Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б,

Шүүгдэгч Ч.А,   

Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                               Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Ч-ийн А-т холбогдох 2428000530069 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.              

Биеийн байцаалт:               

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ч.А нь ... тоот дугаарын гэрэлт үг гэсэн нэртэй дансаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байхдаа Б.Б-аас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 528,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, онгоцны тийзийн төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,706,700 төгрөг, мөн сургалтын татварт 1,141,098 төгрөг, элчинд цаг авах төлбөрт 512,000 төгрөг нийт 14,887,798 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.А-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                   

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн хэмжээнд 30 залуу сонгож аваад “Миний Англи хэл, Өмнөговийн хөгжил” гэсэн нэрээр аймагт тохиолдоод байгаа хөрс, агаар, усны бохирдлын талаар хамтарч ажиллах хэлний мэдлэгээрээ Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны Перс коллежид суралцах оюутнуудыг явуулах чиглэлээр сургалтаа эхлүүлсэн. Ингэхдээ эсээ бичүүлж аваад Монгол Улсад амьдрахад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн талаар санаа нэгдсэн залуучуудыг явуулж тэндээсээ байгаль орчинтой холбоотой төслүүдийг авч ирэх үндсэн зорилготой байсан. Үүнд Б нэгдэж орсон. Ингэх болсон шалтгаан гэвэл миний ойр орчмын 4-5 хүн байгалийн нөлөөллөөс болж хорт хавдраар нас барсан зүйл тохиолдож байсан. Тэгээд би Англи хэлнийхээ сургалтаар дамжуулаад сургалтдаа тууштай байгаа хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар амжилтад хүргээд тухайн хотод сургачихна гэсэн маш их итгэлтэй байсан. Энэ нь хүүхдүүдийн хувьд маш гоё боломж байсан. Одоо гадагшаа гарч суръя гэхээр заавал хэлний бэлтгэл шаарддаг байсан бол үүгээр ямар ч түвшний хүнийг 1 жилийн хугацаанд бэлтгээд мэдлэг олгох байсан. Эхний ээлжид би 3 сар сургалтын үйл ажиллагаа явуулаад дараа нь тухайн сургуультай холбогдоод хүсэлт өргөдлийг нь гаргуулаад тухайн сургуулийн удирдлагуудтай танилцаад танил болсон байсан. Энэ хугацаандаа элчингийнхээ асуудлыг шийдэх гээд материалаа бүрдүүлсэн. Тэгээд элчин дээр анх удаа явж байгаа хүний хувьд 2 удаа унах нь байдаг зүйл гэдгийг олж мэдсэн. Тухайн сургалтаа илүү чанартай болгох үүднээс 6 хүн сонгож авсан. Тэдгээрийн сургалтын төлбөр 60,000,000 гаруй төгрөг болсон байсан ба үүнийг би манай нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайгаас авах бодлоготой өөрийн бүх ажлыг хаяад, өвчтэй байгаа ээжийгээ хүртэл хаяад үүний араас явсан. Хүүхдүүдээс авсан 10,000,000 төгрөг нь би энэ үйл ажиллагааг явуулахад захиран зарцуулна гэж бодож зарцуулсан мөнгө байсан. Эдгээр хүүхдүүд намайг Өмнөговь аймгийн хэмжээнд зарын группүүдээр луйварчин, залилагч гээд янз бүрээр бичиж тавьсан. Үүнээс шалтгаалж миний ажил үйлчилгээ явуулах боломж муудаж ажлын байрныхаа төлбөрийг 7 хоног өгөхгүй байхад ангийн түлхүүр  хурааж аваад оруулахгүй байх гэх мэтээр хавчиж, нийгмийн хувьд хүнтэй харилцахад бэрх байдалд хүрсэн. Гэхдээ би өмнө нь маш олон ажил хийж гүйцэтгэсэн. Бүтэн өнчин хүүхдийн төрийн бус байгууллагын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт явуулсан. Мөн тэдгээр баярын өдрөөр бэлэгтэй байлгахаар ажил болгож явж байсан. 528,000 төгрөг нь залуучуудаас элчингийн ярилцлагад бэлтгэх 3  сарын сургалтыг зохион байгуулах төлбөр байсан. Бын тухайд 3 сарын бэлтгэл дуусаад элчингийнхээ бэлтгэлд оръё гэхэд хаврын их ажил эхэлсэн учраас чөлөө аваад явъя гээд чөлөө аваад явсан. Тэгээд хугацаа нь дөхсөн байсан учраас ганцаарчлаад ч сургалт явуулаад хамт суугаад баримт материалаа бүрдүүлээд суусан. Тухайн үед манай эх хорт хавдартай бие нь өвдөөд байна гээд дуудаж байхад хүртэл байж бай гэж байгаад энэ ажлын араас явсан. Тэгээд 09 дүгээр сард хичээл эхлэх хугацаа болоод ирэхээр нь онгоцны билетийг нь түрүүлээд бичүүлсэн. Тэгэхэд элчин дээрээ тэнцэж гараагүй. Энэ хүүхдүүдийг би ийм амархан буцна гэж бодоогүй. Сүүлийн хүүхэд элчингийн шалгалтаа өгсний 4-5 хоногийн дараа ээж бурхны орон руу явсан гэдгийг мэдээд сонсоод маш хүнд туссан. Мөн цагдаагаас намайг дуудсан. Энэ бүгд нэг цаг хугацаанд болсон. Ханбогдын охин жирэмсэн боллоо гээд буцлаа гээд тэгээд залилан байна гээд цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед би үлдсэн хүүхдүүдийнхээ төлбөр мөнгийг олох ёстой байсан учраас Ханбогд суманд ирэн очин байсан. Тэгэхэд эрэн сурвалжилсан. Залилан хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхнаасаа залилан хийе гэсэн санаа зорилго байгаагүй гэдгийг Б мэдэж байгаа. Би өмнө олон ажил зохион байгуулж түүнийхээ шан харамжийг хүртээд явж байсан. Быг би залилсан гэж үзэж байгаа нь Ханбогдод болсон хэргээс болж тийм ойлголт авчихлаа гэж ойлгосон. Залилсан гэж бодохооргүй мундаг залуу. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгааг би энэ хүүхдийн мөнгийг өгч чадахгүй байсан учраас надад тохирсон ялыг оногдуулж байна гэж ойлгосон боловч ч тэр нь гэмт хэрэг байсан. Намайг мөрдөн шалгах ажиллагааны  явцад маш их тулган шаардаж байсан учраас энэ хэргээс хурдан салмаар санагдаад шүүхийн шатанд ирээд ердийн журмаар явуулъя гэхэд чи тэнсэн авах ёстой гээд хүлээлгэж байсан. Тэгээд би хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс болоод Б өөрийг нь мөн залилсан гэж ойлгосон байх. Бусдаар би залилсан гэж мэдээд өгсөн гэж бодохгүй байна гэв.            

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Англи хэлний 3 сарын хугацааны сургалтад суухад А надаа Америкийн Персэд 60,000,000 төгрөгийн тэтгэлэгтэй сургалт байна гэж надад танилцуулсан. Би эхний удаа бодож байгаад болъё, энэ удаа татгалзъя гээд хөдөө гэр рүүгээ явсан. Тэгэхэд дахиж залгаад явах нь юу болсон бэ? гээд асуухаар нь би энэ удаа мөн татгалзъя гэж хэлсэн. Сүүлд 3 дахь удаа залгаад энэ алдаж болохгүй боломж шүү гэхээр нь надад олдож байгаа бас нэг боломж байж магадгүй гэж бодоод зөвшөөрсөн. Тэгэхэд элчингийн ярилцлагад орох бэлтгэл хийнэ, 528,000 төгрөг шилжүүлчих, мөн 07, 09 дүгээр сард явах хөтөлбөр байна, аль үеэр нь явах вэ? гэхээр нь 09 дүгээр сард явъя гээд тохирсон. Тэгээд би сургалтад суухдаа төлбөрөө өгч болох уу? гэхэд үгүй эхлээд төлбөрөө шилжүүлчих, багшид нь мөнгөний хэрэг байна гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Би 06 дугаар сарын сүүлээр очоод сургалтдаа сууя гэж хэлсэн.Тэтгэлэг олгоход чамд ашигладаггүй данс байх хэрэгтэй гээд Хаан банкны данс нээлгүүлж хувийн мэдээлэл авч байсан. 06 дугаар сар гарахад 60,000,000 төгрөгийн тэтгэлгийн төлбөрөө эхнээс нь урьдчилаад төлж байя гэж хэлсэн. Эхний ээлжид би 05 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлсэн. Дахиад мөнгө хэрэгтэй байна, төлбөрөөсөө өгч бай гэхээр нь тэтгэлэг авсны дараа төлж болох уу? гэхэд урьдчилаад төлж бай гэж хэлэхээр нь 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа А-тэй 07 дугаар сарын 01-ний өдрөөс хичээлдээ оръё гээд ярилцсан. Тэгэхэд үлдэгдэл мөнгөө өгөх үү гээд хэлсэн. Би тэтгэлгээ авсны дараа 100 хувь төлж болох уу? гэхэд урьдчилаад хийх ёстой гэж хэлсэн учраас би үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 06 дугаар сард өгсөн. Би гэрээ хийх үү? гэхэд үйл ажиллагаагаа явуулаад дараа нь болно гэж хэлсэн. Би 2-3 удаа асуусан. Сүүлд нь би нэг тодорхойлолт авсан. 07 дугаар сарын 01-ний өдрөөс Англи хэлний материал дээр ажилласан. Тэгэхэд элчингийн ярилцлагад Англи хэлээр биш Монгол хэлээр орохоор боллоо гээд бэлдэж эхэлсэн. Дараагийн асуудал нь элчингийн цаг авах байсан. Би өөрийн зардлаар холбогдоод цаг авсан. Мөн хамт явах 5 хүнийхээ цагийг авч өгсөн. 528,000 төгрөгөөр элчингийн ярилцлагын цаг авсан. Ярилцлагад орохын тулд заавал оюутны аюулгүй байдлыг хангах үүднээс 1,141,000 төгрөгийг төлөх шаардлагатай болоод төлсөн. 09 дүгээр сарын 14-ний өдөр элчингийн ярилцлагад орсон боловч тэнцээгүй.  Бэлдсэн шиг тодорхой зүйл байгаагүй. 3-5 асуулт асуугаад 2 асуултад тэнцээд 3 асуултад тэнцээгүй, багаараа унасан. Тэгээд 09 дүгээр сарын дундаас багш утсаа авахаа больсон. Дараагийн шатны алхам юу байна гээд хамт сурч байсан Н дахиад элчингийн ярилцлагад орох цаг авъя гэхэд А байж  бай, түр хүлээж бай, 2022 оны 10 дугаар сараас дахиад цаг авъя гээд авхуулаагүй. Өөрөө утсаа авахгүй, утас нь холбогдохгүй болсон. Тэгээд ажил явдалтай байна, намайг түр хүлээж бай гээд хүлээлгэсэн. 11 дүгээр сараас нь Н одоо цаг авъя эсхүл мөнгөө буцааж авъя гэхэд хариу өгөөгүй байсан. Бид нар явах хугацаанаасаа хоцорсон учраас өвлийн урилга авъя гэж аваад цаг авах гэхэд ойрын хугацаанд элчингийн цаг байхгүй байна гээд авхуулаагүй. Би хөдөө яваад таны боломжтой чөлөөтэй цагаар чинь дагаж ажиллая гээд хүлээсэн. 12 дугаар сар гараад ямар ч хэл сураггүй алга болсон. 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2024 он хүртэл огт холбоо аваагүй. Чатаар хааяа нэг хариу өгч байсан. Тэгээд өвлийн урилгын хугацаа өнгөрөөд хаврын урилгад хамрагдах уу гээд Н тодруулсан боловч хариу өгөөгүй. Хэн ч холбоо авч мэдээлэл өгөөгүй.  Дундуур нь 08 дугаар сард 2,700,000 төгрөгийг онгоцны зардал гэж мөн өгсөн боловч тийз нь бид нарт ирээгүй. Бид нар өөрсдөө аваад гар дээрээ хадгалж байя гэхэд нэгдсэн журмаар байгууллага дээр хадгалъя гээд өгөөгүй. Сүүлд нь энэ яг юу болоод байгаа юм бол гэхэд багш итгэлтэй байж бай гэж хэлсэн. Би 2023 онд төлбөрт өгсөн 10,000,000 төгрөг, онгоцны тийзийн 2,700,000 төгрөгөө авъя, танд ямар ч хариуцлага байхгүй байна гэхэд миний мөнгийг ч өгөөгүй, тодорхой хариу ч өгөөгүй таг болсон. Тэгээд арга буюу 2023 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байгаа гэв.       

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би А гэх хүнтэй 2022 оны 01 дүгээр сард Өмнөговь аймгийн хүүхэд залуучуудын галакси төвд Англи хэлний 3 сарын сургалтад сурах үедээ танилцсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын сүүлээр хэлний сургалт дууссан. Харин сургалтад сурч байх үед тус сургалтын багш А нь надад PIERCE COLLEGE international education-ийн хэлний сургалт бүхий 12 хуудас хөтөлбөрийг танилцуулж байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сард А багш өөрийн ... дугаарын утаснаас залгаад надад “Чи миний танилцуулж байсан сургалтад хамрагдах уу, 18000 долларын 100 хувийн тэтгэлэг байна, төлбөр нь 10,000,000 төгрөг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би утсаар ярьж дуусаад утсаа тасалсан. Дахиад 5 хоногийн дараа А над руу дахиж залгаад 100 хувийн тэтгэлэг дахиж гарахгүй, чамайг сайн таних болохоор хэлж байна, эхний 6 хүнд тэтгэлэг гарна гэж хэлж байсан. Тэгээд А чи шийдвэрээ гаргачихаад хэлээрэй гэхээр нь би аав, ээжтэйгээ ярьж зөвшилцөөд А багштай ярьж хэлэхэд за чиний хөтөлбөрийг би намрын хөтөлбөрт орууллаа гээд элчингийн ярилцлагад бэлдэж орно, тэрийг манай байгууллагаас бэлдэж оруулна төлбөр 528,000 гээд өнөөдөр шилжүүлчих гээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот дугаарын гэрэлт үг гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 05 дугаар сард би А багш руу залгаад одоо элчингийн ярилцлагадаа бэлдэх үү гэхэд А над руу эхлээд урьдчилгаа 500,000 төгрөг хийчих гэхээр нь би 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Дахиад дараа нь хэдийг хийх боломжтой байна гэхээр нь би 1,500,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахиад шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А над руу залгаад үлдсэн төлбөрөө бөөн хийчих гээд үлдэгдэл 8,000,000 төгрөгийг би 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр би элчингийн ярилцлагад ороход журмын дагуу ордгоороо ороод ярилцлагаа өгөөд тэнцээгүй гэдэг хариу авсан. Элчингээс гарч ирээд Ат тэнцээгүй гэдэг хариугаа хэлээд маргаашнаас нь огт утсаа авахаа больсон. Тэгээд би залилуулсан гэдэг утгаар цагдаагийн байгууллагад хандсан. Би А багш руу хийж байсан бүх гүйлгээгээ ... тоот дугаарын гэрэлт үг гэсэн нэртэй данс руу шилжүүлж байсан. Би А багштай гэрээ байгуулж байгаагүй, тодорхойлолт өгч байсан. Тэнцтэл чинь оруулна, заавал тэнцүүлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэнцэхгүй бол би мөнгөө авна шүү гэхэд тэгнээ өгнө, гэхдээ тэнцэхгүй байна гэж юу байхав, амны билэггүй юм гэж хэлж байсан. Би Атэй 2022 оны 09 дүгээр сард хамгийн сүүлд уулзсан. Элчинд ороод тэнцээгүй гэдгээ хэлснээс хойш уулзаагүй. Тэрнээс хойш хааяа мөнгөө өгнө гэж “New light Mongolia” гэсэн фейсбүүк чатаар холбогдож мөнгөө өгнө гэж хэлдэг. Би Ат залилуулсан бүх мөнгөө авна. Мөнгөний төлбөрөө гаргаж өгнө. Нийт 14,375,000 төгрөг болж байгаа... Анх 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 528,000 төгрөг, түүний дараа 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 8,000,000 төгрөг, онгоцны тийзийн төлбөр гэж хэлсэн тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,706,700 төгрөгүүдийг Хаан банкны ... тоот данс шилжүүлсэн, үүнийг бодож үзэхээр нийт 13,234,700 төгрөг болон байна. Үүнээс гадна сургалтад бэлдэх явцад /татварт-1,141,098, элчингийн цаг авахад-512,000/ төгрөгүүдийг тухайн үед шилжүүлсэн. Иймд Аээс 14,887,798 төгрөгийг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 32-34, 93-94 дэх тал/   

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Ч.А гэх хүнийг таньж мэдэхгүй бөгөөд ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Манай хүү Б-ыг гадаад улсад сургуульд явуулна гэж залилж мөн надаас бас мөнгө зээлсэн. Тэрийгээ өгөхгүй болохоор нь Шүүхийн шийдвэрт хандсан. Тухайн асуудалд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Миний хувьд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,709,400 төгрөгийг Хаан банкны ... тоот данс шилжүүлсэн. Тухайн үед би Даланзадгад сумын төвд ирээд мөнгө шилжүүлсэн, харин манай хүү Б, А-тэй цуг Улаанбаатар хотод байсан. Гадаад улсад сургуульд суралцахаар болбол Улаанбаатар хотод очиж гаргаж өгнө гэж бодож байна. А манай хүүхдийг залилсан асуудалд гомдолтой байна.” /хавтаст хэргийн 96 дахь тал/

Хохирогч Б.Б-ын Голомт банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон холбогдох санхүүгийн баримтууд, материалууд /хавтаст хэргийн 12-31 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.А-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол хор уршгийн хувьд 14,887,798 төгрөгийг гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,    

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,

Шүүгдэгчийн хувьд Б.Б-аас бүх мөнгийг авсан. Буцааж өгнө гэдгээ хүлээж тодорхойлолт гаргаж өгсөн, маргаан хийхгүй. Гэхдээ би орон нутгийнхаа төлөө, хүүхдүүдийн төлөө зүтгэсэн. Шүүхийн зүгээс миний хэлэх үгийг хаасангүй, орилж хашхичаагүйд талархаж байна. Энэ хүн үнэхээр залилагч байсан уу? гэдгийг эсхүл амжилтын төлөө явсан хүн байсан уу? гэдгийг тодорхойлж цэгнэх болов уу? гэж бодож байна. Энэ бүхний араас би өөрийн бүх зүйлээ орхиж зүтгэсэн. Аав, ээжийгээ өнгөрөхөд хүртэл энэ ажлын төлөө явсаар байгаад алдсан. Хохирол төлбөрийн тухайд би тухайн мөнгийг авсан, зарцуулсан. Үүн дээр маргаан байхгүй. Харин залилж аваагүй гэдгийг хэлмээр байна гэх тайлбарыг тус тус гаргав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ч.А нь ... тоот дугаарын гэрэлт үг гэсэн нэртэй дансаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Англи хэлний сургалтын үйл ажиллагаа явуулж байхдаа Б.Б-аас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 528,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, онгоцны тийзийн төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,706,700 төгрөг, мөн сургалтын татварт 1,141,098 төгрөг, элчинд цаг авах төлбөрт 512,000 төгрөг нийт 14,887,798 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 93-94 дэх тал/, гэрч Ц.Д-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/, хохирогч Б.Б-ын Голомт банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон холбогдох санхүүгийн баримтууд, материалууд /хавтаст хэргийн 12-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.   

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.  

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг дээрх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг байна.

Шүүгдэгч Ч.А нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-т нийт 14,887,798 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.  

Шүүгдэгчийн хувьд залилах гэмт хэрэг үйлдээгүй, Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны Перс коллежийн тэтгэлэгтэй сургалтад Өмнөговь аймгаас хамрагдах оюутнуудыг бэлтгэх зорилгоор сургалтаа явуулж, суралцагч нараас авсан төлбөрийг үйл ажиллагаандаа зарцуулсан гэж мэтгэлцэж оролцов.

Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч боловсролын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атлаа Англи хэлний боловсрол эзэмшүүлэх 3 сарын хугацаатай сургалт явуулах явцад хохирогчтой танилцаж, улмаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны Перс коллежид тэтгэлэгтэй сургалт байна, уг сургалтад хамрагдахын тулд сургалтын төлбөрийг урьдчилж авдаг хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, сургалт, элчингийн ярилцлагад орох төлбөр, онгоцны тийзийн төлбөр, татвар гээд нийт 14,887,798 төгрөг залилж авсан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хангасан гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.      

Шүүгдэгч Ч.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

Иймд шүүгдэгч Ч.А-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Анх 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 528,000 төгрөг, түүний дараа 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 8,000,000 төгрөг, онгоцны тийзийн төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,706,700 төгрөгийг Хаан банкны ... тоот данс руу шилжүүлсэн, үүнийг бодож үзэхээр нийт 13,234,700 төгрөг болж байна. Үүнээс гадна сургалтад бэлдэх явцад татварт 1,141,098 төгрөг, элчингийн цаг авахад 512,000 төгрөгийг тухайн үед шилжүүлсэн. Иймд А-ээс нийт 14,887,798 төгрөгийг нэхэмжилж байна.” /хавтаст хэргийн 32-34, 93-94 дэх тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгч энэ талаар маргаагүй байх тул шүүгдэгч Ч.А-ээс 14,887,798 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгохоор шийдвэрлэв.

Прокурор яллах дүгнэлтэд залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийн хэмжээг 10,528,000 төгрөг гэж буруу тогтоосныг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хохирол, төлбөрийг 14,887,798 төгрөг гэж зөвтгөж тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх, 

Шүүгдэгчийн хувьд би өөрөө маш их хэмжээгээр хохирсон, мөн би шүүхэд гомдол гаргая гэж бодож байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч А-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.  

Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.     

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овгийн Ч-ийн А-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 14,887,798 /арван дөрвөн сая найман зуун наян долоон мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.                  

 6. Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ