ын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны Хуралдаан даргалагч Д.Есболатын гарын үсэгтэй 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан боловч уг хуралдаанаар тийм асуудал хэлэлцээгүй, тогтоолын хавсралтыг өөрчилсөн байна гэж тухай үеийн зарим төлөөлөгчид ярьж байна.

2018 оны орон нутгийн орлогын давсан хэсэгт төвлөрсөн 18 450 000 /арван найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хуваарилан зарцуулах талаар ИТХ- аас дээрх тогтоолууд гарсан боловч тогтоолын хавсралт ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд дутуу орж ИТХ-ын нарийн бичгийн дарга хавсралтыг өөрчилсөн байна гэж үзээд тус хөрөнгийг зарцуулах сумын Засаг даргын захирамж гараагүй учраас мөнгө шилжүүлэх эрх үүсээгүй тул 2018 оны давсан орлого төрийн сангийн дансанд байсаар ирсэн. Дараа нь ИТХ-ын даргын маргаантай асуудлаас болоод 2018, 2019 оны давсан орлогыг дахин хуваарилагдаагүй болно. Үүнийг 2020 оны сонгуулиар сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын дарга, Засаг дарга нар дахин сонгогдсоны дараа 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар 2018, 2019 онуудын хуваарилагдаагүй үлдсэн давсан орлого болох 47,771,000 /дөчин долоон сая долоон зуун далан нэгэн мянга/ төгрөгийг дахин хуваарилалтыг хэлэлцсэн. Уг хуралдаанд миний бие өөрөө оролцож тэмдэглэл хөтөлсөн ба нөхөн сонгуулийн зардалд 8 600 000 /найман сая зургаан зуун мянга/ олгох талаар ямар асуудал орж хэлэлцээгүй. Энэ нь тухайн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа ба хуралдаанд оролцсон төлөөлөгчид ч үүнийг батлах болно.

Уг хуралдаанаас давсан орлогыг хуваарилсан тогтоол гаргасан боловч хавсралтыг нарийн бичгийн дарга Х.Днь дахин өөрөө дур мэдэн тогтоолын хавсралтыг өөрчлөн тамга дарж /ИТХ-ын тамга Х.Дөрбетханд байгаа/ баталгаажуулсан нь тогтоогдсон. Нөхөн сонгууль явуулах үед сум орон нутгийн эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгө хүрэлцэхгүй байсан учир Сонгуулийн ерөнхий хороонд хандаж зардал шийдвэрлүүлэх талаар хүсэлт илгээснээр Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмж хүргэх, буцаах зардал, саналын хуудас хэвлэх зардлыг гаргаж өгөөхөөр болж, сумаас зардал гаргахгүйгээр дотоод нөөц боломжид тулгуурлан төрийн албан хаагчдыг дайчлан томилолт, урамшуулал олгоогүй явуулах талаар чиглэл ирүүлснээр тухай үед сонгуулийг явуулсан ба зардал гаргаагүй болно.Хэсгийн хороодод ажиллах үеэр гарах шатахууны зардлыг сумын ИТХ-аас гарган өгсөн болно.

Иймд дээрх байдлуудаас харгалзан үзэхэд нөхөн сонгуулийн зардалд хуваарилагдсан гэх 8600.0 мянган төгрөг нь ямар ч үндэслэлгүй гарч ирсэн мөнгө гэж үзсэн тул уг мөнгийг орон нутгийн орлогын давсан хэсгээс гаргах боломжгүй байна. Шат шатны сумын ИТХ-ын хуралдаанаар ямар сонгуулийн зардалд тийм мөнгө хуваарилах талаар хэлэлцэгдээгүй, мөнгө хуваарилаагүй болохыг ИТХ-ын төлөөлөгчид болон сумын удирдлагууд баталж байгаа гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Е шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хэрэглэж байгаа тамгыг 2014 онд хүчингүй болгосон тухай тогтоол гарсан. Тус хүчингүй болсон тамгыг өнөөдрийг хүртэл ашиглаж байсан гэсэн үүднээс бид нар энэхүү үндэслэл болгож байгаа 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй гэж үзэж байгаа. Тухайн үед сонгуулийн хорооны бэлтгэл ажиллагааны мөнгийг орон нутгаас гаргах гэсэн боловч тухайн үеийн Засаг дарга нөхөн сонгуульд мөнгө төгрөг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Тэгээд ч би тэр үед хурууны хээ уншигч машиныг хариуцаж ажиллаж байсан учраас нөхөн сонгуулийн зардал тийм их гараагүй гэж бодож байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор 8600000 төгрөг, мөн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоол 8600000 төгрөг, мөн тухайн үед Засаг дарга байсан Хуанышийн захирамжаар 2000000 төгрөг шийдвэрлэсэн тул, нийт 19200000 төгрөг нэхэмжилж байгаа. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын талаар зарим нэгэн тэргүүлэгчид тухайн өдөр хуралдаан болоогүй, оролцоогүй гэж тухайн өдрийн тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа. Мөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралт нь засвартай байсан учраас Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуурамч хавсралт үйлдсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын  хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулсан нөхөн сонгуулийн зардалд 19.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Хавтаст хэрэгт авагдсан  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 43 дугаар тогтоолын нэг дэх заалтаар Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн Орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх, нөхөн сонгуулийг зохион байгуулан явуулах сумын сонгуулийн салбар хороог хурлын ажлын албаны даргаар ахлуулан дараах 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба Сумын сонгуулийн салбар хорооны даргаар Х.Д-ыг /хурлын нарийн бичгийн дарга/, нарийн бичгийн даргаар Х.Шерияздан,/ нийгмийн бодлогын түшмэл/,гишүүд Х.Тойбасар,/нийгмийн даатгалын байцаагч/, Х.Цэдэнбал/мал зүйч/, А.Советхан /мал эмнэлгийн тасгийн дарга/ нарыг томилсноор Ногооннуур сумын  Сонгуулийн салбар хорооны дарга Х.Дөрветханаас  хариуцагч тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байжээ.

Нэхэмжлэгч  байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардал 8.600.000 төгрөг, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардал 8.600.000 төгрөг, тус сумын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дүгээр тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2.000.000 төгрөг нийт  нөхөн сонгуулийн зардалд 19.200.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Е-гаас  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар тус сумын нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцээгүй тус сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Х.Дөрветхан нь тогтоолын хавсралтыг өөрчилж, хуурамч тамга тэмдэг ашигласан.Нөхөн сонгууль явуулах үед сум орон нутгийн эдийн засаг хүндрэлтэй төсөв мөнгө хүрэлцэхгүй талаар албан бичиг явуулснаар Сонгуулийн Ерөнхийн хорооноос санал тоолох төхөөрөмж хүргэх буцаах, зардал,саналын хуудас хэвлэх зардлыг гаргаж өгсөн.Төрийн албан хаагчийг дайлан томилолт,урамшуулал олгоогүй явуулах талаар чиглэл ирүүлснээр тухайн үед нөхөн сонгууль явуулсан ба хэсгийн хороодод ажиллах үеэр гарах шатахууны зардлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж өгсөн өөр зардал гаргаагүй гэж маргажээ.

Талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1).Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн  салбар хорооны дарга Х.Дөрветханаас тус шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг  тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  гаргаснаар,  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШЗ2020/00337 дугаартай шүүгчийн захирамжаар уг тогтоолтой холбоотой Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Улмаар нэхэмжлэгчээс  тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулах тухай дахин нэхэмжлэл гаргаснаар 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШЗ2020/01389 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл болох О.Хуанышын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан даргалагч, Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 110/ШШ2020/0014 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

1.2 Гэтэл нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Дөрветханаас хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШЗ2021/00085 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Гэвч нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоолтой холбоотой  нэхэмжлэгч О.Хуанышын нэхэмжлэлтэй, хариуцагч  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан даргалагч, Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШШ2020/0002 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болоогүй Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа болох нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд талуудын гомдлоор хэрэг хүргүүлсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 73 дугаар албан бичиг болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогджээ.

Иймд нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Дөрветханаас тус шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШЗ2020/00337 дугаартай болон 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШЗ2020/01389 дугаартай тус тус шүүгчийн захирамж хүчин төгөлдөр буюу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад тогтоогдсон тул  мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Днэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

2.) Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг мөн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2.000.000 төгрөг  нийт  10.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь заалтаар сумын нөхөн сонгуулийн хооронд нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг шийдвэрлэж өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

Гэтэл тус сумын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар сумын орон нутгийн давсан орлого хуваарилах асуудлыг хэлэлцсэн ба хэлэлцэхдээ сумын нөхөн сонгуулийн хооронд нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг олгох талаар хуралдаанаар хэлэлцээгүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Сумын ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдаанд  Ногооннуур сумын Засаг дарга Х.Есболат, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Тилеужан, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид А.Тилеужан, Т.Алдаберген, Ш.Булбул, К.Тохтаубай нарын гэрчээр өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс миний бие сумын ИТХ нарийн бичгийн даргын хувьд тухайн ИТХурлын хуралдааны тэмдэглэлийг би хөтөлсөн гэж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №02 дугаартай хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг хурлын тэмдэглэлд хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрветхан нь гарын үсэг зурсан байх боловч тухайн хурлыг удирдсан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М.Тилеужаны хянаж зурсан гарын үсэггүй мөн хөндлөнгийн өөр бичгийн нотлох баримтаар тухайн хурлаар нөхөн сонгуулийн зардалд  8.600.000 төгрөгийг шийдвэрлэсэн эсэх нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2.000.000 төгрөг шийдвэрлэж өгсөн гэж уг тогтоолыг нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь хариуцагч байгууллагаас нөхөн сонгуулийн зардалд  10.600.000 төгрөг нэхэмжилж үүнтэй холбогдуулан  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн  “урамшуулал, хоолны мөнгө олгох тухай” № 02 дугаар тогтоол болон Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийн Ногооннуур сумын сонгуулийн хооронд ажиллагсдын урамшуулал мөнгөний тооцоо, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  “урамшуулал, хоолны мөнгө олгох тухай”  №07 дугаар тогтоол болон Ногооннуур сумын 8-р тойрог Асгат багийн орон нутгийн хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийн Ногооннуур сумын сонгуулийн хооронд ажиллагсдын урамшуулал мөнгөний тооцоо, Ногооннуур сумын  иргэн Дулатаас Ногооннуур сумын сонгуулийн хэсгийн хооронд өгсөн болон хөлсөлсөн барааны үнэ  170.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  нэхэмжлэх №02, Төрөл бүрийн барааны дэлгүүрийн худалдагч Күлмесханаас 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №24 дугаар нэхэмжлэхээр 212400 төгрөг мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн  зарлагын баримтаар 212400 төгрөг,Ногооннуур сумын Хос харагай хоршоогоос  А-80 бензин буюу 240 литр  552.000 төгрөг  2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэх №11 мөн А-80 бензинээс 300 литр буюу 690000 төгрөг,  2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаар нэхэмжлэхээр  А-80 бензин 572 литр  буюу 1.315.600 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ногооннуур сумын нөхөн сонгуулийн дарга Х.Дөрветхан болон нарийн бичгийн дарга Х.Шериздан нараас №01 дугаар бензиний талоноор 60 литр,№02 дугаар бензиний талоноор 50 литр,№03 дугаар бензиний талоноор 50 литр,№04 дугаар бензиний талоноор 80 литр,№05 дугаар бензиний талоноор 140 литр, №06 дугаар бензиний талоноор 160 литр,№0709 дугаар бензиний талоноор 160 литр,№10 дугаар бензиний талоноор 172 литр, №11 дүгээр бензиний талоноор 240 литр, №12 дугаар бензиний талоноор 100 литр нийт 1212 литр-д бензиний талон олгосон зэрэг  бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Гэвч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны №07 дугаар тэмдэглэлийн  16 дугаар хуудсанд Х.Дөрветханаас “...Асгат багийн 8-р тойрог 164-р хэсэгт үнсэндээ  нөхөн сонгууль 2 удаа явагдсан.Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-р нөхөн сонгуулийн зардлыг Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заасан тул тус сумын  8-р тойрог Асгат багт нөхөн сонгуулийг явуулахад  сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд 8.600.000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийн тооцоо гарч  байгаа тул уг мөнгийг энэ удаагийн  төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцээд 2018 оны  орон нутгийн орлогод төвлөсөн давсан хэсгийн 18450000 төгрөгийн хуваарилалтад өөрчлөлт   оруулан хуваарилан олгож өгнө үү гэсэн саналыг хурлын  ажлын албаны даргын болон сонгуулийн хорооны даргын хувьд тавьж байна...” гэснээр тус хурлаас 14 дүгээр тогтоолоор тус сумын Сонгуулийн салбар хороонд нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөгийг шийдвэрлэсэн байхад  нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс дахин нөхөн сонгуулийн зардал гэж 8.600.000 төгрөг болон 2.000.000 төгрөг төгрөг нийт 10.600.000 төгрөг  нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс  Ногооннуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №05 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг мөн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №61 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн зохион байгуулах сумын сонгуулийн хорооны үйл ажиллагааны бэлтгэл ажиллагаа болон бусад зардалд зориулан 2.000.000 төгрөг  нийт  10.600.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанд  Х.Дөрветханаас “...Асгат багийн 8-р тойрог 164-р хэсэгт үнсэндээ  нөхөн сонгууль 2 удаа явагдсан.Сонгуулийн бэлтгэл ажиллагааны зардалд нийт 8.600.000/найман сая зургаан зуун мянган/ төгрөгийн тооцоо гарч байгаа гэж” өөрийнхөө тайлбарласнаар тухайн хурлаас шийдвэрлэсэн байх тул шүүхээс нөхөн сонгуулийн зардал нь  8.600.000 төгрөг л байна гэж шүүх үзлээ.

            Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн нөхөн сонгуулийн зардалд 10.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар  нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №14 дугаар тогтоол болон түүний нэгдүгээр хавсралтыг үндэслэл нь нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг  хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар  нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн салбар хорооны дарга Х.Д-ны хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 10.600.000 /арван сая зургаан зуун мянган /төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн  салбар хорооны дарга Х.Дөветханы Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  хуралдааны 2019 оны 10 дугаар сарын  31-ний өдрийн №14 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтыг үндэслэж хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас нөхөн сонгуулийн зардалд 8.600.000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэхүү маргаан нь эцэслэн шийдвэрлэтэл тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 130/ШЗ2021/00981 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 01 дэх заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ЖАРХЫНГҮЛ