Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2021/00402

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт Ж-ны Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын Засаг дарга /К.Б/,

Хариуцагч: Б аймгийн Ус сумын Засаг даргын Тамгын газрын дарга /А.Х/ нарт  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Б аймгийн У сумын Засаг дарга К.Б, Б аймгийн У сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 7740000 /долоон сая долоон зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч Ж.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Н нь хувийн ачааны автомашинтай бөгөөд хувиараа тээвэр хийх, ачаа бараа зөөх, буулгах зэргээр амьдралаа залгуулдаг. 2020 оны 07 дугаар сард У сумын хэсэг айлууд үерт автаж эдгээр айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажилд жолооч нарыг хөлсөөр ажиллуулжээ. У сумын Засаг дарга О.Н баталж Засаг даргын Тамгын газрын дарга А.Х, жолооч Ж.Н нарын хооронд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллагч Ж.Н нь тухайн өдрөөс тодорхой бус хугацаагаар Норд венз маркийн өөрөө буулгагч машинаар ажиллах, нэг рейсийн хөлс нь 60000 төгрөг байхаар, захиалагч нь айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажлыг дууссаны дараа хөлсийг Ж.Н-ын ХААН банк дахь 00000 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. Гэрээ ёсоор Ж.Н нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийтдээ 129 рейс хийж ажилласан ба талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж үерт автагдсан айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажлыг бүрэн биелэгдсэн гэж үзэж нийт 7740000 төгрөгийг түүний ХААН банкны 00000 тоот дансанд шилжүүлэхээр болжээ. Дээрх ажлыг хийж гүйцэтгэж гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 7 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч захиалагч тал ажлын хөлсийг одоо хүртэл өгөхгүй хохироож явна. Ж.Н нь ажлын хөлсөө удаа дараа нэхсэн боловч мөнгө нь шийдэгдээгүй, өнөө маргаашдаа мөнгө орж ирэхээр нь өгнө гэх мэтээр элдэв шалтаг хэлж өгөхгүй байгаа ба 2020 оны 10 дугаар сард явагдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дараа Засаг дарга өөрчлөгдсөн учир бараг хариу өгөх хүнгүй болжээ. Тэгээд аргагүйн эрхэнд шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Тухайн үед талуудын хооронд Иргэний тухай хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.  Мөн тус хуулийн 360 дугаар зүйлд ажлын хөлсийг хувааж төлөх, эсвэл ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр зохицуулсан. Талууд ажлын хөлсийг ажлаа хийж гүйцэтгэсний дараа төлөхөөр тохиролцсон. Хариуцагч талаас ажлын хөлс олгохгүй байгаа шалтгаан нь аймгаас хөрөнгө хуваарилахгүй байгаа гэж тайлбарлаж байгаа. Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тогтоолын хавсралтаар У сумын С-ийн голын  үер усанд автсан 53 айлыг нүүлгэн шилжүүлэх, тоос шороо цэвэрлэх, ариутгал цэвэрлэгээ хийх зэрэг нийтдээ 7740000 төгрөг хуваарилсан талаар тодорхой байна. Нэгэнт Ж.Н нь гэрээнд заасан хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн, талууд гэрээгээ дүгнэсэн. Хуульд заасны дагуу хөлсөөр ажиллуулагч нь хуулийн дагуу ажлын хөлсийг төлөх ёстой. Тийм учраас нэхэмжлэгч Ж.Н-ын нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, У сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хөлс 7740000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн У сумын Засаг дарга К.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэгэнт Засгийн газраас шийдвэрлэж өгсөн мөнгө нь Ц болон У сумын дансанд орж ирсэн бол бид нар төлж өгөх байсан. Ж.Н өмнөх Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын  даргатай гэрээ байгуулсан, хийсэн ажлын хөлсийг төлөх ёстой. Гэхдээ цаанаас нь хуваарилсан мөнгө нь орж ирээгүй учраас У сумын Засаг даргын Тамгын газарт уг мөнгийг төлж өгөх ямар ч боломж байхгүй байгаа. Төсөв санхүүтэй холбоотой тухайн сумын жилийн төсөвт ажил гүйцэтгүүлсний хөлсөнд зарцуулах төсөв байсан бол бид нар ажил гүйцэтгэгч нарын хөлсийг төлж өгөх байсан. Бид одоогоор баахан өртэй яваад байгаа. Би энэ жил У сумын Засаг даргын ажлыг хүлээж авахдаа 163000000 төгрөгийн өртэй хүлээж авсан. Энэ өр нь дандаа бензин шатахуун, ажил гүйцэтгүүлсэн, түлш, халаалт зэрэг өр төлбөртэй, төсөв санхүүгийн бололцоо муу байгаа. Тийм учраас энэ асуудлын талаар аймгийн хэмжээнд Улсын онцгой комисст хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй. Би Улсын Их хурлын 3 гишүүнд албан тоот явуулаад, хүсэлтээ тавьсан байгаа. Тэгж шийдвэрлүүлэхгүй бол ганц Ж.Н-аас гадна ажил хийсэн бусад 8 хүний 45000000 төгрөгийг төлж өгөх ямар ч боломж, хуулийн хүрээнд тусгаж өгсөн мөнгө төгрөг байхгүй гэжээ.

Хариуцагч Б аймгийн У сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сум нь газар нутгийн хувьд Х, С голуудын дунд оршдог. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас шар усны үер бууж олон айл өрхүүд усанд автагдсан юм. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэй усанд автагдсан айл өрхүүдийг хамгаалах зорилгоор Ж.Н-тай гэрээ байгуулж ажиллуулсан үнэн болно. Тухайн үед Ж.Н болон зориулалтын машин техниктэй 9 хүнтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/182 дугаар албан тоотоор Аймгийн онцгой комисс болон Аймгийн Засаг даргын орлогч А.К-д ажил гүйцэтгэхэд зарцуулсан төсвийг хүргүүлсэн болно. Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 129 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын 1 дүгээр хавсралтад гамшигт нэрвэгдсэн Ц, У суманд нийт 77144000 төгрөг тусгагдсан юм. Улсын онцгой комиссын ахлах мэргэжилтэн Б утсаар холбогдож гэрээ дүгнэсэн акт байхгүй тул уг материалыг яаралтай явуулна уу гэж хандсаны дагуу бидний зүгээс гэрээ дүгнэсэн актыг мэйлээр явуулсан болно. Үүнээс хойш удаа дараа зохих шатны байгууллагуудад асууж тодруулсан боловч хариу өгөөгүй он гарсан болно. Энэ асуудал ганцхан Ж.Н-нх биш бусад гэрээ байгуулсан 9 хүний асуудал болж байгаа. Нэхэмжлэл гаргагч Ж.Н-ын ажлын хөлсийг сумаас олгох ямар ч боломж байхгүй. Иймд сумын хэмжээнд гарсан хохирол 43249000 төгрөг гарч байгаа. Тухайн үед бид нар удирдлага, аймгийн Засаг дарга, бусад холбогдох дээд шатны байгууллагуудад хандсан боловч цаанаасаа Засгийн газраас тэр мөнгө нь ирээгүй. Тэгээд бид нар удаа дараа шаардсан боловч Орон нутгийн сонгууль болсон. Сонгууль болсны дараа шинэ удирдлагууд, аймгийн Засаг дарга, орлогч дарга, Бауржан даргад бас хүсэлт тавьсан. Сая аймгийн Засаг дарга Засгийн газрын сайдуудтай гэрээ байгуулж ирэхдээ бас энэ асуудлын талаар хүсэлт тавьсан байна. Улсын онцгой комисст холбогдох бүх бичиг баримтыг дахиж явуулсан. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж удирдлагаас чиглэл өгч байгаа. Бид нар тухайн үед хийх ёстой ажлаа хийсэн, сумын хөрөнгөнөөс гарах боломжгүй, удаа дараа дээд шатны байгууллагад хандсан, аймгийн Онцгой комисс болон аймгийн удирдлагуудад хандсан. Энэ жил “Ковид 19” цар тахалтай холбоотой бүх албан байгууллагын төсөв танагдсан, хүнд байдалтай байна гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Б аймгийн У сумын Засаг дарга болон Засаг Даргын Тамгын газраас ажлын хөлс 7,740,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газар нь ... тус сумын нь газар нутгийн хувьд Х, С голуудын дунд оршдог. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас шар усны үер бууж олон айл өрхүүд усанд автагдсан юм. Энэ нөхцөл байдлаас үүдэлтэй усанд автагдсан айл өрхүүдийг хамгаалах зорилгоор Ж.Н-тай гэрээ байгуулж ажиллуулсан үнэн болно. Тухайн үед Ж.Н болон зориулалтын машин техниктэй 9 хүнтэй гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн. ...Үүнээс хойш удаа дараа зохих шатны байгууллагуудад асууж тодруулсан боловч хариу өгөөгүй он гарсан болно. Энэ асуудал ганцхан Ж.Н-нх биш бусад гэрээ байгуулсан 9 хүний асуудал болж байгаа. Нэхэмжлэгч Ж.Н-ын ажлын хөлсийг сумаас олгох ямар ч боломж байхгүй. Улсын онцгой комиссоос хуваарилагдсан санхүүжилтээс манай сумд олгогдоогүй учраас Тамгын газраас олгох ямар ч боломжгүй юм. Цаашид дээд шатанд уламжилж төсөв мөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас Б аймгийн У сумын Засаг Дарга О.Н /цаашид захиалагч гэх/ нөгөө талаас Ж овогтой Н /цаашид ажиллагч гэх/  нар нь харилцан тохиролцож, 2020 оны 07 сарын 16-ний өдөр Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний 2.1-т үерт автагдсан айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах, 2.3-т Ж.Н Норд бенз машинаар 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс тодорхой бус хугацаагаар ажиллах, нэг рейс нь 60000 төгрөг байна, 2.4-т гэрээг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж үерт автагдсан айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажлыг дуусгасны дараа хөлсийг ХААН банк нь дахь  тоот дансанд 00000 шилжүүлэхээр тохиролцож, уг гэрээнд ажиллуулагч төлөөлж У сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х, ажиллагч төлөөлж Ж.Н нар тус тус гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээнд зохигчид маргаагүй байх тул уг гэрээг талууд чөлөөтэй, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байна гэж үзлээ.  

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч буюу ажиллагч Ж.Н нь гэрээгээр тохиролцсоны дагуу ажил үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч буюу ажиллуулагч У сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг даргын тамгын газар нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллагчийн  ажлын хөлсийг төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Ж.Н нь ажлын хөлсөө хариуцагч нараас шаардсан байна.

Хавтаст хэрэгт  авагдсан 01 дугаартай Гэрээ дүгнэх актаар ... гэрээг жолооч Ж овогтой Н Норд бенз машинаар 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, гэрээний дагуу нэг рейс нь 60000 төгрөгөөр 10 хоногийн дотор нийтдээ 129 рейс хийж ажилласан байна. Үерт автагдсан айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажлыг бүрэн биелэгдсэн гэж үзэж нийт цалин 7740000 төгрөгийг ХААН банкны 00000 тоот дансанд шилжүүлнэ гэж ажиллуулагчийг төлөөлж У сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Х, ажиллагчийг төлөөлж Ж.Н гэж талууд гарын үсэг зурж, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээг дүгнэсэн байна.

Мөн тус сумын үерт автагдсан айлуудыг үерээс хамгаалах далан босгох, шуудуу татах ажилд зарцуулсан бензин шатахуун, тээврийн хөлс, ажилласан ажилчдын цалин хөлсний тооцоог гаргаж хүргүүлэв гэж  У сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/182 дугаартай “Аймгийн Засаг даргын орлогч А.К танаа” гэж албан бичгээр уламжилж байсан байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн У сумын С-ын гол үерлэж сумын төвийн 53 айл өрх автахад айл архийг нүүлгэн шилжүүлэх, үерийн далан босгох, үерийн дараах лаг шороог цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд гарсан зардлын тооцоог гаргасан байх ба уг тооцоонд 1.жолоочийн нэрс Ж.Н, регистрийн дугаар БКХХХХХ, рейс 129, нэг рейс үнэ 60,000, дүн 7,740,000 гэж, тооцоог хянасан Засаг дарга О.Н, боловсруулсан ОНХСангийн ня-бо Г.З гэж тус тус гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу талууд гэрээгээр ажлын хөлсөө тохиролцож, гэрээгээр хүлээсэн үүргээ ажиллагч Ж.Н гүйцэтгэж, талууд гэрээгээ дүгнэсэн байна.

Хариуцагч У сумын Засаг даргын тамгын газрын хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Хөрөнгө гаргах тухай” 139 дугаартай тогтоол гарсан байх ба уг тогтоолын 1-т “Гамшгийн улмаас зарим аймагт учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах зардал”-ыг 1 дүгээр хавсралт, ... тус тус баталсугай гэж, Засгийн газрын 2020 оны 139 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын зардлын зориулалт 2. Б аймагт 2020 оны 7 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас эвдэрсэн Ц боомтын Бураатын төмөр бетон гүүрийг засах, У сумын С-ийн голын үерийн усанд автсан 53 айлыг нүүлгэн шилжүүлэх, лаг шороог цэвэрлэх, ариутгал, халдваргүйтгэл хийх, аймаг байгууллагын нэр Б аймгийн Онцгой комисс, зардлын хэмжээ 77744000 гэж тус тус баталсан байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 139 дугаартай “Хөрөнгө гаргах тухай” тогтоолоор “Гамшгийн улмаас зарим аймагт учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход шаардагдах зардал”-ыг уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан байх тул хариуцагч нарын Улсын онцгой комиссоос хуваарилагдсан санхүүжилтээс манай сумд олгогдоогүй учраас Тамгын газраас олгох ямар ч боломжгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.

Хариуцагч У сумын Засаг даргын тамгын газар нь хавтаст хэрэгт Б.С, М.М, Т.Е, К.Б, Д.А, Х.С, А.Х, Т.Ж нартай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг гаргаж өгсөн байх ба энэхүү хөлсөөр ажиллах гэрээ нь нэхэмжлэгч Ж.Н-ын ажлын хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлд хамааралгүй гэж үзлээ.

Иймд дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар үнэлнэ хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг Даргын Тамгын газраас ажлын хөлс 7,740,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж. Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас 138790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас ажлын хөлс 7740000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газраас 138790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б