Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2021/00602

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.К даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 3 дугаар багт оршин суух, И овогт М-ийн Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн У сумын Засаг дарга /К.Б/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Х нь У сумын 3 дугаар багт хавиараа мал аж ахуй эрхэлдэг. 2020 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд манай нутагт байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй цасан шуурга шуурч манай багийн зусланд байсан олон айлын мал осгож үхсэн юм. Тэр үед /Н/ хэмээх газар зусаж байсан манай малаас 120 ямаа /нас гүйцсэн эм ямаа 80, нас гүйцсэн эр ямаа 40/ нийт 120 толгой мал хорогдож нийтдээ 14800000 /арван дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хохирол учирсан. Үүнийг тухайн үед Б аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах Улсын Хяналтын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 001 тоот  актаар тогтоосон юм. Улсын  байцаагчийн гаргасан актын дагуу М.Х надад 1000000 төгрөгийг нөхөн төлбөр олохоор тухайн шийдвэр гаргасан Засаг дарга К.Б  нь “би уг мөнгийг өгч чадахгүй, захирамж шийдвэр гаргасан Засаг даргаас аваарай, би мэдэхгүй” гэж хэлсэн ба гаргаж өгөхөөс татгалзаад байна. Мөн Засаг даргын захирамжийн хуулбарыг бас гаргаж өгөхгүй байна.  Иймд Б аймгийн У сумын Засаг дарга К.Б нөхөн төлбөрийн мөнгө болох 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2020 оны 7 дугаар сард тохиолдсон байгалийн гамшгийн улмаас М.Х-ын олон тооны мал хорогдсон хохирол учирсан. Ийм учраас М.Х-ын гаргасан хүсэлтийн дагуу тухайн үеийн У сумын Засаг дарга Онцгой байдлын газрын дүгнэлтийг үндэслээд захирамж гаргаж  нөхөн олговорт 1000000 төгрөг шийдэж өгсөн. Энэхүү нөхөн олговрын 1000000 төгрөгийг У сумын Засаг даргаас олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл олгоогүй юм. Иймд шүүхээс байгалийн гамшгийн улмаас М.Х-ын олон тооны мал хорогдож түүнд учирсан хохирлын нөхөн олговрын 1000000 төгрөгийг У сумын Засаг дарга К.Б-аас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч У сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжлэлдээ танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Сумын 3 дугаар багийн иргэн М.Х-д нөөц хөрөнгөөс зардал хуваарилсан боловч тухайн үед санхүүжилт байсан ч иргэн М.Х-д олгоогүй бусад сургуулийн нэрэмжит кабинет болон засварт нь зарцуулсан. Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой сумын Засаг даргын Тамгын газрын санхүүжилтийг тансан, ямар ч санхүүгийн боломжгүй учраас иргэн М.Х нэхэмжилсэн мөнгийг олгох боломжгүй болно. 2020 оны Гамшгийн санд 46 сая төгрөг үлдсэн боловч Сангийн яамнаас эрхийг нээж өгөхгүй байна. Хэрвээ уг санхүүжилт орж ирвэл олгох боломжтой ба бусад ямар ч боломжгүй болно. Мөн тухайн үед архив,бичиг хэргийн эрхлэгч Д.А-ын буруугаас болж иргэн М.Х очиж захирамж асуухад архивд байхгүй гэж өгөөгүй нь улмаас Засаг дарга миний бие захирамж гараагүй байна гэж ойлгосон байсан гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Б аймгийн У сумын Засаг дарга К.Б-аас 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч У сумын Засаг дарга К.Б нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа ... М.Х-ын мал нь 2020 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт үзэгдэл цаасан шуурганд өртөгдөж хорогдсон боловч тухайн үеийн Засаг даргын ажлыг хийж байсан О.Н нь М.Х-д хорогдсон малд нөхөн төлбөрийн мөнгө 1,000,000 төгрөг олгох шийдвэр захирамж гаргаагүй байна. Иймд иргэн М.Х-д нөхөн төлбөр олгох захирамж нөхөн гаргах боломжгүй болохыг үүргээр уламжилж байна гэж, мөн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбартаа 1. Сумын 3 дугаар багийн иргэн М.Х-д нөөц хөрөнгөөс зардал хуваарилсан боловч тухайн үед санхүүжилт байсан ч иргэн М.Х-д олгоогүй бусад сургуулийн нэрэмжит кабинет болон засварт нь зарцуулсан. 2.Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой сумын ЗДТГ-ын санхүүжилтийг тансан, ямар ч санхүүгийн боломжгүй учраас иргэн М.Х-д нэхэмжилсэн мөнгийг олгох боломжгүй болно. 3. 2020 оны Гамшгийн санд 46 сая төгрөг үлдсэн боловч Сангийн яамнаас эрхийг нээж өгөхгүй байна. Хэрвээ уг санхүүжилт орж ирвэл олгох боломжтой ба бусад ямар ч боломжгүй болно. Мөн тухайн үед архив, бичиг хэргийн эрхлэгч Д.А-ын буруугаас болж иргэн М.Х очиж захирамж асуухад архивд байхгүй гэж өгөөгүйн улмаас Засаг дарга миний бие шүүхэд буруу тайлбар өгсөн болно гэж нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа У сумын Засаг даргын Тамгын Газрын архив бичиг хэргийн эрхлэгч, тайлбар бичсэн Д.А гэсэн бичмэл нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн байх ба энэхүү тайлбарт  У сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч Д.А би энэ ажлыг шинээр хүлээн авсан тул тухайн үед М.Х-д холбоотой гарсан захирамжийг олж чадаагүй байсан. Дараа нь нягтлан шалгасны үндсэн дээр уг захирамжийг олсон. Манай Засаг даргын Тамгын газрын архивд байгаа нь үнэн болно гэжээ.    

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй болно. 

Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Онцгой байдлын газар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 001 дугаартай “М.Х нарын 15 иргэний мал цасан шуурганд өртсөн тухай” акт гарсан байх ба энэхүү актад мал хорогдсон шалтгаан нь 2020 оны 06 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд болсон болзошгүй аюулт үзэгдэл буюу хүчтэй  шуурганы улмаас У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ш”, “Х”, “Н” гэх газарт зусаж байсан М.Х нарын 15 өрхийн нийт 443 /үхэр 4, хонь-50, ямаа-389/ толгой мал осгож үхсэн байна, иргэдэд учирсан хохирлын талаар У сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр У сумын 3 дугаар багийн иргэн М.Х-ын ямаа-120 /нас гүйцсэн эм ямаа-80, нас гүйцсэн эр ямаа-40/ нийт 120 толгой мал буюу 14,800,000/ арван дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг, ... У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Ш”, “Х”, “Н” гэх газарт зусаж байсан М.Х нарын 15 өрхийн нийт 443 /үхэр -4, хонь -50, ямаа -389/ толгой мал хүчтэй цасан шуурганаар осгож үхсэн болохыг тогтоов гэжээ.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг, 4.1.2-т “ аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг, 4.1.12-т “нэрвэгдэгсэд” гэж гамшиг, аюулын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэдийг  тус тус ойлгоно гэжээ.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байх ба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6-т нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах гэжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар У сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нь өөрийнхөө хуулбарлаж авсан Усумын Засаг даргын захирамжийг хавтаст хэрэгт гарган өгч , уг захирамжийг гаргаж байсан О.Н-ыг гэрчээр асуулах тухай гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, У сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн А/117 дугаартай захирамж гарч байсан талаар тодруулахын тул тухайн үед энэхүү захирамжийг гаргаж байсан О.Н-ыг гэрчээр асуухад ... М.Х-д сая төгрөг олгох талаар захирамж гаргаж байсан, М.Х-ын 100 хэдэн мал нь хоригдсон болохоор Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулах тухай захирамж гаргаж байсан. Сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс олгохоор гаргасан гэх гэрчээр өгсөн мэдүүлгээр маргаан бүхий эрхийн актыг гаргаж байсан нь мөн энэхүү эрхийн актаар нэхэмжлэгч М.Х-д 1,000,000 /нэг сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж байсан нь нотлогдож байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  хуулбарлан гаргаж өгсөн Б аймаг У сумын Засаг Даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн А/117 дугаартай “Нөөц хөрөнгө зарцуулах тухай” захирамжид 1.Сумын 3 дугаар багт хүчтэй цасан шуурганы улмаас 120 толгой мал нь хорогдсон М.Х-д 1,000,000 /нэг сая/ ...  төгрөгийг гарган зарцуулсугай, 2.Дээрх үйл ажиллагаанд зарцуулагдсан 3,848,000 төгрөгийг нөөц хөрөнгөнөөс гарган зарцуулахыг Засаг Даргын Тамгын газрын дарга /А.Х/, ня-бо /Б.А/ нарт  зөвшөөрсүгэй гэжээ. 

Хариуцагч У сумын Засаг дарга К.Б нь ... Ковид-19 халдварт өвчинтэй холбоотой сумын ЗДТГ-ын санхүүжилтийг тансан, ямар ч санхүүгийн боломжгүй учраас иргэн М.Х-д нэхэмжилсэн мөнгийг олгох боломжгүй болно. 2020 оны Гамшгийн санд 46 сая төгрөг үлдсэн боловч Сангийн яамнаас эрхийг нээж өгөхгүй байна. Хэрвээ уг санхүүжилт орж ирвэл олгох боломжтой ба бусад ямар ч боломжгүй болно гэж тайлбарлаж байгаа боловч ямар учраас олгохгүй байгаа шалтгаан нөхцөлийн талаарх үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн үед У сумын Засаг даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан О.Н-ны гэрчээр өгсөн мэдүүлгээр болон захирамжид У сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1,000,000 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч М.Х-ын нэхэмжилж байгаа 1,000,000 /нэг сая/ төгрөгийг У сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.6-д заасныг баримтлан У сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У сумын 3 дугаар багийн иргэн М.Х-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймаг У сумын Засаг даргаас 28550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б