Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/373

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Т.************, С.************, тэдгээрийн өмгөөлөгч Д.Амаржаргал, гэрч Х.************, Чеэ, Шу, Ин, орчуулагч Еирухан, шүүгдэгч Б.************, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************ овогт ************ын ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310015281952 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ************ хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ************ хот ************ дүүргийн 6 дугаар хороо ************ 19 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ************ овогт ************ын ************ /РД:************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.************ нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.************аас ачаа тээврийн вагон явуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул Тауэр-ын Хаан банкнаас 40,000,000 төгрөгийг ************ ХХК-ийн Голомт банкны 170хххх078 тоот дансаар,

          Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.************оос ачаа тээврийн вагон явуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр-ийн Хаан банкнаас 70,000,000 төгрөгийг ************ ХХК-ийн 170хххх078 тоот дансаар тус тус дамжуулж шилжүүлж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч Т.************: “...2022 оны 4 сарын эхээр Б.************ гэдэг хүнтэй танилцсан, Х.************гоор танилцаагүй, олон жил хамт ажилласан өөр эмэгтэйгээр дамжуулж танилцсан, вагон олж өгдөг хүн байна гэхээр нь танилцсан, нүүрс бэлэн болчихсон байсан, Б.************ өөрөө тэр компанийхаа нэрээр вагон олж өгнө, гэрээтэй, урьдчилгаа 70 сая төгрөг өг гэсэн, захиалагч маань яаралтай ачуул гэхээр нь 15 хоногийн дараа урьдчилгаа мөнгийг компанийх нь данс руу шилжүүлсэн, мөнгө шилжүүлсний маргаашаас вагоноо нэхэж эхэлсэн, болж байна гэдэг байсан. Бид итгээд л яваад байсан, наадам болсон, наадмаар хөдөө явахдаа хүртэл асуусан, гэтэл бүтэн 2 жил боллоо, сүүлд нь бодоод байхад анхнаасаа хуурч байсан юм байна. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 75,000,000 төгрөг болгож өгнө гэдэг бичиг хийж өгсөн, одоо хүртэл ачигдаагүй хэвээрээ байгаа, урд талын түншүүдтэй харилцаа муудсан, гомдолтой байна, 70 сая төгрөгөө нэхэмжилж байна. Х.************той уулзаж байгаагүй, Б.************ надад гэрээ үзүүлсэн, тэр гэрээнд итгэсэн, тэр гэрээг компани болгон хийгээд байдаг зүйл биш, гэрээг би өөрөө харсан, монголоор уншиж бичиж чадах учир уншсан, хуурамч үгүйг мэдэхгүй, гэхдээ гэрээ байсан итгэсэн, одоо миний нүүрс шатаад дууссан...” гэв.

 

Хохирогч С.************: “...Миний хувьд Б.************той уулзаж байгаагүй, нүүрс тээвэр хийж байгаа хүн хүн болгонтой уулзаад байдаггүй, ************аар дамжуулж хэлсэн, вагонтой хүн байгаа юм байна, энэ хүнтэй вагоны мөнгө явуул, эхний ээлжид 40,000,000 төгрөг шилжүүл гэхээр нь Хан-Уул дүүрэгт байхдаа мөнгөн гуйвуулга хийдэг байсан, мөнгөн гуйвуулга орж ирэхээр нь шилжүүлсэн, би хятад компаниасаа хувь эзэмшдэг, одоо Б.************оос 40,000,000 төгрөг авчихвал гомдолгүй, одоогоор гомдолтой байна. ************ гээд ах Б.************оос цахим гэрээ авч надад үзүүлсэн, итгээд мөнгөө шилжүүлсэн...” гэв.

 

Гэрч Х.************: “...Хуурай ах дүүгийн холбоотой Сайнхүүгээр дамжуулж Б.************той танилцсан. Б.************ болон хамаарал бүхий хүмүүсээс мөнгө авсан нь үнэн, Энхбат гэж хүн ************оос өрийг төлнө, найзаа туслаач гэхээр нь би тэр хүнд 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгийг би Б.************оос буцааж авсан. Надад Авлигатай тэмцэх газар, Төмөр замд нэг ширхэг ч таньдаг хүн байхгүй, Б.************ын шилжүүлсэн мөнгийг Энхбатын өрийг төлсөн. Энхбат гэрчилнэ, караоке ажиллуулдаг байсан, караокегоо барьцаанд тавьсан байгаа, энэ талаар байцаагчид үзүүлсэн...” гэв.

 

Гэрч ************: “...Б.************ыг ************ холбож өгсөн, С.************ 80,000 юань компанидаа төлсөн нь үнэн, шилжүүлсэн нь 40 сая төгрөг, манай компани 40,000,000 төгрөгийг С.************аас суутгаж авсан...” гэв.

 

          Шүүгдэгч Б.************: “...Анх 2021 оны 7 сарын дундуур Х.************ гэж эмэгтэйтэй Сайнхүү гэж хүн танилцуулсан, БНХАУ-аас маш их хэмжээний мөнгө оруулж ирнэ, хэдэн хувийн ч хамаагүй хүүтэй мөнгө олж өгөөч гэсэн, ямар ашиг өгөх вэ гэхээр нь хамтарч ажиллая гэсэн, тэгээд 08 дугаар сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөг олж Х.************д өгсөн, 14 хоногийн дотор их хэмжээний мөнгө орж ирнэ гэсэн учир зээлж өгөөч гээд зээж өгсөн, 14 хоногийн дараа Х.************гоос юу болов гэхэд ганц нэг хоног хүлээж бай гэсэн, болохгүй болохоор нь Х.************гийн ажиллуулдаг караокед очиж уулзахад хүлээж бай л гэдэг, тэгээд намайг компани байгуул, ОХУ-аас вагон оруулж ирье гэсэн, тэгэхээр нь аргалаад хүлээсэн, компани байгуулаад хүлээсэн, дахиад болохоо болилоо гэхээр түр хүлээж бай гээд гээд он гарсан, Авлигатай тэмцэх газар шалгаад байна, дахиад 25 сая төгрөг олоод өг гэхээр нь эгч, дүү нараасаа олж өгсөн, 72 цагийн дотор өгнө гээд олж өгөөгүй, худлаа яриад байгаа юм биш үү гэхэд Төрийн банкаар шалгагдаж байна гэсэн, 3 сар гарсан, дахиад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би дахиад найзаасаа 20,000,000 төгрөг зээлж өгсөн, 7-14 хоногийн дотор баталгаатай гарна гэсэн, бас л гараагүй, 4 сар гарахаар нь Х.************д амьдрал сүйрлээ гээд шахсан. Гэтэл БНХАУ-ын Эрээн хотоос вагон гаргах боломж гарлаа, мягмар, пүрэв бямба гарагт 3 удаа гаргана, тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байна, таньдаг эгч олсон гэсэн, дахиад худлаа болчихгүй юу гэхэд үгүй ээ, найдвартай гэсэн, нэг хүнтэй танилцуулъя гээд ************ ахтай танилцсан, Х.************ нь би бүх санхүүгээ хариуцна, би санхүү хариуцсан захирал нь байгаа юм гэж Х.************ Т.************ ахад хэлсэн, бид нар БНХАУ-аас их хэмжээний мөнгө орж ирнэ гэдгээ ч Х.************ Т.************ ахад хэлсэн. Т.************ ахтай гэрээ хийчих, урьдчилгаа 70,000,000 төгрөг авчих, тэндээсээ караокены түрээс төлчих гэхээр нь төлсөн, цагдаад 20,000,000 төгрөг өгнө гээд бэлнээр авч өгсөн, вагон явуулах шаардлагатай гээд 19,000,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь Х.************ руу мөн шилжүүлсэн. Вагон явуулах чинь найдвартай биз дээ гэхэд найдвартай л гэсэн,

          Тэмүүжин гэдэг хүн анх С.************т танилцуулсан, ************ гэдэг хүнтэй гэрээ байгуулсан, гэрээний дагуу урдаас Урнаа гэх эмэгтэй 40,000,000 төгрөг шилжүүлнэ гэсэн. Т.************ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөнгөө шилжүүлсэн, вагон яагаад тавихгүй байна гэхэд мөнгө хэрэг болчихлоо 35,000,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь би дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж байгаад шилжүүлсэн, дахиад 3,800,000 төгрөг хэрэгтэй байна гэсэн, 7 хоногийн дараа дахиад л шилжүүлсэн, яасан гэхээр дахиад мөнгө хэрэгтэй байна гэхээр дахиад л 1 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн, тэгсэн утсаа салгаад алга болсон, 2-3 сарын сарын дараа дахиад холбогдоход дахиад л нөгөө их мөнгө чинь орж ирнэ гэсэн. 88070435 дугаарын утастай байсан. Гэтэл тэр Х.************ нь угаасаа л ийм залилангийн хүн байна лээ. Иймд Х.************г энэ хэрэгт шалгуулмаар байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр надтай урьд өмнө хамт ажиллаж байсан. Э.Намуундарь гэх эмэгтэй надаа вагон олж өгч болно. Миний нөхрийн хамаатны бэр ************ гэдэг эмэгтэй ************той хамтарч ажилладаг. ************ вагон олж өгч болно гэж хэлж байсан. Тэр үед нэг цуваа буюу 50 ширхэг вагон хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нүүрс худалдаж авсан компанийн нэрээр ************ын “************” ХХК-тай гэрээ байгуулаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр Л.Туяагийн Хаан банкны 511хххх035 тоот данснаас ************ын “************” ХХК-ны Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.************ надаа 7 хоногийн дотор вагон тавьж өгнө удахгүй өнөө маргааш бүтлээ гэх нэрээр хойшлуулсаар байсан. Би 2022 оны 10 дугаар сард 02-ны өдөр ************той уулзаад би чамаас мөнгөө авмаар байна чи вагон өгч чадахгүй юм байна гэж хэлсэн чинь би мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлэхээр нь би ************од чи надаа бичиг хийж өгөө чамаас мөнгөө авмаар байна гэж хэлсэн чинь надаа 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.************оос авсан 70,000,000 төгрөгийг хүү болох 5,000,000 төгрөгийг нэмж өгөөд нийт 75,000,000 төгрөгийг өгнө гэж надаа баталгаа бичиж өгөөд өнөөдрийг хүртэл надтай уулзахгүй утсаа авахгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа учраас би иргэн ************од залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байгаа. Би ************ гэдэг хүнтэй уулзаж байсан анх гэрээ байгуулахад уулзаад сүүлд надаа баталгаа бичиж өгөхөд уулзаж байсан. Анх надтай уулзаж байхдаа ************ төмөр замтай хийсэн ачаа тээврийн үйлчилгээний цахим хэлбэрийн гэрээ үзүүлж байсан. Бид нар ************ төмөр замтай ийм гэрээтэй учраас асуудалгүй вагон авдаг гэж хэлж байсан. Надтай урьд өмнө хамт олон жил ажиллаж байсан Намуундарь хэлсэн Намуундарь болохоор нэг айлын бэр ************той уулзаад ************ нь өөрөө ************ын санхүүг хариуцсан захирал гэж хэлээд дээр нь ************ гэрээ үзүүлсэн мөн Намуундарь ************ ************ бид 4 цуг уулзаад ярилцаад үнэхээр баталгаатай гэж хэлсэн учраас үүнд нь итгэж 70.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч С.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би БНХАУ-аас аяллын бараа оруулж ирж зарж борлуулдаг юм. Худалдаа явцдаа БНХАУ-д байдаг “Хэ Юүе" компанитай 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. “Хэ Юүе” компани нь Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр импортолж авдаг. Би “Хэ Юүе” компанийн Монгол улс дахь төлөөлөгчөөр нь ажиллаж байгаа. Ковидын улмаас үйл ажиллагаа зогссон байж байгаад 2022 оны 01 дүгээр сараас “Хэ Юүе" компанийн үйл ажиллагааг сэргээж Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр худалдан авахыг хүссэн. 2022 оны 04 дүгээр сард “Хэ Юүе” компаниас намайг нүүрсийг БНХАУ руу зөөх вагон олж өгөхийг хүссэн. Тэгээд би ажлаа хөөцөлдөж явж байгаад Төмөр замын удирдах газарт ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан ************ гэдэг хүнтэй уулзаж вагон олж өгөх таньж мэдэх хүн байна уу гэхэд ************ гэдэг  хүн надад ************ гэх хүний мэйл болон утасны дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдоод асуудлаа шийд гэхээр нь би ************ын 89хххх44 гэсэн дугаарын утсаар холбогдож ярихад ************ нь би вагон олж өгдөг хүн байгаа юм, танай ажлыг хийж агаад вагоны 14 хоногийн дотор олж өгье гэсэн. Би ************ын өөрийнхөө компанийн танилцуулга, төмөр замтай байгуулсан гэрээ, бусад бичиг баримтыг шаардахад ************ надад миний шаардсан бүх бичиг баримтыг чатаар явуулж үзүүлсэн. Би бичиг баримттай нь танилцаад 80,000,000 төгрөгөөр вагон олж өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 40,000,000 төгрөгийг өгчих гэсэн үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул Тауэрын Голомт банкны гадаа таньдаг хүн болох Батцэцэг, Туяа гэх хүний Голомт банкны данснаас нь ************ын компани болох “************” ХХК-ийн голомт банкны 170хххх078 гэсэн дугаар данс руу 5,000,000 төгрөгөөр 8 удаа шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хоног алгасахгүй ************ руу залгахад маргааш гээд хойшлуулаад байсан. Тэгээд ************ын над руу явуулсан гэрээг хэвлэж аваад Төмөр замын удирдах газар дээр очиж Амарбаясгалантай уулзаж гэрээг шалгахад манай байгууллагад “************” ХХК-тай гэрээ байгуулаагүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...************той би уулзаж байгаагүй, утсаар ярилцаж тохиролцож байсан. Би ************той уулзъя гэхээр маргааш уулзъя гэдэг, уулзах газар нь очихоор ажилтай болчихлоо гээд зугтаад байхаар нь мөнгөө авъя гэсэн чинь маргааш мөнгийг чинь өгье гэж хэлээд өдийг хүрч байна. “************” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, экс тайлантай, 1 гишүүнтэй компани байсан. Гэр нь ************ дүүргийн 1 дүгээр хороолол 8 дугаар байр 11 дүгээр орцны 395 тоот гэрт нь очиход хаалга тайлж өгөхгүй, манайхаас зайл гээд эмэгтэй хүн хөөгөөд байсан Тэгэхээр нь жижүүрээс ************ын зургийг үзүүлэхэд байдаг. Эхнэр, 3 хүүхэдтэй амьдардаг гэж хэлж байсан. ...************той гэрээ хэлцэл байгуулаагүй, амаар тохиролцсон...” /1 дэх хавтас хэргийн 89-91 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Л.Туяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ гэх хүнийг би сайн танихгүй. Нөхөр маань ...************ гэдэг хүн надаа ************ төмөр замаас ачаа тээврийн вагон олж өгнө гэж байна гэж ярьж байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ************ гэх хүний Голомт банкны данс руу 70,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн хүний явуулсан данс руу 70,000,000 төгрөг шилжүүлж өгсөн, данс нь миний данс ч гэсэн мөнгө нь бол нөхрийн маань мөнгө байсан. Бизнес хийх гээд тухайн мөнгийг миний данс руу хийсэн байсан. Тэгээд нөхөр маань шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн мөнгийг нь шилжүүлсэн байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би нөхрийн хамт явж байсан чинь ************ гэдэг хүн нөхөртэй маань яриад удахгүй вагон тавигдах гээд байна мөнгөө хийгээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн Хаан банкнаас би өөрийнхөө хаан банкны 511хххх035 тоот данснаас ************ын “************” ХХК-ны Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...************ гэдэг хүн ************ Төмөр замын ачаа тээвэр хийнэ гэсэн нэг бичиг өгч явуулсан байсан. Тэрийг л надаа үзүүлсэн. Миний бодлоор бол ************ гэдэг хүн ачаа тээвэр хийх зөвшөөрөлтэй гээд ************ төмөр замтай хамтарч ажиллах гэрээг нь үзээд итгээд шилжүүлчих гэсэн юм шиг байгаа юм. Ингээд би нөхрөөсөө мөнгө авсан хүн чинь юу болсон бэ? гээд асуухаар харин утсаа салгаад алга болсон утас нь холбогдохгүй байна. ************ төмөр зам дээр очоод асуухаар ямар нэгэн хүсэлт болон ачаа явуулах захиалга өгөөгүй байна гээд намайг залилсан байна гэж хэлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 25-27 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэюү компани бол миний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч юм, давхар бас орчуулагч хийдэг. С.************ нь манай компани болох “Хэюү” компанийн Монгол Улсад суух төлөөлөгчөөр ажиллаж, Монгол улсын явуулж байгаа үйл ажиллагааг хариуцан ажилдаг. С.************т сар болгон цалин өгдөг ...Манай “Хэюү” компани нь Монгол улсаас нүүрс худалдан аваад Хятад улс руу тээвэрлэж авдаг. Манай “Хэюү” компани 2021 оны 09 дүгээр сард нүүрс худалдан авч Дорноговь аймгийн Олон овоот гэдэг газар буулгасан байсан. Тэгээд нүүрсээ тээвэрлүүлэхээр вагон хайж байхад 2022 оны 04 дүгээр сарын эхээр бид нарын танил ************аас ************ гэдэг хүн миний утасны дугаарыг авч надтай холбогдоод танай нүүрсийг тээвэрлэж чадна, манай компани вагонтай, нүүрсийг чинь ачиж чадна гэж байна. Урьдчилгаанд 80,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би ************ыг ************ гэх хүнийг шалгаад үзчих гэж хэлсэн чинь ************ыг шалгаад найдвартай юм байна, төмөр замын вагон шалгадаг үнэмлэхтэй найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80,000,000 төгрөг өгөхгүй, 40,000,000 төгрөгийг өгье, вагон тавьсны дараа 40,000,000 төгрөгийг нэмж өгье гэсэн. Тэгэхээр нь би Урнаа гэх хүний данс руу мөнгө Эрээн хотоос шилжүүлээд. Урнаа нь ************ын данс руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн вагоныг 10 хоногийн дотор тавьчихна гэж хэлсэн боловч хугацаандаа тавьж өгч чадаагүй,  сүүлдээ ************ нь миний утсыг авахаа больчихсон...” /1 дэх хавтас хэргийн 94-96 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Х.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ гэх хүнтэй 2021 онд танилцаж байсан. ...Тухайн үедээ төмөр замын гэрээтэй компанитай гэж хэлж байсан. ...Надад Хятад хүмүүс олоод өгөөч гэхээр нь би хүнээс асууж үзье гэж хэлсэн. ...Би тухайн төмөр замын гэрээг үзсэн чинь хуурамч гэрээ байсан. Миний таньдаг хүн намайг БНХАУ-ын иргэн ************ гэх хүнийг надтай танилцуулсан чинь ************ ************той уулзаад надаа Төмөр замын ачаа тээврийн вагон байгаа гэж хэлээд ************ гэх хүнээс 70,000,000 төгрөг авсан гэж ************ надад хэлсэн. Би ************той уулзаад чи яагаад ************ гэх хүнээс 70,000,000 төгрөг авч байгаа юм бэ надаа хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь ************ чамд хамаагүй би яаж ийж байгаад болгоно гэж хэлсэн. ...2022 оны 05 дугаар сард ************ надад караокены түрээс болон бусад засвар үйлчилгээнд хэрэглээрэй гээд мөнгө өгч байсан, бусдаар бол ************ гэдэг хүнээс авсан мөнгөнөөс би авсан зүйлгүй...” /1 дэх хавтас хэргийн 106-108 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.************ мэдүүлэгтээ: “...Миний хуучны БНХАУ-н Өвөр Монгол улсын иргэн Урнаа ...намайг ачаа тээврийн вагон ачих нүүрс тээврийн вагон байна уу гэхээр нь би ************ гэдэг залуу надаа ачаа тээвэр явуулах зөвшөөрөл байгаа гэж хэлсэн учраас ************ыг Урнаатай холбож өгсөн. ...Урнаа надтай утсаар яриад ирж уулзаад ************ гэдэг хүн нүүрс тээврийн вагон авахаар 40,000,000 төгрөг өгсөн, вагон олж өгөөгүй намайг залилсан гэдэг зүйл ярисан...” /1 дэх хавтас хэргийн 111-113 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...************ыг таньдаг хүн нь ************ төмөр замд ажилладаг тэр хүн нь зөвшөөрөл гаргаж өгнө гэдэг зүйл ярьж байсан. ...2022 оны 04 дүгээр сард ************ ах надаа ************оос ************ төмөр замаас ачаа тээврийн вагон авах гээд 70,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 116-117 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.************ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 онд ************ ХХК-г байгуулаад уг компани нь төмөр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. ...2022 оны 03 дугаар сард ************ намайг ************той танилцуулсан. ...************ болохоор нэг застав вагон хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ************од өөрийнхөө ************ ХХК-ийн төмөр замтай хийсэн гэрээг үзүүлээд ************ ХХК-ийн төмөр замтай хийсэн гэрээг үзүүлээд компанийн 170хххх078 данс руу 70,000,000 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Би тухайн хүнээс мөнгө аваад мөнгийг өөр хүмүүст өртэй байсан учраас мөнгийг нь өгөөд дууссан. Би урьд нь ************ ХХК-ийн ачаа тээвэр хийж байгаагүй, ************оос мөнгө аваад ************ төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт ачаа тээвэр явуулах захиалга өгсөн зүйл байхгүй. ...Би уг компанийг байгуулаад нэг ч ашиглаж чадахгүй байсаар татварын тайлангийн өртэй болсон. ...Би ************той уулзсан чинь намайг үнэхээр гэрээ хийсэн юм уу гэхээр нь би өөрийн компанийн ************ төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хийсэн гэрээг ************од өгсөн чинь надаа 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байдаг 115 дугаар сургуулийн хойд талд ************ ахтай уулзаж бичиг баримтаа үзүүлсэн. ...************ ах төмөр замын эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очиж уулзахад ...хоёр компаниар гэрээ хийчихье гэж хэлээд 40,000,000 төгрөг шилжүүлнэ гэж надад хэлээд гэрээ байгуулсан....Урнаа ...утсаар яриад төмөр замаар БНХАУ-руу нүүрс тээвэр хийлгэх гэж байгаа 40,000,000 төгрөг шилжүүлье гэсэн. ....тэр өдрийн орой ************ ХХК-ийн Голомт банкны 170хххх078 данс руу 5,000,000 төгрөгөөр 8 удаа гүйлгээ хийгдэж орж ирсэн. ...Миний данс руу Урнаа гэх хүний шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг өртэй байсан хүмүүстээ шилжүүлж өрийг нь дарсан. ...Төмөр замаас нүүрс тээвэр огт хийгээгүй байгаа, зөвшөөрөл гарсан үгүйг мэдэхгүй байна....” /1 дэх хавтас хэргийн 41-43, 125-126 дахь дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл  /1 дэх хавтас хэргийн 14, 82 дахь тал/,

- Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 56-59 дэх тал/,  

- Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар /1 дэх хавтас хэргийн 62 дахь тал/,

- ************ ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 158 дахь тал/,

- ************ төмөр замын 10/706 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 250 дахь тал/,

- Шүүгдэгч Б.************ын байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 142 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 157-163 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 193 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 144 дэх тал/, банкны дансны хуулгууд /1 дэх хавтас хэргийн 165-190 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          Шүүгдэгч Б.************ нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.************аас ачаа тээврийн вагон явуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул Тауэр-ын Хаан банкнаас 40,000,000 төгрөгийг “************” ХХК-ийн Голомт банкны 170хххх078 тоот дансаар,

          үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.************оос ачаа тээврийн вагон явуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн Хаан банкнаас 70,000,000 төгрөгийг “************” ХХК-ийн 170хххх078 тоот дансаар тус тус дамжуулж шилжүүлж авсан, бусдад нийт 110,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.************ын: “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр надтай урьд өмнө хамт ажиллаж байсан Э.Намуундарь гэх эмэгтэй надад вагон олж өгч болно. Миний нөхрийн хамаатны бэр Х.************ гэдэг эмэгтэй ************той хамтарч ажилладаг. ************ вагон олж өгч болно гэж хэлж байсан. Тэр үед нэг цуваа буюу 50 ширхэг вагон хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нүүрс худалдаж авсан компанийн нэрээр Б.************ын “************” ХХК-тай гэрээ байгуулаад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний эхнэр Л.Туяагийн Хаан банкны 511хххх035 тоот данснаас Б.************ын “************” ХХК-ны Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.************ надаа 7 хоногийн дотор вагон тавьж өгнө удахгүй өнөө маргааш бүтлээ гэх нэрээр хойшлуулсаар байсан. Би 2022 оны 10 дугаар сард 02-ны өдөр ************той уулзаад би чамаас мөнгөө авмаар байна чи вагон өгч чадахгүй юм байна гэж хэлсэн чинь би мөнгийг чинь буцааж өгнө гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 20-22 дахь тал/ гэсэн,

Хохирогч С.************ын: “...Би БНХАУ-аас аяллын бараа оруулж ирж зарж борлуулдаг юм. Худалдаа явцдаа БНХАУ-д байдаг “Хэ Юүе" компанитай 2017 оноос хойш хамтран ажиллаж байгаа. “Хэ Юүе” компани нь Монгол Улсаас нүүрс, төмрийн хүдэр импортлож авдаг. Би “Хэ Юүе” компанийн Монгол улс дахь төлөөлөгчөөр нь ажиллаж байгаа. ...2022 оны 04 дүгээр сард “Хэ Юүе” компаниас намайг нүүрсийг БНХАУ руу зөөх вагон олж өгөхийг хүссэн. Тэгээд би ажлаа хөөцөлдөж явж байгаад Төмөр замын удирдах газарт ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан ************ гэдэг хүнтэй уулзаж вагон олж өгөх таньж мэдэх хүн байна уу гэхэд ************ гэдэг  хүн надад ************ гэх хүний мейл болон утасны дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдоод асуудлаа шийд гэхээр нь би ************ын 89хххх44 гэсэн дугаарын утсаар холбогдож ярихад ************ нь би вагон олж өгдөг хүн байгаа юм, танай ажлыг хийж агаад вагоны 14 хоногийн дотор олж өгье гэсэн. ...80,000,000 төгрөгөөр вагон олж өгөхөөр тохиролцож, урьдчилгаа 40,000,000 төгрөгийг өгчих гэсэн үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул Тауэрын Голомт банкны гадаа таньдаг хүн болох Батцэцэг, Туяа гэх хүний Голомт банкны данснаас нь ************ын компани болох “************” ХХК-ийн голомт банкны 170хххх078 гэсэн дугаар данс руу 5,000,000 төгрөгөөр 8 удаа шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш хоног алгасахгүй ************ руу залгахад маргааш гээд хойшлуулаад байсан. Тэгээд ************ын над руу явуулсан гэрээг хэвлэж аваад Төмөр замын удирдах газар дээр очиж Амарбаясгалантай уулзаж гэрээг шалгахад манай байгууллагад “************” ХХК-тай гэрээ байгуулаагүй байна гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 89-91 дэх тал/ гэсэн,

Гэрч Л.Туяагийн: “...Б.************ гэх хүнийг би сайн танихгүй. Нөхөр маань ...Б.************ гэдэг хүн надаа ************ төмөр замаас ачаа тээврийн вагон олж өгнө гэж байна гэж ярьж байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.************ гэх хүний Голомт банкны данс руу 70,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн хүний явуулсан данс руу 70,000,000 төгрөг шилжүүлж өгсөн, данс нь миний данс ч гэсэн мөнгө нь бол нөхрийн маань мөнгө байсан. Бизнес хийх гээд тухайн мөнгийг миний данс руу хийсэн байсан. Тэгээд нөхөр маань шилжүүлчих гэж хэлэхээр нь би за гэж хэлээд тухайн мөнгийг нь шилжүүлсэн байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би нөхрийн хамт явж байсан чинь ************ гэдэг хүн нөхөртэй маань яриад удахгүй вагон тавигдах гээд байна мөнгөө хийгээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центрийн Хаан банкнаас би өөрийнхөө хаан банкны 511хххх035 тоот данснаас ************ын “************” ХХК-ны Голомт банкны 170хххх078 тоот данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” /1 дэх хавтас хэргийн 25-27 дахь тал/ гэсэн,

Гэрч ************гийн: “...Хэюү компани бол миний хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч юм, давхар бас орчуулагч хийдэг. С.************ нь манай компани болох “Хэюү” компанийн Монгол Улсад суух төлөөлөгчөөр ажиллаж, Монгол улсын явуулж байгаа үйл ажиллагааг хариуцан ажилдаг. С.************т сар болгон цалин өгдөг ...Манай “Хэюү” компани нь Монгол улсаас нүүрс худалдан аваад Хятад улс руу тээвэрлэж авдаг. Манай “Хэюү” компани 2021 оны 09 дүгээр сард нүүрс худалдан авч Дорноговь аймгийн Олон овоот гэдэг газар буулгасан байсан. Тэгээд нүүрсээ тээвэрлүүлэхээр вагон хайж байхад 2022 оны 04 дүгээр сарын эхээр бид нарын танил ************аас Б.************ гэдэг хүн миний утасны дугаарыг авч надтай холбогдоод танай нүүрсийг тээвэрлэж чадна, манай компани вагонтай, нүүрсийг чинь ачиж чадна гэж байна. Урьдчилгаанд 80,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би ************ыг Б.************ гэх хүнийг шалгаад үзчих гэж хэлсэн чинь ************ыг шалгаад найдвартай юм байна, төмөр замын вагон шалгадаг үнэмлэхтэй найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 80,000,000 төгрөг өгөхгүй, 40,000,000 төгрөгийг өгье, вагон тавьсны дараа 40,000,000 төгрөгийг нэмж өгье гэсэн. Тэгэхээр нь би Урнаа гэх хүний данс руу мөнгө Эрээн хотоос шилжүүлээд. Урнаа нь Б.************ын данс руу 40,000,000 төгрөг шилжүүлсэн вагоныг 10 хоногийн дотор тавьчихна гэж хэлсэн боловч хугацаандаа тавьж өгч чадаагүй,  сүүлдээ Б.************ нь миний утсыг авахаа больчихсон...” /1 дэх хавтас хэргийн 94-96 дахь тал/ гэсэн,

Гэрч Х.************гийн: “...Б.************ гэх хүнтэй 2021 онд танилцаж байсан. ...Тухайн үедээ төмөр замын гэрээтэй компанитай гэж хэлж байсан. ...Надад Хятад хүмүүс олоод өгөөч гэхээр нь би хүнээс асууж үзье гэж хэлсэн. ...Би тухайн төмөр замын гэрээг үзсэн чинь хуурамч гэрээ байсан. Миний таньдаг хүн намайг БНХАУ-ын иргэн ************ гэх хүнийг надтай танилцуулсан чинь Б.************ ************той уулзаад надаа Төмөр замын ачаа тээврийн вагон байгаа гэж хэлээд ************ гэх хүнээс 70,000,000 төгрөг авсан гэж ************ надад хэлсэн. Би Б.************той уулзаад чи яагаад Т.************ гэх хүнээс 70,000,000 төгрөг авч байгаа юм бэ надаа хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь Б.************ чамд хамаагүй би яаж ийж байгаад болгоно гэж хэлсэн....” /1 дэх хавтас хэргийн 106-108 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.************ы: “...Урнаа надтай утсаар яриад ирж уулзаад ************ гэдэг хүн нүүрс тээврийн вагон авахаар 40,000,000 төгрөг өгсөн, вагон олж өгөөгүй намайг залилсан гэдэг зүйл ярьсан...” /1 дэх хавтас хэргийн 111-113 дахь тал/ гэсэн,

Гэрч Э.Номуундарийн: “...Б.************ыг таньдаг хүн нь ************ төмөр замд ажилладаг тэр хүн нь зөвшөөрөл гаргаж өгнө гэдэг зүйл ярьж байсан. ...2022 оны 04 дүгээр сард ************ ах надаа Б.************оос ************ төмөр замаас ачаа тээврийн вагон авах гээд 70,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 116-117 дахь тал/,

Шүүгдэгч Б.************ын: “...2021 онд “************” ХХК-г байгуулаад уг компани нь төмөр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани юм. ...2022 оны 03 дугаар сард ************ намайг ************той танилцуулсан. ...Т.************ болохоор нэг застав вагон хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би ************од өөрийнхөө “************” ХХК-ийн төмөр замтай хийсэн гэрээг үзүүлээд “************” ХХК-ийн төмөр замтай хийсэн гэрээг үзүүлээд компанийн 170хххх078 данс руу 70,000,000 төгрөг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Би тухайн хүнээс мөнгө аваад мөнгийг өөр хүмүүст өртэй байсан учраас мөнгийг нь өгөөд дууссан. Би урьд нь “************” ХХК-ийн ачаа тээвэр хийж байгаагүй, Т.************оос мөнгө аваад ************ төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгт ачаа тээвэр явуулах захиалга өгсөн зүйл байхгүй. ...Би уг компанийг байгуулаад нэг ч ашиглаж чадахгүй байсаар татварын тайлангийн өртэй болсон. ...Урнаа ...утсаар яриад төмөр замаар БНХАУ-руу нүүрс тээвэр хийлгэх гэж байгаа 40,000,000 төгрөг шилжүүлье гэсэн. ...Тэр өдрийн орой “************” ХХК-ийн Голомт банкны 170хххх078 данс руу 5,000,000 төгрөгөөр 8 удаа гүйлгээ хийгдэж орж ирсэн. ...Миний данс руу Урнаа гэх хүний шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг өртэй байсан хүмүүстээ шилжүүлж өрийг нь дарсан. ...Төмөр замаас нүүрс тээвэр огт хийгээгүй байгаа, зөвшөөрөл гарсан үгүйг мэдэхгүй байна....” /1 дэх хавтас хэргийн 41-43, 125-126 дахь дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программаар бичиг баримт цахим хэлбэрээр солилцох гэрээний хуулбар /1 дэх хавтас хэргийн 56-59 дэх тал/, Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар /1 дэх хавтас хэргийн 62 дахь тал/, “************” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 158 дахь тал/, ************ төмөр замын 10/706 дугаартай албан бичиг /1 дэх хавтас хэргийн 250 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг шинжтэй.

Шүүгдэгч Б.************ эрхэлсэн тодорхой ажилгүй, “************” ХХК-г үүсгэн байгуулсан боловч тухайн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулаагүй атлаа амар хялбар аргаар мөнгө олж, өөрийн бусад өрийг дарах шунахайн сэдэлтээр хохирогч Т.************, С.************ нарт нүүрс тээвэр хийх вагон олж өгч чадна гэж хуурч, ************ төмөр замтай гэрээтэй гэж хуурамч гэрээ үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.************оос 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “************” ХХК-ийн данс руу 70,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.************аас 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...их хэмжээний хохирол учруулж...” үйлдсэн гэж тусгасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид их хэмжээний хохирол гэдэгт 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирлыг ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Б.************ын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Т.************од 70,000,000 төгрөгийн, хохирогч С.************т 40,000,000 төгрөгийн нийт 110,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.************ нь залилах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр хоёр өөр хохирогчид нийт 110,000,000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.************ нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.************ын эд хөрөнгөд 70,000,000 төгрөгийн, хохирогч С.************ын эд хөрөнгөд 40,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.************оос 110,000,000 төгрөг гаргуулж хохирогч Т.************од 70,000,000 төгрөгийг, хохирогч С.************т 40,000,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 2310015281952 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.************ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.************ нь Х.************ энэ хэрэгт хамааралтай, БНХАУ-аас их хэмжээний мөнгө орж ирэх гэж байгаа, хамтарч ажиллая, чи компани байгуулчих, тэгээд вагон оруулж ирэх боломжтой таньдаг эгч олсон, долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт гурван удаа вагон тавьж өгч чадна, хамтарч ажиллая гэж надтай хамт оролцоотой байсан тул Х.************г энэ хэрэгт шалгуулах хүсэлтэй байна гэж мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар огт ярьж, мэдүүлж байгаагүйн дээр энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Х.************, шүүгдэгч Б.************ нарын хооронд шилжүүлсэн мөнгө, санхүүгийн нөхцөл байдал нь энэ хэрэгт хамааралгүй байх  тул хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ын ************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ************ын ************ыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************од шийтгэсэн 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************оос 110,000,000 /нэг зуун арван сая/ төгрөг гаргуулж, хохирогч Б.************од 70,000,000 /далан сая/ төгрөг, хохирогч С.************т 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн 2310015281952 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.************ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.************, С.************ нар гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.************од  авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр болон ************ хотоос гарахыг хязгаарласан, хохирогч С.************, Т.************ нартай уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.************ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.************од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР