| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/00342/И |
| Дугаар | 130/ШШ2021/00423 |
| Огноо | 2021-04-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2021/00423
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, Ители овогт Бурбайн Оралсыны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багт оршин суух, Төлек овогт А. Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О,түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ерболат,орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Наурызбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Е ыг өөрийн асрамжид үлдээж, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эцэг нь А.Б-аар тэжээн тэтгүүлэхийг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 02 дугаар сарын 16-нд Сагсай сумын иргэн А.Б-тай гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сагсай суманд Б.Е төрсөн юм. Бид хоёр хүүг төрсний дараа нөхөр А.Б тын эцэг С.А, ээж Ш.Ж нарт үрчлүүлсэн юм. Улмаар бид хоёр таарч тохироогүй улмаас тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 18 дугаар шийдвэрээр А.Бердимурат бид хоёрын гэрлэлтийг цуцалсан ба хүүхдийн тэтгэлгийн асуудлыг Б.Ерханатын үрчлэлтийг нэг мөр хүчингүйд тооцуулсны дараа тусад нь нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан байсан. Хүү Б.Е нь төрсөн цагаас хойш өнөөдөр хүртэл өөрийн асрамждаа өсгөн хүмүүжүүлж, мөн сургуульд сургаж боловсрол олгож байна. Хүүхдээ асран хамгаалах талаар эхийн үүргээ би биелүүлж явахад эцэг А.Б нь ганц ч удаа хүүхдээ эргэж, тусалж байгаагүй.Огт харьцаагүйд гомддог. Миний бие Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст миний өгсөн өргөдлийн дагуу хяналтын улсын байцаагч А.Еркегүлтэй уулзаж учир байдлаа хэлэхэд, Сагсай сумын хяналтын улсын байцаагчид А.Б гэдэг хүнийг дууд гэсний дагуу Сагсай сумын хяналтын улсын байцаагч нь А.Б-тын гэрт очиход одоогийн эхнэр нь А.Бт хүүхдийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэхгүй гэж маргалдаж байсан гэж хэлсэн. Ийнхүү хөөцөлдөж явахад 3, 4 сар өнгөрсөн. Надад улсын хяналтын байцаагч А.Еркегүл нэхэмжлэл гаргаж шүүхэд өг гэж зөвлөсөн. Тэгээд би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр холбогдох материалаа бэлдээд, Улсын тэмдэгтийн хураамж төлөөд, шүүхэд өргөдөл өгөх гэж байхад А.Б ирээд, Е-ыг би өөрийнхөө нэр дээр шилжүүлэх болсон гэж гарын үсэг зурж, нотариатаар батлуулж, Б. Е болгож өөрчилж өгсөн. Улмаар хүү маань 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр БИ03312012 регистрийн дугаартай Төлек овогт Б.Е гэдэг Монгол улсын цахим иргэний үнэмлэх авсан.Би амьдралын хатуу бэрхшээл, элдэв саадтай тулгарч байгаад хүү Б.Ерханатыг төрсөн эцэг А.Б-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ.Энэ хооронд алдарт эхийн одон авах боломжоо ч алдсан. Хариуцагч А.Б нь Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг,эх нь хүүхдээ тэжээн тэтгэх,асран хүмүүжүүлэх,сургах үүргийг хамтад нь хүлээсэн байдаг.Уг үүргээ биелүүлээгүй. Иймд шүүхээс хүсэх нь 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Е-ыг өөрийн асрамжид үлдээж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эцэг А.Б-таар тэжээн тэтгүүлэхийг хүсье гэв.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие тус шүүхэд Б.О-аас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.А.Б миний бие А.Б 2010 онд шинээр гэр бүл зохиосон бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4-р багт амьдарч байна.Миний баруун талын чихний сонсгол маш муу бөгөөд ажил, хөдөлмөр эрхлэхэд саад болж, тогтвортой ажил эрхэлж чадахгүй өдий хүрсэн. Манай гэр бүлд хүүхдийн тэтгэмжээс өөр гаднаас орох орлогогүй,эрхэлсэн тодорхой ажилгүй билээ. Манай гэр бүл нь хүүхдүүдээ арай гэж тэжээн тэтгэж, амьдарч байгаа амьжиргааны түвшин доогуур өрх юм.Миний бие Б.О-тай 2003 онд гэр бүл болж, 2008 онд гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас төрсөн миний хүү Б.Е-ыг 2006 онд эх нь Б.О-ны өөрийн хүсэлтээр хүүхдийн эрх ашгийн үүднээс нагац өвөө болох Ногооннуур сумын иргэн Бүрбайн нэрээр овоглуулан.Гэтэл Б.О нь 2020 онд надад хүүгээ чамаар овоглуулж,иргэний үнэмлэх авах хүсэлттэй байгааг хэлж, хүү Е-ыг овгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн байдаг.Тухайн үед эцэг хүний хувьд хүү Е-ын эрх ашиг болон ирээдүйг бодож миний зүгээс өөрөөрөө овоглуулахыг зөвшөөрсөн билээ. Иймд 2006-2020 онуудад Б.О хүүг миний асрамжид байсан гэдэг нь үндэслэлгүй байна. Хүү Б.Е нь үрчилж авсан нагац, өвөө, эмээгийнхээ асрамжид хүмүүжиж өдий хүрсэн. Миний бие хүүгээ үрчлүүлснээ хойш анхаарал, халамж тавьж байсан. Гэтэл миний амьдралын боломжийг мэдсээр байж хүүг эцгийн нэрээр овоглуулахыг зөвшөөрмөгц тэтгэмжийн асуудал хөндөж байгаад нь сэтгэл эмзэглэж байна.Цаашид хүүг маань далимдуулж миний хувийн амьдралд оролцох, тэтгэмж хүсэх зэрэг асуудал үүсгэхгүй байх гэж итгэж байна. Учир нь, миний бие шинээр зохиосон гэр бүлээ арай хийж сар бүр улсаас олгож буй хүүхдийн мөнгөөр тэжээн тэтгэх гэж зүтгэж яваах хүн.Хүү Б.Е-д хүмүүжлийн тал дээр анхаарал тавьж байх болно.Миний бие гэрлэлтээ цуцлуулах үед хүүхдийн тэтгэмжийг төлөх үүрэг хүлээгээгүй байсан тул хүү Б.Е-ын үрчлэлтийг хүчингүй болгосноос хойших хугацааны нэхэмжлэлдээ дурдсан 6 сарын хүүхдийн тэтгэмжийн мөнгийг эцэг хүний хувьд хамаатан садан ах, дүү нарын тусламж, санхүүгийн дэмжлэгээр төлөхийг зөвшөөрч байна. Иймээс тус 6 сарын хүүхдийн тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүү Б.Е-ын хувийн дансанд шилжүүлэх болно гэжээ.
Хариуцагч А.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ешүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б ын төрсөн дүү А.Е гэдэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож байна. 2020 оны 03 дугаар сард Б.Онад руу залгаад, хүүхдийн эрх нь зөрчигдөж байна, Е өөрийн эцэг А.Бын нэр дээр явахыг маш их хүсэж байгаа. Та нар энэ асуудлыг шийдээд өг гэсэн хүсэлт тавьсан. Би уг хүсэлтийнх нь дагуу ах А.Б тай очиж уулзаад, хамаатан садны ах, эгч нартай зөвлөлдөхөд, Б.О хүүхдийн тэтгэлэг л хүсэж байгаа, өөр зорилго байхгүй гэсэн. Тэгэхээр нь би үнэхээр хүүхдийн эрх зөрчигдөж, Е өөрөө эцгээрээ овоглогдохыг хүсэж байгаа бол та нар эцгийнх нь нэр дээр буулгаж өгөхөд юу болохгүй байгаа вэ гэж загнасаар байгаад ах А.Б тыг энд авч ирээд Е ыг эцгийнх нь нэр дээр овоглуулсан. Гэтэл Б.О тэс өөр зорилготой байсан байна. Миний ах Б.О аас салаад, маш их стресст орж, гэрээсээ 2 жил гарч чадаагүй. Ах А.Б өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоогүй шалтгаан нь чих сонсдоггүй, эрүүл мэнд муутай, хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдоод, бид нар амийг нь аварч байсан. Одоо ах маань эхнэртэй болсон, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлэг өгөх ямар ч чадваргүй, эхнэр нь болон өөрөө ажилгүй, гэр бүлийн ямар нэгэн орлогогүй, хүүхдийн мөнгө болон хэдэн саалийн үнээгээр амьдарч байгаа, нэн ядуу өрхүүдийн нэг юм. Гэхдээ нэгэнт Б.Ерханатыг өөрийнхөө нэр дээр буулгасан тул эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалж, хүмүүжүүлэх ёстой. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг манай гэрийн 7 хүнээс А.Бердимуратаас бусад нь зөвшөөрөөд Б.Е ын тэтгэлгийг төлж өгөхийг зөвшөөрч байгаа. Сая нэхэмжлэгч Е-ыг Б гэдэг хүний нэр дээр байсан гэж бичсэн гэж гомдож байх чиг байна. Шүүхэд гаргасан тайлбартаа бид Бурбай гэж буруу бичсэн байна лээ. Е нь Бурбай гэдэг хүний нэр дээр байгаагүй, манай аав А гэдэг хүний нэр дээр байсан. Тухайн үед би миний аав, ээжийн нэр дээр шилжүүлснийг мэдээгүй. Эцэг эхийн зөвшөөрлөөр үрчлэлтийг хийдэг. Тэр талаар бас буруу ойлгоод байх шиг байна. Б.Е 18 нас хүрэх гэж байгаа. Бид нар Б.Е-ын 18 нас хүртэлх үлдсэн хугацааны тэтгэмжийн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг мөнгийг ах, эгч, дүү нар нь төлж өгөх болно. А.Бердимуратад тэтгэлэг төлөх ямар нэгэн чадвар байхгүй. Цаашид Б.Е-д эцэг хүний хувьд халамж тавина гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 18 дугаартай шийдвэрийн 01 дэх заалтаар нэхэмжлэгч Б О хариуцагч А Б нарын гэрлэлтийг цуцалж, 4 дэх заалтаар нэхэмжлэгч Б.О нь хүүхдийн үрчлэлтийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх талаар шүүхэд дахин хандах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байжээ.
Улмаар нэхэмжлэгч Б.О хүү Е д аймгийн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төлек овогт Бердимуратын Ерханатад БИ03312012 регистрийн дугаартай Монгол улсын Иргэний үнэмлэх олгосон ба нэхэмжлэгчээс уг иргэний үнэмлэхийг үндэслэж хариуцагч А.Б д холбогдуулан 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Еыг өөрийн асрамжид үлдээж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эцгээр нь тэжээн тэтгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа гаргасан болно.
Харин нэхэмжлэгч, хариуцагч нар 2003 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, улмаар 2003 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Е төрсөн ба одоо тэрээр эсэн мэнд бойжиж, эх нь болох Б.О тай хамт амьдарч Өлгий сумын Ерөнхий боловсролын 5-р сургуульд 11в ангид сурч байгаа нь тус сургуулийн сургалтын менежер Б.Гүлжаны мөн Мейрам өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн хүний эмч А.Биржаны болон Өлгий сумын 2 дугаар багийн Засаг даргын тус тус тодорхойлолтуудаар нотлогдож байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т зааснаар ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх,... иргэн бүрийн журамт үүрэг мөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч А.Б нь хүү Б.Е ыг тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Талууд гэрлэлт цуцлуулснаас хойш хүү Б.Е нь эхтэй хамт амьдарч байгаа болон хариуцагчаас хүү Б.Е ыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн байдлыг тус тус харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг үндэслэж хүү Б.Е ыг эх нь болох Б.О асрамжид үлдээж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эцэг нь А.Б таар тэжээн тэгүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Е-ыг эх нь болох Б.О-ны асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Е-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн эцэг нь болох А.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-таас улсын тэмдэгтийн хураамжид 125969 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ