Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 25

 

“Х ц” хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 17-19 тоотод байрлах, улсын бүртгэлийн 1530001014, регистрийн 4000293 дугаартай, “Х ц” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-27 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД76060919, Ц овогтой Л-ын Г-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 27.858.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн агуулга болон анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Г нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн жимсний талбайд гал алдсаны улмаас “Х ц” хоршооны 3266 ширхэг чацарганы мод шатаж 27.858.000 төгрөгийн хохирол учирсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Улсын үнэлгээний хороо тогтоосон. Үүнд 9 настай Виликан, Любимая, Чуйская, Солнечная, Обилная, Превосходная сортын чацарганы 3266 ширхэг мод шатсан. Өмнөх 2008 оноос 2013 онуудад тухайн талбайгаас жилд 15 тонн жимс хураан авч байлаа. Үүнээс гадна энэ талбайгаас жилд дунджаар 60000 ширхэг суулгац бэлтгэн бусдад нийлүүлж байсан. Шатаагүй үлдсэн 500 модноос 2014 онд 6,9 тонн, 2015 онд 8,4 тонн жимс авсан. Гал гарсны улмаас 15-20 тонн жимс авах боломжгүй болж, энэ нь 37.500.000-50.000.000 төгрөгийн алдагдалтай байсан гэсэн үг. Мөн жилд 60000 ширхэг суулгац зарж борлуулан 120.000.000 төгрөг олох боломжоо алдсан. Манай хоршоотой суулгац нийлүүлэх гэрээ хийсэн хувь хүн болон аж ахуйн нэгжүүд мөн алдагдал хүлээж, манай хоршооны нэр хүнд унаад байна.

Ингээд нийт актаар тогтоогдсон 3266 ширхэг модны үнэ 27.858.000 төгрөгийг гаргуулж авахыг хүсч байна. Зөвхөн ийм хэмжээний хохирол учраагүй, цаана нь тухайн талбайгаа сэргээхэд хүн хүч, хөдөлмөр, эдийн засгийн хохирол ихээр амссан. Жишээ нь, сэргээн засахад 31.000.000 төгрөгийн хохирол гарсан. Би өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөөд одоохондоо эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн хохирлыг гаргуулж авахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хаиуцагч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан “Х ц” хоршооны дарга Б.Хөхөөгийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Б.Хөхөөгийн нэхэмжлэлийн асуудлаар надад эрүүгийн 201420000198 дугаартай хэрэг үүсгэж шалгасан ба Увс аймгийн Прокурорын газраас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан боловч талуудын гомдлоор хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 3 шатны эрүүгийн хэргийн шүүх намайг гэм буруугүй хэмээн тогтоож, цагаатгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх гал гарсны дараа би дуудлага өгснөөс болж 5 жилийн хугацаанд шалгагдаж, өчнөөн хохирол бас амссан” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Гаас гэм хорын хохирол 27.858.000 /хорин долоон сая найман зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х ц” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х ц” хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ ...Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

...Л.Гийн талбайгаас гал гарсан болох нь 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гал гарсан хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл. Онцгой байдлын газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, ОБЕГ-ийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн " гал түймэр гарсан тухай" 11-р акт тухайн өдрийн салхины чиглэл, хурдыг тодорхойлсон Увс аймгийн Ус цаг уурын шинжилгээний албаны тодорхойлолтууд зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх иргэн Л.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгасан Увс аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай цагаатгах тогтоол, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 тоот тогтоол зэргийг шийдвэрийн үндэслэл болгож бусад нотлох баримтыг харьцуулан судалж зөв үнэлж дүгнэхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Энэ хэргийн талаар 2014 оноос хойш хууль хяналтын байгууллага хуулийн хүрээнд цуглуулсан нотлох баримтаар Л.Гийн "гэм буруу" нь нотлогдож байхад ямар үндэслэлээр үгүйсгээд байгааг ойлгохгүй байна.

.....Монгол улсын хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ гэж заасан байдаг. Гэтэл иргэн миний бие дээрхи асуудпыг шийдвэрлүүлэхээр 2014 оноос хойш хуулийн байгууллагаар явсаар байгаа хэдий ч шийдвэрлүүлж чадахгүй маш их хохирол амсаж байна. Би зөвхөн бодит хохирлоо нэхэмжилж байгаа бөгөөд ургац алдалт үр шим, ашиг орлогоо тооцвол 351 сая төгрөгийн хохирол учирсан.

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 601 дүгээр шийдвэрийг хянаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х ц” хоршоо нь хариуцагч Л.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 351.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 27.858.000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч Л.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх “хариуцагч Л.Гийн гэм буруу нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй “ гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Л.Г нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан нь хангалттай нотлогдоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх  холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй  байх тул хариуцагчийн  гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                                            Д.ЖАМБАЛСҮРЭН