Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2021/00473

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б Прокурорын газар /ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “Х” ХХК /захирал С.З/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 онд эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулж Б аймаг дахь Төрийн аудитын газрын Төрийн сан дахь  ХХХХХХ тоот дансанд төлүүлэх тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч иргэн С.З нь 2016 онд А сумын Засаг даргын 193 дугаар захирамжаар 1500 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар авч 0000000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байна. Анхны үнээс 900000 төгрөгийг төлсөн ба харин үлдэгдэл 6600000 төгрөгийг төлөөгүй өдий хүрчээ. Энэ асуудлаар тус аймаг дахь Төрийн аудитын газраас 2019 онд шалгалт хийж нийт 26 иргэн, ААН-д холбогдох 234182500 төгрөгийн үнийн дүнтэй 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10/100 дугаартай акт тавьсан байна. Уг актад нэр дурдагдсан 26 иргэн, ААН-ээс 14 иргэн, АНН төлбөрөө бүрэн барагдуулсан боловч үлдсэн 12 нь огт төлөөгүй байна. Энэ талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 53 тоот албан бичгийн хавсралтад жагсаалтаар тодорхой дурджээ. Нэгэнт газрыг өөрийн эзэмшилд авсан бол хуулийн дагуу анхны үнийг бүрэн төлөх нь иргэний үүрэг бөгөөд 14 иргэн уг үүргээ биелүүлж 5,6 саяас 41 сая хүртэл өөрт оногдох төгрөгийг төлсөн байх тул үлдсэн 12 иргэн мөн адил өөрт оногдох хэмжээгээр төлж төрийг хохиролгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хүсэлт үндэслэлтэй бөгөөд төр хохирсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн дагуу төлбөрийг аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь ХХХХХ тоот дансанд хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Х ХХК-ийн захирал С.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК нь А сумын 10 дугаар багийн Х хэмээх газраас ойжуулах зориулалтаар талбай авах хүсэлтийг А суманд гаргахад уг газраас ойжуулах талбай өгөх боломжгүй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зориулалтаар талбай өгч болно гээд хүссэн талбайн зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн юм. Прокурорын газрын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Уг талбай А сумын нутаг дэвсгэрийн хамгийн заах аялал жуулчлал бизнес үйл ажиллагаа явуулах боломжгүй газар байна. Харин хот суурийн зах газар учир ойжуулж тодорхой хэмжээгээр байгаль орчныг хамгаалах боломжтой талбай байна. Уг талбайд цахилгааны шугам, хашаа татаж, гүний худаг, хамгаалагчийн байр барьж мод, чацарган, жимс тарьж ойжуулж байна. А сумын захиргаа анх газар олгохдоо газрын төлбөр 900000 төгрөг төлүүлээд олгосон. Уг талбайд 10,0 сая төгрөгийн хөрөнгө гаргаж ойжуулж 5 жил ашигласны дараа 6600000 төгрөг нэмж төл гэсэн шаардлага тавьж байна. Хэрвээ анх 2016 онд газрын төлбөр 7,5 сая төгрөг гэсэн бол уг зориулалтаар талбайг авахгүй байсан. 3асгийн буруугаас нэмж төлбөр төлөх үндэслэл байхгүй. Засгийн буруугаас 10.0 сая төгрөгийн хөрөнгө зарсан 4 жил тарьсан мод жимсийг хамгаалах урсгал зардал жил бүр 500000 төгрөг зарцуулж байна.Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” үндэслэл тогтоогдоогүй байна. Бидний газар ойжуулж гаргасан зардал хохирлыг хэн хариуцах вэ? Ойжуулж ойжуулалтаар ашиглаж байгаа тул нэмж газрын төлбөр төлөх үндэслэл байхгүй байна. Уг талбайд аялал жуулчлал явуулах боломжгүй байгаа ба одоо ойжуулж ойжуулах зориулалтаар ашиглаж байгаа нь нотлогдож байгаа тул зориулалтыг ойжуулах зориулалттай болгож өөрчлөхөөр сумын засагт буцаах хүсэлттэй байна. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Газар ашиглах,эзэмших эрхийн гэрчилгээний үнийг...аргачлалын дагуу тухайн шатны засаг дарга тогтооно” гэж заасан байх тул А сумын засаг даргын дэргэдэх газрын харилцаа,хот байгуулалтын мэргэжилтэн нарын газрын үнэ болгож төлөхийг шаардсан газрын анхны үнэ 900000 /есөн зуун мянган/ төгрөг 2018 онд төлсөн тул дахин төлбөр хураамж төлөх есгүй гэж үзэж байна. Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 10/100 тоот албан шаардлага, Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/339 нэхэмжлэлийг дараах байдлаар зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 36.1, 36.2-д зааснаар болон Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам шинэчлэн баталж тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах” журмын 7 дугаар бүлэгт заасан дуудлага худалдаа явуулах зар мэдээлэл хийгдээгүй, 9 дүгээр бүлэгт зааснаар дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдааны анхны үнэ болон өсгөн хэлэх үнэ тогтоогдоогүй,бүхэлдээ дуудлага худалдаа явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? ”Х” ХХК-д А сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 193 дугаар захирамжаар “дуудлагын худалдаа явуулах журмаар эзэмшүүлсэн” гэвэл “Газар өмчлүүлэх,эзэмшүүлэх,ашиглуулах дуудлага худалдаа явуулах” журмын 15 дугаар бүлгийн 15.1-д зааснаар тухайн маргааныг “дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг” анхлан хянан шийдвэрлэх маргаан учраас шүүх харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй байгааг шүүх анхаарахыг хүсэж байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.4-д зааснаар “Газартай холбоотой эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байх тул газар эзэмшүүлэх журам зөрчсөн талаарх маргаан нь шүүх хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд аймгийн прокурорын газрын “Иргэн С.З-аас 2016 онд эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Б аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын  хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлд заасны дагуу нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З-д холбогдуулан 2016 онд эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулж, Б аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь ХХХХХ тоот дансанд төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Прокурор нь төрийн байгууллага болох Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцсон байна.

Хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З-аас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ газрын анхны үнэ гэж 900.000 төгрөгийг төл гэснээр төлсөн бөгөөд тухайн үед газрын үнэд 7500000 төгрөг төлөхөөр мэдэгдсэн бол уг газрыг миний бие авахгүй байсан. Одоо уг газарт 10 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн тул буцаах боломжгүй мөн уг маргааныг дуудлага худалдаа явуулах ажлын хэсэг анхлан хянан шийдвэрлэх маргаан урчаас шүүх харьяалан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй. Тухайн үед газрын үнийг буруу тооцсон албан тушаалтны буруу болохоос миний буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаарх дүгнэлт

1.1.Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших, ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

Хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн А сумын Засаг даргад жуулчдыг байршуулах бааз байгуулах зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргаснаар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б аймгийн А сумын Засаг даргын нэр бүхий иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх тухай 193 дугаар захирамжаар  А сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс батлагдсан схем зургийн дагуу 1500 м.кв газрыг 00000 регистрийн 000000 улсын бүртгэлийн дугаартай “Х” ХХК-д аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмшүүлсэн газрын холбогдох бичиг баримтыг бүрдүүлж газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг газрын даамал Т.З, Б.А нар даалгажээ.

Хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Б аймгийн А сумын Засаг даргад аялал жуулчлалын зориулалттай газар эзэмших хүсэлт гаргаснаар Б аймгийн А сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаар захирамжаар А сумын 10 дугаар баг, “Х”-д байршилтай, 1500 м.кв газрыг 30 жилийн хугацаатай аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ явуулах зориулалтаар эзэмшүүлэхээр 0000000 дугаартай эрхийн гэрчилгээ олгосон байна.

1.2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заасан байна.

Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж А сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан газрын даамал Б.А болон “Х” ХХК-ийн захирал С-ийн З нар иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000000 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримтаар “Х” ХХК нь  2016 оны 08 сарын 18-ний өдөр газрын анхны үнэ 900000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

1.3.Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч “Х” ХХК-д Б аймгийн А сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ газрын үнийг Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан Газар эзэмших,ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-аар бус хүчингүй болсон Зам тээвэр, барилга,хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 206 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал-аар тооцож 900000 төгрөг төлүүлсэн нь Б аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Р.Б-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10/100 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б-д хүргүүлсэн албан шаардлага болон 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн тайлбараар нотлогдож байна

Энэ нь жич: Б аймгийн А сумын 10 дугаар багт аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэх 1500 м.кв газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Б аймгийн А сум нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м.кв газрын суурь үнэлгээ нь 5000 төгрөг болно.

б/ 1500 м.кв газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

5000 төг/м2 х 1 х 1500 м.кв = 7500000 төгрөг болж байна. Үүнээс хариуцагчийн тухайн үед төлсөн 900000 төгрөгийг хасаж тооцоход 6600000(7500000-90000) төгрөгийг газрын үнээс дутуу төлсөн байжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б аймаг дахь Төрийн аудитын газрын 10/100 дугаартай албан шаардлага болон аудитор Р.Б-ийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч “Х” ХХК нь газрын үнээс 6600000 төгрөг дутуу төлсөн болох тогтоогдож байгаа бөгөөд тэрээр Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Дуудлагын худалдаагаар тогтоогдсон үнэ нь эрхийн гэрчилгээний бодит үнэ байна гэж зааснаар газрын үнээс дутуу төлсөн мөнгийг төлөх үүрэгтэй байна.

1.4.Газрын тухай хуулийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газрын 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Газар эзэмшүүлэх,ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмыг баталсан ба уг журмын 11.2-т Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын алба дуудлага худалдааны ялагчтай Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулна. Гэрээнд 4 төрлийн зүйлийг заавал тусгахаар заасны нэг буюу 11.2.4 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдан авсан үнэ болон газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа-г мөн зүйлийн 11.3-д Дуудлага худалдааны ялагч гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор энэ журмын 11.2-т заасан дуудлага худалдааны үнийг бүрэн төлнө гэж 11.4-д. Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, Чөлөөт бүсийн захирагч газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус зааснаар газрын үнийг төлсний дараа газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргах ёстой байх боловч тухайн үед газрын үнийг буруу тооцож хариуцагчаас газрын үнийг дутуу төлүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тухайн маргаан бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдаж авч эзэмшиж буй хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З-аас нэхэмжлэгч байгууллагаас газрын үнээс дутуу төлсөн мөнгийг нэхэмжилсэн нь  үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдааны анхны үнэ болон өсгөн хэлэх үнэ тогтоогдоогүй,бүхэлдээ дуудлага худалдаа явагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, хариуцагч “Х” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 193 дугаар захирамжаар Б аймгийн А сумын 10 дугаар баг, “Х”-д байршилтай, 1500 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авч, уг газрыг эзэмшиж байгаа нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... уг газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжгүй байсан тул уг газрыг одоо ойжуулж ойжуулах зориулалтаар ашиглаж байгаа учир уг газрыг ойжуулах зориулалтаар ашиглахаар өөрчлүүлэхийг хүсэж байгаа гэсэн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага болон эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнийн дутуу төлөлт 6600000 төгрөгийг гаргуулах маргаанд хамааралгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Х” ХХК-ийн захирал С.З-аас 2016 онд эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнээс дутуу төлсөн 6600000 төгрөгийг гаргуулан Б аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 00000 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 120550 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар “Х” ХХК /захирал С.З/-иас 2016 онд эзэмшиж авсан 1500 м.кв газрын анхны үнээс дутуу төлсөн 6600000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан Б аймаг дахь Төрийн аудитын газрын төрийн сан дахь 00000 тоот дансанд оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК /захирал С.З/-иас 120550 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б