| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.7.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Г.Б,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Г-ын Бд холбогдох 2428000000015 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.О-ын эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт байрлах ... дүгээр байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “On market” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө 200,000 төгрөг, гэрийн боорцог нэртэй боорцог 2 уутыг, гоё нэртэй жижиг ундаа 3 ширхэг,
2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы ... тоотод байрлах Л.Х-ын эзэмшлийн “Баянхур” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг авч нэвтэрч, бэлэн мөнгө 450,000 төгрөг, Wako нэртэй электрон тамхи 5 ширхэг, хар эссэ нэртэй тамхи 1 боодол зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлсан,
мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 56 дугаар байрны зогсоолоос Б.Ч-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota pruis 10” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Хийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Төв рүү орж найзтайгаа уулзаад буцаж байхад машины түлхүүр байхаар нь машин унаж үзмээр санагдаад эзэнд нь хэлэхгүйгээр зөвшөөрөлгүй жолоодсон. “Prius” загварын машин Даланбулагийн хажуу зогсоол дээр байсан. Машиныг жолоодож яваад цагдаад баригдсан. Тухайн машиныг эзэнд нь буцаагаад өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа тараад явж байгаад цонхыг нь түлхэхэд онгорхой байхаар нь ороод 2 уут боорцог, 3 ундаа, бэлэн 300,000 гаруй төгрөг аваад гарсан. Найзтайгаа хөдөө явж хүнс хийчхээд буцаад явж байхдаа дэлгүүрийн цонхны төмөр сул байхаар нь татаад ороод бэлэн мөнгө 300,000 гаруй төгрөг, электрон тамхи 5 ширхэг, хар эссэ хайрцгаар нь аваад гэртээ очсон. Гэмт хэрэг үйлдэхэд ганцаараа байсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг 56 дугаар байрны гадна зогсоол дээр байсан ... улсын дугаартай “Тоёота приүс 10” загварын миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайд алдаж хохирсон... Манай машины жолоочийн хаалганы түгжээ автоматаар түгжигддэггүй юм, тухайн үед тэр хаалга түгжээгүй байсан, мөн түлхүүр нь зоолттой байсан. Машинаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор ямар нэгэн гомдол саналгүй байна.” /хавтаст хэргийн 181-182 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг 1 дүгээр байрны 111 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүрээ ажиллуулж байгаад орой 23 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэртээ ирсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөө дэлгүүртээ иртэл цонх онгорхой байж байсан. Тэгээд камер шүүхэд манай дэлгүүрт үл таних эрэгтэй хүн цонхоор орж ирээд кассанд байсан бэлэн мөнгө яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна барагцаагаар 200,000 төгрөг, гэрийн боорцог нэртэй боорцог 2 уутыг, гоё нэртэй жижиг гоё ундаа 3 ширхэгийг аваад цонхоор гараад явсан. Манай дэлгүүрт одоо 216,400 мянган төгрөгийн хохирол учирсан... Ямар амьдралтай хүн дэлгүүрт хулгай хийх гэж ороод ундаа, боорцог хулгайлах билээ дээ, сайн амьдралтай хүн тийм зүйл хулгайлахгүй байх гэж бодож байна. Тийм болохоор ядарсан дээр нь нэмж хохирол нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна. Залуу хүн хулгай хийхгүйгээр ажиллаж, хөдөлмөрлөж, хөлс хүчээрээ өөрийнхөө амьдралыг босгох хэрэгтэй гэж хэлмээр байна. Хууль бус үйлдэл хийсэн болохоор хуулийнхаа дагуу л шийтгэлээ авах болохоор надад өөр нэмж ярих, санал хүсэлт, гомдолтой зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 19-20, 23-24 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг Дундсайхан хороолол 2а-07 тоотод оршин суух хаягтай уг хашаандаа Баян Хур нэртэй 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө дэлгүүрээ нээгээд ортол манай дэлгүүрийн цонх нээлттэй хулгай орсон байдалтай байсан, тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бэлэн мөнгө 450,000 төгрөг, Wako нэртэй электрон тамхи 5 ширхэг 125,000 төгрөг, хар эссэн нэртэй тамхи 1 боодол /боодол дотроо 10 ширхэг байдаг/ 36,000 төгрөг алдагдсан. Мөн дэлгүүрийн хяналтын камерыг аваад явсан байсан 350,000 төгрөг, нийт 961,000 төгрөгийн хохирол учирсан... Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй... Манай Баян хур дэлгүүрээс эд зүйл хулгайлсан залуу нь хохирлоо барагдуулсан зүйл байхгүй. Эрүүгийн мөрдөгч дэслэгч Сайнзаяа тухайн хулгай хийсэн этгээдийг анх бариад 62,500 төгрөгийг нь хурааж авч надад хүлээлгэн өгснөөс өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Энэ өгсөн мөнгийг хасаж тооцвол 574,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй байгаа. Үлдэгдэл 574,000 төгрөгийг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 78-79, 82, 85 дахь тал/
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Малчны хороолол 5-31 тоотод байх гэр рүүгээ алхсан. Даараад мөнгө байхгүй байсан учир шинэ Даланзадгад хороололд байдаг 15 давхар байрны урд талын байрны доор байдаг хаягийг нь сайн мэдэхгүй байна дэлгүүрийн хажууд ирээд үзтэл цонхоор нь орж болохоор харагдсан. Тэгээд хажууд байсан орц руу ороод тогийг нь салгасан. Хойд талын цонхыг гараараа түлхсэн чинь нээгдсэн. Дэлгүүрт ороод кассанд байсан бэлэн мөнгө 300,000 төгрөгийг аваад гарахдаа боорцог 2 ширхэг, ундаа 3 ширхэгийг аваад гарсан. Тэгээд Малчны хороолол 5-31 тоотод байх гэртээ ирээд унтсан. Тухайн дэлгүүр нь On market гэсэн нэртэй байсан. Дэлгүүр рүү ороход хоёр өрөө байсан, урд талын өрөөний үүдэн хэсэгт байх бэлэн мөнгө хадгалдаг касснаас бэлэн мөнгө авсан. Тухайн үед тоолоход 300,000 төгрөг байсан. Нөгөө өрөөнд ороод гэрийн боорцог нэртэй 2 ширхэг боорцог, гоё нэртэй ундаа 3 ширхэгийг авсан, тэгээд орж ирсэн цонхоороо гарсан. Би тухайн өдөр алхаад даараад мөнгө хэрэгтэй байсан учир орж хулгай хийсэн. Мөн би 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад орой 22 цагийн үед найз Уугнаатай уулзаад Уугнаагийн хөдөө гэр болох аймгийн төвөөс зүүн урд байрлах Хүрмэн сум руу явдаг засмалаас урагшаа 10 км зайд очиж мал эвдэлж янзлаад буцаад хүргүүлэх гэсэн чинь Уугнаа завгүй байхаар нь хойд айлын танихгүй залуугаар Дундсайхан хороололд хүргүүлсэн. Тэгээд хойшоо алхаж байгаад Баянхур нэртэй хүнсний дэлгүүр байсан. Тэгээд орж мөнгө авъя гэж бодоод дээвэр дээр нь гараад тогны утсыг салгасан. Цонхны төмрийг татсан чинь салаад ирсэн. Дээд талын цонхыг түлхээд онгойлгосон. Дэлгүүрт ороод үүдэнд байсан кассын шургуулгаас бэлэн мөнгө, бор өнгийн түрийвч, хар өнгийн эссэ тамхинаас нэг боодлыг, хажууд байсан лангуунаас гурван электрон тамхи аваад гарахдаа цонхны дээр байсан камерыг авч гараад баруун дээд талын хашааг давуулаад шидсэн. Бор өнгийн түрийвч нь дотор байсан бичиг баримтыг хойд талын хашааны завсраар хийчихээд Малчины хороолол 5-31 тоотод байрлах гэртээ ирээд унтсан. Би ийм хоёр удаагийн хулгай хийсэн байгаа тул яллагдагчаар татагдах болсон. Би одоогийн байдлаар хохирогч нарт төлж барагдуулсан хохирол төлбөр огт байхгүй... Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 56 дугаар байрны гадна талын зогсоол дээр байх ... улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл түлхүүр нь дотор зоолттой байхаар машин унаж үзмээр санагдаад эзэнд нь хэлэлгүй унаж явсан. Унаж явж байгаад буцаагаад өгнө гэж бодсон. Тухайн машины эзнийг сайн танихгүй. Уг машиныг жолоодон төвийн чиглэлээр болон Дулааны цахилгаан станцын баруун талаар явж байхад цагдаа нар зогсоон барьсан. Тухайн хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хавтаст хэргийн 144-145, 221-222 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Toyota prius 10” загварын тээврийн хэрэгсэл 3,325,000 төгрөг.” /хавтаст хэргийн 196-202 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Өмнөговь аймагт үйлдвэрлэгддэг, гэрийн боорцог нэртэй, 1 кг, ууттай, 2 ширхэг, 11,000 төгрөг, Гоё нэртэй ундаа, 0,5 литрийн савлагаатай, 3 ширхэг, 4500 төгрөг, нийт 15,500 төгрөг.” /хавтаст хэргийн 35-38 дахь тал/
“Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Электрон тамхи, Waka нэртэй, дэлгүүрт зарж байсан, 5 ширхэг, 95,500 төгрөг, Хяналтын камер, UNIFORD загварын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2023 онд худалдан авсан 4 megapixel8, 2,8 mn lens, 1 ширхэг, 57,000 төгрөг, Тамхи, esse хар өнгийн, 10 ширхэг, 34,000 төгрөг, Нийт дүн: 186,500 төгрөг” /хавтаст хэргийн 98-101 дэх тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 189-193 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15, 70-74 дэх тал/
Эд зүйл хүлээн авсан, өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91 дэх тал/
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 133-134/.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч О-д 215,500 төгрөгийн хохирол, хохирогч Х-д 636,500 төгрөгийн хохирол, хохирогч Хт 3,325,000 төгрөгийн хохирол учирснаас Х-т машиныг бодит байдлаар буцаан олгож, хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Хохирогч О нь 215,500 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн. Хохирогч Хд учирсан хохирлоос мөрдөн байцаалтын шатанд 62,500 төгрөгийг нөхөн төлж, үлдэгдэл 574,000 төгрөгийн хохирол байгаа. Тухайн 574,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.О-ын эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт байрлах ... дүгээр байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “On market” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө 200,000, гэрийн боорцог нэртэй боорцог 2 уутыг, гоё нэртэй жижиг ундаа 3 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы 2а-7 тоотод байрлах Л.Хын эзэмшлийн “Баянхур” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг авч нэвтэрч, бэлэн мөнгө 450,000 төгрөг, Wako нэртэй электрон тамхи 5 ширхэг, хар эссэ нэртэй тамхи 1 боодол зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 56 дугаар байрны зогсоолоос Б.Чийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota pruis 10” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч Б.Х-ийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 181-182 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20, 23-24 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79, 82, 85 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 196-202 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 189-193 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-15, 70-74 дэх тал/, эд зүйл хүлээн авсан, өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 90-91 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Г.Б-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд Г.Б нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.О-ын эзэмшлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт байрлах ... дүгээр байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “On market” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, бэлэн мөнгө 200,000 төгрөг, гэрийн боорцог нэртэй боорцог 2 уутыг, гоё нэртэй жижиг ундаа 3 ширхэг, 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дунд сайханы ... тоотод байрлах Л.Х-ын эзэмшлийн “Баянхур” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг авч нэвтэрч, бэлэн мөнгө 450,000 төгрөг, Wako нэртэй электрон тамхи 5 ширхэг, хар эссэ нэртэй тамхи 1 боодол зэргийг тус тус нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч Л.Х, Г.О нарын хаалттай дэлгүүрийн цонхыг хүчээр түлхэн онгойлгож улмаар цонхоор орж бэлэн мөнгө болон эд зүйл хулгайлсан үйлдэл хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Ч-ийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Тухайлбал шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Ч-ийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр хохирогчийн авто машиныг завших аливаа нэгэн зорилгогүй байсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Г.Б нь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Б-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан дээрх үйлдлийг хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, мөн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Од бэлэн 200,000 төгрөг, мөн 15,500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/ тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Х-ийн эд хөрөнгөд 3,325,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 196-202 дахь тал/-ээр тогтоогдсон ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Машинаа бүрэн бүтэн хүлээн авсан болохоор ямар нэгэн гомдол саналгүй байна.” /хавтаст хэргийн 181-182 дэх тал/ гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Б-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.О, Б.Х нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х бэлэн 450,000 төгрөг, мөн 186,500 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 98-101 дэх тал/-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “... Эрүүгийн мөрдөгч дэслэгч Сайнзаяа тухайн хулгай хийсэн этгээдийг анх бариад 62,500 төгрөгийг нь хурааж авч надад хүлээлгэн өгснөөс өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Энэ өгсөн мөнгийг хасаж тооцвол 574,000 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй байгаа. Үлдэгдэл 574,000 төгрөгийг нэхэмжилнэ.” /хавтаст хэргийн 78-79, 82, 85 дахь тал/ гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Г.Бэс 574,000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Хд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Бийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Б.Хт тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овгийн Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Б-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бэ-с 574,000 /таван зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Х-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Б.Х-т тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч шүүгдэгч Г.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ