Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2021/00068/И |
Дугаар | 68 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сум, Бэлэндалай 2 дугаар баг, Мангирт, Сүжийн гуу гэх газарт оршин суух, Шарнууд овогт Г-н Т-а /РД:ПБ00000000/-д холбогдох,
Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Сүжийн гуунд хууль бусаар эзэмшиж байгаа өвөлжөө, хаваржааны газрыг чөлөөлж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг Орхон сумын Засаг даргын А/62 тоот захирамжийн дагуу албадан нүүлгэж өгнө үү гэх маргаантай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, хариуцагч Г.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оноос хойш энэ асуудлын эхлэл тавигдсан. Яагаад гэвэл Монгол Улсын тариалангийн тухай хуульд, Монгол Улсын Засгийн газрын 131 тоот Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэр нь газар тариалангийн бүс болж улсын хэмжээнд зарлагдсан сумуудын нэг. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тухайн бүс нутагт улсын төсвийн 406.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалттай 38 километр газарт 6 аж ахуй нэгж, 12 иргэний тариалангийн талбайг хамгаалах, тухайн тариалангийн талбайг хашиж хамгаалахаасаа илүү тухайн газарт цөлжилт явагдаж байна. Хөрс эвдэрч байна гэсэн бодлого шийдвэрийн хүрээнд хөдөө аж ахуйн яамнаас улсын хөрөнгө оруулалттай зарлагдсан ажил байгаа юм. Энэ ажлын хүрээнд ганцхан Г.Т-агэдэг айлтай асуудалтай биш, Мангирт орчимд байсан олон айл хөдөлгөөнд орсон. 2016 онд батлагдсан Тариалангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өөр аймаг сум руу тухайн бүс нутгаас нүүсэн 5 айл байгаа. Тариалангийн талбай дотор хашаажуулсан хэсэгт хамрагдаж байгаа 6 айл байгаа. Эрдээ, Очирдорж, Эрдэнэбаяр, Алтангэрэл, Мөнгөншагай, Батбаяр, Тулгаа гэх мэт айлууд байгаа. Эдгээр айлууд Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд сум, орон нутагтайгаа харилцан зөвшилцөөд өвөлжөөгөө чөлөөлж болоод байхад нэг иргэний асуудлаас болж 3 жилийн хугацаанд энэ маргаан үргэлжилж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дүгээр тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 87 дугаар магадлалаар сумын Засаг даргаас гаргасан 113 тоот захирамжаар хүчингүй болгож, 2019 оны 62 тоот захирамжаар газар олгосон. Энэ нь тариалангийн тухай хуулийн 24.3-т заасны дагуу сумын Засаг дарга 30 хоногийн дотор тухайн газрыг чөлөөлж, дараагийн хүнд газар олгох асуудлыг шийдсэн байх хуулийн зохицуулалттай. Үүний дагуу шийдвэрлэгдсэн. Хоёр шатны шүүхийн шийдвэрүүд дээр бүрэн дурдагдаж орсон учраас нэмэлт тайлбар хийх нь илүүц байх. Шүүхийн тогтоол, магадлалыг хангуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээр гүйцэтгүүлэхээр 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 017 тоот шүүгчийн захирамж гарсан байгаа. Үүний дагуу Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс уг айлтай очиж уулзаж байсан. Үүн дээр нэг ойлгомжгүй байдал нь 87 тоот магадлалыг хангуул гэсэн хэр нь шийдвэр гүйцэтгэл дээр албадан арга хэмжээ авах талаар гүйцэтгэх хуудас дээр нарийвчлан тусгагдаагүй байна гэдэг. Үүний дагуу Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүх рүү хандаж нэмэлт тайлбар хүссэн. Тайлбар дээр “тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчих, мал аж ахуй, өвөлжөө, хаваржаа, зуслан байхыг хориглоно гэж Тариалангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу засаг даргаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хууль тогтоомж зөрчөөгүй болохыг олж тогтоосон”. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар тухайн сумын Засаг дарга тухайн айлын өвөлжөөг албадангаа чөлөөлж болно гэсэн заалтын дагуу тухайн сумын цагдаагийн хэлтэстэй хамтарч мөрдөн байцаагч Батжаргал болон өөр бусад албан хаагчид, сумаас Засаг даргын орлогч зэрэг ажлын хэсэг очиж албадан нүүлгэх арга хэмжээг сумын Засаг даргын А84 тоот, өнгөрсөн жилийн 06 дугаар сарын 29-нд гарч байсан. Үүний дагуу өвөлжөөг цагдаагийн хамгаалалт дор нүүлгэн шилжүүлсэн. Үүнээс хойш гомдол маргаан цэгцэрлээ гэж ойлгосон. Гэтэл 11 сард буюу цар тахал эхлэх цаг хугацаатай холбоотой хөдөө явах ажил хумигдсан. Энэ үед өөрийнхөө газарт буцаж өвөлжөөгөө татаж ирсэн. Иймээс Иргэний хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. 500 метрийн ард талд би гараад буучихвал болно гэсэн сэтгэхүйгээр хандаж болохгүй. Бид нар анхнаасаа хоёр талаасаа болж байна, 500 метрийн ард талд буучихъя гээд зөвшилцөж эвлэрсэн. Шүүгчийн 25 тоот захирамж байдаг. 500 метрийн ард талд гарч буухгүй. Тухайн нөхцөл байдал нь жалганыхаа хойд талд анх байсан. Тариалангийн талбайгаас 160 метрийн ард талд, хашаа нь Г.Т-агуайн өвөлжөөг дайраад өнгөрч байгаа. Баруун тал болон хойд талдаа хоёр талаасаа тариалангийн талбай орж ирдэг. Нэг талаасаа 400 метрийн алслалттай. Нөгөө талаасаа 500 метрт хангагдсан. Үүнийг аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас шинжээч томилж хүн ирсэн. Дээр нь шүүгч Бурмаа, сумын газрын даамал гэх хүмүүс ирж газар дээр нь ажиллаж Г.Т-агуайг 500 метрийн алслалд байх шийдвэрийг биелүүлээгүй байна гэж үзсэн. Энэ хүрээнд 34 тоот Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. Г.Т-агуайн шүүхэд одоо нэмэлтээр гаргаж өгч байгаа кадастрын зураг бол сумын газрын даамлын зөвшөөрөлтэйгөөр уг хөндлөнгийн кадастрын компани очиж зураг үйлдэх ёстой. Гэтэл энэ талаар мэдэгдээгүй өөрийн дураар очиж одоо байгаа өвөлжөө хэдий 500 метрийн ард гарч байгаа юм шиг боловч тухайн захирамжаар олгогдсон байршил буюу Очирдоржийн өвөлжөөний 100 метр хүртэл гэж зааж өгсөн. Үүнийг биелүүлэхгүйгээр би 500 метрийг давчих юм бол боллоо гэсэн өөрийн үзэл бодлоор хандаж болохгүй. 3 жилийн хугацаанд маш олон удаагийн асуудал боловч зөвшилцөлд хүрч чадахгүй. Сумын засаг даргын 62 тоот захирамж 2019 оны 05 сард гарсан байдаг. Аргагүйн эрхэнд төрийн зүгээс хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд шийдвэрээ гаргаад явсан байгаа. Нэмэлтээр гаргаж өгсөн кадастрын зураг зэргийг би нотлох баримт гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл сумаас зөвшөөрөл авч байж, засаг даргын захирамжаар шийдвэрлэгдсэн газар дээр цэг, тэмдэг тавьж байж кадастрын зураг үйлдэгдсэн байх ёстой. Тэрнээс өөрөө хаа дуртай газраасаа кадастрын компани дуудаж ирээд дуртай газраа цэг тавиулаад кадастр хийлгэх нь хууль зүйн хувьд ч боломжгүй. Уг компани нь мөнгө төлж байгаа учраас ирж кадастрын зураг хийж өгсөн байна гэж ойлгож байна. 34 тоот анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 87 дугаар магадлал дээр хооронд үүссэн бүх маргаан байгаа учраас үүнийг давтан ярих шаардлагагүй байх. Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Сүжийн гуунд хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлж, Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг Орхон сумын засаг даргын А/62 тоот захирамжийн дагуу албадан нүүлгэж өгнө үү ...” гэв.
Хариуцагч Г.Т-ашүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бодлоор кадастрын зургийг хөл хорио тогтоохоос өмнө авхуулсан. Дарханаас тусгай зөвшөөрөлтэй хүмүүс авч ирээд кадастрын зураг авхуулсан. Хоёрт миний одоо байгаа өвөлжөөг манай сумын байгаль орчны байцаагч Сандагдорж, багийн засаг дарга Төрсайхан гэх хоёр хүн байгаль орчны байцаагч Сандагдоржийн саарал машинтай очиж надад газар зааж өгсөн. Зөвшилцөх журмаар намайг өөрийн сонгож байгаа газраа заагаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сүжийн гууны ард талд нэг газар харуулсан. Тэгсэн машины миллээр хэмжсэн чинь 500 метр хүрээгүй. Тэгээд болохгүй юм байна гэж үзээд одоо манай байгаа өвөлжөөний газар дээр дахиж очоод газар заалгаж авсан. Газраа заалгаж авчхаад тэр хоёр залууд баярлалаа ахын дүү нар гээд сэтгэлийнхээ сайхан, баярласан, талархсанаа илэрхийлээд явуулсан. Тухайн үед хамт байсан гэрч Ойдовын Төгсжаргал байсан. Тухайн өдөр бид нар хадландаа хамт орох гээд явж байсан үе. Портертой манай эхнэр бид гурав явж байгаад тэр хоёр залуутай таараад газраа заалгаж аваад хоёр талдаа машины миллээр хэмжсэн. Нэг газрыг нь хэмжихгүйгээр нүдний баримжаагаар энд болно, та энд өвөлжөөгөө тааруулаа гэж хэлээд надад өвөлжөөний газар албан ёсоор зааж өгөөд явсан. Тухайн үед 2018 оны 09 сар өнгөрөөд 10 сар болох гэж байсан. Өмнө нь гаргуулсан кадастрын зураг дээр 431 метр, нөгөө талаасаа 511 метр гэсэн байна. Энэ газраасаа дахиж хашааныхаа мод зөөгөөд зааж өгсөн газар нь буулгасан. Тэгэхэд засаг даргын бичиг юм байлгүй. 15 жилээр өвөлжөөний чинь гэрчилгээг сэргээлээ гэсэн тамгагүй бичиг авч ирж өгсөн. Тэгээд би тухайн газарт нь өвөлжөөгөө тааруулаад өнгөрсөн жилээс асуудал болсон. Хоёрт тухайн үед би өөрөө байгаагүй. Засаг дарга өөрөө, байгаль орчны байцаагч, цагдаа эсвэл байгаль орчны байцаагч зэрэг хүмүүс машинтай очоод газар зааж өгөхөд манай эхнэр энэ газарт чинь бууж чадахгүй. Мал, аж ахуйтай энэ газарт чинь амьдрахад хэцүү гэсэн утгаар хэлсэн байсан. Өвлийн хүйтэнд, цаг агаарын бэрхшээлтэй үед өөрөө ирээд хар гэсэн үгний солилцоотой явуулсан байдаг. Манай талаас зөвшөөрөөгүй байхад албан ёсны зөвшөөрүүлсэн утгатай шүүхийн шийдвэр гаргасанд тухайн үедээ дов жалганы үзэл гаргаад гадуурхаж байна уу? гэсэн асуудал байна. Хоёрт албан тушаалаа ашиглаж байна гэсэн утгатай надад гомдолтой байдаг. Энэ газрын/харуулав/ кадастрын зураг авхуулж байхад би өөрөө байсан. Тухайн үед Амгалан гэдэг хүн байсан. Манай сумын засаг даргын орлогч байсан. Кадастрын зургийн хэмжилт хийж байх үед Амгалан гэдэг хүн “би чамайг нүднээсээ далд оруулна” гэж заналхийлсэн. Энэ утгаар намайг нүднээсээ далд оруулж хол нүүлгэж аваачиж, засаг даргатай явж байна гэсэн үүднээс би гомдолтой байдаг. Үүнийг би хоёр хүний хувь харилцаа, хоорондын тохироо гэж бодож байна. Татсан хашааных нь хажууд 20 метр хүрэхгүй зайнд буучхаад байж байгаа зураг байна. Өнгөрсөн намар би хашаагаа буцааж авч ирээд барьсны дараа Хөтөлийн цагдаагийн хэлтсээс Анхбаяр гэдэг цагдаа, манай сумын байгаль орчны байцаагч Сандагдоржтой хамт очсон. Би одоо байгаа өвөлжөөн дээрээ хашаагаа бариад дуусаж байхад очсон. Яагаад очсон бэ? гэхээр намайг хөөх, шалгах шалтгаан гаргаж цагдаатай очсон. Багийн даргатай очоод газар зааж өгөхөд чинь би чамд баярласан сэтгэлээ илэрхийлээд явуулж байсан биз дээ гэж асуухад тухайн хүүхэд/Сандагдорж/ үнэн учраа ойлгож, тийм асуудал байгаа гэж хэлсэн. Тухайн үед хамт очсон багийн дарга Төрсайхан гэдэг хүнээс “чиний зааж өгсөн газар биз дээ” гэж асуухад би зааж өгөөгүй гэж булзааруулж байсан. Тухайн үеийн гэрч нь Ойдовын Төгсжаргал гэдэг хүн байгаа...” гэв.
Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь хариуцагч Г.Т-д холбогдуулж Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Сүжийн гуунд хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг Орхон сумын Засаг даргын А/62 тоот захирамжийн дагуу албадан нүүлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Г.Т-анэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Г.Т-ань 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0191342 дугаартай гэрчилгээний дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт гэх газар 7850 м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшиж байсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэр нь газар тариалангийн бүс болсон байна. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас тухайн бүс нутагт улсын төсвийн 406.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалттай 38 километр газарт 6 аж ахуй нэгж, 12 иргэний тариалангийн талбайг хамгаалах, тухайн тариалангийн талбайг хашиж хамгаалах, тухайн газарт цөлжилт, хөрсний эвдрэлийг сэргээн сайжруулах ажлыг зохион байгуулах болсон тул Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга 2018 онд А/97 тоот захирамж гарган тариалангийн талбайд ойр байрлах өвөлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулан нэр бүхий 17 малчин өрхөд албан мэдэгдэл өгч нүүлгэн шилжүүлсэн байна. Дээрх 17 өрхийн нэг нь хариуцагч Г.Т-абөгөөд 2018 оны А/113 дугаартай Орхон сумын Засаг даргын захирамжаар Г.Тулгаагийн газар эзэмших эрхийг цуцалж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А/62 дугаартай Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын захирамжаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Сүжийн гууны зүүн урд талд байрлах 7800 м2 газрыг 15 жилийн хугацаатай Г.Тулгаад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.Т-адээрх шийдвэрийг үл зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Орхон сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн газар чөлөөлөх тухай А/113 тоот захирамжийг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаартай Г.Тулгаад газар эзэмшүүлэх тухай Орхон сумын Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар маргаан үүсгэснийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэвээр батлагдсан /хх-04-22/байна.
Хариуцагч Г.Т-ань Орхон сумын Засаг даргын Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Сүжийн гууны 7800м2 газар өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх /хх-23,24/-ээр шийдвэрлэсэн газарт буулгүй өөрийн дураар Орхон сумын 2 дугар баг Мангирт Сүжийн гуу гэх газарт өвөлжөө барьсан болох нь талуудын тайлбар хариуцагч Г.Тулгаагийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн кадастрын зураг зэргээр тогтоогдож байна.
Сэлэнгэ аймаг Орхон сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/84 дугаартай захирамжаар хариуцагч Г.Тулгааг дээрх газраас албадан нүүлгэж засаг даргын захирамжаар олгосон Орхон сумын нутаг Сүжийн гууны урд талд /Ч.Очирдоржийн өвөлжөөнөөс зүүн урд тийш /өвөлжөөний зориулалтаар өгсөн 7800 м2 газарт буулгасан боловч 2020 оны 11 дүгээр сард дахин нүүн ирж дээрх газар ирж өвөлжиж амьдарч байна.
Хариуцагч Г.Т-аодоо амьдарч байгаа газраа Орхон сумын байгаль орчны байцаагч Сандагдорж, Амаржаргал нар зааж өгсөн гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч /...байгаль орчны байцаагч газар зааж өгөх эрх мэдэлтэй хүн биш харин зааж өгсөн газар дээр буусан эсэхийг шалгах зорилгоор явж байсан хүмүүс...” гэж няцааж байна.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна.Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших,ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд тэр хууль нь Газрын тухай хууль юм.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсэн бол энэ хуулийн 27.4-д “ Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэжээ.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангирт Сүжийн гуу гэх газарт хариуцагч Г.Тулгаагийн өвөлжөө байгаа газар нь Газрын тухай хуулийн дээрх заалтад заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байгаа тул хариуцагч Г.Тулгааг хууль ёсны газар эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.
Харин хариуцагч Г.Т-ань Орхон сумын нутаг Сүжийн гууны урд талд /Ч.Очирдоржийн өвөлжөөнөөс зүүн урд тийш /өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар 7800 м2 газрыг хууль ёсоор эзэмших /хх-24/ эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж мэтгэлцэж байгаа ч өөрийн тайлбар түүнийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлаа нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчийн мэдэлд байна гэжээ.
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга нь Газрын тухай хууль зөрчиж хууль бусаар газар эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Зохигчдын тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үнэлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсэг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг 2 дугаар баг Мангирт Сүжийн гуу гэх өвөлжөө хаваржааны газрыг хариуцагч Г.Тулгаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг Орхон сумын засаг даргын А/62 тоот захирамжийн дагуу хариуцагч Г.Тулгааг албадан нүүлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Засаг даргын захирамжийг албадан биелүүлэх талаар харьяалан шийдвэрлэх эрх ердийн шүүхэд байхгүй тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.Т-ань шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх арга хэмжээ авахыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Тулгаагаас 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангирт Сүжийн гуу гэх газарт байгаа өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч Г.Т-н хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг Орхон сумын Засаг даргын А/62 тоот захирамжийн дагуу хариуцагч Г.Т-г албадан нүүлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Г.Т-ань шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтээр албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Т-с 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг бүрэн эхээр бичсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА