Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/614

 

 

 

 

 

 

 

 

   2024        05          29                                 2024/ШЦТ/614

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч М.Түмэннаст, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Иргэдийн төлөөлөгч Ц.Сувданчимэг,

Улсын яллагч Э.Баасанбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбат /цахимаар/,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дид холбогдох эрүүгийн 2206 00000 3846 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Экскаваторын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг журамлан, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн *** дугаартай, Г.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь *** тоот гэртээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч Д.Бг алахыг завдсан, М.Оыг онц харгис хэрцгийгээр алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

          Үйл баримтын талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2206 00000 3846 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /1хх-ийн 1-3 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-24 дэх тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 12-13 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 34-39 дэх тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 25-33 дахь тал/,

Хохирогч М.Оын хууль ёсны төлөөлөгч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 68-69, 72-74 дэх тал/,

Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 78-81 дэх тал/,

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 83-85 дахь тал/,

Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 87-89 дэх тал/,

Гэрч Ю.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 97-99 дэх тал/,

Гэрч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 94-95 дахь тал/,

Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 101-103 дахь тал/,

Гэрч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 108-111 дэх тал/,

Гэрч Г.Дөий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /1хх-ийн 113-115 дахь тал/,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 117-120 дахь тал/,

Яллагдагч Г.Д нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч С.Батдэлгэртэй өгсөн мэдүүлэг /1хх-ийн 232-234 дэх тал/

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 122-132 дахь тал/,

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 137-139 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1306 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 152-160 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 162-172 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 180-182 дахь тал/,

 

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 207-208 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 213-214 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04/3169 дугаартай албан тоот, хавсралт /2хх-ийн 216-217 дахь тал/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Д нь хамтран амьдрагч нь өөрөөс нь салахаар болсны улмаас түүнийг олж, алж чадна гэдгээ нотлон харуулахын тулд *** тоот гэртээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ М.Оыг толгой, хүзүү хэсэгт нь гурилын илдүүр модоор удаа дараа цохиж, хүзүү хэсэгт нь заазуураар 3 удаа, хүзүүний ар хэсэгт 2 удаа цохиж, зүсэж, баруун хацар, баруун завж хэсэгт хатгаж, олон тооны хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл, шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан, хохирогч Д.Бгийн толгой хэсэгт нь заазуураар баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зүсэж шарх гэмтэл учруулж хүнийг алахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл мөн эсэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Д нь М.Оыг тодорхой шалтгаангүйгээр толгой, хүзүү хэсэгт нь гурилын илдүүр модоор удаа дараа цохиж хүзүү хэсэгт нь заазуураар 3 удаа, хүзүүний ар хэсэгт 2 удаа цохиж, зүсэж баруун хацар, баруун завж хэсэгт хатгаж олон тооны хөнгөн, хүнд, хүндэвтэр шарх үүсгэж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн тухайн цаг хугацаанд ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.Бг санаатай алахад шууд чиглэсэн үйлдэл хийсэн хэдий ч үр дагавар нь түүний эрүүл мэндэд халдсан ба гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг үндэслэн хохирогч Д.Бг алахаар завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн хохирол хор уршгийн тухайд хохирогч Д.Б нь баримтаар 450.327 төгрөг, хохирогч М.Оын хууль ёсны төлөөлөгч 6.020.978 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2.135.200 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх хохирлуудыг шүүгдэгч Г.Доос гаргуулах саналтай байна. Уг хэрэг нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн дагалдах бусад зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө тус хуулийн болон түүний дагалдаж батлагдсан бусад хуулийг хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тусгайлан заасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэдэг агуулгыг илэрхийлэх бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн иргэний нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй тул бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэг зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн үзэж болно” гэх заалтыг дурдаж байна…” гэх дүгнэлтийг гаргав.

Иргэдийн төлөөлөгч Ц.Сувданчимэг нь шүүх хуралдаанд “...Хүний аминд хүрсэн нь яах ч аргагүй гэм буруу мөн...” гэх дүгнэлтийг гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Дээд шүүх тогтоолдоо зөвхөн зүйлчлэлийн асуудлыг дурдсан байдаг. Хохирол төлбөрийн тухайд сэтгэл санааны хохирлоо гаргуулна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулан “...Бидний зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Миний үйлчлүүлэгч бусдын амь насыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин алахаар завдсан гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байдаг. Уг гэмт хэргийн улмаас үүссэн үр дагаврыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирол хор уршгийг арилгахад татгалзах зүйлгүй. Дээд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Анхан шатны шүүхээр буцаан шийдвэрлэх асуудлыг заасан болохоос биш заавал Д.Бд холбогдох хэргийг завдалтаар зүйлчил гэж зохицуулсан зүйл байхгүй байгааг анзаарч үзнэ үү. Иймд бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж зүйлчилж өгнө үү. Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт орж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөр болсон. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Г.Д нь оршуулгын зардал болоод сэтгэл санааны хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хохирогч М.Оын ар гэрийнхний нэхэмжилсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогч Д.Б нь одоогоор баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэдгийг хэлмээр байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийн зүйлчлэл дээр анхаарч үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй холбогдуулан “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Намайг уучлаарай...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана…” гэжээ.

Шүүгдэгч Г.Дийн үйлдлийн улмаас М.Оын биед гавал тархи, хүзүү хоолойн хавсарсан гэмтэл буюу хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дахь цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан болохыг Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №60 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 122-132/ тогтоожээ.

Хавтаст хэрэгт хохирогч Д.Б, яллагдагч Г.Д болон гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд дараах мэдүүлгүүд авагджээ.

Яллагдагч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч С.Батдэлгэртэй өгсөн: “…Би эхнэртээ уурлаад бухимдалтай унтах гээд байхад М.О нь хамт архи ууя гээд байхаар нь уурандаа ширээн дээр байсан гурилын илдүүрээр М.Оын хүзүү, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. М.О надад цохиулаад хойшоо орон дээр дээш хараад унахад би ширээн дээр мах идээд ил тавьсан байсан хар иштэй жижиг заазуурыг аваад М.Оын хүзүүний урд хэсэгт 2-3 удаа зүссэн. М.Оын хүзүүнээс нь маш их цус гарч, хүзүүгээ хоёр гараараа бариад хажуу тийшээ унахаар нь би үргэлжлүүлж хүзүүний ар хэсэгт нь 1-2 удаа заазуурын иртэй хэсгээр цавчсан тухайн үед би энэ хоёрыг зүгээр ална л гэж бодоод өрөөний баруун талын орон дээр унтаж байсан Д.Бгийн толгой хэсэгт гурилын илдүүр модоор цохисон чинь Д.Б босоод ирэхээр нь гурилын илдүүрээр дахин 1 удаа цохиход буцаад газарт унахад би ширээн дээр байсан архины шилийг авч Д.Бгийн толгой хэсэгт нэг удаа цохиход шил хагарахаар нь би үхчихлээ гэж бодоод гадуур хувцсаа өмсөөд өрөөнөөс гараад хүн мэдэхгүй гээд хаалгыг гаднаас нь түгжээд шууд *** тоотод байрлах аав Н.Ггийн гэрт очсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-234 дэх тал/ -үүд нь дараах мэдүүлэг болон дүгнэлтүүдээр давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…талийгаач М.О бид хоёр ойр зуурын зүйлийг яриад сууж байхад Г.Д нь миний хойд талд зогсож байсныг санаж байна. Гэнэт миний толгойны ар дагз хэсэгт архины шилээр цохиод шил хагарсан. Ингэхэд би доошоо тонгойгоод сууж байхад дахин ууж байсан архитай шилээр анх цохисон газарт дахиж нэг цохиход тухайн архитай шил хагарсан. Тэрнээс хойш ямар үйл явдал болсон талаар мэдээгүй. Ингээд би хэдий хугацаанд ухаан алдаж хэвтсэн талаар мэдээгүй, ухаан ороход өрөөн дотор харанхуй болсон байсан. Тэгээд би мөлхөөд өрөөний хаалгыг нь онгойлгох гэж түлхэхэд гадна талаас нь цоожилсон байдалтай онгойхгүй байсан..., ...Тэгээд удалгүй түргэн ирээд намайг түргэний машинд суулгаж байсан. Ингээд ухаан балартаад удалгүй эмнэлэгт сэрсэн. ...Тухайн хэрэг гардаг өдөр нийтийн байрны өрөөнд Г.Д, талийгаач М.О бид гурваас өөр хэн нэгэн байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг 2 удаа архины шилээр Г.Д цохисон. Өөрөөр нүүрэнд болон хоолойд учирсан гэмтлийг хэрхэн хэн учруулсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн өрөөнд чанасан махыг хөшиглөсөн ногоон иштэй жижиг заазуураас өөр хутганы төрөлтэй зүйл байгаагүй. Тэрүүгээр л нүүр болон хоолойд зүсэгдсэн шархыг учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81 дэх тал/,

Гэрч Г.Дөий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр шөнө дунд буюу нэлээд би тухайн хаягт өөрийн эхнэр болон хүүхэд мөн эцэг, эхийн хамтаар унтах гээд орондоо ороод хэвтэж байхад гэрийн хаалгыг хүн цохих чимээ гарахаар нь би орноосоо босоод хаалгыг онгойлгоход манай ах Г.Д нь ганцаараа архи согтууруулах ундааны зүйл нэлээд их хэмжээгээр хэрэглэсэн /амнаас нь их архи үнэртэж байсан/ байдалтай гаднаас орж ирсэн. Ингээд гэрт орж ирээд Г.Д нь “би хүн алчихлаа” гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд аав ээж хоёр дээр очиж урд нь сөхөрч суугаад “хүүгээ уучлаарай, би хүн алчихлаа” гэж яриад уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 113-115 дахь тал/,

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Яг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна, над руу өөрийнхөө цээжийг зүссэн байдалтай зургийг явуулдаг өдөр утсаар холбогдож ярьсан надтай согтуу архи уусан байдалтай, нэлээд согтолттойгоор залгаад ярьсан чинь “чи хаана байгаа юм бэ? чамайг ирэхгүй бол хаана байгаа газраас чинь чамайг олоод ална, эсвэл өөрийгөө ална, үгүй бол хэн нэгнийг алах болно” гэж ярьсан. Тэгээд дараа нь миний өөрийн facebook хаяг болох *** гэх хаяг руу Г.Д өөрийнхөө *** гэх facebook хаягаас над руу залгаад аваагүй таслаад байсан чинь над руу өөрийнхөө цээж хэсэгтээ зүссэн байдалтай зургийг явуулсан, мөн дээрээс нь би чамайг ирэхгүй бол одоо өөрийгөө ална, эсвэл чамайг хаана байгаа газраас чинь олж ална гэх утга бүхий захидал явуулсан, удалгүй бичлэг хэлбэрээр дүрс бичлэг явуулсан байсныг би айгаад харж чадаагүй шууд устгасан. Одоо тухайн зураг болон бичлэг захидал харилцаа зэрэг нь надад байхгүй. Тухайн үедээ айгаад бүгдийг нь устгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-120 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд:  “…Талийгаач М.Оын цогцост хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, эрүү, баруун хацар, баруун завьжинд хатгагдсан шарх, доод эрүү ясны хугарал, хацар ясны хугарал, уруулд язарсан шарх, цус хуралт, зовхи, шуу, сарвуу, эгэм, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтлүүд нь нас барахаас өмнө буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост учирсан эрүү, баруун хацар, баруун завьжинд хатгагдсан шарх, уруулд язарсан шарх, цус хуралт, зовхи, шуу, сарвуу, эгэм, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хацар ясны хугарал, доод эрүү ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал хавсарсан гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3.8 промилли, ходоодны шингэнд 7.3 промилли, шээсэнд 3.9 промилли, цөсөнд 3.7 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

Талийгаач М.О нь гавал тархи, хүзүү хоолойн хавсарсан гэмтэл буюу хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ… /1хх-ийн 122-132 дахь тал/,

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар бэхжүүлж авсан обьект болох хар иштэй заазуур болон гурилын илдүүр мод зэргээр цохих, хатгах, цавчих, зүсэх зэрэг үйлдлүүдээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед учирсан цавчигдсан болон бусад шархууд нь ил хутга гэхээс илүүтэйгээр том мохоо зүйл болох илдүүр мод, зураг дээрх заазуур мэт зүйлээр үүсгэгдсэн шарх гэмтлүүд байна. ...Хүнд зэргийн согтолттой хүний тухайн бие махбодын онцлог болох спиртийг бие организм хүлээн авч хэрхэн шингээж байгаагаас хамаарч хүн бүр харилцан адилгүй байдаг. Тийм учраас идэвхтэй хөдөлгөөн хийх, хийж чадахгүй байсан эсэхийг нарийвчлан тогтоож тайлбарлах боломжгүй. Хүнд зэргийн согтолттой хүн нь идэвхгүй хөдөлгөөн хязгаарлагдмал байх боломжтой байдаг боловч тухайн хүн дээр нарийвчлан тогтоох боломжгүй...” мэдүүлэг /1хх-ийн 137-139 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1306 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “…Д.Бгийн биед зулай, дагзны хуйх, баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна… /1хх-ийн 142-143 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/21 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “…Шинжилгээнд ирүүлсэн Маяг-2 хэвлэмэл хуудсан дээр шинжээч цагдаагийн х/ч Д.Дашзэвэгийн бэхжүүлэн авсан Г.Дийн гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх Г.Дийн гарын хээний дардас нь Папилон санд 2023-003-БЗД3 гэж дугаараар бүртгэсэн гарын мөртэй тохирч байна. Мөн MN000320000632 гэж дугаарласан гарын хээний дардас нь Папилон санд MN005210006523 дугаараар бүртгэсэн Гомборагчаагийн Г.Дийн гарын хээний дардастай тохирч байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна… /1хх-ийн 152-160 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “…*** тоотод байх нийтийн байрны баруун урд өрөөнд үл таних эрэгтэй хүзүүндээ шархтай нас барсан гэх хэргийн газраас шинжээч, а/х Э.Баярсайханы илрүүлж бэхжүүлсэн “№2, 4 гэж дугаарласан гарын мөрүүдийн папилляр шугамнуудын ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь хангалттай, тод, жигд дүрслэгдсэн байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд тэнцэх №2 гэж дугаарласан гарын мөрийг “Хэрэг болсон гэх өрөөний хаалганы гадна хэсгээс” гэж дугаарласан дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь Г.Дийн зүүн гарын алганы хээний дардастай ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй иргэдийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна. /1хх-ийн 162-172 дахь тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: “…Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснуудаас биологийн гаралтай мөр /цус/ илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Амь хохирогчийн өмсөж байсан гэх хувцаснуудаас илэрсэн хүний цус нь O(I) бүлгийн харьяалалтай байна. /1хх-ийн 180-182 дахь тал/,

Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн дүгнэвэл шүүгдэгч Г.Д нь хохирогч Д.Бгийн биед олон удаагийн үйлдлээр зулай, дагзны хуйх, баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд шарх гэмтэл учруулсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 1хх-ийн 142-143 дахь тал / тогтоогдож, тус гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл учруулсан боловч Д.Бгийн амь нас хохироогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд Хүнийг алах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд тус гэмт үйлдлийн улмаас бусдын амь нас үрэгдсэн буюу амь хохирсон шалтгаант холбоотой байх шинжийг заавал шаардсан байна.

Тодруулбал шүүгдэгч Г.Д үйлдлийн улмаас хохирогч Д.Б амь хохироогүй буюу хөнгөн гэмтэл учирчээ.

Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүн алах санаа зорилго агуулаагүй, мөрдөн байцаалтын шатанд сэдэлт, санаа зорилгыг нь хангалттай тогтоож чадаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж мэтгэлцсэн боловч шүүхээс дараах үндэслэлээр өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсангүй.

Аливаа гэмт хэрэг нь хүний үйл ажиллагааны нэг төрөл болохын хувьд хүний бие махбодын ухамсарлагдсан, идэвхтэй үйл хөдлөлөөр илэрдэг билээ.

Түүнчлэн гэмт үйлдэл нь хүний бие эрхтний хөдөлгөөн төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг болно.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой билээ.

Гэмт этгээдээс өөрийн санаа зорилгыг хэрэгжүүлэх үүднээс сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр болох арга түүндээ хандсан сэтгэл зүйн хандлага мөн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнд өөр өөрөөр хуульчилсан байдаг бөгөөд энэ нь гэмт хэргийн шинжийг болон түүний нийгмийн аюулын түвшнийг тодорхойлох, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болдог тул үүнийг эргэлзээгүй хөдөлбөргүй тогтоосон байх ёстой.

Гэрч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би сая нийтийн байранд хамт архи уусан хоёр хүнээ алчихлаа гээд би яах уу гээд уйлж байгаад өөрөө утсаа гаргаж ирээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаад би шар хадны тэнд нийтийн байранд 2 хүн алчихсан гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 дахь тал/,

Гэрч Х.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж, аав хоёроо хүүгээ өршөөгөөрэй, хүү нь буруу хэрэг хийчихлээ, хоёрын хоёр хүний амь бүрэлгэчихлээ” гээд уйлаад суугаад байсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-111 дэх тал/, гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Г.Д хохирогч Д.Бг үхчихлээ хэмээн бодож байрнаас гарч явсан бөгөөд түүний хүссэн үр дүн буюу хоёр хүн алах гэмт санаа нь бодит байдал дээр түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй байх бөгөөд хохирогч Д.Бгийн амь нас эрсдэлгүй өнгөрчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ…” гэжээ.

Иймд шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүний алахаар завдсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нь “хүнийг алах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/
тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйлд “…Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…”, мөн тунхаглалын 28 дугаар зүйлд “…Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй…” гэж тус тус тунхаглажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 16.1 дэх хэсэгт “…амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…, …эрхтэй…” гэж тус тус заажээ. 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 10 дугаар бүлэгт Хүний амьд явах эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалсан байна.

Иймд Г.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай шинжийг хангаж байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Дийг бусдын амь насанд халдах халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй болох нь Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлтэд: “…Г.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Xэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Архи согтууруулах ундаа болон мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг, баримт, эмнэлгийн бичиг баримт үгүй байна. /1хх-ийн 207-208 дахь тал/ гэжээ. Мөн шүүгдэгч нь насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно…” гэжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байна.

Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Д.Б нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн Даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээний нийт 2,135,200 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Доос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /2хх-ийн 213-214 дэх тал/ болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 04/3169 дугаартай албан тоотыг мөрдөн шалгах ажиллагааны үед ирүүлжээ.

Харин хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 453.000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн байх тул тус зардлыг гаргуулж, мөн цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан, цаашид үүсэх гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “…Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана…” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Г.Дийн үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 15-нд үйлдэгдсэн боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “…Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө…” гэжээ.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.

Тодруулбал сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох аргыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоожээ.

Харин Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “…Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно…” мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт Эдийн бус гэм хорыг хохирогч арилгуулахаар шаардах эрхтэй…” гэж заасан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эдийн бус гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох аргыг л тодорхой болгосон ба шаардах эрх уг нэмэлт өөрчлөлт бий болгохоос өмнө байсан тул сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “…Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна…” гэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалд: хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “…Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна. …” гэжээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд эдийн бус гэм хорыг арилгах эрх зүйн зохицуулалт нь ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжснээс хойш тодорхойгүй явж ирсэн буюу эрх зүйн шинэтгэлийн хүрээнд иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ төр хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх…” эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд..., ...хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж заасныг үндэслэн амь хохирогчийн ар гэрт олгохоор шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Д болон түүний өмгөөлөгч нараас амь хохирогчийн ар гэрийнхэнд сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын тооцсон “Хүн амын дундаж наслалт”-д улсын хэмжээнд эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.3 нас гэж тооцжээ.

Иймд амь хохирогч М.О 1987 оны 02 дугаар сарын 19-нд төрсөн буюу нас барахдаа 35 настай байжээ. Үндэсний статистикийн хорооны дундаж наслалт 67.3-аас амь хохирогчийн насыг хасахад 32.3 болж байх тул дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /550.000х5=2.750.000/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогч М.Оын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг  88.825.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 7.196.008 төгрөгийн хохирол төлбөр, шүүхийн шатанд нэмж 1.133.647 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд нийт 97.704.655 төгрөгийг Г.Доос гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Г.Д нь дээр дурдагдаж буй хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд хохирол, төлбөр нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Доос нийт 2.135.200 + 453.327 + 7.196.008 + 1.133.647 + 88.825.000 = 99.743.182 төгрөгийг гаргуулан, үүнээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.135.200 төгрөгийг, хохирогч Д.Бд 453.327 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд 97.154.655 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 25 жилийн хугацаагаар тогтоох, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дийн цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, шүүгдэгч Г.Д нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, бусад эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болно...” гэх дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Чинбатаас эрүүгийн хариуцлагын талаар болон хохирол төлбөрийн талаарх саналдаа “…Дээд шүүх тогтоолдоо үйлдэл бүр дээр нь ял оногдуулах нь зүйтэй гэж заасан байсан. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр нь 15 жилийн ял оногдуулж нийт эдлэх ялыг 35 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна …” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар “…Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх болон зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино гэж хууль тогтоогч хуульчилж өгсөн. Г.Дийн ар гэрийнхэн нь төлбөрийн чадваргүй байгаа. 2023 оны 10 дугаар сард шүүх хуралдаан болсон. Түүнээс өмнө холбогдогчийн өвөө, эмээ, ээжийнх нь ах гээд олон хүн нас барсан. Хүүхдээ уг гэмт хэрэгт холбогдсон гэдгийг сонсоод ээжийнх нь сэтгэл зүй үнэхээр хүнд нөхцөл байдалд байсан. Аав нь архины хамааралтай. Г.Дид тусалж дэмжих хүнгүй. Ээж нь ажил хөдөлмөр эрхэлж 1.000.000 төгрөг шүүх хуралдаан дээр хохирогчид өгөх гэсэн боловч авахгүй гэж хэлсэн. Шүүхээс хохирлыг тогтоож өгсөн тул хохирлоо төлнө. Үйлчлүүлэгч маань залуу хүн. Бага насны 3 хүүхэдтэй. Хэдийгээр тусдаа байдаг ч гэсэн амьдрах шалтгаан нөхцөл байгаа билээ. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хоригдож байх хугацаандаа мэргэжлийн сэтгэл зүйчдээс зөвлөгөө авсан. Одоо харьцангуй өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг дээр нь тухайн бүлэгт заасан ялын хэмжээг бууруулж ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн дэглэмийн хувьд хаалттай хорих байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авахад хүндрэлтэй байдаг. Хорих ангийн дэглэм дээр мөн адил анхаарч үзнэ үү...” гэх санал,

Шүүгдэгч Г.Д нь шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Би үнэхээр их харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нэгдүгээр хавтаст хэргийн 12 дахь талд Шуурхай удирдлагын дуудлага лавлагааны хуудас авагдсан байх бөгөөд “хажуу айлд согтуу хүмүүс зодолдоод нил цус болсон байна” гэх утгатай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Харин 13 дахь талд “би хоёр хүн хутгалаад алчихлаа, би гэртээ ирчихлээ, айгаад байна” гэх утгатай дуудлага мэдээлэл тус тус бүртгэгджээ.

Гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа, жолооч а/а Э.Наранжаргалын Илтгэх хуудаст “...23 цаг 24 минутад 99376700 дугаараас БЗД-ийн 2-р хороо, *** тоотод хажуу айл хүмүүс зодолдоод нил цус болсон байна” гэх дуудлагын дагуу очиж шалгахад гээд..., ...холбогдогч Г.Д нь  хэргийн газраас зугтсан БЗД-ийн 22-р хороо, *** тоот гэртээ байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгахад гараад зугтсан байв. Улмаар оршуулгын дотор 2 цаг гаран хайж, оршуулга дотроос олж дайчлан баривчлав...” гэж тэмдэглэжээ. /1хх-ийн 15 дахь тал/

Иймд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн гэж хөнгөрүүлэхээс татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Г.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах нөхцөл байдлуудыг харгалзав. Үүнд:

Шүүгдэгч Г.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдалтай нь холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 2 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагааг /1хх-ийн 245 дахь тал/ судалсан болно.

Хувийн байдлын талаар шүүгдэгч Г.Д нь урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 2 дахь тал/-д хоёр удаа гэмт хэрэг үйлдэж байсан талаар тэмдэглэгдсэн байна. Үүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан Хүнийг санаатай алах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцож байжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна…” гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж заасан байх тул шүүхээс хүндрүүлэх бус хувийн байдалтай нь холбогдуулж шинжлэн судалсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн зан байдлын талаар түүний гэр бүлийн гишүүд болон бусад хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлэгт тусгагджээ.

Гэрч Х.О /төрсөн эх/: “…Зан байдлын хувьд Г.Д нь төлөв даруу, их аймхай, хүний үгээр буюу эцэг эхийн үгнээс зөрөөд байдаггүй, танихгүй хүмүүстэй нэг их яриа хөөрөө хийгээд байдаггүй дуу цөөнтэй хүүхэд байгаа юм. Тэр шалтгаан нь өөрөө бага зэрэг ээрч, гацаж ярьдаг болохоор тэрнээсээ санаа нь зовоод хүмүүстэй нэг их ярих гээд байдаггүй юм. Үе үе тамхи татдаг. Архи согтууруулах ундааны зүйлийг манай гэрт цуг амьдардаг байхдаа хааяа нэг сард нэг удаа уусан байдалтай орж ирж байсан..., ...Архи уусан үедээ өөрөө өөртэйгөө ярьдаг, хажууд хүн байгаа мэтээр харилцан яриа хийж байгаад гэнэт ганцаараа дуулах зэрэг үйлдэл гаргаж байсан. Тэгэхээр нь би галзуурчихлаа гэж бодоод Шархадны эмнэлэгт утсаар хандаж ярьсан боловч согтуу гээд ирж аваагүй юм. Тэгээд тэрнээс хойш сэтгэл санаа нь гайгүй болоод ажил хийж эхэлсэн. Тэгэхдээ архи уух нь багасаж сардаа нэг удаа л уудаг байсан юм. Тэгэхдээ ямар нэгэн догшин хэрцгий авир гаргаж, хүнтэй маргалдаад байдаггүй юм. Харин согтуу орж ирэхээрээ гэртээ орж ирэхгүй гэрийнхээ гадаа суугаад хажууд нь хүн байгаа мэтээр яриад, чанга чанга дуугараад өөрөө өөрийнхөө цээжийг дэлсэж цохиод бачуурах, гараа исгэх, цээжээ зүсэх зэрэг үйлдэл гаргадаг байсан...” /1хх-ийн 108-111/

Гэрч Г.Д /төрсөн ах/: “…Зан байдлын хувьд Г.Д нь их дуугүй, дотогшоо зантай, ахуй амьдрал болон өөрт тохиолдсон зүйлийнхээ талаар нэг их зүйлийг яриад байдаггүй юм. Бусадтай нэг их харилцаад байдаггүй. Хамт олны дунд чимээгүй л сууж байдаг их л дуу цөөнтэй, төлөв даруу хүүхэд гэж боддог юм…” /1хх-ийн 101-103/

Гэрч Б.Б /хамтран амьдрагч/: “...Архи уусан үедээ бол өөрөө өөртэйгөө юм яриад суух, дэмийрэх намайг өөр хүн мэтээр ална шулна гэж ярьдаг боловч зодож цохидоггүй, эсвэл хажууд нь хутга мэсний төрөлтэй зүйл байвал хутга аваад ширээ болон бусад эд зүйл руу зоож юм уу авах зэрэг үйлдлийг гаргадаг болохоор миний зүгээс хутга мэсний төрөлтэй зүйлийг архи уусан үедээ нуучихдаг юм..., ...яг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна, над руу өөрийнхөө цээжийг зүссэн байдалтай зургийг явуулдаг өдөр утсаар холбогдож ярьсан надтай согтуу архи уусан байдалтай, нэлээд согтолттойгоор залгаад ярьсан чинь “чи хаана байгаа юм бэ? чамайг ирэхгүй бол хаана байгаа газраас чинь чамайг олоод ална, эсвэл өөрийгөө ална, үгүй бол хэн нэгнийг алах болно” гэж ярьсан. Тэгээд дараа нь миний өөрийн facebook хаяг болох *** гэх хаяг руу Г.Д өөрийнхөө *** гэх facebook хаягаас над руу залгаад аваагүй таслаад байсан чинь над руу өөрийнхөө цээж хэсэгтээ зүссэн байдалтай зургийг явуулсан, мөн дээрээс нь би чамайг ирэхгүй бол одоо өөрийгөө ална, эсвэл чамайг хаана байгаа газраас чинь олж ална гэх утга бүхий захидал явуулсан, удалгүй бичлэг хэлбэрээр дүрс бичлэг явуулсан байсныг би айгаад харж чадаагүй шууд устгасан. Одоо тухайн зураг болон бичлэг захидал харилцаа зэрэг нь надад байхгүй. Тухайн үедээ айгаад бүгдийг нь устгасан...” гэж мэдүүлжээ. /1хх-ийн 117-120/

Гэрч Н.Г /төрсөн эцэг/: “...Би өөрөө гурван хүүтэй. Г.Д бол миний дундах хүү. Багаасаа л ширүүн дориун зантай. Насанд хүрээгүй байхдаа бас хүн амины хэрэгт холбогдож 2 жилийн тэнсэн авч байсан. Тогтвортой гэр бүл байхгүй. Ганцаараа л нийтийн байр түрээсэлж амьдардаг тийм л хүүхэд. ...Одоогоос 9 жилийн өмнө 8 дугаар анги төгсөөд хүний толгойг чулуугаар цохиж амь насыг нь хороосон гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж насанд хүрээгүй гээд 2 жилийн тэнсэн авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 дахь тал/,

Гэмт хэрэг үйлдсэн аргын тухайд шүүгдэгч Г.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ /1хх-ийн 232-234 дэх тал/ гурилын элдүүр мод, архины шил, заазуур зэргийг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч нарын биед олон тооны шарх, гэмтэл учруулж үйлдсэн нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “…амь хохирогч М.Оын биед хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал, эрүү, баруун хацар, баруун завьжинд хатгагдсан шарх, доод эрүү ясны хугарал, хацар ясны хугарал, уруулд язарсан шарх, цус хуралт, зовхи, шуу, сарвуу, эгэм, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтлүүд нь нас барахаас өмнө буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост учирсан эрүү, баруун хацар, баруун завьжинд хатгагдсан шарх, уруулд язарсан шарх, цус хуралт, зовхи, шуу, сарвуу, эгэм, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хацар ясны хугарал, доод эрүү ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүү, төвөнхийн мөгөөрсний зүсэгдсэн шарх, цагаан мөгөөрсөн хоолой дах цусархаг агууламж, сорогдох хэлбэрийн амьсгал бүтэлт, толгойн дух, зулайн цавчигдсан шарх, гавлын дух, ухархайн дээд хана, гавлын дунд хонхор, тахиан залаа ясны цөмөрсөн шугаман хугарал, дагз ясны хугарал, аалзан бүрхүүлийн голомтлог цус харвалт, тархины эдийн няцрал хавсарсан олон тооны шарх, гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй болохыг тогтоожээ…” гэсэн дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна. /1хх-ийн 122-132 дахь тал/

Мөн хохирогч Д.Бгийн биед зулай, дагзны хуйх, баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой болохыг Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1306 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

 

Үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж буй байдлын хувьд амь хохирогч М.О болон хохирогч Д.Б нарт олон тооны гэмтлүүдийг учруулахдаа амь нас нь эрсдэхээс өмнө нь элдвээр зүй бусаар харааж, доромжилсон, ална шүү, мөчлөөд хаяна шүү гэх зэргээр айлгаж, цохих, өшиглөх, нүүрийг нь заазуураар зүсэх цавчих зэргээр зовоож тарчилгасан, түүнийгээ хүсэж үйлдсэн, улмаар энэхүү үйл явцаа гар утсаараа бичлэг хийж гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1хх-ийн 52-56 дахь тал/ улмаар түүнийгээ гэрч Б.Б руу илгээсэн нь түүнийг олоод алж чадна гэдгээ батлан харуулахын тулд бусдын амь нас, эрүүл мэндийг үл тоож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан 1.1 дэх заалтад “…тохуурхан доромжилж үйлдсэн…” шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас хойш хохирогч нарын ар гэрийнхэнтэй аливаа хэлбэрээр холбогдож уучлалт гуйх, хохирол хор уршгаа арилгах талаар ямар нэгэн оролдлого хийгээгүй, бусад байдлаар илэрхийлээгүй, хохирол хор уршиг төлөхтэй холбоотойгоор хуульд заасан хугацаагаар завсарлага авах талаар санал гаргаагүй, шүүх хуралдаанд оролцсон болон шүүхэд хандаж эцсийн болгож хэлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөлийн тухайд шүүгдэгч Г.Д нь хохирогч М.О болон Д.Б нартай ойр дотнын найз нөхөд биш бөгөөд хамтран амьдрагч Б.Б нь түүнээс салж явсны улмаас түүнийг эргэж ирэхийг шаардах, хэрвээ ирэхгүй бол түүнийг олж очоод ална гэх зэргээр айлган сүрдүүлж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд дээрх нэр бүхий хохирогч нарын “facebook”-ийг нь олж улмаар гар утасны дугаарыг авч гэртээ ирэх талаар дахин дахин залгаж дуудсан үйл баримтууд тогтоогдсон. Улмаар Г.Д болон хохирогч нар түүний гэрт архи ууцгааж суусан бөгөөд энэ үед тэдний хооронд ямар нэг үйл ойлголцол үүсэж, хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй байхад шууд хохирогч нарыг эхлээд гурилын илдүүр мод, архины шил зээр толгойд нь цохиж ухаан алдаж унасны дараа заазуураар хоолой, шилэн хүзүү, нүүр хэсгүүдийг нь цавчих, зүсэх зэрэг зэрлэг балмад үйлдлээр олон тооны шарх, гэмтэл үүсгэж зовоон тарчилгаж амь насыг нь хохироосон. Шүүгдэгч Г.Д нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байхдаа нийгэмшиж, гэмт үйлдлийн талаар ойлгон ухамсарлаагүйгээс гадна хоёр хүнийг алахаар гэмт үйлдлээ хийж байхдаа гар утсаараа бичлэг хийж түүнийгээ хамтран амьдрагчаа айлган сүрдүүлэх, түүнийг олж очоод алж чадна гэдгээ нотлон харуулахын тулд илгээж байгаа нь түүнийг дахин засран хүмүүжүүлж, нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт зааснаар 19 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь зааснаар нийт эдлэх ялын хугацааг 25 жилээр эдлүүлэх санал гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Учир нь гэмт үйлдэл нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд энэ цаг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 20 жил байхаар Эрүүгийн хуульд заасан. Харин Монгол Улсын их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 25 жил болгон уртасгажээ.

Иймд шүүгдэгч Г.Дид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй…” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Дид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандсан ухамсар, хохирогч нартай хоорондын хувийн харилцаа, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, амь хохирогчийн ар гэрийнхний санал, гэмт үйлдлээ хийсэн арга, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 20 жилийн хугацаанд багтааж, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон бор өнгийн элдүүр мод 1 ширхэг, хар өнгийн иштэй төмөр заазуур 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бамбар модонд бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээж 10 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хараа” нэртэй архины шилний хагархай шилнүүд 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пивоны лааз 1 ширхэг, цахилгаантай хар өнгийн богино түрийтэй гутал 1 хос, “Хараа” нэртэй архины шил 3 ширхэг, том улаан өнгийн цоож 1 ширхэг, эвдэрхий цагаан өнгийн цоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хүрэн өнгийн савхин куртик 1 ширхэг, “НӨАТ”-ын баримт 2 ширхэг, “Өсөх Зоос” барьцаат зээлийн гэрээний хувь 1 ширхэг, хар, цагаан өнгийн хүзүүвч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсэгтээ “Performance” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн фудволк 1 ширхэг, “Adidas” гэсэн бичиглэл бүхий 3 ширхэг цагаан кант бүхий хөх өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, баруун өвдөгний орчим бохирлогдсон хар өнгийн хоёр талдаа халаастай даавуун өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн арьсан гутал 1 хос, бор суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, автобусны карт 2 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, “Nike” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, урдаа үдээстэй богино түрийтэй хар хөх өнгийн гутал 1 хос зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь урьд энэ хэрэгт 530 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “хүнийг онц харгис хэрцгийгээр алахаар завдсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Дид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Дийн урьд цагдан хоригдсон нийт 530 /таван зуун гуч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон бор өнгийн элдүүр мод 1 ширхэг, хар өнгийн иштэй төмөр заазуур 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бамбар модонд бэхжүүлэн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлийн дээж 10 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон “Хараа” нэртэй архины шилний хагархай шилнүүд 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй пивоны лааз 1 ширхэг, цахилгаантай хар өнгийн богино түрийтэй гутал 1 хос, “Хараа” нэртэй архины шил 3 ширхэг, том улаан өнгийн цоож 1 ширхэг, эвдэрхий цагаан өнгийн цоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хар хүрэн өнгийн савхин куртик 1 ширхэг, “НӨАТ”-ын баримт 2 ширхэг, “Өсөх Зоос” барьцаат зээлийн гэрээний хувь 1 ширхэг, хар, цагаан өнгийн хүзүүвч 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон урд хэсэгтээ “Performance” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн фудволк 1 ширхэг, “Adidas” гэсэн бичиглэл бүхий 3 ширхэг цагаан кант бүхий хөх өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн богино хүрэм 1 ширхэг, баруун өвдөгний орчим бохирлогдсон хар өнгийн хоёр талдаа халаастай даавуун өмд 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн арьсан гутал 1 хос, бор суран тэлээ 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, автобусны карт 2 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Самсунг маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхэг, хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, “Nike” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, урдаа үдээстэй богино түрийтэй хар хөх өнгийн гутал 1 хос зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Доос нийт 99.743.182 төгрөгийг гаргуулан, үүнээс иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2.135.200 төгрөгийг, хохирогч Д.Бд 453.327 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цд 97.154.655 төгрөгийг тус тус олгосугай.

9. Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтыг хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ШИНЭХҮҮ

                                         ШҮҮГЧИД                      М.ТҮМЭННАСТ

                                                                              Э.ЧИНГИС