| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2022/1794/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/610 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/610
2024 05 29 2024/ШЦТ/610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч С.Аюушжав, Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Иргэдийн төлөөлөгч М.Даваацэцэг,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Хохирогч Л.С,
Хохирогч Д.А,
Хохирогч Д.У, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,
Хохирогч Д.П, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн /цахимаар/,
Хохирогч З.Г,
Хохирогч Н.О,
Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Г.Должинсүрэн /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 2106 00861 1079 дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 4, дүү, ээж, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн *** дугаартай, Ц.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.П нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...П.Б, Ц.Д хоёр холбоотой хүмүүс, надаас 60.000.000 төгрөг авахдаа энэ хоёр хамт байсан. Тэгээд надаас энэ хоёр салаад явахдаа П.Бд 10.000.000 төгрөг өгсөн байдаг. Мөн манай хуурай дүү Аын дансаар 10.000.000 төгрөг миний нэрийг барьж авсан байдаг. Ц.Дөө чи наадхаа үнэнээр нь хэлдээ, хоёулаа шүүхэд тааралдах болгонд чинь шүүхийн гадна үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. П.Б, Ц.Д хоёр ирээд хамтарч зээл гаргах гээд 60.000.000 төгрөг зээлж туслаач гэж хэлээд надаас 60.000.000 төгрөг бэлнээр авсан. Би 60.000.000 төгрөгийг төв Х банкнаас мөнгөө гаргаж өгсөн. Миний зээлсэн 60.000.000 төгрөгөөс 4.300.000 төгрөгийг авсан байгаа. Үлдэгдэл 55.700.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэв.
Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар 26-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд 16.976.000 төгрөг авсан байдаг. Уг мөнгийг авахдаа 200.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлээд авсан. Тухайн зээл гараагүй би хохирсон. Зээл гаргаж өгөөгүй байж авсан 16.976.000 төгрөгөө өгөхгүй байхаар нь цагдаад хандсан. Өнөөдрийн байдлаар уг 16.976.000 төгрөгөөс 13.000.000 төгрөг өгсөн. Ахиад нэмж өгсөн санагдаад байна. Сайн санадаггүй. Шүүгдэгчид баримт нь байгаа байх. Үлдэгдэл нь 4.125.000 төгрөг байгаа санагдаж байна...” гэв.
Хохирогч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Д нь миний байрыг Банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд 50.000.000 төгрөгөөр тавиулаад үүнээс 23.330.000 төгрөгийг авсан. Үүний дараа Банк бус санхүүгийн байгууллагаас байрны хүү нэхэгдээд байна гэж хэлээд Ц.Д надаас 2.000.000 төгрөгийг авсан. Би одоо байраа алдчихсан. Нийт 81.325.330 төгрөгийн өрөнд орсон. Банк бус санхүүгийн байгууллагын хүү нь 31.325.330 төгрөг болсон үүний тал хувийг нэхэмжилж байна. Нийт Ц.Дөөс 40.992.665 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч Ц.Д надаас Солонгос улсын виз гаргаж өгнө, виз гарахад ямар ч асуудалгүй, би өөрөө виз гаргадаг газар ажилладаг, манай эгч мөн ажилладаг гэж хэлээд 15.000.000 төгрөг авч байсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 10.000.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөг байгаа, уг мөнгөө гаргуулж авмаар байна...” гэв.
Хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манай ар гэрийн санхүүгийн байдал муу байсан. Тэгээд нөхөртэйгөө Солонгос улс руу явж ажиллах бодолтой байсан учраас визний материал бүрдүүлж байсан. Тэр үедээ Ц.Дтэй тааралдахад “урт хугацааны мульти виз” гаргаж өгнө гэж хэлэхээр нь би түүнд итгэсэн. Би тухайн үед Ц.Дийг виз гаргадаг эрх бүхий хүн гэж л бодсон. Надад Солонгос улсын 1 удаагийн виз гарахгүй байх ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би өөрөө визний материалаа бүрдүүлээд виз авч байсан. Би нэг мөр урт виз нь гарчихвал амар гэж бодоод л түүний данс руу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2 талын онгоцны тийзний мөнгө гэж 1.000.000 төгрөг өгч байсан. Тэгээд Солонгос улсаас наашлах гэхэд надад буцах тийз байгаагүй би хүнээс 700.000 төгрөг зээлж Монголд ирсэн. Уг нь Ц.Д надаас “2 талын тийзийг чинь захиалаад өгье” гэж мөнгө авсан байсан. Тэгсэн нэг талын тийз захиалсан байсан. Мөн намайг Солонгос улсад байхад 500.000 төгрөг зээлсэн. Би уг мөнгийг хүүгийнхээ дансаар шилжүүлж байсан. Ц.Дд өгсөн нийт мөнгө 11.200.000 төгрөг өгсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар надад 4.800.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 6.400.000 төгрөг нэхэмжилж байна. Надад мульти виз гаргаж өгөх тал дээр Ц.Дий оролцоо байгаагүй мульти виз гараагүй. Миний өөрийн бүрдүүлсэн материал дээр үндэслэн надад 1 удаагийн виз л гарсан...” гэв.
Хохирогч З.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч Ц.Дтэй 2021 оны 06 дугаар сард тааралдсан. Тэр үед Ц.Д богино хугацаанд буюу 7 хоногийн дотор Банк бус санхүүгийн байгууллагаас 500.000.000 төгрөгийг зээл гаргуулж өгнө гэж хэлээд урьдчилгаа 28.000.000 төгрөг авсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 15.600.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 12 дахь тал/,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 14 дэх тал/,
Зээлдүүлэгч Л.С болон зээлдэгч Ц.Д нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1хх-ийн 7, 180 дахь тал/,
Х банкны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 50/4344 дугаартай албан бичгээр Ц.Дий *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2019.04.01-ний өдрөөс 2021.03.10-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 35-51 дэх тал/,
Х банкны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50/6825 дугаартай албан бичгээр Ц.Дий *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2019.08.23-ны өдрөөс 2019.10.23-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 111-118 дахь тал/,
Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 88-89, 3хх-ийн 158 дахь тал/,
Гэрч Д.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 90-91 дэх тал/,
“Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1/249 дугаартай Ц.Д /РД: ***/ нь тус компанид ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт /1хх-ийн 109 дэх тал/,
Х банкны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50/6825 дугаартай “…2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *** дугаартай данснаас Ц.Дий *** дугаартай дансанд 10.000.000 төгрөг орсон тухай…” албан бичиг /1хх-ийн 111-112 дахь тал/
Хохирогч З.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 141-143 дахь тал/,
Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 146-147 дахь тал/,
Гэрч Б.Цийн мэдүүлэг /1хх-ийн 154-155, 2хх-ийн 2 дахь тал/,
Х банкны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 50/6866 дугаартай албан бичгээр Б.Цийн *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2021.06.10-аас 2021.08.05-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 169, 209-216 дахь тал/,
Х банкны данс эзэмшигч Б.Цийн *** тоот дансанд үзлэг хийсэн “…2021.06.11-ний өдөр Х банкны *** тоот данснаас 20 сая, 5 сая төгрөгөөр орлого орсон…” тухай тэмдэглэл /1хх-ийн 170 дахь тал/,
“Т” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 21/314 дугаартай “*** ХХК 400.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийг судлах боломжгүй тул холбогдох материалыг буцаан олгосон” гэх албан бичиг /1хх-ийн 174 дэх тал/,
“Н” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-6/204 дугаартай “***” ХХК нь манай байгууллагын харилцагчаар бүртгэлгүй байх бөгөөд зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 176 дахь тал/,
Зээлдүүлэг З.Г зээлдэгч Ц.Д нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1хх-ийн 180 дахь тал/,
Хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 200 дахь тал/,
Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 195 дахь тал/,
Х банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29/633 дугаартай албан бичгийн хавсралтаар “…Б.Цийн *** дугаарын дансанд 2021 оны 05 дугаар сарын 21-нд 5 сая төгрөг Б.Ч гэх утгаар орж ирсэн…” тухай /1хх-ин 208-216 дахь тал/,
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 240, 3хх-ийн 189 дэх тал/,
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 249 дэх тал/,
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн баримт /2хх-ийн 3-49 дэх тал/,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч А.Батын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дансны хуулганд үзлэгт “…Н.Оээс Ц.Дд нийт 16.970.000 төгрөгийг шилжүүлж, Ц.Дөөс Н.От 200.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна…” гэх тэмдэглэл /2хх-ийн 61-62 дахь тал/,
Хохирогч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 136-137 дахь тал/,
Гэрч П.П.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 122-123, 125 дахь тал/,
Х банкны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 50/8378 дугаартай “…*** тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 61.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5003 кодтой Сөүл төвлөрсөн тооцооны төвд хийгдсэн байна…” гэх албан бичиг /2хх-ийн 127 дахь тал/,
Бүртгэлийн 296 дугаартай итгэмжлэл /2хх-ийн 113 дахь тал/,
“***” ХХК-ийн Х банкны *** тоот данснаас Ц.Дд зээлэв гэсэн утгатай 61.500.000 төгрөгийн дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 117-120 дахь тал/,
Н банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-6/356 дугаартай “…*** ХХК, П.П.Б, Д.П, Ц.Д, Ш.Ч, Ц.М нар нь манайд харилцагчаар бүртгэлгүй байна…” гэх утгатай албан бичиг /2хх-ийн 146-147 дахь тал/,
Хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 185 дахь тал/,
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 83 дахь тал/,
Ц.Нын Худалдаа Хөгжлийн банкны *** тоот данснаас Ц.Мын *** тоот дансанд нийт 17.400.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 189-223 дахь тал/,
Хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 105 дахь тал/,
Хохирогч Д.Уын Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас 9.000.000 төгрөгийг *** тоот дансанд 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн баримт /3хх-ийн 122 дахь тал/,
Иргэн Д.Бийн Х банкны *** тоот данснаас *** тоот дансанд ulambayar гэх утгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх-ийн 43 дахь тал/,
Иргэн Б.Дын Х банкны *** тоот данснаас *** тоот дансанд ulambayr гэх утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх-ийн 123 дахь тал/,
Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4хх-ийн 2 дахь тал/,
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4хх-ийн 20 дахь тал/,
П ББСБ-ийн Зээлийн анкет /4хх-ийн 22 дахь тал/,
А Банкны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №5 дугаартай “…Д.А нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийг нь зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү…” гэх албан бичиг /4хх-ийн 25 дахь тал/,
П ББСБ-тай Д.А, Ц.Д нарын байгуулсан 50.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ /4хх-ийн 27-29 дэх тал/,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/02043 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Шүүгчийн захирамж /4хх-ийн 37-38 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 79 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 158 дахь тал/,
Оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 159 дэх тал/,
Нийгмийн даатгалын лавлагаа /1хх-ийн 156 дахь тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч, Ц.Н, Б.Ч нарын “…гомдолгүй…” гэх агуулгатай хүсэлт /7хх-ийн 155-156 дахь тал/, “У” ХХК-ийн “…Ц.Д нь 2017 оноос хойш 800.000 төгрөгийн цалинтай хамтран ажиллаж байна…” гэх 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн т24/01 дугаартай албан бичиг /7хх-ийн 74 дэх тал/, “О” ХХК-ийн “…Ц.Д нь 2.5 сая төгрөгийн цалинтай 2019 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа…” гэх 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №0085 дугаартай албан бичиг /7хх-ийн 75 дахь тал/, “Е” ХХК-ийн захирлаар Ц.Дийг томилсон тухай хуулийн этгээдийн гэрчилгээ болон дүрэм /7хх-ийн 77-82 дахь тал/, Г ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /7хх-ийн 87 дахь тал/, Б банкин дахь Г ХХК-ийн 2020.07.21-ээс 2024.04.17-ны өдрийг хүртэлх дансны хуулга /7хх-ийн 83-86 дахь тал/, Ц.Дий хүүхэд болох О.Аын Амбулторын карт /7хх-ийн 88-92 дахь тал/ хохирогч Л.Сд 10 сая, Д.Ут 4.8 сая, Д.Пид 4.3 сая, З.Гөд 12.4 сая, Н.От 11.9 сая, Б.Сэд 5 сая төгрөг тус тус төлсөн дансны хуулга /хх-ийн 97-115 дахь тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 779 дугаартай Шийтгэх тогтоол /6хх-ийн 01-20 дахь тал/ зэрэг болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1. Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Л.Сийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, энэхүү үйлдлээ нуух, халхавчлах зорилгоор хохирогчтой “барьцаагүй зээлийн гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн тойргийн 1872 дугаартай нотариатчаар гэрчлүүлж, улмаар өөрийн эзэмшлийн Х банкны *** дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. хохирогч Б.Сэд өөрийгөө “Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Х банкны *** тоот өөрийн дансаар шилжүүлэн авсан,
3. хохирогч З.Гийг “Банк бус санхүүгийн байгууллагаас 7 хоногийн дотор 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, зээлийн хурал хуралдаж байгаа, шийдвэр гарах гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээл бүтээж өгсний урьдчилгаа болгож 25.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд байрлах Х банкны автомат тооцооны машинаас өөрийн төрсөн эх Б.Цийн *** дугаартай дансаар шилжүүлэн авсан,
4. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Чад Х банкнаас их хэмжээний зээлийг хүү багатай гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт хүлэг” авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд мобайл банк ашиглан 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.Оээс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны хооронд бусдын дансаар 16.370.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ““Н” Банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” хэмээн хохирогч Д.Пийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Х банкны Хүүхдийн 100 салбарын гадна түүнээс 60.000.000 төгрөгийг авсан,
7. 2021 оны 06 дугаар сард хохирогч Ц.Над банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Ц.Н нь *** тоотод байхдаа интернэт банк ашиглан 17.400.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
8. Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Уаас 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 7 удаагийн үйлдлээр 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. Иргэн Д.Атай хамтран түүний үл хөдлөх эд хөрөнгийг “П” ББСБ-нд зээлийн барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгчээр авхуулж, тус ББСБ-аас 49.500.000 төгрөг авснаас Д.А нь 10.000.000 төгрөгийг өөрөө авч үлдэн, 39.500.000 төгрөгийг Ц.Дий Х банкин дахь *** дугаартай данс руу шилжүүлсэн. Ц.Д нь Д.Аын тус байр “А” Банкны барьцаанд байсныг 16.510.000 төгрөгийн зээлээс чөлөөлүүлсэн. Үүнээс үлдэх 22.990.000 төгрөг дээр хохирогч Д.Ааас дахин Х банкин дахь *** дугаартай дансаар 2.000.000 төгрөг нэмж авсан буюу нийт 24.990.000 төгрөг авсан /3хх-ийн 224 дэх тал/ үйл баримтууд тогтоогдлоо.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 04 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сарын хооронд 9 удаагийн үйлдлээр 9 хохирогчоос мөнгө авсан үйл баримт тогтоогдсон. Дээрх 9 хохирогчоос мөнгийг авахдаа “солонгос улсын виз гаргаж өгнө, Төрийн орон сууцын корпорацид байранд оруулж өгнө, банк бус санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл гаргуулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нарыг хуурч, 9 хохирогч нараас нийт 186.894.000 төгрөгийг өөрийн болон дүү, ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан үйл баримт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “бусдыг хуурч, зохиол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах” арга хэлбэрээр бусдын өмчлөлийн эд зүйл, хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан байхыг залилах гэмт хэрэг гэж эрүүгийн хуульд хуульчилсан зохицуулсан. Хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг харвал шүүгдэгч нь Банк болон банк бус санхүүгийн байгууллагад ажиладдаггүй, уг байгууллагад таньдаг хүн байхгүй. Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаггүй, виз гаргах эрх бүхий байгууллагад ажилладаггүй, тэнд таньдаг хүн байхгүй атлаа хохирогч нарт “зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө” гэх мэтчлэн хуурч байгаа үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогч Д.Аыг залилсан үйлдлийг Иргэний журмаар шийдвэрлэгдсэн талаар ярьж байна. Шүүгдэгчийн хохирогч Д.Аыг залилсан үйлдлийн тухайд хуульд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж болох “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан” гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн байрыг хохирогч Д.Ааас аваад Банк бус санхүүгийн байгууллагад тавихдаа “урьд нь би таныг Солонгос улс руу явуулж өгч байсан. Та надад итгэж байгаа биз дээ” гэдэг байдлаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашигласан. Банк бус санхүүгийн байгууллагад тавьсан мөнгийг төлж чадахгүй болохоо шүүгдэгч нь өөрөө мэдэж байсан. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл урьд нь шийдэгдэж байсан хэрэг дээр хохирол, төлбөрөө төлөөгүйгээс харагдаж байгаа юм. Өөрөө төлөх боломжгүй гэдгийг мэдсээр байж тухайн хүний эд хөрөнгийг барьцаанд тавьж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Ц.Дийг залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Түүний гэмт хэргийн үйлдэл нь 2019 оноос 2021 оныг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн, гурваас дээш удаагийн үйлдэлтэй, бусдаас хуурч авсан эд хөрөнгө, эд зүйлийг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд, амжиргаанд зарцуулсан болох нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн шинж зэргээс харагддаг. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтад түүнийг нэр бүхий 2 компанид ажилладаг гэх тодорхойлолт байдаг. Уг баримтуудыг улсын яллагчийн зүгээс нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт гэж үзэж байна. Нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх учир шалтгаан нь дуртай нэгэн нь таньдаг хүнийхээ компани дээр очоод ажилладаг байсан гэх тоот гаргуулах бүрэн боломжтой. Прокурор, мөрдөгч эрх бүхий байгууллагаас тухайн компани руу албан ёсны тоот явуулаад авсан албан бичиг байсан бол үүнийг үнэлэх эсэх асуудал дээр арай өөрөөр яригдах байсан. Шүүгдэгч мөн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, уг дансны хуулгыг мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь тухайн дансны хуулга дээр 2019, 2021 оны дансны хуулга байхгүй байна. Шүүгдэгчийн гаргаж өгсөн дансны хуулга дээр зөвхөн 2020 оны “цементний үнэ” гэх орлогууд орж гарсан байдаг. Шүүгдэгчийн гэмт хэргийн үйлдлийн 3 үйлдэл нь 2019 оны 4, 8, 9 саруудад, үлдсэн 6 үйлдэл нь 2021 онд үйлдэгдсэн байдаг. Шүүгдэгчийн гаргаж өгсөн дансны хуулга бүхий баримтад 2019, 2021 онуудад түүний эзэмшиж байсан компанитай холбоотой, орлогын эх үүсвэрийг нотолсон ямар ч орлого ороогүй байна. Хэргийн материалд цугларсан нотлох баримт болон хохирогч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Ц.Д нь залилах гэмт хэргийг тус бүлэгт зааснаар “амьдралын эх үүсвэр болгож” хүндрүүлэн үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, хор уршгийн тухайд шүүгдэгч нь хохирогч Д.Аын байрыг барьцаанд 50.000.000 төгрөгөөр тавьж 23.330.000 төгрөгийг өөрийн дансанд авсан. Үүний дараагаар 15 хоногийн дараа “байрны банк бусын хүү төлөх хэрэгтэй байна” гэж хэлж хохирогч Д.Ааас 2.000.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр авсан байдаг. Шүүгдэгчээс хохирогч Д.Аын байрыг нь банк бус санхүүгийн байгууллагад тавьсан 25.330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ад олгуулах, хохирогч Д.Аын байртай холбоотой Иргэний шүүхээс шийдвэр гарсан байдаг. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээд нь тухайн банк бус санхүүгийн байгууллага ба уг нэхэмжлэгийн агуулга нь хохирогч Д.Аыг “байрны хүү, төлбөрийг төлөхгүй” байна гэсэн утга агуулга бүхий нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг Иргэний шүүхээс хангаж шийдвэрлэсэн байдаг. Иргэний шүүхийн шийдвэрт хохирогч Д.Ааас байрны хүүд 31.325.330 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Д.А нь уг мөнгөн дүнгийн тал хувийг Ц.Дөөс гаргуулмаар байна гэж нэхэмжилж байгаа. Иймд шүүгдэгч Ц.Дөөс хохирогч Д.Аын хохирол төлбөрт нийт 40.992.665 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогч Д.Пийн хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Ц.Д мэдүүлэгтээ “тухайн 60.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг П.Бы дансаар дамжуулан Д.П ах авсан. Мөн дүү болох Аын дансаар 10.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөг авсан” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар хохирогч Д.П нь 20.000.000 төгрөгийг буцааж авсан болох нь тогтоогдохгүй байгаа тул хохирогч Д.Пийг бодитоор авсан хохирол төлбөр болох 4.300.000 төгрөгийг 60.000.000 төгрөгөөс хасаад үлдэгдэл 55.700.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Пид олгох нь зүйтэй байна. Бусад хохирогч нар болох З.Гөд 12.400.000 төгрөг, Л.Сд 500.000 төгрөг, Н.От 4.250.000 төгрөг, Д.Ут 6.400.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Дөөс гаргуулж олгуулах саналтай байна...” гэх агуулгаар гаргав.
Иргэдийн төлөөлөгч М.Даваацэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Дийг гэм буруутай байна гэж дүгнэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгчөөр түүний анхны холбогдсон 2018 оны хэргээс авхуулаад ажилласан. Тухайн үед хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх манай хүсэлтийг хүлээж аваагүй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хэргээ нэгтгүүлж шалгуулах агуулга бүхий гомдлыг мөн гаргаж байсан боловч хүлээж аваагүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийг өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан гэх үндэслэлийг гаргаж, түүний эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсгэж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөлөх боломжгүй болж миний үйлчлүүлэгч Должинсүрэн, Гансүх гэх өмгөөлөгч нараар өмгөөлүүлсэн байдаг. Энэ хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримт үйлчлүүлэгчийн талаар өмгөөлөгчийн зүгээс хангалттай мэднэ. Өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөгч Должинсүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн байна гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь ажил төрөл байхгүй, амьдралын наад захын идэж, уух, өмсөх, зүүх гээд бүх зүйлд зарцуулсан байхыг хэлэх байх гэж ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохироосон хохирогч нарт хохирол төлбөрөөс огт төлсөн зүйл байхгүй бол биш боломжоороо тухайн цаг хугацаанд төлж барагдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч нэр бүхий 9 хохирогчийг хохироосон үйлдэл дээрээ ямар нэгэн байдлаар маргаж байгаа зүйл байхгүй. Энэ хэрэг өмнө нь 2023 оны 05 дугаар сард анхан шатны шүүхээр шийдэгдэж байсан. Тэр үед улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Шүүх прокурорын яллах дүгнэлтээр гэм буруутайд тооцсон байдаг. Уг шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч, хэргийн оролцогч нар бүгд л хүлээн зөвшөөрч хэргийг шийдсэн байдаг. Гэтэл өнөөдөр улсын яллагч зүйлчлэлээ өөрчлөөд яллах дүгнэлт үйлдэж оруулж ирээд шүүх хуралдаанд явагдаж байхад дахин л зүйлчлэл зөв байна гэх зүйлийг ярьж байгааг өмгөөлөгчийн зүгээс гайхаж байна. Миний үйлчлүүлэгчийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон эсэх нь эргэлзээтэй, зөрчигдсөн байдал харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. 2023 оны 05 дугаар сард гарсан анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тоож шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар энэ хэрэг яг ямар нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг өөрчилсөн болохыг өмгөөлөгчийн зүгээс учир дутагдалтай байна гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн үйл баримт болон нотлох баримт хэргийн материалд авагдаагүй гэж үзэж байна. Хохирогч нарын хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Пийг 39.000.000 төгрөгийн хохиролтой байна гэж үзэж шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаан дээр хохирогч Д.Пийн хохирол, төлбөр нь 55.000.000 төгрөг болчихсон ялгаатай асуудал байна. Үүний ялгаатай байдал нь өмнөх шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг дүгнэхдээ хэргийн үйл баримтад дурдагдаж байсан П.Б, Аын дансаар авсан гэх 20.000.000 төгрөгийг хасаж тооцсон байсан, уг тооцож шийдсэн нь үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хохирогч Д.Аыг хохиролтой холбоотой асуудлын тухайд энэ асуудлаар Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч хэрэгсэхгүй болсон байсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж харж байгаа. Өмгөөлөгчийн байр суурийн тухайд энэ гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байна. Мөн миний үйлчлүүлэгч өөрийн хувийн байдал, ажил эрхлэлтэй холбоотой баримтуудыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өглөө. Заавал нийгмийн даатгал төлдөг болохоо тогтоох баримт гаргаж өгөх боломж бололцоо тааруу байлаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугийн дүгнэлтээ эхлэхээс өмнө хэд хэдэн зүйлийг тодруулж тайлбар хийе. Нэгдүгээрт өнөөдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах болсон шалтгаан нь шүүгдэгчийн өөрийнх нь сонголт байсан. Өмгөөлөгчийн зүгээс ажлынхаа чиг үүргийн хүрээнд хууль зүйн туслалцаа өгч ажилласан. Шүүх бүрэлдэхүүн өнөөдрийн үйл явцаас шалтгаалаад өмгөөлөгч намайг шүүх хуралдааныг санаатай удаашруулж, хойшлуулах гэж байгаа мэтээр ойлгож байгаа юм шиг мэдрэмж, ойлголт өмгөөлөгчид төрж байна. Миний бие өмгөөлөгчөөр өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллахдаа дээр дурдсанчлан башир аргаар шүүх хурлыг хойшлуулж үзээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Өмгөөлөгч миний бие 2 нялх хүүхэдтэй, 2 хүүхдээ төрөхөөс өмнө энэ хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийнхөө үүргийг биелүүлье гэж бодсны үндсэн дээр өнөөдрийн шүүх хуралдаанд очсон. Миний зүгээс 2 сар ч хүрээгүй нялх хүүхэдтэй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаад явах боломжтой байсан. Тэгэхдээ миний зүгээс тийм асуудал гаргаагүй, мөн нялх хүүхэд гэх шалтгаанаар Ц.Дийг “өөр өмгөөлөгч ав” гэж зөвлөсөн бол энэ хэрэг бүүр удаашрах байсан. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс шүүхийн ачаалал харж энэ хэргийг удаашруулахгүй шийдвэрлүүлэхийн үүднээс өөр өмгөөлөгчид хэргийг шилжүүлэхгүй өөрөө шүүх хуралдаанд оролцоод явж байна. Шүүх хуралдааны явцад хүүхэд уйлаад маш хүнд нөхцөл байдал үүсээд өөрийнхөө сэтгэл зүйг барьж чадахгүй сэтгэлийн эмоцийг шүүх хуралдааны явцад илэрхийллээ, үүнээсээ хүлцэл өчиж байна. Хамгийн гол нь шүүгч, прокурор, өмгөөлөгч нар хүн байгаасай, хүний эрхийг хүндэтгэдэг байгаасай, нялх хүүхдийн эрхийг хүндэтгэдэг байгаасай, нялх биетэй ээжийг ойлгодог байгаасай гэх хүсэлттэй байна. За ингээд өмгөөллийн үгээ танилцуулъя. Миний үйлчлүүлэгч Ц.Д нь нийт 9 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдаж байгаа. Үүнээс 2019 онд 4 үйлдэл, үлдсэн 5 үйлдэл нь 2021 онд үйлдэгдсэн байдаг. 2019 онд нийт нэр бүхий 4 хохирогчид хохирол учруулсан, уг хохирлын хэмжээ нь 70.000.000 төгрөг, 2021 оны үйлдлийн нийт хохирол нь 110.000.000 төгрөг байдаг. Өнөөдрөөс 1 сарын өмнө энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн залилах гэмт хэрэг гэж зүйлчлэгдэж байсан. Гэтэл одоо энэ хэргийн зүйлчлэл хүндэрч амьдралын эх үүсвэр болгож залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амьдралын эх үүсвэр болгосонтой холбоотой ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Шүүгдэгчид мөн өөрийнхөө гэмт хэргийн үйлдлийг амьдралын эх үүсвэр болгож үйлдээгүй болохыг нотлох цаг хугацаа байгаагүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авсан нотлох баримт, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар явагдсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч Ц.Дийг өөрөө амьдралын эх үүсвэр болгоогүй болохоо нотол гэсэн байдлаар хандаж байгааг өмгөөлөгчийн зүгээс буруу гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Түүнийг гэм буруутай болохыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй. Гэтэл хэргийн материалд цугларсан нотлох баримтад шүүгдэгчийг залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн болохыг нотолсон ямар ч баримт авагдаагүй. Улсын дээд шүүх залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон гэх заалтыг тайлбарласан байдаг. Уг тайлбарт залилах гэмт хэргийг үйлдэхдээ амьдралынхаа хэр их цаг хугацааг зарцуулсан болох, уг залилж байгаа үйлдлийн үр дүнд олж байгаа орлого нь амьдралынх нь бүх хэрэгцээнд зарцуулагдаж байгаа эсэх, түүнээс өөр орлого олоогүй байсан уу гэх мэт зүйлүүдийг тогтоох, нотлох шаардлагатай байсан. Гэтэл энэ хэрэгт эдгээр зүйлүүдийг шалгаж, тогтоогоогүй. Эдгээр тогтоох ёстой зүйлийг шалгаж тогтоогоогүй атлаа шүүгдэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн дансны хуулгаар 2019, 2021 онд ямар нэгэн орлого орж ирээгүй байна гэдгээр түүнийг амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж гэм буруутайд тооцох боломжгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох санал гаргаж байгааг хэрэгсэхгүй болгож хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх саналтай байна...” гэв.
Хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Д.У нь шүүгдэгч Ц.Дий Х банкны тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн байдаг. Миний үйлчлүүлэгчийн нийт хохирлын хэмжээ 11.200.000 төгрөг. Шүүгдэгч Ц.Д нь 1.200.000 төгрөгийг авахдаа 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөгийг ээжийнхээ дансаар авсан. Харин үлдсэн 700.000 төгрөг нь миний үйлчлүүлэгч Д.Уын Солонгос улсаас ирсэн билетний үнэ байдаг. Уг мөнгийг миний үйлчлүүлэгч шүүгдэгч Ц.Дий данс руу шилжүүлэх болсон учир шалтгаан нь шүүгдэгч Ц.Д нь Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж хэлж дээрх мөнгийг миний үйлчлүүлэгчээс авсан байдаг. Шүүгдэгч Ц.Д нь гадаад улсын виз гаргах эрх бүхий этгээд биш, Элчин сайдын яаманд түүнд таньдаг хүн байхгүй. Тэрээр Солонгос улсын мултьти виз гаргаж өгч чадахгүй гэдгээ мэдсээр байж миний үйлчлүүлэгчийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирол учруулсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. “Залилах” гэмт хэрэг нь хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжтэй үйлдэгддэг. Шүүгдэгч Ц.Дий хувд гэмт хэргийн үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө эсхүл түүний эзэмших өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт өгөхгүй, төлбөрийн хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтэйгээр залилах гэмт хэргийг үйлдсэн. Залилах гэмт хэргийн бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог шинж нь гэмт хэрэг үйлдэгч этгээдийн зүгээс гэмт санаа, бодлоо хэрэгжүүлэхдээ хохирогчтой цахим хэрэгсэл, найз нөхдийн, ажил хэрэг, ах дүү хамаатан садангаар нь дамжуулж харилцаа тогтоож хохирогчийн сэтгэхүй, сэтгэл зүйд нь нөлөөлж эд хөрөнгийн харилцаанд орсноор ашигтай байдал үүснэ гэсэн ойлголтыг төрүүлдгээрээ бусад гэмт хэргээс ялгаатай. Миний үйлчлүүлэгч нь Бүгд Найрамдах Солонгос улс руу түр хугацааны визээр явсан. Энэ нь шүүгдэгч Ц.Дтэй холбоотойгоор түүний виз гаргаж өгсний үр дүнд яваагүй болохыг дурдаж байна. Учир нь миний үйлчлүүлэгчийн виз шүүгдэгч Ц.Дөөс хамааралгүйгээр гарсан байдаг. Мөн шүүгдэгчийн оролцоотой байсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Залилах гэмт хэргийн хууль зүйн ойлголтод тайлбарлахдаа “гэмт хэргийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг харьцангуй удаан хугацаанд 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж уг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл хамаарал бүхий хүмүүсийн амжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилгоор үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулдаг ба шүүгдэгчийн үйлдэл нь уг хууль зүйн ойлголтоор бүрэн тайлбарлагдаж байгаа. Хууль зүйн ойлголтыг хангаж байгаа дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралын хэвшил болсон. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор хууль бус аргаар өөрийн болгож амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга илэрхийлж үүнийгээ амжиргааныхаа, эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байна гэх Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэм буруутайд тооцсон дээр өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна. Мөн миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрөөс үлдсэн 6.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.
Хохирогч Д.Пийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Ц.Д нь миний үйлчлүүлэгчид 60.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан. Миний үйлчлүүлэгчийг ямар аргаар хэрхэн залилсан болох, хэргийн үйл баримт өнөөдрийг хүртэл хугацаанд миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрийг ямар учир шалтгаанаар барагдуулаагүй болох нь бүгд хавтаст хэрэгт тусгагдсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт зэргээр шүүгдэгч Ц.Д нь залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ хэрэг өмнөх нь анхан шатны шүүхээр шийдэгдэж байсан. Тухайнд үед хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Үүний дагуу шүүх хурал явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Талууд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж шийдвэрлэх ёстой талаар магадлал гарсан. Анхан шатны шүүхээр хэрэг дахин хэлэлцэх үед өмгөөлөгч миний зүгээс энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн хууль ёсны зарчмын 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэх заалтыг зөрчсөн байна гэх үндэслэлийг дүгнэлтдээ дурдаж хүсэлт гаргасан байдаг. Үүний дагуу шүүх талуудын мэтгэлцээн өмгөөлөгч нарын дүгнэлт, хэргийн бодит байдал зэргийг харгалзан үзэж шүүгчийн захирамжаар шүүх хурлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хүртэл хоногоор хойшлуулсан. Шүүх хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд хийгдсэн ажиллагаагаар шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Шүүгдэгч Ц.Дий эрхэлж байсан ажил нь тодорхойгүй, түүний ажил хийдэг байсан эсэх нь хөдөлбөргүйгээр нотлогддоггүй. Хохирогч нараас авсан их хэмжээний мөнгийг зарцуулсан зарцуулалтыг нь харвал өөрийнхөө амьдралын хэрэгцээнд зарцуулсан үйл баримт болон хохирогч нараас нэг арга хэлбэрээр мөнгө авсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байнга үйлддэг байх шинжтэй байдаг. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Цэрэнханд болон миний бие шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс тодорхой асуусан. “Та тухайн үед яг ямар ажил эрхэлж байсан бэ, таны сарын орлого хэдэн төгрөг вэ, та амьдралаа юугаар залгуулж байсан бэ” гэх мэтчлэн асуусан. Уг асуултад хэрхэн хариулж байсан нь өмнөх шүүх хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Шүүгдэгч Ц.Д нь А, П.Б нарт тус бүр 10.000.000 төгрөг өгсөн. Дээрх 2 хүнд 10.000.000 төгрөг өгөх болсон шалтгааныг миний үйлчлүүлэгч Д.Пийг “өг гэж хэлсэн болохоор, Д.П ах данс руу нь хийчих гэж мессеж бичиж байсан учир” П.Б, А нарын данс руу мөнгийг хийж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл хэргийн үйл баримтад ийм зүйл болоогүй. Миний үйлчлүүлэгч дээрх хоёр хүнээр дамжуулан шүүгдэгч Ц.Дөөс 20.000.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдоогүй, миний үйлчлүүлэгч 60.000.000 төгрөгөөс тухайн цаг хугацаанд 20.000.000 төгрөгийг буцааж авсан зүйл байхгүй. Иймд миний үйлчлүүлэгчид учирсан 60.000.000 төгрөгийн хохирлоос 20.000.000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлгүй юм. Шүүгдэгч Ц.Д нь “Н” банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж өгнө гэж миний үйлчлүүлэгч Д.Пийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож үйлдлийг гүйцэтгэсэн нь тухайн залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, миний үйлчлүүлэгчид учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл болох 55.700.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Хохирогч нарыг хохироосон үйлдэлдээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Хохирол төлбөрийг тодорхой хугацаанд бүрэн төлж чадаагүй өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэндээ үнэхээр их гэмшиж байна. Хохирогч нараасаа уучлалт гуйж байна. Миний гэм буруутай үйлдэл мөн. Цаашид үлдсэн хохирол төлбөрөө төлж барагдуулна...” гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Дий гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв.
Хохирогч Л.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Ц.Дтэй холбогдож ярихад Ц.Д нь манай эгч БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг, материалаа бүрдүүлээд өгвөл манай эгч таны материалыг татаж аваад гаргадаг, 1 жилийн хугацаатай мульти виз даруулахад 15.000.000 төгрөг болдог гэж хэлсэн. Тэгхээр нь итгээд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Дий *** тоот дансанд 15.000.000 төгрөг шилжүүлж миний гадаад паспортыг авсан бөгөөд, манай нөхөр Идэрмөнхийн паспортыг өөрөө зуун айлын иргэний бүртгэлээс гаргаж аваад виз дараад өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг мөнгөө яаж өгөх вэ гэхэд Ц.Д хоёулаа нотариат ороод “зээлийн гэрээгээр хийнэ” 70 хоногийн хугацаатай, барьцаагүй хүүгүй, алдангигүй гэж хэлж бичүүлнэ шүү эгчээ, тэгээд таны виз 70 хоногийн дотор гарчихна гэж надад хэлсэн…” гэх мэдүүлэг /1хх-ийн 12 дахь тал/,
Хохирогч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…хамгийн анх 2020 оны 01 дүгээр сарын үед тэр хүн надад гадаад паспорт гаргаж өгнө гэж хэлээд Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд байнгын паспорттой ногоон паспорттой болгож өгнө гэж хэлээд надаас тэр өдөр 15.000.000 төгрөг авч байсан юм. Ингээд тэрнийхээ дараагаар нь корона гараад хил хаагдаад байна гэж хэлээд намайг хүлээж байгаарай гэж хэлж байсан юм. Тэгээд дараагаар нь манай байрыг 50 сая төгрөгийн барьцаанд надаар тавиулаад тэгээд тэр П ББСБ-аас бэлнээр 49.500.000 төгрөг надаар авхуулаад тэр мөнгийг бүгдийг нь миний данс руу оруулаад тэгээд тэрнийхээ дараагаар нь Ц.Д нь 39.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлж авч байсан байсан юм. Дараагаар нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ц.Д нь дахиад 1 сая төгрөг дансаараа авч байсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин нэг сая төгрөг авч байсан, ингээд нийтдээ 56.500.000 төгрөг надаас авсан байдаг юм…” гэх мэдүүлэг /3хх-ийн 221 дэх тал/,
Хохирогч Д.Пийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр П.Б над дээр ирээд би Нинг ББСБ-аас тэрбум төгрөгний зээл авахаар Ц.Д гээд хүүхэнтэй яриад тохирсон. 7 тэрбум төгрөгний зээл гаргахад Ц.Дд 60.000.000 төгрөгийг ажил бүтээж өгөх мөнгө гэж өгөхөөр боллоо гэж надад хэлээд надаас мөнгө асуусан. Би тухайн үед өөрийн төрсөн дүүгийн охин Равданбямбын Оюундэлгэрийн /99166714/ дансанд байсан мөнгөнөөсөө 65.000.000 төгрөгийг П.Бы *** ХХК-ны *** дугаартай дансанд хийлгэсэн. Учир нь П.Б зээл хөөцөлдөх Ц.Дийг таньдаг болохоор П.Бы компани руу хийсэн юм. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо хүүхдийн 100-н Х банкин дээр ирээд П.Бы *** ХХК-ны данснаас 60.000.000 төгрөгийг бэлнээр аваад банкны урд талын зогсоол дээр Ц.Дий *** УБХ улсын дугаартай авто машин дотор бичлэг хийж байгаад бэлнээр өгсөн. Тухайн үед Ц.Д надад Нинг ББСБ-аас барьцаа хөрөнгөгүйгээр 7.000.000.000 төгрөгний зээлийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд гаргаж өгнө гэж бичиг хийж өгөөд надаас 60.000.000 бэлнээр авч явсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч зээл гаргаж өгөөгүй. Би Ц.Дийг залилангийн эмэгтэй, өөр хэрэг дээр шалгагдаж шүүхээр орох гэж байгаа гэдгийг саяхан мэдсэн. Энэ хүртэл хугацаанд би П.Быг чи зээл гаргуулна гэж надаар 60.000.000 төгрөг өгүүлсэн юм чинь чи мөнгөө олж ир гэж хэлдэг байсан…” гэх мэдүүлэг /2хх-ийн 136-137 дахь тал/,
Хохирогч З.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би Хөвсгөл аймагт орон сууц барьж байгаад манай барилгын ажил цалин хөлсний ажил дээрээ гацчихаад мөнгө хэрэг болоод байж байтал зүс таних А гэх эмэгтэй надад нэг зээл гаргадаг хүн байгаа гэж Ц.Д гэх эмэгтэйг ярьж санал болгосон. Тэгээд намайг Ц.Дтэй уулзуулж холбож өгсөн. Тэгээд Ц.Д гэх эмэгтэй надад банк бусд надад таньдаг хүн байгаа би чиний зээлийг 7 хоногийн дотор гаргаад өгнө гэж хэлсэн. Мөн тухайн зээлийн 10 хувийг би авна, чи эхний ээлжинд урьдчилгаанд 5 хувийг өг гэж хэлээд надаас 20 саяар нэг удаа 5 саяар нэг удаа 3 саяар нэг удаа тус тус нийт 28 сая төгрөг авсан .Тэгээд зээл чинь яасан бэ гэж асуухад 7, 7 хоногоор хойшлуулаад одоохон болж байна бүтэж байна банк бусын захирлууд хуралдаж байна, шийдэж байна гэж хэлсэн. Тэгсээр байгаад 7 хоногийн дараа гэсэн зээл 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг болтол хүлээлгэж худал ярьж сүүлдээ цагдаагаараа шийдүүл гэж хэлэх болсон…” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143 дахь тал/,
Хохирогч Н.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би өөрийн охин Аын *** тоот Х банкны данснаас Ц.Дий надад өгсөн Х банкны ***, ***, *** гэх бусдын данс руу нийт 9.970.000 төгрөгийг /нэмээд би өөр хүнээс зээлж эдгээр данс руу нэмж мөнгө хийлгэсэн. Тэдгээр мөнгөний тооцоо энд ороогүй байгаа/ надаар шилжүүлүүлж авсан ба анх хэлэхдээ надад зээл хөөцөлдөж өгнө, энэ авсан мөнгөө өөр хүнд хахууль маягаар дамжуулан өгч байгаа юм гэж надаас шилжүүлүүлэн авсан. Анх ярихдаа 200.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, 20.000.000 төгрөгийг хүнд хахууль маягаар өгнө, би тэндээс тодорхой хувиа авна гэсэн ба би шууд өгөх 20.000.000 төгрөг байхгүй учир цувуулан өгсөн. Тэгээд надад зээл удахгүй гарна гэсээр өдийг хүрсэн, би цагдаагийн байгууллагад хандсан. Анх надад Н гэх эрэгтэй Ц.Дийг банкинд ажилладаг эдийн засагч гэж танилцуулсан. Миний ойлгосноор Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хүмүүст их хэмжээний мөнгөний хохирол учруулсан, тэрийгээ олохоор над шиг хүмүүсээс иймэрхүү байдлаар мөнгө аваад байна гэж ойлгосон. Манай танил эгч Ц.Н гэгчээс яг иймэрхүү байдлаар Ц.Д нь 20.000.000 төгрөг авсан ба тэр ч бас цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Над руу сүүлд чатаар би өөрт чинь нэг ч төгрөг төлөхгүй ээ, би угаасаа шоронд сууна гэсэн утгатай чат бичээд байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 240 дэх тал/,
Хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай найз Т надтай уулзаад Буянт-Ухаа 2-т түрээсийн орон сууцанд зуучилж оруулж өгөх хүн байна чи орох уу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Ц.Д гэгчтэй энэ өдрийнхөө орой нь уулзаад 18 дугаар сургуулийн дэргэд уулзаж ярилцаад данс руу нь 10 сая төгрөг байрны урьдчилгаа гэж 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Х банкнаас шилжүүлсэн юм. Ц.Д нь ТОСК-д ажилладаг таны хувьд 6 хүүхэдтэй болохоор боломжийн, түрээсийн болзолд нь багтахаар юм байна, байрандаа 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орно гэж хэлсэн. Тэгээд байрандаа ороогүй, Ц.Д сураггүй болоод өнөөдрийг хүрлээ. Надтай ердөө холбогдохгүй, зугтаагаад байгаа. ТОСК-д ажилладаг гэж байсан тэр нь худлаа байсныг сүүлд мэдсэн юм. *** гэсэн дугаартай байснаа одоо тэр нь хаагдсан байсан. Гэрийн хаяг зэргийг мэдэхгүй, тэр үедээ итгээд мөнгөө өгсөн, дараа нь залилуулснаа мэдсэн…” гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/,
Хохирогч Б.Чын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хамгийн анх 2021 оны 02 дугаар сард багийн найз Б.Б /***/-аас Ц овогтой Ц.Д гэдэг хүнийг жижиг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад, зээл гаргадаг Банкинд ажилладаг эдийн засагч, хөнгөлөлттэй зээл олгоход тусалдаг, ер нь зээл бүтээж өгдөг хүн гэж сонссон юм. Манай найз Б.Батбаяр банкнаас зээл авах гээд тухайн үед Ц.Дд итгээд найдвартай хүн гэж бодоод 5.000.000 орчим төгрөгийг Ц.Дд дансаар шилжүүлж өгсөн байдаг юм. Тэгээд найз Батбаярыг итгээд Ц.Д гэх хүнд 5.000.000 төгрөг шилжүүлээд өгчихсөн гэхээр нь найдвартай зээл гаргаж өгдөг хүн юм байна гэж бодоод би 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хороо, Ивээлт хүлэг авто засварын гадна байх үедээ өөрийн интернэт банкаар дамжуулж Ц.Дий надад өгсөн *** дансанд банкнаас 50.000.000 төгрөгийн зээл гаргуулах зорилгоор 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн юм. Би анх 2021 оны 04 дүгээр сард их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах байрны ойролцоо Ц.Дтэй биеэр уулзсан бөгөөд, тухайн үед надад өөрийгөө Х банкинд ажилладаг гэж ойлгуулсан тэр өдөр надтай хамт Б.Бын эхнэр М хамт явж байсан юм. Би тэр өдөр М, Ц.Д хоёрыг хоолонд оруулаад, хэрхэн банкнаас зээл авах талаар ярилцсан бөгөөд, Ц.Д нь яг л зээлийн эдийн засагч шиг та нар ямар үйл ажиллагаа явуулах гэж зээл авах гэж байгаа юм бэ, таны сарын орлого хэд вэ буцаагаад авсан зээлээ хэрхэн төлөх вэ, банкнаас нарийн шалгалт хийдэг гэх зэргээр надтай ярилцаж намайг төөрөгдөлд оруулсан бөгөөд, надад иргэний үнэмлэхээ өгөөд, таны зээлийг бид нар нэг хоногийн дотор гаргах юм байна гэж надад хэлсэн…” гэх мэдүүлэг /1хх-ийн 200 дахь тал/,
Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Хамгийн анх 2021 оны 06 дугаар сард би өөрийн танил Н.Оээр дамжуулж, Банк болон Банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргаж өгдөг гэх Ц овогтой Ц.Дтэй *** манай компаны оффис дээр танилцаж байсан. Тухайн үед манай дүү нар зээл хөөцөлдөөд болохгүй байсан бөгөөд, Н.Оийг зээл гаргадаг ийм хүн байна гэхээр нь Цийн Ц.Дтэй уулзаж танилцсан юм. Ц.Д надад хэлэхдээ би зээл гаргаж өгснийхөө төлөө 10 хувийг ашиг болгож авдаг юм шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Дд хандаж хэрвээ чи зээл гаргаж чаддаг юм бол эхлээд зээлээ гаргаадах гэж хэлсэн. Ц.Д надад зээл гаргаж өгнө гэж хэлээд надаас зээлийн материалын бүрдүүлэлт болгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, иргэний үнэмлэхний хуулбар, дансны хуулга зэрэг баримтыг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн орчимд авсан. Тэгээд материал авснаас хойш 2 хоногийн дараа над руу утсаар залгаад, удахгүй зээл гарах гэж байна, одоо ахиж нэмэлтээр хурууны хээгээр авдаг, оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг бусад тодорхойлолтуудыг авхуулсан. Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ц.Д над руу утсаар залгаад эгчээ надад мөнгө хэрэгтэй болчихлоо, би хувиасаа гуйж байна гээд надаас 1.000.000 төгрөг *** тоот М гэх дүүгийнхээ дансаар авсан. Тэгээд л надтай ярих болгондоо л есөн шидийн юм яриад удахгүй зээл гарна, мөнгө цаас хэрэгтэй байна. Зээл гаргах гэж байгаа хүнд нь мөнгө хэрэгтэй болчихлоо, таны зээл гараад ирэхээр би мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлсээр байгаад, нийт 7 удаагийн үйлдлээр нийт 17.400.000 төгрөгийг дүү Мын *** тоот дансаар надаас залилан мэхэлж авсан. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 25-ны орчимд Ц.Дтэй уулзаад чи одоо есөн шидийн үлгэр ярихаа боль би чамаар зээл гаргуулахаа болилоо, би мөнгөө авмаар байна гэж шаардахад би удахгүй мөнгийг чинь өгнө эгчээ гэж хэлсэн бөгөөд сүүлдээ утсаа авахаа болиод таг алга болсон, угаасаа залгаад утсаа авдаггүй…” гэх мэдүүлэг /2хх-ийн 185 дахь тал/-үүдийг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Д нь Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж Л.Сэс 15.000.000 төгрөгийг, Д.Уаас 11.200.000 төгрөгийг, Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байранд оруулж өгнө гэж Б.Сээс 10.000.000 төгрөгийг, иргэн Д.Ааас байрыг нь барьцаанд тавиад удахгүй буцаагаад авч өгнө гэж 24.990.000 төгрөгийг, “Н”, “Т” Банк бус санхүүгийн байгууллага болон Х банкнаас зээл гаргуулж өгч чадна гэж З.Гөөс 28.000.000 төгрөгийг, Б.Чаас 5.000.000 төгрөгийг, Н.Оээс 16.370.000, Д.Паас 60.000.000 төгрөгийг, Ц.Наас 17.400.000 төгрөгийг шилжүүлэн авахдаа эдгээр мөнгийг хүссэн зээлийнх нь үнийн дүнгийн 10 орчим хувьд тооцох байдлаар урьдчилгаа хэлбэрээр ойлгуулан авч банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч, Төрийн орон сууцны корпорац, БНСУ-руу виз зуучилдаг байгууллагын зохих ажилчин буюу таньдаг хүндээ өгөх гэж байгаа болон өөрийн ажлын хөлс мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар эд хөрөнгө шилжүүлэн авсан байна гэж дүгнэлээ.
Мөн зохиомол байдлыг бий болгож, хуурч, төөрөгдөлд оруулсан болох нь шүүгдэгч БНСУ-ын элчин сайдын яам болон тус байгууллагатай хамтран ажилладаг байсан тухай ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд “Т” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 21/314 дугаартай албан бичигт “*** ХХК 400.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийг судлах боломжгүй тул холбогдох материалыг буцаан олгосон” гэх албан бичиг /1хх-ийн 174 дэх тал/, “Н” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-6/204 дугаартай “***” ХХК нь манай байгууллагын харилцагчаар бүртгэлгүй байх бөгөөд зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 176 дахь тал/, “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1/249 дугаартай Ц.Д /РД: ***/ нь тус компанид ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт /1хх-ийн 109 дэх тал/-оор давхар нотлогдож байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.
Хохирогч Д.Аын байрыг зээлийн гэрээний барьцаанд тавихдаа зээлийн гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй буюу аливаа гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээний үүргийн биелэлтийн талаар харилцан дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааны иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх юм.
Иймд хохирогч Д.А шүүгдэгч Ц.Д нарын хамтран хариуцагчаар байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр боловч зээлийг эргүүлэн төлж, байрыг барьцаанаас суллах талаар зээлийн гэрээний дагуу үүргийн биелэлтийг гүйцэтгээгүй байх тул анхнаасаа эргүүлэн төлөх ямар нэг санаа зорилго агуулаагүй байна гэж шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэжээ.
Иймд дээрх нэр бүхий 9 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 187.960.000 төгрөг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхэд халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хүндрүүлэх шинжийн хувьд:
Шүүгдэгч Ц.Дий үйлдлийн улмаас нийт 187.960.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд тооцогдохоос гадна мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь:
- хохирогч Л.Сэс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийг шилжүүлэн /1хх-ийн 36 дахь талын ар тал/ авсан,
- хохирогч Б.Сээс 2019 оны 08 дугаар сарын 23-ны 10.000.000 төгрөгийг шилжүүлэн /1хх-ийн 112 дахь тал/ авсан,
- хохирогч З.Гөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг шилжүүлэн /1хх-ийн 169 дэх тал/ авсан,
- хохирогч Б.Чаас 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн /1хх-ийн 212 дахь талын ар тал/ авсан,
- хохирогч Н.Оээс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2.680.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 130.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 810.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1.200.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2.700.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 150.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 800.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөгийг, нийт 16.370.000 төгрөгийг шилжүүлэн /2хх-ийн 42-62 дахь тал/ авсан,
- хохирогч Д.Паас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгийг бэлнээр /2хх-ийн 109-118 дахь тал/ авсан,
- хохирогч Ц.Наас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны 1.500.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 300.000 төгрөгийг, нийт 17.400.000 төгрөгийг өөрийн төрсөн дүү Ц.Мын Х банкны *** дугаартай дансаар шилжүүлэн /2хх-ийн 189-223 дахь тал/,
- хохирогч Д.Уаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөгийг, нийт 10.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн /1хх-ийн 43-44, 3хх-ийн 122-123 дахь тал/ авсан,
- хохирогч Д.Ааас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 39.500.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгийг, нийт 41.500.000 төгрөгийг шилжүүлэн /3хх-ийн 224 дэх тал/ авсан байна.
Иймд шүүгдэгч Ц.Дий холбогдсон үйлдлүүд нь 2019-2021 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр харьцангуй тогтвортой байнга үйлдэж байсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 2106 00861 1079 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Дий 9 удаагийн үйлдлийг нь гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс гадна шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан баримт болох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээхдээ мөн л Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэх аргаар 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны 6 үйлдэлд гэм буруутайд тооцогдсон байгааг дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл нэг төрлийн үйлдлийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.
Харин шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч нараас өөр орлогын эх үүсвэртэй байсан гэж маргаж нэр бүхий хуулийн этгээдүүдээс тодорхойлолтыг шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн боловч эдгээр баримт нь хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалин, орлого авч байсан гэх дансны хуулга гэхчлэн бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд тус тус зааснаар татвар ногдох орлого олж байсан бол түүнээсээ хуульд заасан хувь хэмжээгээр ногдох татвар, шимтгэлийг төлөх үүргийг тус хуулиудад хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүнээс эдгээр хүмүүсээс авсан мөнгийг юунд зарцуулдаг байсан талаар асуухад өөрийн хэрэгцээнд зориулж зарцуулдаг байсан тухайгаа тайлбарласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан байх тул Ц.Дийг Л.С, Д.У, Б.Сэ, З.Г, Б.Ч, Н.О, Д.П, Ц.Н , Д.А нарын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай шинж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Д нь дээрх үйлдлүүдийг хийх үедээ тухайн эд хөрөнгийг буцааж төлөх, эсхүл харилцан тохирсны дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаагүй, хөрөнгө мөнгийг нь шилжүүлээгүй нь бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар үйлдэж, тухайн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан, мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чАыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж Л.Сэс 15.000.000 төгрөгийг, Д.Уаас 11.200.000 төгрөгийг, Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байранд оруулж өгнө гэж Б.Сээс 10.000.000 төгрөгийг, “Н”, “Т” Банк бус санхүүгийн байгууллага болон Х банкнаас зээл гаргуулж өгч чадна гэж З.Гөөс 28.000.000 төгрөгийг, Б.Чаас 5.000.000 төгрөгийг, Н.Оээс 16.370.000, Д.Паас 60.000.000 төгрөгийг, Ц.Наас 17.400.000 төгрөгийг, Н.Д.Ааас 24.990.000 төгрөгийг тус тус төгрөгийг шилжүүлэн авчээ.
Д.Паас 60 сая төгрөгийг П.П.Баар дамжуулан авсан нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ тухайн эд хөрөнгийг гаргуулж чадах итгэл хүлээсэн гуравдагч этгээдээр нь дамжуулан өмчлөгч этгээдийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлж авахдаа П.П.Бд өгсөн 10 сая төгрөгийг өгсөн бөгөөд тус 10 сая төгрөгийг Д.Паас зээлсэн нийт мөнгөн дүнгээс хасуулж тооцуулах талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцэж байгаа боловч энэ нь зөвхөн Ц.Д болон П.П.Б нарын хооронд тохиролцсон хэлцэл байна гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.Д иргэн П.П.Баас 10 сая төгрөгөө нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь эрх тул хохирогч Д.Пийн зээлсэн мөнгөн дүнгээс хасаж тооцох үндэслэлгүй юм.
Мөн дахин 10 сая төгрөгийг хохирогч Д.Пийн дүү гэх н.Ат өгсөн гэх боловч энэ талаар ямар нэг баримт хавтаст хэрэг авагдаагүй тул тус дүнг хасаж тооцох үндэслэлгүй байна.
Шүүх хуралдааны шатанд хуралдаанд оролцсон нэр бүхий хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлгээс гадна хохирол төлсөн баримтуудыг тулгаж дараах байдлаар хохирлыг төлсөн болохыг тогтоов. Үүнд:
Хохирогч З.Гөд 28.000.000/нийт/ – 15.600.000/төлсөн/ = 12.400.000 /үлдсэн/ /7хх-ийн 97-102 дахь тал/,
Хохирогч Д.Пид 60.000.000 - 4.300.000 = 55.700.000 /7хх-ийн 103-106 дахь тал/,
Хохирогч Н.От 16.370.000- 11.900.000 = 4.470.000 /7хх-ийн 107-108 дахь тал/,
Хохирогч Л.Сд 15.000.000 – 10.000.000 = 5.000.000 /7хх-ийн 110 дахь тал/,
Хохирогч Д.Уаас 10.500.000 + 700.000 = 11.200.000- 4.800.000 = 6.400.000 /7хх-ийн 109 дэхь тал/,
Б.Сээс 10.000.000 – 5.000.000 = 5.000.000 /7хх-ийн 115 дахь тал/,
Б.Чаас 5.000.000 -5.000.000 = 0 /7хх-ийн 156 дахь тал/,
Ц.Наас 17.400.000 – 17.400.000=0 /7хх-ийн 155 дахь тал/,
Хохирогч Н.Д.Аын байрыг нийт 50 сая төгрөгийн барьцаанд тавьснаас 10% буюу 500.000 төгрөгийг зээлийн шимтгэлд авч гар дээр 49.5 сая төгрөгийг зээлийн гэрээний хариуцагч Ц.Д, Н.Д.А нар хүлээн авчээ.
50.000.000 - 500.000 =49.500.000
49.500.000 -16.510.000 /А банкны барьцаанд байсныг хувь хүнээр зээлээс чөлөөлүүлсөн дүн гэх/ = 32.990.000
32.990.000 – 10.000.000 /хохирогч өөрөө авсан/ = 22.990.000
22.990.000 + 2.000.000 /нэмж дахин зээлсэн/ =24.490.000
Иймд 50.000.000 – 100% гэж тооцвол, 24.490.000 төгрөг нь 48.98%-ийг шүүгдэгч Ц.Дд хариуцуулахаар тогтов.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02043 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид “П” ББСБ-д гэрээний үүргийн биелэлтэд нийт 75.155.825.88 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Зээлийн гэрээний үндсэн төлбөрт
100% - 50.000.000 /үндсэн зээл/
48.98% - 24.490.000 /үндсэн зээлээс Ц.Дий хариуцах/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийн хангуулах арга буюу хүүгийн төлбөр нийт 25.155.825.88 төгрөг болсон.
100% - 25.155.825,88 төгрөг
48.98% - 12.321.323,516 төгрөг
Иймд хохирогч Н.Д.Ад 24.490.000 + 12.321.323,516 = 36.811.323,516 төгрөгийн төлбөртэй гэж шүүхээс дүгнэв.
Хохирогч Д.У нь БНУС руу явахдаа шүүгдэгч Ц.Д рүү виза гарсан учраас үлдэгдэл мөнгөө өгөх үед шүүгдэгчээс хоёр талын онгоцны тийзний үнийг шилжүүлбэл тийзийг захиалаад өгөе гэхээр шилжүүлж улмаар онгоцны тийзээ шүүгдэгчээс авч БНСУ руу явжээ. Харин буцах үед нэг талын тийз авсан байсан улмаас өөрөө дахиж буцаж ирэх онгоцны тийзний үнийг төлсөн учраас энэ дүн болох 700.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн талуудын мэдүүлэг, тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Дийг нийт 125.781.323,516 төгрөгийн бусдад төлөх үлдэгдэл төлбөртэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч нь хуульд заасан хохирол төлбөр төлөх хугацаа авсан боловч уг хугацаанд хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Шүүгдэгчийн талаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхэлсэнтэй холбоотойгоор 3 хуудас баримт гаргаж өгсөн боловч уг баримт нь хохирол төлбөр төлөх зорилгоор авсан хугацаанд төлөгдсөн хохирол төлбөр биш байх тул түүнийг уг хугацаанд хохирол төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй юм. Үүнээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал гэмт хэрэг үйлдсэн арга, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж дүгнэлтээ гаргасан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж оролцсон тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жил 8 сарын хугацаагаар хорих оногдуулах, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгчийг энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлүүлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхийн тогтоосон хохирол төлбөрийн хүрээнд шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Өмгөөлөгч Ж.Батбаяраас эрүүгийн хариуцлагатай холбогдуулан гаргасан дүгнэлтдээ “…Миний үйлчлүүлэгчийг хохирол, төлбөр төлөх зорилгоор хуульд заасан хугацаа авсан боловч хохирлыг төлөөгүй мөн гэм буруу дээрээ маргаж шүүх хуралдаанд оролцсон гэж улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ дурдаж байна. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй зөвхөн зүйлчлэл дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг байна гэж маргасан байдаг. Гэм буруугийн шүүх хуралдаанаар 5 хүртэл хоногоор завсарлага авах тухай хүсэлт гаргахдаа өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг цагдан хорихгүй байх хүсэлтийг давхар гаргасан, гэвч шүүх бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөөгүй. Миний үйлчлүүлэгч цагдан хоригдохгүй байх нь хохирол төлбөр төлөх эсэх асуудалтай холбоотой байсан. Миний үйлчлүүлэгч ажил хийдэг болохоо нотолсон баримтаа гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн, тэрээр ямар ч ажил төрөл хийдэггүй хүн биш. Хувийн байдал, гэр бүлийн тухайд охин болон ээжийн хамт амьдардаг. Ц.Дий охин аутизм гэх өвчтэй байдаг. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж барагдуулаад явсан. Хэрэв хувьчлах юм бол 60% хохирол төлбөрийг төлсөн байгаа, огт хохирол төлбөр төлөөгүй асуудал үүсгээгүй. Улсын яллагчийн зүгээс гаргаж байгаа ялын санал хэтэрхий өндөр байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд улсын яллагчийн ялын саналыг багасгаж 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хамгийн бага хугацаагаар буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэж хүсэж байна…” гэв
Өмгөөлөгч Г.Должинсүрэн эрүүгийн хариуцлагатай холбогдуулан гаргасан дүгнэлтдээ “…Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, зөвхөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлтдээ дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаа гэмт хэргийн шинжийг 2 буюу түүнээс дээш үйлдсэн” гэж зааж өгсөн байдаг. Энэ нь өөрөө нэг зүйлчлэлтэй хэрэг дээр үргэлжилсэн үйлдлийг хэлээгүй. Тодруулбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дээр хулгай, залилан гэх мэтээр гэмт хэрэг үйлдсэн байвал уг зүйлчлэлийг хэрэглэнэ. Иймд миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалт хамаарахгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн ойлголтын хүрээнд гэмт хэргийн зүйлчлэл дээр буюу “амьдралын эх үүсвэр” болгож үйлдсэн гэдэг тал дээр маргасан. Үүнийг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгчийг мөн хохирол, төлбөр төлөөгүй гэх асуудлыг ярьж байна. Энэ гэмт хэрэг нийт 180.000.000 төгрөгийг хохирол, төлбөртэй гэмт хэрэг, уг хохирол төлбөрөөс миний үйлчлүүлэгч Ц.Д боломжоороо төлж барагдуулсаар өнөөдрийг хүрсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол, төлбөр төлөх зорилгоор 5 хүртэл хоногийн хугацаа авсан. Гэвч миний үйлчлүүлэгч цагдан хоригдож байсан учир хохирол төлбөрөө нэмж төлж барагдуулж чадаагүй болох нь үнэн. Гэхдээ хохирол төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн хугацаанд хохирол төлөөгүй болох нь эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай гэмт хэрэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, хохирогч нарын тоо зэрэг нь бусад амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэж шүүхээр таслагдаж байгаа хэргүүдтэй харьцуулж үзвэл маш цөөхөн хохирогчтой бага хохиролтой гэмт хэрэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд зааснаар 5 жилийн хугацаагаар нь хорих ял оногдуулж өгөөч гэх саналыг гаргаж байна…” гэв.
Шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би хохирол, төлбөрөө төлсөөр ирсэн. Цаашид ч төлж барагдуулна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/4хх-ийн 79 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/1хх-ийн 158 дахь тал/,
Оршин суугаа хаягийн лавлагаа
/1хх-ийн 159 дэх тал/,
Нийгмийн даатгалын лавлагаа
/1хх-ийн 156 дахь тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хохирогч нарын санал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Дий цагдан хоригдсон 192 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар Ц.Дд 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Дд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дий энэ хэрэгт цагдан хоригдсон 192 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дөөс нийт 125.781.323,516 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч З.Гөд 12.400.000 төгрөгийг, хохирогч Д.Пид 55.700.000 төгрөгийг, хохирогч Н.От 4.470.000 төгрөгийг, хохирогч Л.Сд 5.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ут 6.400.000 төгрөгийг, хохирогч Б.Сэд 5.000.000 төгрөгийг, хохирогч Д.Ад 36.811.323,516 төгрөгийг тус тус олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ
ШҮҮГЧИД С.АЮУШЖАВ
Ч.АЛДАР