Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/хт2024/00064

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Ц, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дүгээр шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2024/00002 дугаар магадлалтай,

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

“ДДЦС” ТӨХК-д холбогдох

“ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д- нь “ДДЦС” ТӨХК-д холбогдуулан “ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-г “ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-д 2023.05.09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг, мөн энэ хугацаагаар тооцон, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч “ДДЦС” ТӨХК-д тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ДДЦС” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2024/00002 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2023.05.09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг” гэснийг “ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 6,926,030 төгрөгийг “ДДЦС” ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгохыг,” гэж, “ДДЦС” ТӨХК-д даалгасугай гэснийг “ДДЦС” ТӨХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8,540,960 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн” гэсний дараа “7.1.1” гэж, “хариуцагч “ДДЦС” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэснийг “ДДЦС” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 125,766 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДДЦС” ТӨХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.09-ний өдрийн 203/МА2024/00002 тоот магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1 Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д “эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэж хуульчилсан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.03.21-ний өдрийн В/865 дугаар “ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах” чиглэлийг эрх бүхий байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн. “ДДЦС” ТӨХК-ийн захирал нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу Галын хяналтын инжнер болох Эрчим хүчний салбарын үндсэн их, дээд сургууль, коллеж төгссөн мэргэжлийн ажилтан ажиллах ажлын байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн франц хэлний орчуулагч мэргэжилтэй Б.Д ажиллаж байсан тул эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

4.2 Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Б.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дундажийг тооцож тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 63, 65.1.11 дэх заалтуудын дагуу тодруулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтуудыг тус тус зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ Б.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 6,926,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдлийг дахин гаргасан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Д- миний бие Өмнөговь аймгийн Эрүү, Иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.09-ний өдрийн 203/МА2024/00002 дугаартай магадлалыг гардаж, магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

… Гомдлын үндэслэл: Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэлд “... нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг давж заалдах шатны шүүх тооцохдоо давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц “...нэхэмжлэгч Б.Д нь 08 дугаар сард өөр газарт ажилд орчихсон. Өөр ажил албан тушаал эрхэлж байгаа хүн буцаж ажилдаа орох эсэх нь эргэлзээтэй” гэж, нэхэмжлэгч Б.Д нь ... намайг 08 дугаар сард өөр ажилд орсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Би түр ажлын байранд ажиллаж байгаа” гэж тус тус тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023.05.09-ний өдрөөс 2023.08.31-ний өдөр хүртэл нийт ажлын 74 хоног гэж тооцож 6,926,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ...” гэж, цалинг бодсон үндэслэлдээ “...2023 оны 05 дугаар сард 2,754,438 төгрөг, 04 дүгээр сард 1,907,526 төгрөг, 3 дугаар сард 1,234,543 төгрөг нийт 5,896,507 төгрөг:3=1,965,502 төгрөг нь 1 сарын дундаж цалин хөлс гэж тооцвол:21 хоног=93,595 төгрөг нь 1 өдрийн цалин байна...” гэж хэргийн бодит байдалд үл нийцсэн буюу үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцсэн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулбал нэхэмжлэгч Б.Д миний бие 2023 оны 05 дугаар сард 3,187,295 төгрөг, 04 дүгээр сард 3,780,905 төгрөг, 03 дугаар сард 2,224,417 төгрөгний цалин авсан маань Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн баримтуудаар тогтоогдож байхад цалингийн тооцооллийг маань хэт багасгаж буруу бодсон, мөн ажилгүй байсан хугацааг маань хууль зүйн үндэслэлгүйгээр багасгаж, нэхэмжлэгч миний эрх ашгийг хохироож байх тул шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, ажилгүй байсан хугацааны цалингийн тооцооллыг маань зөвтгөн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгч Б.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.07-ны өдрийн 001/ШХТ2024/00290 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч “ДДЦС” ТӨХК-д холбогдуулан “ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Ажил олгогчийн зүгээс 2023.04.07-ны өдөр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье” гэсэн 06 дугаартай “Мэдэгдэх хуудас”-ыг өгсөн бөгөөд мэдэгдэлдээ зааснаас өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн. ...Ажил олгогч нь эрх бүхий байгууллага шаардсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зарчмуудыг зөрчин, хууль зүйн үндэслэлгүй, ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулсан тушаалыг гаргасан” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч “ДДЦС” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон, Эрчим хүчний яамны 2023.03.27-ны өдрийн в/865 дугаар “Мэдээлэл ирүүлэх тухай” албан бичгийн ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ..., компанийн хөдөлмөрийн дотоод журмын Ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болох заалтуудыг үндэслэн 2023.05.09-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “... Ажил олгогч нь Б.Д-г ажлаас чөлөөлсөн 2023.05.09-ний өдрийн Б/169 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан аль ч зохицуулалтыг баримтлаагүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцнэ. ... Ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, үүрэгтээ тэнцэхгүй болох нь ... салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон бол ажил олгогч хуулийн 80.4-т зааснаар ажилтанд дээр дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэний эцэст ажлаас чөлөөлнө. ... Хяналт, шалгалтын үр дүн буюу салбарын эсхүл тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, атесстатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй ...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэхдээ ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан дүгнэлтийг зөвшөөрч “...Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “нэхэмжлэгч Б.Д-д 2023.05.09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг ... даалгасугай” гэж заасан нь ойлгомжгүй, ...анхан шатны шүүх шийдвэртээ ажилтны ажилгүй байсан хугацаанд дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжтой ...” гэж дүгнээд, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023.05.09-ний өдрөөс 2023.08.31-ний өдөр хүртэл нийт ажлын 74 хоног гэж тооцож 6,926,030 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.  

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар ижил дүгнэлт хийж, шийдэл гаргасан байх боловч ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан шийдвэрийн үндэслэл, түүний үр дагавар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг тайлбарлан хэрэглэсэн байдлыг хянан үзэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж, зохигчийн гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Д нь 2014 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд франц хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж, “ДДЦС” ТӨХК-д төлөвлөлт санхүүгийн хэлтэст борлуулалтын нэгжид борлуулалтын байцаагчаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2021.02.01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар үйлдвэр техникийн хэлтэст галын инженерээр, 2022.09.30-ны өдрийн Б/300 дугаар тушаалаар төлөвлөлт санхүүгийн хэлтсийн хангамжийн инженерээр тус тус томилогдон ажилласан ба нэхэмжлэгч өөрөө тухайн албан тушаалд ажиллах хүсэлт гаргаснаар ажил олгогчийн 2023.01.02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар үйлдвэр техникийн хэлтсийн галын инженерээр дахин томилсон, 2023.05.09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар Б.Д-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

14. Нэхэмжлэгч нь хариуцагч буюу ажил олгогчоос түүнийг ажлаас халах тухай мэдэгдэлдээ зааснаас өөрөөр буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5-д заасныг үндэслэсэн нь хууль бус гэжээ.

15. Хариуцагч “ДДЦС” ТӨХК нь нэхэмжлэгч Б.Д-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэснийг үндэслэж, энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон нь тогтоогдсон этгээдийг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авахыг шаардсан нөхцөл байдал гэж тайлбарлажээ.

16. Зохигчийн маргааны зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил нь “ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн шаардлагад нийцэхгүйг эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

17. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөнөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй, улмаар хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүйгээс шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.  

18. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг нэг бүрчлэн заасны дотор хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т “эрх бүхий байгууллага шаардсан” гэсэн үндэслэлийг хамааруулсан.

Энэ нь хөдөлмөрийн гэрээний талууд бус харин эрх бүхий хөндлөнгийн этгээд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох санаачилгыг гаргаж болох онцлог тохиолдлыг заажээ.

19. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Д нь франц хэлний орчуулагч мэргэжилтэй атлаа үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерээр ажиллаж байгаа нь ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжлийн хувьд “Эрчим хүчний чиглэлээр бакалавр түүнээс дээш боловсролтой, дулааны цахилгаан станцийн чиглэлээр эсвэл цахилгааны инженер байх” шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдлыг буюу ажилтан боловсрол, мэргэжил, мэргэшлийн хувьд  гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг ажил олгогч хяналт шалгалт хийж тогтоосон ба улмаар энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцлахдаа эрх бүхий байгууллага шаардсан гэж үзжээ.  

Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгохдоо ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагыг буюу боловсрол, мэргэжил, мэргэшлийн хувьд шаардлага хангаагүй гэсэн нь  Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлд хамаарна.

Энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг заагаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэнтэй уялдуулан хэрэглэх нөхцөл байдал байсан эсэхийг харгалзан үзэх шаардлагатай.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчоос дуусгавар болгож байгаа тохиолдолд уг шаардлагын зорилго, үндэслэлийг шаардлага тавьж буй этгээдийн эрх хэмжээний хүрээ хязгаартай нэгтгэн авч үзэхгүйгээр ажил олгогч шаардлагыг шууд хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үзэх нь учир дутагдалтай болохоос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүд, тухайн шаардлагад заасан хуулийн бусад зохицуулалтад нийцэх эсэхийг анхаарах нь зүйтэй.

20. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023.03.17-ны өдрийн ХЭГ/595 дугаар албан бичиг болон Монгол Улсын Эрчим хүчний яамны 2023.03.27-ны в/865 дугаартай албан бичгээр ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтныг ажлаас чөлөөлөхөөр мэдэгдсэнээр хариуцагч “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.04-ний өдрийн А/29 дүгээр тушаалаар “... нэгжийн удирдлагаас дооших ажилтан, албан хаагчдын томилогдсон байдалд хяналт, шалгалт хийх ...” ажлын хэсгийг байгуулж, улмаар ажлын хэсгийн хяналт шалгалтаар нэхэмжлэгч Б.Д нь боловсрол мэргэжлийн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй буюу франц хэлний орчуулагч мэргэжилтэй атлаа үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерээр ажиллаж байгаа нөхцөл байдал тогтоогджээ.

21. Монгол Улсын Засгийн газар нь “ДДЦС” ТӨХК-ийн хувьцааг 100 хувь дангаар эзэмшигч болохын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч этгээд гэж үзэх ба энэ утгаараа өөрийн эзэмшлийн компанийн үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой чиглэл, даалгавар өгсөн явдлыг зарчмын хувьд хуульд нийцсэн гэж үзнэ.

22. Түүнчлэн хариуцагч “ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20-д зааснаар Эрчим хүчний яам, түүний сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах тул Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд Монгол Улсын Эрчим хүчний яамнаас албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтныг ажлаас чөлөөлөх тухай шаардлага ирүүлснийг буруутгах үндэслэлгүй.

23. Иймээс төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч Засгийн газар, түүнээс эрх олгосон холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллагаас тодорхой үндэслэл зааж, хуульд нийцүүлэн авч хэрэгжүүлэхийг шаардсан дээрх арга хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

24. Энэхүү нөхцөл байдлыг ажил олгогчийн зүгээс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа ажилтан боловсрол, мэргэжил, мэргэшлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүйгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор эрх бүхий байгууллага шаардсан гэж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлд нийцжээ.

25. Улмаар ажил олгогчоос нэхэмжлэгчид хүргүүлсэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлийг дурдсан боловч тушаалд тухайлан заагаагүй нь хэлбэрийн шинжтэй байх тул энэхүү нөхцөл байдал дангаараа тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүйгээс гадна ажил олгогчийг ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн хувьд сайжруулах боломжит хугацаа олгоогүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ажил олгогчоос дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг дурдсан нь энэ талаар ажилтанд анхааруулсан агуулгыг илэрхийлсэн байхын зэрэгцээ франц хэлний орчуулагч мэргэжилтэй ажилтны хувьд тухайн байгууллагын үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан эрчим хүчний чиглэлээр бакалавр түүнээс дээш боловсрол эзэмших буюу дулааны цахилгаан станцийн чиглэлээр эсвэл цахилгааны инженер мэргэжил эзэмших боломжийг ажил олгогчийн зүгээс ажилтанд олгох байсан гэж үзэх нь дээрх хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй болно.  

Мөн нэхэмжлэгч нь шаардлагынхаа өөр нэг үндэслэлийг ажил олгогчид шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт, шахалт үзүүлсэн гэж тайлбарласан байх боловч ийнхүү дүгнэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхаас гадна ажлын хэсгийн хяналт шалгалт хийсэн байдлыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

26. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

27. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцоололтой холбоотой зохигчийн гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дүгээр шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 203/МА2024/00002 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д-гийн хариуцагч “ДДЦС” ТӨХК-д холбогдуулан гаргасан “ДДЦС” ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “ДДЦС” ТӨХК-аас 2024.02.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Б.Д-гаас 2024.02.08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                            Н.БАЯРМАА

  Д.ЦОЛМОН

  Х.ЭРДЭНЭСУВД