Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 21

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Хадчуул овогт Сүрэнгийн Энхтуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201721010024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, эмэгтэй, 1972 оны 03 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:ПБ72030484 регистрийн дугаартай  Хадчуул овогт Сүрэнгийн Энхтуяа.

     Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Энхтуяа нь 2017 оны 02 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Хандсүрэнтэй маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч С.Энхтуяа нь 2017 оны 02 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Хандсүрэнтэй маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч С.Энхтуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”Би Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ 2017 оны 02 сарын 22-ны өдөр Булган сумын төврүү цагаан сарынхаа бэлтгэл хийх гээд  Х.Хандсүрэнгийн залуугийн машинд суугаад Б.Энхцэцэг, Х.Хандсүрэн, М.Батхуяг, тэдний 2 жаахан хүүхдүүдийн хамт явсан. Тэгээд явж байтал машин цасанд суугаад М.Батхуяг эхнэр Б.Энхцэцэгийн хамт буугаад цас малтахаар буусан. Би М.Батхуягийн нэг хүүхдийг тэврээд, Х.Хандсүрэн урд талд мөн нэг хүүхдийг нь тэврээд сууж байсан. Гэтэл Х.Хандсүрэн намайг чи миний хүүгийн машинд суух нүүр байсан юм уу гэхээр нь би яагаад нүүр байдаггүй юм бэ гэхэд Хандсүрэн урдаас чи хэдэн жилийн өмнө авч байсан  ширдэгийг минь өгөөдөх гэхээр нь би дуугүй сууж байсан. Гэтэл дахиад ширдэг өг гэж хэлэхээр нь би нялх нойтон хүүхдүүдтэй  хол газар явж байж хэрүүл хийгээд яах юм гэтэл намар та нар намайг шүүхэд өгсөн одоо би шүүхэд өгнө гээд гэхээр нь би ямар гэм хийсэндээ шүүхэд очдог юм бэ? гэтэл намайг хулгайч гэсэн. Би өөдөөс нь би хулгайч уу чи хулгайч уу гэж хариулсан.  Х.Хандсүрэн миний дээлний зүүн талын мөр дээрээс татаад намайг цохиоч цохь гээд мөн баруун талын ханцуй хэсгээс татаж чангааж байгаад нүүрэн тус газраа гараараа шавдсан. Тэгээд бид хоёрыг маргалдаад байж байтал Б.Энхцэцэг орж ирэхээр нь би хүүхдээ ав гээд хүүхдийг нь өгсөн. М.Батхуяг машинд орж ирээд түлхүүр түлхэх шиг болсон. Тэр үед би М.Батхуягт ээжийгээ татаж ав гэж хэлсэн. Тухайн үед Х.Хандсүрэн миний дээлнээс зуураад байхаар нь би тавиулсан. ...Ишигний гуя хайсан хулгайч гэх мэтээр намайг доромжилсон. Би танай баян миний хоосон хоёр яг адилхан гэж хэлсэн. Тэгээд намайг машинаас буух үед Х.Хандсүрэн миний гарнаас бариад цохиод алчихъя гээд байхаар нь би урдаас нь гартай нь зууралдаад баруун гараараа нүүрэн хэсэг рүү хэдэн удаа цохьчоод машинаас буугаад шууд гэрлүүгээ алхсан... ” гэх мэдүүлэг,

- Хохирогч Х.Хандсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ”2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрээсээ  сумын төв орж цагаан сарын бэлтгэлээ хийх гээд хүү М.Батхуягийн  машинтай  бэр Б.Энхцэцэг,  С.Энхтуяа нартай хамт явж байтал  Загтын эхэн гэх газар машин цасанд суусан. Манай залуу М.Батхуяг эхнэр Б.Энхцэцэгийн хамт цас малтаад байж байсан тэр хооронд би  С.Энхтуяагаас  2003 онд Батаагийн хуриманд авч явсан    ширдэгээ  авъя хүүхдүүдэд хэрэг болно гэж хэлсэн. С.Энхтуяа тэрийг чинь өгөхгүй чи миний малыг хулгайлж хүнд өгсөн гэж хэлээд надруу нулимхаар нь би чи хүн нулимдаг хэн юм бэ гэхэд яадгийм гээд урдаас хэрэлдээд байж байтал манай бэр Б.Энхцэцэг  та хоёр яаж байгаа юм бэ гээд машины хаалга онгойлгоод орж ирээд С.Энхтуяагаас хүүхдээ авсан. С.Энхтуяа хүүхэд өгсөний дараа миний нүүр лүү гараараа цохиод, хоёр шанаа халцлаад, шүд рүү цохиод намайг нэлээн хэдэн удаа толгой нүүр хэсэг рүү цохьсон. Би тэр үед С.Энхтуяаг буугаад алхаад яв зайл гэж хэлэхэд намайг зодчихоод буугаад гэр лүүгээ буцаад явсан “гэх мэдүүлэг,

- гэрч  М.Батхуягын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ Тэр өдөр цагаан сарын бэлтгэлийн ажил хийх гээд бид нар миний эзэмшлийн УАЗ-469 маркийн авто машинтай Баянголын амнаас хөдөлсөн юм. Тухайн үед замд машин цасанд суугаад би эхнэрийн хамт  цас малтаад байж байтал  манай ээж Х.Хандсүрэн, С.Энхтуяа нар хооорондоо маргалдаад байх шиг байсан манай эхнэр түрүүлээд машин руу орсон, тэгээд би цасаа малтаж дуусаад машин руу ороход С.Энхтуяа машинаас буугаад танай ээж чинь намайг машинаас бууж зайл гэж байна гээд шууд гэрийн зүгт алхсан би араас нь дуудахад эргэж харалгүй шууд явсан. Би ээжээс юу болсон талаар асуухад  намайг зодоод буугаад явлаа гээд 2 хацарнаас нь цус гарсан байдалтай, мөн шүднээс нь цус гарсан байдалтай  байсан” гэх мэдүүлэг,

- гэрч Б.Энхцэцэгийн  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэр өдөр цагаан сарын бэлтгэлийн ажил хийх гээд нөхрийнхөө эзэмшлийн УАЗ-469 маркийн авто машинтай Баянголын амнаас хөдөлсөн юм. Тухайн үед замд машин цасанд суугаад би нөхөрийн хамт  бугаад цас малтаад байж байтал манай ээж Х.Хандсүрэн, С.Энхтуяа нар хооорондоо маргалдаад байх шиг байсан.Тэгэхээр нь би машинд орж ирэхэд тэр хоёр хэрэлдсэн байсан тэгээд С.Энхтуяа надад хүүхдээ ав гээд хүүхдийг өгсөн, С.Энхтуяа машинаас буухдаа хадам ээжийн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод буугаад явсан. С.Энхтуяаг буусны дараа ээжийн 2 хацар болон шүдний буйл хэсгээс нь бага зэргийн цус гарсан байсан тэгээд манай нөхөр машинд орж ирээд юу болсон талаар асуугаад С.Энхтуяаг араас нь дуудахад тэр чигээрээ явсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Хандсүрэнгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 119 тоот :

1. Х.Хандсүрэнгийн  биед гэмтэл учирсан байна.

 2. Х.Хандсүрэнгийн  биед  2 шанаанд 2х1 см тус бүр зулгаралтууд хаван хавдар, зүүн дээд эгнээний 11-р шүдний сулрал буйланд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд    тогтоогдлоо.

 3. Х.Хандсүрэнгийн  биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд , Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д.... гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц үйл ажиллагааны хямрал эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Х.Хандсүрэнгийн биед  нь учирсан дээрхи гэмтлүүд  мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 5. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй...   гэх дүгнэлт,

            -  Гэрэл зургийн үзүүлэлтүүд      

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч С.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч С.Энхтуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж, шүүгдэгчийг энэ хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирлын талаар маргаангүй гэх үндэслэлээр шүүгдэгчид 1 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялын санал бичиж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх боловч хохирогч Х.Хандсүрэн нь шүүгдэгч  Ч.Энхтуяатай сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “холбогдогч С.Энхтуяа хохирогч Х.Хандсүрэн бид хоорондоо эвлэрсэн бөгөөд одоо бидний хооронд ямар нэгэн гомдол, хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт / эвлэрлийн гэрээ/-ээр  тогтоогдож байна.

  Шүүгдэгч  С.Энхтуяагийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “ Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн  чадварын бага хэмжээгээр алдагдуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, гомдол саналгүй болсон байх тул “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч  С.Энхтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Энхтуяа нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулах хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлийн 418.1, 418.2, 418.5, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хадчуул овогт Сүрэнгийн Энхтуяа нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн  99 дүгээр зүйлийн  99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн  С.Энхтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч  С.Энхтуяа  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хохиролгүй гэснийг тус тус дурьдаж, ПБ72030484 регистрийн дугаартай иргэний  үнэмлэхийг шүүгдэгч  С.Энхтуяад  буцаан олгосугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч  С.Энхтуяад  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.