Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

 2024       06             12                                            2024/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Цийн Бд холбогдох эрүүгийн 2335002080106 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 12 дугаар сарын 07-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Увс аймгийн ......... сумын 4-р багийн ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй М овогт Цийн Б /РД:................/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байх гэрээсээ интернэт орчинд “’Покер PPP 2” нэртэй аппликейшнд нэвтрэн бүртгүүлж, улмаар “Ирээдүй клуб” /окd12/ нэртэй клуб өөрөө үүсгэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд иргэдээс Б.Чгийн хаан банкны 51..........40, А.Сын хаан банкны 58...........00 дугаартай данснуудыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Быг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байх гэрээсээ интернэт орчинд “’Покер PPP 2” нэртэй аппликейшнд нэвтрэн бүртгүүлж, улмаар “Ирээдүй клуб” /окd12/ нэртэй цахим мөрийтэй тоглоомын бүлэг үүсгэж,  2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд иргэдээс Б.Чгийн хаан банкны 51..........40, А.Сын хаан банкны 58...........00 дугаартай данснуудыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн тасгийн албанаас Увс аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8а/10113 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгуулах тухай” албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн I-р хавтасны 10-11 дэх тал),

Ц.Бын эзэмшлийн гар утсанд 2023 оны 10 дугаар 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 25-30 дахь тал),

Иргэн Бийн Чгийн Хаан банкин дахь 51..............40 тоот дансны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, тухайн дансны хуулганд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 76-94 дэх тал),

Иргэн Аийн Сын Хаан банкин дахь 51...........40 тоот дансны 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, тухайн дансны хуулганд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 95-250,  II-р хавтасны 1-156 дахь ),

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 166 дахь тал),

Гэрч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 169-171, 173 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 175 дахь тал),

Гэрч А.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 177 дахь тал),

Шүүгдэгч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 191 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

“Мөрийтэй тоглоом” гэдэгт хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу хонжворын хэлэлцээр бөгөөд мөрийтэй тоглоомын үр дүн нь мөнгөн буюу бусдын эд хөрөнгийн үнэлгээгээр тодорхойлогдох ба ашиг хонжоо олох зорилготой үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ.

Тодруулбал шүүгдэгч Ц.Б нь гар утаснаасаа Pokerrr 2 аппликейшнд  “Ирээдүй клуб” гэх нэртэй цахим тоглоомын бүлэг үүсгэж, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд цахим орчинд  мөрийтэй тоглоом тоглох боломж бүрдүүлсэн нь харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдөл үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ц.Б ашиг олох зорилгоор гар утаснаасаа Pokerrr 2 аппликейшнд  “Ирээдүй клуб” гэх нэртэй #okd12 кодтой цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 6’000-10’000, 10’100-20’000, 20’100-30’000 төгрөг авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид мөнгө шилжүүлж, цаасан хөзрөөр “Техас” нэртэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулсан үйлдлийг мэдээллийн технологи буюу нийгмийн цахим сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байх гэрээсээ интернэт орчинд “’Покер PPP 2” нэртэй аппликейшнд нэвтрэн улмаар “Ирээдүй” /окd12/ гэх нэртэй клуб өөрөө үүсгэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс  2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж оролцогч нараас иргэн Б.Чгийн хаан банкны 51...........40 дугаартай дансаар 3’453’000 төгрөгийг шилжүүлэн авч, дансаар орж ирсэн мөнгөнөөс 2’703’000 төгрөгийг хожсон оролцогч тус бүр лүү шилжүүлж, өөртөө 750.000 төгрөгийн ашиг олсон,

Мөн иргэн А.Сын хаан банкны 58.........00 дугаартай дансаар 97’138’456 төгрөгийг шилжүүлэн авч, дансаар орж ирсэн мөнгөнөөс 91’385’790 төгрөгийг хожсон оролцогч тус бүр лүү шилжүүлж, өөртөө 5’752’666  төгрөг нийт 6’502’666 төгрөгийн ашиг олсон болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх орлого нь мөрийтэй тоглосон хүмүүсийн хөрөнгө боловч мөрийтэй тоглох нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглосон этгээдүүд нь хууль бус үйлдэл хийж эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул буцаан олгох үндэслэлгүй юм.

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ц.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Б нь Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 195 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Бын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 6’502’666 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч М овогт Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор  мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бод 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч  Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.502.666  төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ