Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/444

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Амарзаяа,   

хохирогч Ч.З, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,

хохирогч Н.Б,    

шүүгдэгч Р.Н, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р-ын Н-д холбогдох эрүүгийн 2405000000224 тоот дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, 19** оны 0* дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, ах нарын хамт Сонгинохайрхан ** дүгээр хороо Зээлийн ** тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо **** тоотод оршин суух, "****" үсчний газарт үсчин ажилтай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 112 дугаар тогтоолоор өршөөгдсөн, Б овогт Р-ын Н, /РД: УШ***********/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Р.Н нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух Ц.Х-н гэрт түүнтэй хамт байсан Ч.З-ыг найз охин уйлууллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, мөргөсний улмаас Ч.З-ын биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дээд уруулд шарх, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Айялофт" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-той үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаас түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хоёр хажуу ханы цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний сулрал эмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хуралдаанд шүүгдэгч Р.Н:  “...Тухайн үед Хгийн байсан байр миний түрээсэлсэн байр байсан. Би х-г үлдээгээд өөр газарт түр хугацаагаар амьдарч байхад хэрэг болсон. Өглөө Х над руу залгаад ийм хэрэг болсон гэж хэлсэн. Цагдаад байцаагдаж байхдаа Х-тэй нэг удаа уулзсан Х надад таа харуулсан. З, Х хоёрын чатласан чатаа харуулахад З янз бүр болох гээд оролдоод байхаар нь цаашаа бол гээд хэлэхэд З багалзуурдсан утсыг нь шалгах гээд байсан гэсэн зүйл хэлж байсан. Тэр үед би мэдүүлэг өгсөн байсан болохоор энэ талаар мөрдөгчид хэлж чадаагүй...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хуралдаанд хохирогч Ч.З: “...Би Х гэдэг охинтой 2024 оны 2 сарын эхэн үеэс харилцаж эхэлсэн. Цагаан сараар хамтдаа хамаатнуудынхаа айлаар орж яваад 2 дугаар сарын 11-ний өдөр найзуудтайгаа уулзаж, хоол идэж, кино үзэж, жаахан уугаад дуудлагын жолооч дуудан Хгийн гэрт очсон. Тэгээд жаахан ууж байгаад муудаад унтаад сэрсэн чинь Х уйлаад үлдсэн байсан, пиво уугаад нэлээн муудсан байсан. Би наадахаа больчих гээд пивыг нь асгасан чинь пиво асгалаа гэж над руу уурласан, одоо болио унтчих гээд татсан чинь Хохирогч -гийн хүзүү нь улайсан. Тэгээд би өөрөө унтаж байгаад гэнэт сэрсэн чинь Н орж ирээд хутга тулган миний нүүр лүү төмрөөр цохисон. Би түрүүлж цохисон зүйл байхгүй. Н орж ирээд шууд хувцсаа тайлан миний биед хутга тулган би чамайг дүрэхэд надад нас байна шүү, ороод гарч ирж чадах зоригтой аавын хүү гэж хэлээд хутгаа далд хийн төмрөөр миний нүүр лүү цохиж миний эрүүний ясыг хугалж, уруул задарч нүүр ам цус болж, ариун цэврийн цаас тавин нүүрний цусаа арчиж байхад амьд үлдмээр байвал эндээс зайл гэж хэлээд гаргасан. Н хутга гаргаагүй гэж мэдүүлсэн байсан хутга гаргасан. Миний биед хутга тулган намайг ална гэж хэлсэн. Маргааш нөгөөдөр нь чи Н-тай холбогдон, шүүх эмнэлэгт үзүүлсэн, хохирлыг барагдуулж өгөөд хамт эмнэлэгт үзүүлэх талаар хэлсэн. Би өөрт байгаа бүх юмаа зарж, тухайн үед бэлэн байсан 4 сая төгрөгөөрөө эмчилгээ хийлгэсэн. Одоо хамраа эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй. ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хамрын таславч мурийлт, хамрын ясны хугарлыг 3,899,000 төгрөгөөр хамрын эмчилгээний зардал гарахаар байгаа. Миний шүдийг хугалсан хувийн эмнэлэгт үзүүлэхэд 1 шүд 4,500,000 төгрөгөөр имплант суулгаж шүд суулгана. Миний уруул задарсан гэмтлийн эмнэлэгт 6 оёдол тавиулсан. Уруулд тавьсан оёдлын сорви ferfect clinic хувийн гоо сайхны эмнэлэгт 3 удаа сорвины лазерт орохоор байгаа. Нэг удаагийн оролтын үнэ 250,000 бөгөөд 3 удаа лазерт ороход 750,000 төгрөг болно...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хуралдаанд хохирогч Н.Б:  “...2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө 02 цаг 30 минутын үед шөнийн цэнгээний газрын гадаа тамхи татаад зогсож байхад Н гэх залуу миний найзыг өдөж хоргоосон гэж миний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж, нэг удаа цохисон. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст очиж гомдол гаргахад Шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд тархины томограф зураг авхуулах, шүдний дэлгэмэл зураг авхуулах шаардлагатай гэж хэлсэн. Баруун дээд шүд хамрын таславч мурийж хугарсан баримтаар 558,850 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүдний эмчилгээ имплант суулгах 2,700,000 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас ажилгүй байсан 7 хоногийн цалин хөлсийг нэхэмжилж байна... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.З-ын өгсөн: “...Би Х гэх эмэгтэйг өмнө нь таньдаг байсан бөгөөд сүүлийн 10 гаран хоног фейсбүүкээр харьцаад бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гадуур хоол хамт идээд кино үзээд Х-ийн гэрт нь хамт очоод байж байхад Х-ийн өмнө нь үерхдэг байсан гэх Н гэдэг залуу гаднаас хаалга тогшсон. Би хариуд нь хэн бэ гэхэд тухайн залууд Х нь хаалга тайлж өгсөн. Гаднаас 190 см орчим өндөртэй 20-25 орчим насны бор царайтай өндөр залуу орж ирээд хувцсаа тайлсан. Тэгээд намайг "чи хэн юм, Хгийн юу нь юм" гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд тухайн залуу өмднийхөө халааснаас жижиг тонгорог шиг хутга гаргаж ирээд намайг ална шүү гэд дайрч байгаад хутгаа ахиад цааш нь халаасандаа хийгээд, гараараа миний зүүн нүдэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд толгойгоороо намайг мөргөсөн. Тухайн үед миний уруул сэтэрч ангайгаад цус их хэмжээгээр гарсан. Х нь тухайн залууг надаас салгаад холдуулахаар нь би хувцсаа өмсөөд гараад явсан. Х нь намайг тухайн залуугаас салгасан, тухайн намайг зодож байхыг Х харсан. Миний зүүн нүд хавдаж, хөхөрсөн, юм харахад хэцүү байна. Толгой маш ихээр өвдөж байна. Би маш их гомдолтой байна. Миний эрүү хугарч эмнэлэгт хэвтэн баримтууд болон бусад баримтууд нийлээд 4.149.450 төгрөгийг өөрөөсөө гаргасан байна. Одоо хамрын хагалгаанд орох ёстой. ЭМЖЖ чих хамар хоолойны эмнэлэгт үзүүлэхэд 3.899.400 төгрөг болно гэсэн, араа шүд унасан тул шүдний эмплант суулгаж бүрээс тавиулна шүдний эмнэлэгт үзүүлэхэд 4,500,000 төгрөг болох сорвины лазер зуруулаа хэлсэн. Эрүүний хагалгаанд орж уруулаа задруулж оёдол тавиулсан тул сорвины лазер эмчилгээнд 2-3 удаа орно. Эмчилгээний мөнгө нь 750.000 төгрөг болно гэсэн. Иймд цаашид эмчлүүлэх эмчилгээний бүх мөнгөө Наас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Айлофт шөнийн цэнгээний газраар найз Б-ы хамтаар үйлчлүүлсэн. Шөнийн 02 цаг 30 минутын үед би найзтайгаа гадаа тамхи татаж байх үед тухайн газраар үйлчлүүлж байсан нэг залуу дотроос гарч ирээд та хоёр манай найзыг өдлөө, та нар хэн юм гэж ирээд маргаан эхлүүлсэн бөгөөд улмаар бидний биед халдаж зодсон. Миний хамар мурийсан, баруун нүд хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Х-гийн: “...Би Н-тай үерхээд 3 жил гаруй болж байна. 2024 оны 01 сарын сүүлээр Н бид 2 салсан. Тэгээд 2024 оны 02 сарын эхээр З-тай фейсбүүкээр найз болоод хоорондоо чатлаж, харьцаж эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр З бид 2 манай найзтай уулзах гээд Сансарт 21 цаг өнгөрч байхад очоод машин дотроо лаазтай касс пивоноос ууцгаасан. Шөнийн 01 цагийн үед бид 2 дуудлагын жолооч дуудаад гэр рүү харьсан. Гэрт орж ирээд бид хоёр шөнөжин пиво уугаад байж байхад З миний утсыг булааж аваад утас шалгаад байхаар нь би уурлаж хоорондоо маргалдсан. Тухайн үед би саарал өнгийн уяатай ноосон цамцтай сууж байхад миний цамцны уяанаас татаад хоолой улайлгачихсан юм. Тэгээд үүр цайж байхад З унтаад би уйлаад үлдсэн. Удалгүй Н руу залгаад нэг залуутай танилцсан юм, манайхаас явдаггүй чи ирээд явуулаад өгөөч гэж хэлэхэд Н "за за" гэж хэлсэн. Өглөө 07 цаг өнгөрч байхад Н гэрийн гадаа ирсэн. Н ирээд хаалга тогшиход З дурангаар харчхаад хаалга нээж өгөхгүй, би паарны хажууд уйлаад суусан. З хаалга онгойлгоход Н гэрт орж ирээд намайг уйлсныг хараад "яасан юм" гэхэд З "чи салсан юм бол салсан шигээ байхгүй, яах гэж ирж байгаа юм" гэж хэлэхэд Н З руу "чи хэн юм" гэхэд З өөрийгөө миний найз залуу байна гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад З Ны нүүр рүү 1-2 удаа цохиход тэр хоёр хоорондоо зодолдоод унасан. Би дундуур нь орж боль гээд салгахад З нойлын өрөө орчхоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2704 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. Ч.З-ын биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нудний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дээд уруулд шарх, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдийг хэдэн үүсгэснийг шинжээч эмч тогтоохгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь унаснаас үүсэхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  16-17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1512 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. Н.Б-ын биед хамар ясны хоёр хажуу хана цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1, 2,-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

        - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Р.Н нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 13 тоотод оршин суух Ц.Х-гийн гэрт түүнтэй хамт байсан Ч.З-ыг найз охин уйлууллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, мөргөсний улмаас Ч.З-ын биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дээд уруулд шарх, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Айялофт" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-той үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаас түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хоёр хажуу ханы цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний сулрал эмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруутай гэдэгтээ маргахгүй байгаа. Хохирогч Ч.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Н.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Хохирогч З-ын сэтгэцэд учирсан хохирол сэтгэц эмгэгийн 3 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тухай асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан. Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2.1-2.5-т заасан гэмт хэргээс бусад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг шүүх шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно гэж заасан. Гэтэл тус тушаалын 6 дугаар хавсралтын маягтыг хүлээн зөвшөөрсөн хэлбэрээр гарын үсэг зуруулсан байгаа нь хууль зөрчиж байгааг хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байна...” гэх санал,  

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч З-ын зүгээс 4,173,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж баримтаа гаргаж өгсөн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг улсын яллагч 9,900,000 төгрөг гаргуулах санал гаргаж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх мөнгөн хэмжээг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна. Хутга гаргаж ирэн амь насанд халдана гэж маш хэрцгийгээр хатуу зүйлээр цохисон. Иймээс миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг улсын яллагчийн тогтоосноос илүү хэмжээгээр тогтоож өгнө үү. Шүүгдэгч Р.Н нь өмнө нь З-ыг зодох үед Х салгасан нийгэмд маш аюултай этгээд байна гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт, санал тус тус гаргав.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Р.Н нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 13 тоотод оршин суух Ц.Х-гийн гэрт түүнтэй хамт байсан Ч.З-ыг найз охин уйлууллаа гэх шалтгаанаар нүүрэн тус газарт цохиж, мөргөсний улмаас Ч.З-ын биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дээд уруулд шарх, хүзүү, баруун тохойд зулгаралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

2024 оны 01 дүгээр сарын 11-ний шөнийн 02 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Айялофт" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа иргэн Н.Б-той үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаас түүний толгойн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хоёр хажуу ханы цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1, 2-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний сулрал эмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.З-ын өгсөн: “...Би Х гэх эмэгтэйг өмнө нь таньдаг байсан бөгөөд сүүлийн 10 гаран хоног фейсбүүкээр харьцаад бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гадуур хоол хамт идээд кино үзээд Х-гийн гэрт нь хамт очоод байж байхад Х-гийн өмнө нь үерхдэг байсан гэх Н гэдэг залуу гаднаас хаалга тогшсон. Би хариуд нь хэн бэ гэхэд тухайн залууд Х нь хаалга тайлж өгсөн. Гаднаас 190 см орчим өндөртэй 20-25 орчим насны бор царайтай өндөр залуу орж ирээд хувцсаа тайлсан. Тэгээд намайг "чи хэн юм, Х-гийн юу нь юм" гэх зэргээр хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд тухайн залуу өмднийхөө халааснаас жижиг тонгорог шиг хутга гаргаж ирээд намайг ална шүү гэд дайрч байгаад хутгаа ахиад цааш нь халаасандаа хийгээд, гараараа миний зүүн нүдэн тус газарт 2-3 удаа цохисон. Тэгээд толгойгоороо намайг мөргөсөн. Тухайн үед миний уруул сэтэрч ангайгаад цус их хэмжээгээр гарсан. Х нь тухайн залууг надаас салгаад холдуулахаар нь би хувцсаа өмсөөд гараад явсан. Х нь намайг тухайн залуугаас салгасан, тухайн намайг зодож байхыг Х харсан. Миний зүүн нүд хавдаж, хөхөрсөн, юм харахад хэцүү байна. Толгой маш ихээр өвдөж байна. Би маш их гомдолтой байна. Миний эрүү хугарч эмнэлэгт хэвтэн баримтууд болон бусад баримтууд нийлээд 4.149.450 төгрөгийг өөрөөсөө гаргасан байна. Одоо хамрын хагалгаанд орох ёстой. ЭМЖЖ чих хамар хоолойны эмнэлэгт үзүүлэхэд 3.899.400 төгрөг болно гэсэн, араа шүд унасан тул шүдний эмплант суулгаж бүрээс тавиулна шүдний эмнэлэгт үзүүлэхэд 4,500,000 төгрөг болох сорвины лазер зуруулаа хэлсэн. Эрүүний хагалгаанд орж уруулаа задруулж оёдол тавиулсан тул сорвины лазер эмчилгээнд 2-3 удаа орно. Эмчилгээний мөнгө нь 750.000 төгрөг болно гэсэн. Иймд цаашид эмчлүүлэх эмчилгээний бүх мөнгөө Н-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Н.Бын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Айлофт шөнийн цэнгээний газраар найз Бямбасайханы хамтаар үйлчлүүлсэн. Шөнийн 02 цаг 30 минутын үед би найзтайгаа гадаа тамхи татаж байх үед тухайн газраар үйлчлүүлж байсан нэг залуу дотроос гарч ирээд та хоёр манай найзыг өдлөө, та нар хэн юм гэж ирээд маргаан эхлүүлсэн бөгөөд улмаар бидний биед халдаж зодсон. Миний хамар мурийсан, баруун нүд хавдаж хөхөрсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.Хгийн: “...Би Нтай үерхээд 3 жил гаруй болж байна. 2024 оны 01 сарын сүүлээр Н бид 2 салсан. Тэгээд 2024 оны 02 сарын эхээр Зтай фейсбүүкээр найз болоод хоорондоо чатлаж, харьцаж эхэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр З бид 2 манай найзтай уулзах гээд Сансарт 21 цаг өнгөрч байхад очоод машин дотроо лаазтай касс пивоноос ууцгаасан. Шөнийн 01 цагийн үед бид 2 дуудлагын жолооч дуудаад гэр рүү харьсан. Гэрт орж ирээд бид хоёр шөнөжин пиво уугаад байж байхад З миний утсыг булааж аваад утас шалгаад байхаар нь би уурлаж хоорондоо маргалдсан. Тухайн үед би саарал өнгийн уяатай ноосон цамцтай сууж байхад миний цамцны уяанаас татаад хоолой улайлгачихсан юм. Тэгээд үүр цайж байхад З унтаад би уйлаад үлдсэн. Удалгүй Н руу залгаад нэг залуутай танилцсан юм, манайхаас явдаггүй чи ирээд явуулаад өгөөч гэж хэлэхэд Н "за за" гэж хэлсэн. Өглөө 07 цаг өнгөрч байхад Н гэрийн гадаа ирсэн. Н ирээд хаалга тогшиход З дурангаар харчхаад хаалга нээж өгөхгүй, би паарны хажууд уйлаад суусан. З хаалга онгойлгоход Н гэрт орж ирээд намайг уйлсныг хараад "яасан юм" гэхэд З "чи салсан юм бол салсан шигээ байхгүй, яах гэж ирж байгаа юм" гэж хэлэхэд Н З руу "чи хэн юм" гэхэд З өөрийгөө миний найз залуу байна гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад З Ны нүүр рүү 1-2 удаа цохиход тэр хоёр хоорондоо зодолдоод унасан. Би дундуур нь орж боль гээд салгахад З нойлын өрөө орчхоод гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

 

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболор 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2704 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. Ч.Зын биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дээд уруулд шарх, хүзүү, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүдийг хэдэн үүсгэснийг шинжээч эмч тогтоохгүй. 5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтлүүд нь унаснаас үүсэхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  16-17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1512 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1. Н.Б-ын биед хамар ясны хоёр хажуу хана цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2-р шүд, зүүн дээд 1, 2,-р шүд, зүүн доод 1, 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дугаар хуудас/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, субьектив санаатай түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, субьектив санаатай түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай тус тус учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

          Хохирлын талаар  

            Гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогч Ч.З баримтаар 3,712,663 төгрөг, хохирогч Н.Б баримтаар 309,436 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Р.Н хохирогч Ч.Зд 200,000 төгрөгийг барагдуулсан байх тул хасаж, хохирогч Ч.Зд 3,512,663 төгрөг, хохирогч Н.Бод 309,436 төгрөгийг төлөх төлбөртэй гэж дүгнэлээ.

 

            Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт буюу “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу хохирогч Н.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрснийг шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,550,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.  Шүүгдэгч Р.Н-г гэм буруутайд тооцогдсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч завсарлага авч хохирогч Ч.З-д хоёр сая төгрөг, хохирогч Н.Бод нэг сая төгрөг төлсөн байх тул хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Н-ыг  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,300,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нарантуяа: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын хамгийн багаар торгож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү...” гэх санал,

 

            Хохирогч Ч.З-ын өмгөөлөгч Б.Шихихутаг: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна тусгайлан гаргах саналгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

       1. Шүүгдэгч Б овогт Р-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

      2. Шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 /дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 4,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 төгрөгийн ялаар тогтоосугай.  

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Р.Н-д оногдуулсан 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

          6. Шүүгдэгч Р.Н-аас 1,512,663 төгрөг гаргуулж хохирогч Ч.З-д, 3,859,430 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-од тус тус олгосугай.

 

      7. Хохирогч Ч.З, Н.Б нар гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.МӨНХ-ЭРДЭНЭ