| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Т.Э,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Т-ийн Э-д холбогдох 2428000920108 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Т.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчиж гудамжинд байрлуулсан сурталчилгааны самбарыг мөргөн осол гаргаж, иргэн Н.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Э-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн байх тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Т.Э бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 2024 оны 02 дугаар сарын 13-нд шилжих шөнө автомашинтай явсан бөгөөд автомашины урд талын суудал буюу жолоочийн хажуугийн суудал дээр би сууж явсан. Харин миний найз Э болохоор өөрийнхөө ... улсын дугаартай “Toyota Camry” загварын автомашиныг жолоодон явж байгаад осол гаргасан ослын улмаас миний зүүн шагай бяцарсан, хавирга хугарсан, баруун шуу хугарсан, тэгээд аймгийн БОЭТ-д хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Одоо ч бас нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Бас Э-гийн эрүүл мэндэд гэмтэл учирсан. Миний хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, ослын өмнө Э бид хоёул архи ууж хэрэглэсэн согтуу байсан. Миний эмчилгээ, сувилгаанд гарч байгаа зардлыг Э өгч байгаа тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн нийтийн эзэмшилд байх зарын самбар нь 4,000,000-5,000,000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Самбарыг засварлаж өгсөн тул шаардлага байхгүй. Тухайн осол болсны дараа самбарыг бүрэн засварлаж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
Гэрч Г.Са мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг Их-Уулын 9-1 тоотод байх модон хашааг тээврийн хэрэгсэл ирж мөргөж хохирол учруулсан. Үргэлжилсэн 2 хашаа нийт 8 метр орчим байгаа. Манайх тухайн хашаанд байдаггүй эргэж тойроод байж байдаг хоосон хүнгүй хашаа байсан. Хашааг засварлан өгсөн болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Зах зээлийн үнэлгээг хийлгэх шаардлагагүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдолтой зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.А-ийн биед зүүн шагай ясны бяцарсан хугарал, олон хавирганы хугарал, баруун шуу ясны хугарал, зүүн уушги хатгасан шарх, цээжний хөндийн шингэн хуримтлал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Н.А-ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Н.А-ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 38-40 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Т.Э-гийн биед баруун шагайн хавчаар ясны ил хугарал, олон хавирганы хугарал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Т.Э-гийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.Эгийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.20-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 46-48 дахь тал/
Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “а/ 8067 УБС улсын дугаартай “Саmry-xv50” загварын тээврийн хэрэгсэл нь кузов, хөдөлгүүр, хөргөлтийн систем, тоормосны систем, жолооны механизм, цахилгаан хэрэгсэл тоноглол, явах эд ангиудад их хэмжээний эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. 6/ Тухайн тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, хурдны хайрцаг, хаазны эд ангиуд, явах эд анги, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл зэргүүд тухайн зам тээврийн осол болоход бүрэн ажиллагаатай байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. в/-г/ Тухайн тээврийн хэрэгсэл нь ослоос үүдэлтэй маш их хэмжээний эвдрэлтэй байх тул хөдөлгүүрийг асааж уг тээврийн хэрэгслийг хөдөлгөж жолоодлогын болон тоормосны систем, явах эд анги, гэрэл гэрэлтүүлэх хэрэгсэл зэргүүд одоо бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгах ямар нэгэн туршилт хийх ямар ч боломжгүй байна.” /хавтаст хэргийн 55-57 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-1. ... улсын дугаартай “Тoyota Camry” тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтанхүүгийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Драгер багажаар шалгасан тэмдэглэл, оролцогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хариулт-2. ... улсын дугаартай “Toyota Camry” тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Алтанхүүгийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажаар шалгасан тэмдэглэл, оролцогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Хариулт-3. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18.1. Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.1. жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэж тус тус заасан байна. Хариулт-4. ... улсын дугаартай “Toyota Camry” тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/
Зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/
... улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 148 дахь тал/
Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа мэдээлэл” /хавтаст хэргийн 160 дахь тал/
Өмнөговь аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.А-ийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 112-134 дэх тал/
Т.Э-гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 142-157 дахь тал/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Т.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол, учруулахгүй, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчиж гудамжинд байрлуулсан сурталчилгааны самбарыг мөргөн осол гаргаж, иргэн Н.А-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Б.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч Г.Са-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48 дахь тал/, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, зам тээврийн ослын хэрэг дээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-16 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/, ... улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хавтаст хэргийн 148 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа мэдээлэл” /хавтаст хэргийн 160 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундаа хэрэглэж согтолтын хэмжээ 2.28 промиль гарсан болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...... улсын дугаартай “Toyota Camry” тээврийн хэрэгслийн жолооч Т.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон байна.” /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Т.Э-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн биед зүүн шагай ясны бяцарсан хугарал, олон хавирганы хугарал, баруун шуу ясны хугарал, зүүн уушги хатгасан шарх, цээжний хөндийн шингэн хуримтлал бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Э нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Миний эмчилгээ, сувилгаанд гарч байгаа зардлыг Э өгч байгаа тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ад 10,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь гүйлгээний баримт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Сын эд хөрөнгө болох зарын самбарт хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Сын зүгээс “...Самбарыг засварлаж өгсөн тул шаардлага байхгүй. Тухайн осол болсны дараа самбарыг бүрэн засварлаж өгсөн тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Т.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн биед хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон учир хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээж байгаа гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Т.Э-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Т.Э-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-г оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-д 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.С-д хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Т-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-г оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-д 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.С-д хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ