Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 20

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл,

Улсын яллагч: Б.Оюунцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энх-амар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар № 2355/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лхагвабаярт холбогдох 201721010005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1983 оны 07 сарын 05-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Цэцэг-гол багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Баатарын Лхагвабаяр. /РД: ПИ83070511/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Лхагвабаяр нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөст

сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэр халзан хошуу гэх газраас иргэн Ч.Баасанжавын хээр зүсний 5 настай үрээ, хээр зүстэй 13 настай гүү, нийт 2 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Б.Лхагвабаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 11 сарын 21-нд би С.Баасанжавын 5 настай хээр үрээ, 13 настай хээр гүү, нийт 2 тооны адууг хулгайлж Баянөлгий аймаг руу оруулж зарсан нь үнэн. Энэ 2 адууны хохиролыг би 4 тооны адуугаар нөхөн төлж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Лхагвабаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2016 оны 11 сарын 19-ний өдөр Эрдэнэхишиг манай гэрт ирээд Бат-өлзий бид хоёр Баян-өлгий аймаг руу адуу ачих гэж байна чи хамт явах уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гээд 2016 оны 11 сарын 21-ний өдөр Эрдэнэхишиг бид хоёр уулзаад Ц.Даваажаргал дээр очиж уулзаад өнөөдөр явахаар болоод Эрдэнэхишиг бид хоёр манай багийн малын эмч Өлзийдаш дээр очоод 10 адууны зүс, им тамгыг нь хэлээд гарал үүслийн гэрчилгээ аваад бид хоёр буцаад Ц.Даваажаргал дээр ирээд Эрдэнэхишиг, Ц.Даваажаргалын хамт машинтай адуу ачиж ирэхээр Цэцэг гол багруу явсан. Би сумын төв дээр үлдээд 2 адуугаа олоод байж байя гээд 16 цагийн үед Халзан хошуу гэх газар манай адуу байдаг газар луу яваад адуугаа хайгаад олоогүй. Манай адуу олдохгүй, адуугаа хайгаад явж байхад 2 азарга адуу байхаар нь тэр хоёр азрага адууг мотоциклтойгоо туугаад Нямдаваа гэх айлын эзэнгүй хашаан дээр авч ирээд эхлээд нэг азрагатай адууг нь хашиж байгаад хээр гүү барьж авсан. Дараа нь нөгөө азрагатай адууг нь оруулаад хашиж байгаад хээр үрээ барьж аваад байж байхад Эрдэнэхишиг надруу залгаад бид нар адуугаа ачаад дуусч байна. Бат-өлзий явахаа больчихлоо, бид хоёр 5 адуу ачлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний адуу бэлэн болчихлоо. Нямгэрэлийн хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед тэр хоёр Ц.Даваажаргалын автомашинтай ирэхээр нь голын эрэгт машинаа шахаж зогсож байгаад 2 адуугаа ачаад сумын төвөөр ороод би гэртээ мотоциклоо үлдээчихээд хоол унд идэж аваад түлш аваад Эрдэнэхишиг, Ц.Даваажаргал бид гурав Мөст сумаас яваад Ховд аймаг орж ирээд Эрдэнэхишигийн аавынд очоод хоол, унд идэж аваад Ц.Даваажаргал бид хоёр цаашаа Баян-өлгий аймаг руу гараад явсан. Эрдэнэхишиг Ховд аймагт үлдсэн. Ц.Даваажаргал бид хоёр 2016 оны 11 сарын 22-ны орой Баян-өлгий аймаг ороод Хуантхан гэх айлд очоод малаа хашаанд хийчихээд тэнд хоночихоод маргааш нь А.Хуантханд би 2 адуугаа 650.000, 630.000 төгрөгөөр өгчихөөд Ц.Даваажаргал бусад 5 адууг нь мөн А.Хуантханд зарсан. Тэгээд бид хоёр тэр өдөртөө Баян-өлгий аймгаас гараад Ховд аймагт ирээд нэг хоноод маргааш нь 2016 оны 11 сарын 25-ны өдөр Мөст суманд ирсэн.

...Би эхлээд хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Нэг нь хээр зүстэй, зүүн талын гуяндаа босоо хөндлөн дэгэрээ тамгатай 5-6 настай үрээ байсан, нөгөө нь зүүн гуяндаа жижиг дэгэрээ тамгатай, хээр зүстэй, 15 настай гүү байсан. Энэ хоёр адууг С.Баасанжавын адуу гэдгийг би сүүлд Мөст суманд ирээд мэдсэн. Хамт явсан хүмүүс намайг хулгайн адуу авч яваа гэдгийг мэдээгүй, өөр харсан үзсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 сарын 20-ны өдөр адуугаа эргэж үзэхэд адуу бүрэн байсан. 2016 оны 11 сарын 23-ны өдөр адуугаа эргэж үзэхэд 2 азрагатай адуунаас нэг нэг адуу байхгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчид ирж бүртгүүлсэн. Миний алдсан адуунууд жижиг төөлтэй, хээр зүсмийн, зүүн талын гуяндаа босоо болон хөндлөн дэгэрээ тамгатай 5 настай морь, шар хээр зүсмийн, зүүн талын гуяндаа босоо дэгэрээ тамгатай 13 настай /гүү/ адуунууд байсан. Хээр морь нь жороо угшилтай морь байсан болохоор 2000.000 төгрөгөөр үнэлж байна. Гүүг нь 700.000 төгрөгөөр үнэлж байна.

...Б.Лхагвабаяр надад 2017 оны 06 дугаар сар гэхэд унагатай гүү, байдсан гүү, үрээ, нийт 4 адуу өгч хохиролоо барагдуулна гэж гарын үсэг хийлгэж авсан. Энэ хохиролоо барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

            Гэрч Ц.Даваажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “...Анх Бат-өлзий гэдэг залуу 2016 оны 11 сарын 19-ний өдөр надруу утсаар яриад Баян-өлгий аймаг руу адуу ачмаар байна. Ачих уу? гэхээр нь хөлс мөнгөө тохирох юм бол ачина гэж хэлсэн. Тэгээд би Хөшөөтийн уурхайгаас Мөст сумруу явж байх замд Шар булаг гэх газарт Бат-өлзий, Эрдэнэхишиг хоёр мотоциклтэй ирээд надтай уулзаад маргааш Баян-өлгий аймаг руу адуу ачмаар байна. Хэдэн төгрөгөөр явах вэ гэхээр нь би 200 л түлш хийж өгөөд дээр нь 200.000 төгрөг өгчих гээд тэр хоёртой Баян-өлгий аймаг руу адуу ачиж явахаар тохироод Эрдэнэхишиг надтай хамт сумын төв орсон. Маргааш нь би машиндаа жаахан юм хийгээд өнжсөн. 2016 оны 11 сарын 21-ний өдөр Эрдэнэхишиг, Б.Лхагвабаяртай ирээд хамт явахаар боллоо гээд тэр хоёр явж гарал үүслийн бичиг авч ирээд Б.Лхагвабаяр нь мотоцикльтэй адуундаа яваад Эрдэнэхишиг нь надтай хамт 14 цагийн үед миний машинтай зүүн шанаа гэх газар луу яваад Лхагвадорж гэх айлд очиход хүн байгаагүй. Бат-өлзий мотоцикльтэй адуу хөөгөөд ирж байсан. Эрдэнэхишиг урдаас нь яваад тэр адууг хөөж ирээд хашаанд хашиж байгаад 4 адуу барьж миний машинд ачаад тэндээс хөдлөөд Шар булаг гэх газар байсан Пүрэвдорж гэх айлаас манай эгч Наранчимэгийн нэг адуу ачаад тэндээс хөдлөөд харанхуй болсон хойно Эрдэнэхишиг Б.Лхагвабаяртай яриад Халзан хошууны эх гэх нэртэй газар яваад очиход Б.Лхагвабаяр хоёр морь барьчихсан байсан. Тэрийг голын эрэг дээр зогсож байгаад ачиж аваад тэндээсээ сумын төв ороод БЛхагвабаяр сумын төвд мотоциклоо тавиад түлш аваад, хоол унд идэж аваад Б.Лхагвабаяр, Эрдэнэхишиг бид гурав миний машинаар Ховд аймгийн төв ороод Эрдэнэхишигийн аав Баатар гэх айлд очоод хоол унд идэж аваад Эрдэнэхишиг тэнд үлдээд Б.Лхагвабаяр бид хоёр Баян-өлгий аймаг руу явсан. 2016 оны 11 сарын 22-ны өдөр 17 цагийн үед Баян-өлгий аймгийн төв ороод А.Хуантхан гэх айлд очоод адуугаа малын хашаанд хийчихээд тэнд хоносон. Маргааш нь адуугаа А.Хуантханд бүгдийг нь өгсөн. Би 5 адууны мөнгө авсан. Б.Лхагвабаяр өөрөө 2 адуугаа А.Хуантханд өгсөн. Тэр өдөртөө наашаа гараад Ховд аймагт шөнө ороод Ховдод байж байгаад 2016 оны 11 сарын 24-ний өдөр Мөст суманд ирсэн юм.

...Б.Лхагвабаяр нь зөв гуяндаа дэгэрээ тамгатай сартай хээр морь /насыг нь мэдэхгүй байна/, зөв гуяндаа хээр мориноос арай жижиг дэгэрээ тамгатай 10 орчим настай болов уу гэмээр бүдүүн хээр гүү хоёрыг зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан болохыг би мэдэхгүй байна. Б.Лхагвабаярын авч явсан адуу хулгайн адуу гэдгийг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  29, 30 дугаар хуудас/,

         Гэрч А.Хуантханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би Ц.Даваажаргалыг танина. Ц.Даваажаргал манай аймагт адуу авч ирж худалддаг болохоор нь таньдаг юм. Б.Лхагвабаярыг танихгүй. Гэхдээ Ц.Даваажаргал манай аймагт ирж адуу худалдах үед нэг залуу хамт ирсэн. Тэр Б.Лхагвабаяр байх.

         2016 оны 11 дүгээр сард идэшний үеэр байх би сар өдрийг нь санахгүй байна. Ц.Даваажаргал нарын авч ирсэн 7 тооны адууг 3950.000 төгрөгөөр худалдаж авсан. 7 тооны адууны 5 адууг Ц.Даваажаргал худалдсан. Хамт ирсэн залуу нь миний адуу гэж 2 адуу худалдсан.  Ц.Даваажаргалтай хамт ирсэн залуу нь хар хээр зүсмийн нас бие гүйцсэн морь, хээр зүсмийн гүү худалдсан. Им тамгыг нь анзаарч хараагүй. Морийг 650.000 төгрөгөөр, гүүг 630.000 төгрөгөөр үнэлж худалдсан. Мөнгийг нь бэлнээр тоолж авсан. Надад худалдсан адуунд гарал үүслийн гэрчилгээ байсан. Би уг гэрчилгээг авсан. Тэд замд Толбо сумын Цагдаагийн постод гарал үүслийн гэрчилгээг шалгуулж тэмдэглэл хийлгэсэн байсан. Зах дээр байсан цагдаагийн алба хаагч нар шалгаж тэмдэглэл үйлдсэн байсан. Гарал үүслийн гэрчилгээг Ховд аймгаас ирсэн цагдаа нар надаас авч шалгана гээд аваад явсан. Миний худалдаж авсан адууны зүс, им тамга гарал үүслийн гэрчилгээтэй тохирч байсан. Адууг 4646 ХОА улсын дугаартай Порентор маркийн хар хөх өнгийн 2 тонны ачааны машинд ачиж ирсэн. Дугаарын үсэг нь ХОА байсан эсэхийг лавтай сайн санахгүй байна. Дугаар нь 4646 байсныг сайн мэдэж байна.

          Ц.Даваажаргал урьд өмнө манай аймагт адуу авч ирж худалддаг байсан болохоор тэднийг хулгайн адуу авч ирсэн гэж хардаж сэрдэж байгаагүй. Тэд надад авч ирсэн адуугаа хулгайн адуу гэж хэлээгүй. Хамт ирсэн залуу зарсан 2 адуугаа өөрийн адуу гэж хэлсэн. Би тэр адуунуудыг худалдаж аваад 1-2 хоногийн хугацаанд буцаагаад худалдсан. Одоо адуу идшэнд нядлагдсан байх. Танихгүй хүмүүс идшэнд хэрэглэнэ гээд худалдаж авсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-39 дугаар хуудас/,

        Гэрч С.Одонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 сарын сүүлээр Б.Лхагвабаяр өөрийн нэг гүүг Баянөлгий аймаг оруулж зарна гээд яваад ирсэн. Тэгэхдээ л хулгай хийсэн юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. Яг ямар гүү зарах гэж байгаагаа хэлээгүй. Би ч лавлаж асуугаагүй...” гэх мэдүүлэг,

            Гэрч Ц.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2016 оны 11 сарын сүүлээр хээр зүстэй 5 настай гуяндаа хундаган тамгатай морийг Даваажаргалд өгч явуулаад зараад ир гэснийг Баян-Өлгий аймагт оруулж зараад  ирэхээр нь 700000 төгрөг авсан. Мөст сумын  Цэцэг гол багт байдаг адуунаас  манай хүү барьж өгөөд Даваажаргал ачуулаад явуулсан, манай өөрийн эзэмшлийн адуу байсан юм. Би он сарыг нь мартсан байна. 2016 оны 11 сарын сүүлээр яваад 2-3 хоноод ирсэн. Ц.Даваажаргал Баян-Өлгий аймаг адуу ачиж явах гэж байна гэхээр нь би өгч явуулсан өөр ямар адуунууд ачсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Манай сумын иргэн Ц.Даваажаргал, Эрдэнэхишиг хоёр Баян-Өлгий аймаг руу адуу ачъя гэж хэлсэн, тэгэхээр нь би хамт адуу ачъя гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэхишиг 2016 оны 11 сарын 21-ний өдөр өглөө надруу утсаар яриад Даваажаргал бид хоёр Цэцэг гол гарах гэж байна. Өөрийнхөө адуутай манай адуу бөөгнүүлж  бай  гэж хэлсэн. Тэгээд би адуугаа Цэцэг голын зүүн шанаа гэх газар бөөгнүүлээд ирэхэд 14 цагийн үед Эрдэнэхишиг Ц.Даваажаргал хоёр Ц.Даваажаргалын машинтай ирчихсэн байсан.  Бид гурав адуунаас 4 морь барьж автомашинд ачаад Ц.Даваажаргал, Эрдэнэхишиг хоёр 16 цагийн үед явсан. Баян-Өлгий оруулж зарчихаад ирлээ  гээд миний нэг адууны мөнгө 510000 төгрөгийг Ц.Даваажаргал надад өгсөн гэх” мэдүүлэг, 

Гэрч Д.Түмэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “... Би өөрөө бол хийж өгөөгүй манай малын эмч Д,Өлзийдаш 10 тооны  адууны гарал үүслийн гэрчилгээ надаар баталгаажуулсан.

Мөст сумын Цэцэг гол багийн иргэн Б.Лхагвабаяр, Эрдэнэхишиг нар  дээр бичсэн гарал үүслийн гэрчилгээнд 5 адуу, цаасан дээр 5 адуу  10 тооны адууны зүс им тамга бичүүлчихсэн баталгаажуулах гэж орж ирэхээр нь би  Өлзийдаштай утсаар ярьхад би өөрөө харж үзээд бичиж өгсөн. Өөрийнх нь адуу  байсан, ямар нэгэн өвчний шинж тэмдэг алга байна гэж хэлэхээр нь би  баталгаажуулаад явуулсан, мөн Ховд аймгийн Мэргэжилийн хяналтын байцаагч Хашбатаас Баян-Өлгий аймаг руу адуу зарахаар явуулж байгаа  талаар асуухад болно гэж хэлсэн, Энэ адуунуудыг Баян-Өлгий аймаг руу авч байсан.

         Тухайн малын им тамгыг би өөрөө хараагүй манай малын эмч Өлзийдаш харсан гэж  байсан тэр цаасан даар бичсэн им тамга зүстэй адуунууд байсан байх...” гэх мэдүүлэг,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 6-9-р хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /хх-н 13-14х, 19-20 хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 11-12-р хуудас, хх-н 16-19 хуудас/

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 33-35-р хуудас/,

            - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл,

- Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 23, 25-р хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 58-р хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-62-р хуудас/, зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

         Шүүгдэгч Б.Лхагвабаяр нь 2016 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багийн нутаг дэвсгэрээс иргэн Ч.Баасанжавын хээр зүсний 5 настай үрээ, хээр зүстэй 13 настай адуу /гүү/, нийт 2 тооны адууг шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Ц.Даваажаргалын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...харанхуй болсон хойно Эрдэнэхишиг Б.Лхагвабаяртай яриад Халзан хошууны эх гэх нэртэй газар яваад очиход Лхагвабаяр хоёр морь барьчихсан байсан, тэгээд мотоциклоо гэрт аваачиж тавиад явсан.  ...Б.Лхагвабаяр нь зөв гуяндаа дэгэрээ тамгатай сартай хээр морь /насыг нь мэдэхгүй байна/, Зөв гуяндаа хээр мориноос арай жижиг дэгэрээ тамгатай 10 орчим настай болов уу гэмээр бүдүүн хээр гүү хоёрыг зарсан. Бид хоёр хамт явж Баянөлгий аймагт аваачиж зарсан юм. Хэдэн төгрөгөөр зарсан болохыг би мэдэхгүй байна...”, гэх мэдүүлэг, гэрч А.Хуанханы “...Ц.Даваажаргалтай хамт ирсэн залуу нь хар хээр зүсмийн нас бие гүйцсэн морь, хээр зүсмийн гүү худалдсан. Им тамгыг нь анзаарч хараагүй. Морийг 650.000 төгрөгөөр, гүүг 630.000 төгрөгөөр үнэлж худалдсан. Мөнгийг нь бэлнээр тоолж авсан би тэр залууг танихгүй. Ц.Даваажаргал манай аймагт адуу авч ирж зардаг болохоор сайн танидаг юм...гэх мэдүүлэг, хэрэг учирлын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Лхагвабаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

            Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Лхагвабаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Лхагвабаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Лхагвабаяр нь Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 сарын 22-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар уг ялыг  1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 1100.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь уг хохиролыг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.Баасанжавын шүүхэд ирүүлсэн “Б.Лхагвабаяр нь миний хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул шүүхээр нэхэмжлэх ямар нэгэн санал гомдолгүй болно...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Лхагвабаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан /адуу туусан/ 2011 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хурд” гэсэн бичвэр бүхий LXYPCKL09130365792 арлын дугаартай, ВF061846 хөдөлгүүрийн дугаартай, 150 хөдөлгүүртэй, гэрэл дохиогүй, номер дугааргүй, Б.Лхагвабаярын эзэмшлийн гэх 2017 оны 01 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн улаан өнгийн мотоциклийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжилсэн байгаа Пронтер маркийн, 46-46 ХОА улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг шүүгдэгч Б.Лхагвабаяр гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй, учир нь бусдын 2 тооны адууг хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа буюу хулгайлсан адууг зөөж тээвэрлэхэд хэрэглэсэн, мөн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Даваажаргал нь “...Б.Лхагвабаярын авч явсан адуу хулгайн адуу гэдгийг би мэдээгүй...” гэсэн байх тул уг автомашиныг эзэмшигч Ц.Даваажаргалд буцаан олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Лхагвабаяр нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж,  шүүгдэгч Б.Лхагвабаярын 2 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус заасныг удирдлага болгон 

                                                         ТОГТООХ нь:

              1. Боржигон овогт Баатарын Лхагвабаярыг машин механизм /тээврийн хэрэгсэл/ хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвабаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвабаярт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

          4. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг заасныг баримтлан энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн 2011 онд Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Хурд” гэсэн бичвэр бүхий LXYPCKL09130365792 арлын дугаартай, ВF061846 хөдөлгүүрийн дугаартай, 150 хөдөлгүүртэй, гэрэл дохиогүй, номер дугааргүй, улаан өнгийн мотоциклийг хураан улсын орлого болгосугай.  

          6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Лхагвабаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Пронтер маркийн, 46-46 ХОА улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн, Б.Лхагвабаярын эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, 46-46 ХОА улсын дугаартай ачааны зориулалттай Пронтер маркийн автомашиныг эзэмшигч Ц.Даваажаргалд буцаан олгосугай.

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

         9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Лхагвабаярт батлан даалт өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.