| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/00410/И |
| Дугаар | 130/ШШ2021/00410 |
| Огноо | 2021-04-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2021/00410
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, Жантекей ботахара овогт А.Ж нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Жадик овогт С.Е холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Жанылсын, хариуцагч С.Е , гэрч А.Жайнагүл, орчуулагч Б.Арманбек, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хуваариа байгууллага болон иргэнтэй тохирч, барилгын засал чимэглэлийн ажлыг хийдэг хүн байгаа юм.Өлгий сумын 5 дугаар багт шинээр баригдсан “Цамбагарав” барилгын материалын бөөний төв дэлгүүрийн эзэн С.Е тай 2019 оны 7 дугаар сард аман гэрээ хийж, 2 давхар барилгын давхар тус бүрийг 1.500.000 төгрөгөөр тохирч тэгшилгээний хар замаск хийх, 2 удаа цагаан замаск хийхээр тохиролцож, улмаар 1 дүгээр давхрыг шатны хонгилын хамт бүрэн хийж дуусгасан ба 2-р давхрын тэгшилгээний хар замаскийн ажлын 50 хувийг хийж дуусгасан. Харин тэр үед бараа нь ирсэн тул С.Е нь “... түр хүлээж байгаарай, дараа нь хийлгэнэ” гэж хэлэхээр нь би ажлаа зогсоосон.Тэгээд нэг давхрын хөлсөнд 1.500.000 төгрөгийг авсан ба 2 давхарт хийсэн ажлын хөлсийг аваагүй.Тэр үед үргэлжлүүлэн хийлгэнэ гэхээр нь түүнд итгээд мөнгө төгрөг нэхээгүй байж байсан. Гэтэл сураггүй болчихоор нь нэг өдөр очсон чинь үлдсэн ажлыг өөр хүнээр хийлгэчихсэн байхаар нь би ажлын хөлсөө нэхэх үед “... чи ажил хаяад явсан, чамд мөнгө өгөхгүй, шүүхэд хэлээд олж аваарай” гэж хэлсэн.Тухайн ажлыг хийхдээ өөртөө туслах ажилчнаар Даметкен, м.Күлай гэх хоёр хүнийг авч хийсэн ба тэд нарын ажлын хөлсийг би өөрөө хувиасаа төлсөн болно. Би уг барилгын 2 давхарт ханын ажлыг 300.000 төгрөг, таазны ажлыг 1.200.000 төгрөгөөр үнэлж, таазны хар замаскийн талыг нь тавьсан тул өөрийнхөө ажлын хөлсийг 600.000 төгрөгөөр үнэлж С.Е аас нэхсэн боловч одоог хүртэл дээрх ажлыг хөлсийг өгөхгүй чирэгдүүлж байгаадаа гомдолтой байна. Иймд миний С.Е аас авах ёстой ажлын хөлс болох 600.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд тайлбараа гаргасан байгаа. С.Ж нь манай дэлгүүрийн 2-р давхрын тэгшилгээний хар замаскийн ажлыг хийгээгүй. 2-р давхрын хар болон цагаан замаскийн ажлыг Т.Казбек гэгч иргэн бүрэн хийж гүйцэтгэж, хөлсөө авсан. С.Жнь хийх гэж байгаа ажлын метр квадратыг өөрөө мэдэж байх ёстой. Ажлыг хийх гэж байгаа хүн үнэлгээг гаргадаг. Хийх гэж байсан ажлын метр квадратыг ч мэдэхгүй, өөрийнхөө хийсэн ажлын метр квадратыг мэдэхгүй байж надаас мөнгө нэхэмжлээд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. С.Ж 2-р давхрын таазанд 4х4 хэмжээний хар замаск татсан гэж хэлж байна. Би тэрийг мэдэхгүй, хараагүй юм байна. С.Ж өөрөө 2-р давхрын таазны ажлыг хийсэн бол зургийг нь дарж баримтжуулсан байх ёстой. Би 1-р давхрын ажлын мөнгийг С.Ж-д өгсөн, 2-р давхрын ажлын мөнгийг Т.Казбек гэдэг хүнд 2.500.000 төгрөг өгсөн. Би одоо С.Ж-д нэмж 600.000 төгрөг өгнө гэсэн зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч С.Е ад холбогдуулан түүний барилгын дэлгүүрийн хоёрдугаар давхрын таазны тэгшилгээний хар замаскийн ажлын 50 хувийг хийсэн ажлын хөлсөнд 600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.
Талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч С.Е ын “Цамбагарав” барилгын материалын дэлгүүрийн нэгдүгээр давхрын тэгшилгээний хар замаск мөн 2 удаа цагаан замаскаа хийхээр тохиролцож, улмаар 1 дүгээр давхрыг шатны хонгилын хамт бүрэн хийж дуусгаж, ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг авсан ба талууд түүнд маргаагүй бөгөөд харин хоёрдугаар давхрын таазны тэгшилгээний хар замаскийн ажлын 50 хувийг би хийсэн гэж нэхэмжлэгчээс ажлын хөлс гэж 600.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас эс зөвшөөрч С.Ж нь хийгээгүй өөр хүнээр хийлгэсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа нотлохоор багын Засаг даргын тодорхойлолт, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09 дугаартай “ үнэ ханшийн тодорхойлолт” болон маргаан бүхий ажлыг хамт хийсэн гэх А.Жайнагүлийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авхуулжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлаа нотлохоор маргаан бүхий ажлыг өөр хүнээр буюу Т.Казбек гэдэг хүнээр хийлгэсэн гэж шүүхэд түүнийг гэрчээр асуулгажээ.
Хэдийгээр хариуцагч С.Е аас нэхэмжлэгч С.Ж нь миний барилгын дэлгүүрийн хоёрдугаар давхрын таазны тэгшилгээний хар замаскийн ажлыг хийгээгүй өөр хүнээр хийлгэсэн гэж маргаж байгаа боловч хариуцагчийн хүсэлтээр тус шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Казбек нь “... би уг барилгын дотор талын таазны хар болон цагаан замаск, ханын цагаан замаск багануудын болон цонхны булангуудыг замаскаар гаргах ажлыг хийхээр очиход барилгын хоёр дугаар давхарт ширдгийн хэмжээтэй газарт л хар замаск татсан байсан” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон А.Ж нь “...би А.Жанылсынтай хамт С.Е ын барилгын дэлгүүрийн нэг давхрын хар болон цагаан замаскийг мөн хоёр давхрын таазны дөрвөн хавтангийн тэгшилгээний хар замаск зэрэг ажлыг хийхдээ А.Жанылсынтай 12 хоног хамт ажиллаж, А.Ж-аас ажлын хөлсөнд 200.000 төгрөг авсан ...” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч С.Ж нь хариуцагчийн барилгын дэлгүүрийн хоёр давхрын таазны дөрвөн хавтангийн тэгшилгээний хар замаскийн ажлыг хийсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад зохигч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж, харин ажил гүйцэтгэх хөлсийг тохиролцоогүй тохиолдолд мөн зүйлийн 344.2 дахь хэсэгт “... гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Гэвч хариуцагчийн барилгын дэлгүүрийн хоёрдугаар давхрын таазны дөрвөн хавтангийн тэгшилгээний хар замаск тавьсан нь гэрч нарын мэдүүлгээр мөн нэг хавтан нь 36 м.кв 4 хавтан нь 144 м.кв болох нь хариуцагчийн шүүх хуралдаанаар гаргасан тайлбараар тус тус нотлогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан үнэ ханшийн тодорхойлолтоор тооцоход 720000 (144м.кв х5000) төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... 2019 оны 7 дугаар сард аман гэрээ хийж, 2 давхар барилгын давхар тус бүрийг 1.500.000 төгрөгөөр тохирч тэгшилгээний хар замаск хийх, 2 удаа цагаан замаскаа хийхээр тохиролцсон ...” гэж бичсэнээс үзэхэд талууд эдгээр гурван төрлийн ажлыг хийхдээ нэг бүрийн ажлын хөлсийг 500.000 (1.500.000/3) төгрөг байхаар харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч А.Ж-наас уг барилгын дэлгүүрийн хоёр давхрын таазны тэгшилгээний хар замаскийг бүхлээр нь яваагүй таазны зөвхөн дөрвөн хавтанг хар замаскаар явж талд нь хүрэхгүй хэмжээний ажлыг хийсэн болох нь нотлогдсон тул уг ажлын хөлсөнд 216000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 384000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “.. уг барилгын 2 давхарт ханын ажлыг 300.000 төгрөг, таазны ажлыг 1.200.000 төгрөгөөр үнэлж, таазны хар замаскийн талыг нь тавьсан тул өөрийнхөө ажлын хөлсийг 600.000 төгрөгөөр үнэлж хариуцагчаас нэхэмжилж байгаа” гэж мэдүүлдэг боловч таазны болон хананд тэгшилгээний хар болон цагаан замаск тавих ажлын хөлс өөр эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй мөн хариуцагч С.Е аас миний барилгын дэлгүүрийн хоёрдугаар давхрын тэгшилгээний хар замаскийг нэхэмжлэгч С.Жнь хийгээгүй гэх боловч түүнийг үгүйсгэх бичгийн нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй болно.
Шүүхээс зохигчдын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлэг болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг харьцуулан хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Е аас ажлын хөлсөнд 216000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 384000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 216000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 7130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч С.Е аас ажлын хөлсөнд 216000 /хоёр зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, илүү нэхэмжилсэн 384000/ гурван зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7130 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ