| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2021/00390/И |
| Дугаар | 130/ШШ2021/00390 |
| Огноо | 2021-04-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2021/00390
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, Ж овогт Х-ийн Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.М/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч А.С, гэрч Б.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний тахимын ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Б 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан гэтэл намайг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр уг ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлсөн. Иймд миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа учир ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар баталсан Ц сумын 2021 оны төсөвт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 30470000 төгрөг төсөвлөсөн. Энэ төсвийн зардлын нэр төрлийн 1-д Иргэний танхимд ажиллах Иргэний танхимын ажилтны цалин хөлс, Нийгмийн даатгалын шимтгэлийг олгохоор тусгасан. Энэ заалтыг тусгахдаа иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх хууль журмын дагуу иргэдэд хууль сурталчлах, хэлэлцүүлэг зохион байгуулах ур чадвар бүхий дээд боловсролтой, Монгол хэлний боловсролтой, компьютерын хэрэглээний программыг эзэмшсэн ажилтан ажиллуулахаар хуралдааны тэмдэглэлд тусгасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор өмнө нь иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочоор ажиллаж байсан. Х.Б-ын баримт материалтай танилцах явцад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Х.Б-ыг ажилд томилох тухай Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2020 оны Б/01 дугаар тушаалд иргэн Х.Б-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар томилсон байна. Энэ тушаалыг судлан үзэх явцад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд, шинээр бий болгосон жолооч бөгөөд иргэний танхим гэсэн орон тоонд зориулан гаргасан ажлын байрны тодорхойлолт байхгүй, мөн Х.Б-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ огт байхгүй байсан.2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаас баталсан төсөвт болон иргэний танхимд ажиллах ажилтны шалгуурт Х.Б- тэнцээгүй тул Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны Б/03 тушаалаар Х.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтыг үндэслэсэн бөгөөд 2021 оны иргэдийн төлөөлөгчдийн хуралд жолооч гэдэг орон тоо байхгүй болсон. Учир нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бүртгэлтэй машин байхгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтын дагуу Х.Б-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ /хэрвээ байгаа бол/ дуусгавар болж цааш сунгагдахгүй болсон. Х.Б нь сумын иргэний танхимд ажиллах ажилтны болзол шаардлагыг хангах боломжгүй байсан тул энэ хүнийг ажиллуулах боломжгүй байсан. Иймд Х.Б-ын ажилд эгүүлэн томилж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Бнь Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 01 сарын 06-ний өдрийн “Х-ийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 01 сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Б нь ажил олгогч Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Х-ийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтан Х.Б-ыг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
Хариуцагч Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.
Хариуцагч Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Б-ыг Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Х-ийн Б-ыг ажилд томилох тухай” тушаалаар ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар томилсугай гэсэн эрхийн актаар нэхэмжлэгч Х.Б нь Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар ажиллаж байсан байна.
Хариуцагч Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч нь ... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд шинээр бий болгосон жолооч бөгөөд иргэний танхим гэсэн орон тоонд зориулан гаргасан ажлын байрны тодорхойлолт байхгүй, мөн Х.Б-тай хийсэн хөдөлмөрийн гэрээ огт байхгүй, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаас баталсан төсөвт болон иргэний танхимд ажиллах ажилтны шалгуурт Х.Б нь тэнцээгүй тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр ажилтан Х.Б-ыг ажлаас чөлөөлсөн бол тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан учир Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан тушаал гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй ажилтныг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж үзлээ.
Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас өөрчлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.
Ажил олгогчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай “Х-ийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16.5.3 дахь заалтыг, мөн ажил олгогч 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай “Х-ийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа дээр хуулийн заалтуудыг үндэслэсний дараа нь Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гэж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.
Ажил олгогч ажилтан Х.Б-ыг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жолооч бөгөөд иргэний танхимын ажилтнаар томилж ажиллуулж байгаад өнөөдөр ажил олгогч ажилтныг иргэний танхимд ажиллах ажилтны шалгуурт тэнцээгүй гэсэн шалтгаанаар ажилтныг ажлаас нь чөлөөлж байгаа асуудал нь хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзлээ.
Хариуцагчийн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тогтоолоор иргэний танхимын зохицуулагчийн албан тушаалын тодорхойлолтыг хавсралт ёсоор батлахыг Хурлын нарийн бичгийн даргад зөвшөөрсүгэй гэсэн эрхийн актыг гаргаж байсан байх ба энэхүү Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар Б аймгийн Ц сумын Иргэний танхимын ажилтны албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталсан байх бөгөөд он, сар, өдөргүй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэний танхимын ажилтны албан тушаалын тодорхойлолтын 4.1. Албан тушаалын нэр Иргэний танхимын зохицуулагч гэж албан тушаалын нэрийг өөрчлөн албан тушаалын тодорхойлолтыг гаргасан байна.
Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ж-г гэрчээр асуухад “би ажлаа авахад иргэний танхимын ажилтны ажлын байрны тодорхойлолт байгаагүй, би бусад сумын иргэний танхимын ажилтны ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулж үзэж, ажлын байрны тодорхойлолтыг олж аваад Тэргүүлэгчдийн хурлаар оруулаад бид нар бас ажиллуулж байгаа хүнд ийм шалгуур тавих ёстой” гэж батлуулсан гэх мэдүүлгээр ажлын байрны тодорхойлолтыг баталсан гэж тайлбарладаг ба ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг тодорхойлолтод тусгаснаар боловсролын хувьд дээд, бакалавр ба түүнээс дээш шаардлагатай бол магистр зэрэгтэй байх, мэргэжлийн хувьд эрх зүйч, нийгмийн ажилтан байх гэсэн шаардлагууд тавигджээ.
Уг ажлын байрны тодорхойлолт нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журамд нийцсэн үндэслэл бүхий тодорхойлолт биш гэж үзлээ.
Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр Х.Б-ыг Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажилтнаар ажиллуулахаас татгалзаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна гэж үзэхээр байна.
Иймээс нэхэмжлэгч Х.Б-ыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажлын байрны тодорхойлолтод заасан боловсролын болон мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Хариуцагчийн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэх дүгнэлтэд Ц сумын иргэний танхимын ажилтан Х.Б нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан иргэний танхимын ажилтны албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй тул цаашид ажиллуулах боломжгүй болно. Тухайлбал Х.Б нь ямар нэгэн их, дээд сургууль төгсөөгүй, эзэмшсэн мэргэжилгүй мөн монгол хэлээр ярьж, бичих чадваргүй, компьютер, албан хэрэг хөтлөлтийн стандартын зохих мэдлэггүй байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ж гэж гарын үсэг зурж, тамга дарсан байна. Энэхүү Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Ж-ийн гаргасан дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэж үзлээ. Учир нь,
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 буюу “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэжээ.
Харин хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил,албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй болно.
Дээрх хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан байна.
Нэхэмжлэгч Х.Б нь ажил олгогч надтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж, тухайн үеийн ажил олгогч Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга буюу гэрч Э.Л-г гэрчээр асуухад ... ажилтан Х.Б-тай нэг жилийн хугацаатай, хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан гэхдээ одоо хөдөлмөрийн гэрээ олдохгүй байна гэж мэдүүлж тайлбарлаж байгаа бөгөөд хэргийн зохигчид аль алин хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Ажил олгогч Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2021оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай “Х-ийн Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйл буюу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлийн 37.1.3 дэх заалт буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн заалтыг баримталсан байх ба энэхүү заалтыг үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөөгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б аймгийн Ц сумын 2021 оны төсөв батлах тухай” 18 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн сумын 2021 оны төсөвт төвлөрүүлэх орлогын нэг төрөл, хэмжээг дор дурдсанаар баталсугай гэж, Ц сумын ИТХ-ын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1.Зардлын нэр төрөл Иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн цалин, НДШ, цалин /мян.төг/ 5040.0, НДШ /12%/, /мян.төг/ 630,0, бүгд /мян.төг/ 5,670,0 гэж баталсан байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэлд ...иргэний танхимын ажилтны цалин, НДШ гэж байна, чадвартай, дээд боловсролтой хүнийг ажиллуулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байсан байх ба харин цаашид хэнийг ямар шалгуураар, яаж ажиллуулах талаар тэмдэглэлд дурдагдаагүй байна.
Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Б аймгийн Ц сумын 2021 оны төсөв батлах тухай” 18 дугаартай тогтоолоор Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1.Зардлын нэр төрөл Иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн цалин, НДШ, цалин /мян.төг/ 5040.0, НДШ /12%/,мян.төг/ 630,0, бүгд /мян.төг/ 5,670,0 гэж батлагдсан байх бөгөөд мөн гэрч Э.Л, А.Ж, Б.Е нарын мэдүүлгээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэний танхимын ажилтаны цалин, НДШ нь төсөвт нь тус тус батлагдсан болох нь нотлогдож байна.
Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичмэл баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор 2021 оны төсөв батлахдаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Иргэний танхимын ажилтны цалин, НДШ тус тус санхүүжилтийг баталснаар, ажлын байр бий болгож, уг ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг төсөвт батлагдсан цалин хөлсийг олгож ажиллуулж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 0000000 дугаартай Нийгмийн даатгалын бичилтээр ажилтан Х.Б-ын сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр цалинжиж байсан харагдах ба энэ нь байнгын ажлын байр биш гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдох ба ажилтан Х.Б нь Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор 2020 оны төсөвт баталсан санхүүжилтээр цалинжиж байсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Б нь Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочоор томилон ажиллаж байх хугацаандаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ланд-80 маркийн 00-00 ХХА улсын дугаартай автомашиныг жолоодож байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ямар нэгэн автомашин байхгүй, Ланд-80 маркийн 00-00 ХХА улсын дугаартай автомашин нь Ц сумын ЗДТГ-ын нэр дээр бүртгэлтэй болох нь 2021 оны 04 сарын 08-ний өдрийн 85 дугаартай Б аймгийн Автотээврийн төвийн албан бичгээр болон гэрч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Ц сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б., гэрч Э. нарын мэдүүлгээр ... Ланд-80 маркийн 00-00 ХХА улсын дугаартай автомашиныг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ажлын шугамаар ажил төрөл гарахад унаж хэрэглэдэг байсан гэж мэдүүлж байснаас үзэхэд нэхэмжлэгч Х.Б нь Ц сумын ЗДТГ-ын нэр дээр бүртгэлтэй, Ланд-80 маркийн 00-00 ХХА улсын дугаартай автомашиныг иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочоор ажиллаж байхад ажлын шугамаар унаж байсан байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Х.Б-ыг Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,
нэхэмжлэгчийн энэхүү ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Х.Бнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн фото зураг болон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шатахууны талон гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бичилтүүд нь харагдахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-ыг Б аймгийн Ц сумын иргэний танхимын ажилтан бөгөөд жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Б аймгийн Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б