| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,
Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Дгийн Од холбогдох эрүүгийн 2435000620142 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 05 дугаар сарын 16-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн .............. сумын 4 дүгээр багийн ............. тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн байсан Ч овогт Дгийн О /РД:....................../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ......... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .....тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Д.Бг зодсон болох нь:
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (хавтаст хэргийн 1-34 дэх тал ),
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-10, 42 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч О.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Шүүгдэгч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 193 дугаартай “Үзүүлэгч Д.Бгийн биед баруун, зүүн гарын бугалга, зүүн шилбэ, цээжний зүүн ар хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Баруун, зүүн гарын бугалга, зүүн шилбэ, цээжний зүүн ар хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 2 хувь орчим талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал)-ээр хохирогч Д.Бгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъектүүд байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Оийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд “Д.О нь надад учирсан хохирол болох 200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд одоо надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй цаашид гомдол, санал, хүсэлт байхгүй болно” гэх гарын үсгийг нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 78 дахь тал)-г үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.О нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 59, 62-69 дэх тал)-аар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Оийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Дгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ