Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/642

 

 

 

 

 

 

  2024         06            04                                  2024/ШЦТ/642

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ад холбогдох эрүүгийн 2306 00000 3613 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *** төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Ц.А.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан хохирогч М.Нийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 8-9 дэх тал/, хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22, 44 дэх тал/, сэжигтэн Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/, яллагдагч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дахь тал/, Ю ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05/1872 дугаартай албан бичиг /хх-ийн 55 дахь тал/, Ю ХХК болон Ц.А нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/0406 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 56-61 дэх тал/, Хаан банкин дахь Ц.Агийн *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.А нь “Ю” ХХК-д ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сард хохирогч М.Нийн ашиглаж байсан *** дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр устгалд оруулахаар хүлээн авсан боловч устгалд оруулалгүйгээр өөртөө авч үлдсэн, улмаар өөрийн эзэмшлийн “I-phone-7 plus” загварын гар утсанд дээрх дугаарын сим картыг хийж, тухайн дугаар дээр хадгалагдсан хохирогч М.Нийн “E-Монголиа, “Монпэй”, “Токи”, “М-банк” зэрэг аппликейшнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, “Монпэй” аппликейшний нууц үгийг сольж, М.Нийн *** дугаартай данснаас 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 40.000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 40.000 төгрөгийг, нийт 80.000 төгрөгийг Хаан банкин дахь *** дугаарын данс руу шилжүүлэн авсан,

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Токи” аппликейшний нууц үгийг сольж, 100.000 төгрөгийн зээлжих эрхийг нь бэлнээр гаргаж авч өөрийн хэрэглээ төлбөрт төлсөн, 30.000 төгрөгөөр 50gb data худалдаж авсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын 210.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч М.Нийн нэр дээр бүртгэлтэй “Тус финтек” аппликейшн рүү нэвтрэн орж дансанд байсан 310.000 төгрөгийг татаж авсан боловч тухайн мөнгө нь хохирогч М.Нийн данс руу шилжиж орсон буюу хулгайлах гэмт хэргийг төгсгөж чадаагүй хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан болон кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон болох нь тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсний улмаас цаашид үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болон хохирогч М.Ниас гомдол, санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 51 дэх тал/-ийг гаргасан ба яллагдагчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М.Нь нь “...миний хохирлыг барагдуулсан тул өөр гомдол, санал байхгүй...” /хх-ийн 51 дэх тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулахаар санал тохиролцжээ.

Прокуророос сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэнээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.Агийн зорчих эрх хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо улсын яллагчтай тохиролцсоны дагуу оршин сууж буй болон *** ХХК-д ажиллаж байгаа дүүрэг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, нэмж оруулсан, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А нь эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ШИНЭХҮҮ