Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0034

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                      П.Ш

Яллагдагч                                      О.Б

               Яллагдагчийн өмгөөлөгч           М.Г, Э.Т, М.М

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр захирамжтай, О.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурор П.Ш-гийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-н Б.

 

О.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг 7 дугаар хороололд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагч М.А-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр захирамжаар:

Яллагдагч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлтэнд гарсан техникийн шинжтэй алдааг засуулахаар Булган аймгийн прокурорт буцааж,

Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар бариултай, бариул хэсгийн урт 11 см ажлын хэсгийн урт 12.5 см хэмжээний, цагаан өнгийн төмөр бариултай, бариул хэсгийн урт 13 см /2 ширхэг/ хутгыг хэргийн хамт хүргүүлж,

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 269 дүгээр захирамжаар:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 4 дүгээр заалтад энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй гэж алдаатай бичсэнийг шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй гэж залруулж,

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Ш эсэргүүцэлдээ:

 

“ ... Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хуулийн дээрх заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор тусгажээ.

Прокурорын яллах дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлийг мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т тодорхой заасан бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд уг алдааг шүүхийн шатанд засуулах боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3 дахь хэсгүүдэд хамаарахгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Хоёрдугаарт: ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 4 дэх заалтад “...Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажпын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй...” гэж дурьдсаныг үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, нийтээр дагаж мөрдсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажпын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж өөрчлөн найруулсан.

Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг дурьдалгүй орхигдуулсан нь оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаад зогсохгүй “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

 

Гуравдугаарт: О.Б-д холбогдох хэрэгт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16:30 цагт дахин хуралдаан явуулахаар тов гаргаж, хурлын тов мэдэгдсэн баримт ирүүлснийг хууль зөрчсөн гэж үзнэ. Учир нь шүүхээс дээрх хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж, хэргийг прокурорт буцаах шийдвэрийг гаргасан бөгөөд ямар асуудлаар дахин хуралдаан зарласан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах” зарчмыг алдагдуулахаар байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Яллагдагч О.Б-ын өмгөөлөгч М.Г, М.М, Э.Т нар тайлбартаа:

“ ... Нэг. Яллагдагчийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхэд яллагдагчид 2020 оны 02 сарын 14-ний өдөр болон 2020 оны 03 сарын 04-ний өдрүүдэд 2 ширхэг яллах дүгнэлт гардуулан өгсөн, 2020 оны 02 сарын 14-ний өдөр гардуулсан яллах дүгнэлт болон түүнийг гардуулсан тухай баримт хавтаст хэргээс алга болсон, хэргийн оролцогчоос гомдол гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн зэрэг асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба ингэхдээ 2 ширхэг яллах дүгнэлт хоёулаа хүчинтэй боловч алинаар нь яллагдагчийг яллаж буй нь тодорхойгүй, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн яллах дүгнэлт, түүнийг яллагдагчид гардуулан өгсөн талаарх тэмдэглэл байхгүй байгаа зэргээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх ажиллагааг прокурор гүйцэтгэхээр заасан. Гэтэл прокурорын эсэргүүцлээс дүгнэвэл шүүхээр яллах дүгнэлтээ үйлдүүлэх, хэрэгт авагдаагүй яллах дүгнэлтийг шүүхээр олуулж хэрэгт хавсаргуулах, хүчинтэй байгаа 2 ширхэг яллах дүгнэлтийн аль нэгийг нь хүчингүй болгох, алинаар нь яллагдагчийг яллахаа шүүхээр шийдвэрлүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэж үзэхээр байна.

Шүүх гагцхүү хуульд захирагддаг, хөндлөнгийн, бие даасан, хараат бус байгууллага болохоос прокурорт тусладаг, зөвлөдөг, эсхүл прокурорын мэргэжлийн болон ёс зүйн алдааг засах чиг үүрэггүй юм.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажпын 5 өдрийн дотор багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж өөрчлөн найруулсан бөгөөд захирамжинд үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулахаар шүүх өөрийн санаачилгаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүхийн шийдвэрийг залруулах тухай хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2020/ШЗ/269 дугаартай захирамж гарган залруупга хийсэн болно.

Дээрх шүүгчийн захирамжинд гарсан техникийн шинжтэй алдаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн асуудал биш ба яллагдагч болон түүний өмгөөлөгч бидний эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхгүй байна. Түүнчлэн шүүх хуульд заасан журмын дагуу залруулах арга хэмжээг авсан болно.

 

Гурав. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгчийн захирамжинд гаргсан техникийн шинжтэй алдааг засах талаар хуралдаан зарлаж, товыг оролцогчдод мэдэгдсэн Уг хуралдаанд прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцох боломжтой боловч ирж оролцоогүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Ш  дүгнэлтдээ: “... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх прокурор П.Шгийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Яллагдагч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлтэнд гарсан техникийн шинжтэй алдааг засуулахаар Булган аймгийн Прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

            Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ш нь О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4/21 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4/29 дугаартай яллах дүгнэлтүүд үйлдэж, яллагдагчид тус тус /2 дугаар хх 81-86, 100-105/ гардуулжээ.

 

            Прокурор 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 4/21 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч О.Бд гардуулсны дараа түүний өмгөөлөгч О.М нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргасан /2 дугаар хх 46-47/ байх ба прокурор уг хүсэлтийг хүлээн авч “Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай”, “Мөрдөгчийн шийдвэрийн хүчингүй болгох тухай” тогтоолуудыг үйлдэж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байна.

 

            Хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд 8 дахь хэсэг буюу “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэсэн заалтыг нэмсэн боловч 4/21 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчид гардуулах үед дээрх заалт нь хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөөгүй байсан.

        

            Прокурор 4/29 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчид гардуулах үед хуулийн дээрх зохицуулалт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан бөгөөд прокурор өмнөх яллах дүгнэлтийг үйлдсэний дараа хэргийн оролцогч нарын хүсэлтийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа дахин яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчид гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хасаж, хязгаарласан, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Харин өмнөх буюу 4/21 дугаартай яллах дүгнэлт болон түүнийг яллагдагч О.Бд гардуулсан тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох боловч энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй, шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

 

            Түүнчлэн хэргийн оролцогч хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй, уг хүсэлт, гомдлыг хангаагүй нь тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдлыг дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

            Прокурорын санал, хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн О.Б-ын гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Үүнээс гадна анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д заасанчлан анхан шатны шүүх шийдвэртээ үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах эрхтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон атал шүүгч захирамжиндаа “... прокурор ... эсэргүүцэл гаргах эрхтэй” гэж дурьдаж, хэргийн бусад оролцогч нарын хуулиар олгогдсон шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарласнаа техникийн шинжтэй алдаанд тооцож залруулга хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/06 дугаартай эсэргүүцлийг шүүх хүлээн авсны дараа /2 дугаар хх 126/ буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 цаг 30 минутанд шүүх хуралдаан хийж, шүүгчийн 269 дугаартай захирамжаар 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай захирамжийн 4 дэх заалтад залруулга хийжээ.

 

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Прокурор П.Ш-гийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ