| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2022/0006/З |
| Дугаар | 109/ШШ2021/0011 |
| Огноо | 2021-03-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 109/ШШ2021/0011
Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн оролцогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “М” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М бид нэхэмжлэгч талаас гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/340 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу доорх нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Тохиролцсон байдал:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн А/137 дугаартай захирамжаар тус аймгийн Э сум, Булган уулын гудамж **** тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газар дээр 2 блок 9 давхар 90 айлын орон сууцны Багш цогцолбор хотхоны барилгын ажлыг Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх.
2. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Э сум, Булган уулын гудамж 3-300 тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газрыг зориулалтын дагуу ашиглах бөгөөд бусдад шилжүүлэхгүй.
3. “М” ХХК нь багш цогцолбор хотхоны барилгын ажлыг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд Архангай аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгоно.
4. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “М” ХХК-аас гаргаж өгч буй Багш цогцолбор хотхоны барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байгаа тул хэргийн оролцогчдын эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “М” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-2, 15-16/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
Маргааны үйл баримтаас үзэхэд: Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/137 дугаар захирамжийн хавсралтын 1 дүгээрт зааснаар “М” ХХК-д Архангай аймгийн Э сумын нутаг, 27 дугаар замын урд талд орон сууц, үйлчилгээний цогцолбор төвийн зориулалттай 4000м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ. /х.х-н 4/
“М” ХХК нь 2016, 2018 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 2016, 2017 онд газрын төлбөр төлсөн байна. /х.х-н 7, 48-49, 57/
Улмаар Архангай аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор 3 дугаарт “М” ХХК-ийн эзэмшиж байсан 4000м2 газар багтжээ. /х.х-н12-13/
Ийнхүү “М” ХХК-иас Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаан үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ХХК-иас иргэн А.З-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Ц.М-д хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилжээ. /х.х-н 19, 28/
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн А/137 дугаартай захирамжаар тус аймгийн Э сум, Булган уулын гудамж **** тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газар дээр 2 блок 9 давхар 90 айлын орон сууцны Багш цогцолбор хотхоны барилгын ажлыг Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх, 2. нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Э сум, Булган уулын гудамж **** тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газрыг зориулалтын дагуу ашиглах бөгөөд бусдад шилжүүлэхгүй байх, 3. “М” ХХК нь багш цогцолбор хотхоны барилгын ажлыг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд Архангай аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох, хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “М” ХХК-аас гаргаж өгч буй Багш цогцолбор хотхоны барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж эвлэрлийн гэрээний нөхцөлийг дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... , хариуцагчтай эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай эвлэрлийн гэрээнд заасан дээрх нөхцөлөөр эвлэрснийг баталж, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай “1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн А/137 дугаартай захирамжаар тус аймгийн Э сум, Булган уулын гудамж **** тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газар дээр 2 блок 9 давхар 90 айлын орон сууцны Багш цогцолбор хотхоны барилгын ажлыг Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөөнд заасан хугацаанд буюу 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх., 2. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Э сум, Булган уулын гудамж **** тоот байршилд 15 жилийн хугацаатай орон сууц үйлчилгээний цогцолбор зориулалтаар эзэмшиж байсан 4000 м2 газрыг зориулалтын дагуу ашиглах бөгөөд бусдад шилжүүлэхгүй., 3. “М” ХХК нь багш цогцолбор хотхоны барилгын ажлыг 2021 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд Архангай аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгоно., 4. Хариуцагч тал болох Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “М” ХХК-аас гаргаж өгч буй Багш цогцолбор хотхоны барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө, хугацааг харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.” гэх нөхцөлөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА