Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 18

 

       Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Алтангэрэл

Улсын яллагч Э.Тулгаа нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Бурдууд овогт Түмэнжаргалын Болдбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010022 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1989 оны 02 сарын 11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сум дахь аврах гал унтраах 38 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Бүрэнхайрхан багт оршин суух, 1000.000 төгрөгний сарын өрхийн орлоготой, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурдууд овогт Түмэнжаргалын Болдбаатар /РД:ПБ89021870/

Холбогдсон хэргийн талаар:

Т.Болдбаатар нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Минжит Булган” цогцолбор сургуулийн урд талын гэрэлтүүлгийн шонг 2017 оны 01 дүгээр сард өөрийн эзэмшлийн 28-74 УБВ улсын дугаартай CHASER /чэйзэр/  маркийн автомашинаар мөргөж гэмтээж улмаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг

тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Т.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Дамиранжавтай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Болдбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн “...2017 оны 01 дүгээр сард би өөрийн эзэмшлийн 28-74 УБВ улсын дугаартай Чэйзэр маркийн автомашинтайгаа гадуур явж байгаад орой 23 цагийн үед хамт ажилладаг найз болох Д.Очбадрахтай ажлынхаа үүдэнд таараад бид хоёр 0,5 литрийн нэг шил Соёрхол нэртэй архи уучихаад Д.Очбадрахыг ажлын хажууд буулгаад би шөнө 00:00-01:00 цагийн үед санагдаж байна гэрлүүгээ харих гээд “Минжит Булган” цогцолбор сургуулийн урд талын замаар явж байгаад тухайн үед замын мөс гөлөөнөөс хальтиргаа үүсээд зам дээр машин шарваад замын хажуу талын гэрлийн шон мөргөсөн. Тухайн үед би гэрэлтүүлгийн шонг харахад гэмтсэн зүйлгүй мэт харагдахаар нь шууд харьсан...” гэх мэдүүлэг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамиранжавын хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан: “Б.Дамиранжав миний бие Булган сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “Минжит Булган” цогцолбор сургуулийн урд талын гэрэлтүүлгийн шонг иргэн Т.Болдбаатар шүргэж гэмтээснийг тус цагдаагийн хэлтэс шалгаж илрүүлэн учирсан хохиролыг бүрэн барагдуулсан тул тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...

... Т.Болдбаатар нь хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлт,

            - Гэрэл зургийн үзүүлэлтүүд

            - Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

- Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрч, 2017 оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Т.Болдбаатар нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Минжит Булган” цогцолбор сургуулийн урд талын гэрэлтүүлгийн шонг 2017 оны 01 дүгээр сард өөрийн эзэмшлийн 28-74 УБВ улсын дугаартай CHASER /чэйзэр/  маркийн автомашинаар мөргөж гэмтээж улмаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамиранжавын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Т.Болдбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Болдбаатар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэсэн байх тул түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

  Шүүгдэгч Т.Болдбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож ухамсарлан, өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохиролоо бүрэн арилгасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дамиранжав нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Болдбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, түүний  РД:ПБ89021870 регистр бүхий иргэний үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Бурдууд овогт Түмэнжаргалын Болдбаатарыг зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлээгүй гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Т.Болдбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Т.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

        3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Болдбаатараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.     

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Т.Болдбаатарт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         5. Шүүгдэгч Т.Болдбаатарын РД:ПБ89021870 регистр бүхий иргэний үнэмлэхийг буцаан олгохыг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.