| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0182/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/200 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Е.*********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***** овогт ************ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310011350564 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилгүй, ТЦ-14-т ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, ************ дүүргийн 15 дугаар хороо 2-0025 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ***** овогт ************ийн ********* /РД: ************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.********* 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17 настай А.************ийг өөрийг нь таниагүй гэх шалтгаанаар нүүрэнд нь 3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Е.********* нь “…2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан,
************ийн Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй…” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч А.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглээд найзуудтайгаа Нисэхэд байдаг PC тоглоомын газраар үйлчлүүлсэн. Тэгээд найзуудтайгаа 16 цагийн орчимд тухайн газраас гарч явах үед 20 гаруй насны согтуу үл таних эрэгтэй хүн өөдөөс ирээд шууд намайг 2 удаа цохисон, тэгэхээр нь би болиулах гээд гарыг нь дараад хойш нь түлхэхэд дахин буцаж ирээд миний шүд рүү гараараа цохиж миний үүдэн 2 шүдийг унагаачихсан. Тэгээд манай найзууд салгаад цагдаа дуудсан. Би урьд нь огт харж байгаагүй танихгүй хүн байсан. Би ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний үүдэн 2 шүд унасан бас хацар руу цохисон. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” /хавтас хэргийн 9, 131 дэх тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч И.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн найз болох ************, ************, Далай нарын хамт ПС тоглоомын газар тоглочхоод манай гэр рүү явж байхад гэнэт нэг дээгүүрээ нүцгэн доогуураа жинсэн өмдтэй согтуу ах бид нарыг дуудахаар нь бид нар тухайн ах согтуу байхаар нь зугтах гэтэл өөрөө гүйж ирээд ************ийг 2 удаа нүүр хэсэгт нь цохиж чи намайг мэдэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах аа та болиоч ээ зүгээр байсан хүүхэд яагаад цохиод байгаа юм бэ гэж хэлтэл намайг нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгээд бид нар явах гэтэл тухайн ах та нарыг эндээс явах юм бол би ална шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь манай ************ гэх найз миний гар утсаар цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд тухайн ах цагдаа дуудсан чинь явах гээд байхаар нь бид нар явуулахгүй байх санаатай, ах аа ярилцъя гээд түүний гараас нь барих гэтэл нэг удаа миний толгой хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би толгой руугаа цохиулаад манараад доошоо газар суутал тухайн согтуу ах надтай хамт газар суусан. Тэгээд тэр үед манай найз болох Далай, ************ нар тухайн ахыг босгохгүй гээд 2 гараас нь барьсан...” /хавтас хэргийн 15-16 , 97-98 дах тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч М.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн найзууд болох ************, ************, Далай нарын хамт ПС тоглоомын газар тоглочхоод гарч ирээд ундаа авах гээд дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрээс ундаа авчаад найзууд дээрээ иртэл манай найзуудыг дээгүүрээ нүцгэн эрэгтэй согтуу хүн зодох гээд дайраад байсан. Тэгээд манай найз нар тухайн эрэгтэй хүнтэй зууралдаад байхаар нь би тэд нарыг салгаад бөөнөөрөө зугтаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 18, 137 дах тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Д.Номиндалай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэг согтуу ах бид нарыг дуудаад тэгээд шууд ************ийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. ************ийн амнаас нь цус гарсан. Тэгээд ************ түүнийг болиулах гэтэл тухайн эрэгтэй хүн ************г бас нэг удаа цохихоор нь ************ түүнийг бариад авсан. Тэгээд бид нар зууралдаад байж байтал манай найз ************ найзуудаа согтуу хүмүүстэй зууралдаад яах юм бэ явья гээд бид нарыг салгаад аваад явсан...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Е.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн танил болох Бөртэ гэх эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэрт нь ирж архи уусан. Тэгээд би тухайн эмэгтэйн хамт цагаан шилтэй нэрийг нь мэдэхгүй 1 литр архи уусан. Тэгээд тухайн архийг уучхаад би гэр лүүгээ харих гээд найз Номин-Эрдэнийн хамт Нисэхээс гарсан, ...Номин-Эрдэнэтэй маргалдсан байсан учраас гудамжинд хэдэн залуучуудтай маргалдсан санагдаж байна. Тэгээд би тухайн үедээ яг юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд мөн би уур хүрээд байхаар нь Номин-Эрдэнийн машины шилийг дотор сууж байхдаа хөлөөрөө жийгээд цонхыг нь хагалсан. Тухайн асуудалд би өөрөө буруутай, тухайн үедээ би ууртай байсан учраас тийм үйлдэл хийсэн. Би хэдэн дүү нартай маргалдаж байсныг санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Тухайн үед толгой хагарсан байсан, өөр гэмтэл үүсээгүй. Тухайн үед би их согтуу байсан учраас зарим зүйлийг байна. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтуудаа хүнтэй маргалдаж байсан. Би А.************ гэх залуугийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /хавтас хэргийн 23, 59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3205 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.************ийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 25-26 дах тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 2 дах тал/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4 дэхь тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
- Нас тоолсон тэмдэглэл /хавтас хэргийн 99 дэх тал/,
- Шүүгдэгч Е.*********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 146 дах тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 145 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дах тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Е.********* 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17 настай А.************ийг өөрийг нь таниагүй гэх шалтгаанаар нүүрэнд нь 3 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч А.************ийн: “...Найзуудтайгаа 16 цагийн орчим тухайн газраас гарч явах үед 20 гаруй насны согтуу үл таних эрэгтэй хүн өөдөөс ирээд шууд намайг 2 удаа цохисон, тэгэхээр нь би болиулах гээд гарыг нь дараад хойш нь түлхэхэд дахин буцаж ирээд миний шүд рүү гараараа цохиж миний үүдэн 2 шүдийг унагаачихсан. Тэгээд манай найзууд салгаад цагдаа дуудсан. Би урьд өмнө нь огт харж байгаагүй танихгүй хүн байсан. Би ямар шалтгааны улмаас цохисныг мэдэхгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний үүдэн 2 шүд унасан бас хацар руу цохисон...” /хавтас хэргийн 9, 131 дэх тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч И.************гийн: “...Согтуу ах ирээд ************ийг 2 удаа нүүр хэсэгт нь цохиж чи намайг мэдэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах аа та болиоч ээ зүгээр байсан хүүхэд яагаад цохиод байгаа юм бэ гэж хэлтэл намайг нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэгээд бид нар явах гэтэл тухайн ах та нарыг эндээс явах юм бол би ална шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь манай ************ гэх найз миний гар утсаар цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд тухайн ах цагдаа дуудсан чинь явах гээд байхаар нь бид нар явуулахгүй байх санаатай, ах аа ярилцъя гээд түүний гараас нь барих гэтэл нэг удаа миний толгой хэсэг рүү гараараа цохисон...” /хавтас хэргийн 15-16 , 97-98 дах тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч М.************ын: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн найз ************, ************, Далай нарын хамт ПС тоглоомын газар тоглочхоод гарч ирээд ундаа авах гээд дэлгүүр явсан. Тэгээд дэлгүүрээс ундаа авчаад найзууд дээрээ иртэл манай найзуудыг дээгүүрээ нүцгэн эрэгтэй согтуу хүн зодох гээд дайраад байсан. Тэгээд манай найз нар тухайн эрэгтэй хүнтэй зууралдаад байхаар нь би тэд нарыг салгаад бөөнөөрөө зугтаасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 18, 137 дах тал/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч Д.Номиндалайн: “...Нэг согтуу ах бид нарыг дуудаад тэгээд шууд ************ийн нүүр лүү нь 2 удаа гараараа цохисон. ************ийн амнаас нь цус гарсан. Тэгээд ************ түүнийг болиулах гэтэл тухайн эрэгтэй хүн ************г бас нэг удаа цохихоор нь ************ түүнийг бариад авсан...” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Е.*********ын: “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн танил болох Бөртэ гэх эмэгтэйн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах гэрт нь ирж архи уусан. Тэгээд би тухайн эмэгтэйн хамт цагаан шилтэй нэрийг нь мэдэхгүй 1 литр архи уусан. Тэгээд тухайн архийг уучхаад би гэр лүүгээ харих гээд найз Номин-Эрдэнийн хамт Нисэхээс гарсан, ...Номин-Эрдэнэтэй маргалдсан байсан учраас гудамжинд хэдэн залуучуудтай маргалдсан санагдаж байна. Тэгээд яг юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд мөн би уур хүрээд байхаар нь Номин-Эрдэнийн машины шилийг дотор сууж байхдаа хөлөөрөө жийгээд цонхыг нь хагалсан. Тухайн асуудалд би өөрөө буруутай, тухайн үедээ би ууртай байсан учраас тийм үйлдэл хийсэн. Би хэдэн дүү нартай маргалдаж байсныг санаж байна. Өөр зүйл санахгүй байна...” /хавтас хэргийн 23, 59 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3205 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.************ийн биед баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 25-26 дах тал/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Насанд хүрээгүй хохирогч А.************ийн эрүүл мэндэд учирсан баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Е.*********ын түүнийг цохисон нь идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Е.********* насанд хүрээгүй хохирогч А.************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Е.*********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Е.********* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.************ийн эрүүл мэндэд баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учирсан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжилнэ гэх боловч энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримт гаргаагүй байх тул насанд хүрээгүй хохирогч А.************ийн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2310011350564 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Е.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ************ийн *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ийн *********ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Е.*********т шийтгэсэн 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.********* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2310011350564 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Е.********* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч А.************, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Е.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР