| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 157/2023/00158/И |
| Дугаар | 001/хт2024/00085 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 001/хт2024/00085
Б.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2023/00247 дугаар шийдвэртэй,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 226/МА2024/00004 дүгээр магадлалтай,
“М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдох
“М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ч нь “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2023/00247 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугааp зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тгийн хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023.01.06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Б.Ч-ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 226/МА2024/00004 дүгээр магадлалаар: Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 157/ШШ2023/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.11.28-ны өдрийн 226/МА2023/00018 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.Бийн орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч “М” ТӨҮГ-ын Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023.10.12-ны өдрийн 157/ШШ2023/00203 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж миний гомдлын дагуу давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр хуулийн этгээдийн эрхтэй эсэх, тус үйлдвэрийн захирал Б.М нь “М” ТӨҮГ-ыг төлөөлөх эрхтэй эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Н.Б-ийн орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт ... Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно,” Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” заалтыг үндэслэн Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр тухайлсан нэрээр хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичгийг үндэслэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй, бүртгэлийн байгууллагаас олгосон регистрийн дугаар, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээгүй... зэрэг үйл баримтыг үндэслэн тайлбар, нотлох баримтыг өгч, давж заалдах гомдол гаргаж мэтгэлцсэн боловч хэргийг хянахдаа огт харгалзан үзээгүй. Иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд хариуцагчаар татагдсан этгээд тухайн шаардлагыг хариуцах этгээд биш болох нь тогтоогдвол нэхэмжлэгч тухайн хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэхгүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Тухайн хэрэгт хариуцагчийн төлөөлөгч миний бие Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг 2024.01.18-ны өдрийн 001/ШХТ2024/00111 тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Гэтэл Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Ч-ийн “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023.01.06-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баргилт ил уурхай хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ”, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.”, “М” ТӨҮГ-ын дүрмийн 1.5-д “Үйлдвэрийн газрын байршил нь түүний удирдлагын байрлаж буй улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлогдоно. Үйлдвэрийн газрын оршин байгаа газар нь: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, “М” төрийн өмчит үйлдвэрийн газрын байр.”, 6.1-д “Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдана.” заалтыг үндэслэн “М” ТӨҮГ-ын харьяа нэгж буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, иргэний эрх зүйн чадваргүй Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан... тухай тайлбар, нотлох баримтад дүгнэлт өгч, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Хэдийгээр хуулийн этгээдийн эрхгүй этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох иргэний эрх зүйн чадваргүй боловч иргэний эрх зүйн харилцааны оролцогч мөн болохын хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, хэргийн оролцогчоор оролцож хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг. Хөдөлмөрийн болон иргэний эрх зүйн хоёр хэрэгт хариуцагчаар татагдсан “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тухайн хэргүүдэд ... хариуцагч хуулийн этгээдийн эрхтэй эсэх, иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох чадвартай эсэх ... ижил үндэслэлээр тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж мэтгэлцсэн. Давж заалдах шатны шүүх хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, хуулийн этгээдийн эрхтэй эсэх тухайд дээрх хоёр хэрэгт зөрүүтэй байдлаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрэгт хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, төлөөлөл ба итгэмжлэлийн талаар дүгнэлт өгөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэгт хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, төлөөлөл ба итгэмжлэлийн талаар ... “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг хуулийн этгээдийн эрхтэй эсэх, хэрэв эрхгүй бол үйлдвэрийн захирал Б.М нь “М” ТӨҮГ-ыг ямар хэмжээнд төлөөлөх эрхтэй буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох чадамжтай эсэх түүнчлэн шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар гүйцэд тодруулаагүй... үндэслэлээр дүгнэлт өгсөн. Тодруулбал цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Н.Б-ийн орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2023.11.28-ны өдөр давж заалдах журмаар хянахдаа хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, төлөөлөл ба итгэмжлэл, хариуцагч хэн байх талаар гаргасан хариуцагчийн татгалзалаа нотолсон тайлбар, нотлох баримтад огт дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба нэхэмжлэгч Б.Ч-ийн 2023.01.06-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баргилт ил уурхай хэсгийн экскаваторын операторчоор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийг 2024.02.02-ны өдөр давж заалдах журмаар хянахдаа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг хуулийн этгээдийн эрхтэй эсэх, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.М нь “М” ТӨҮГ-ын төлөөлөх эрхтэй эсэх түүнчлэн шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар дүгнэлт өгч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, хуулийн хэрэглээ нэгдмэл байх үзэл баримтлалыг гажуудуулсан гэж үзэхэд хүргэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангах хуульд заасан арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хариуцагчид ашиггүй тохиолдолд тухайн эрхээ хэрэгжүүлдэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хариуцагчид ашигтай тохиолдолд эрхээ хэрэгжүүлдэггүй гэж үзэх итгэл үнэмшлийг төрүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахад хүргэж байна.
Иймд хуулийн хэрэглээг нэг мөр бус байдлаар илтэд зөрүүтэй хэрэглэж байгааг залруулж Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 226/МА2024/00004 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023.12.01-ний өдрийн 157/ШШ2023/00247 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.11-ний өдрийн 001/ШХТ2024/00438 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай” хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.Ч нь “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...МШӨЭХМСК-ын 2023.01.05-ны өдрийн хурлаар орж, уг комиссын мөн өдрийн 0575240 дугаартай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан хэмээн тогтоогдсон тул 2023.01.06-ны өдөр захиргаанд МШӨЭХМСК-ын 0575240 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон актыг хөдөлмөрийн нөхцөл сольсон актын хамт хүлээлгэн өгөхөөр Баргилт цехийн дарга н.Г, тус цехийн эдийн засагч н.У нартай уулзахад “өргөдлөө бичиж өг” гэхэд нь ...Баргилт цехийн норм зохиогч н.М-ийг гуйж өргөдөл бичүүлсэн, би хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан ч цалингийн зээлийн үлдэгдэл ихтэй, эм тарианы мөнгө шаардлагатай зэрэг шалтгаанаар өөрийн эрүүл мэндэд харшлахгүй ажил хийх хүсэлтэй, мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т “...ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна.” гэсэн заалтыг зөрчиж, уг заалтад тусгагдсан ажиллагааг хийхгүйгээр ... өөрийн хүсэл сонирхлыг тулгаж өргөдөл бичүүлсэн, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэж тушаал гаргасан нь үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.
8. Хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...тус үйлдвэрийн захирлын хэрэглэдэг тамга, санхүү, бүртгэлийн хэлтсийн тэмдэгт “М” ТӨҮГ-ын 2550466 дугаартай регистр бичигддэг нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр иргэний эрх зүйн харилцаанд тухайлан оролцох эрх зүйн чадваргүй, хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд “М” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж гэдгийг нотолж байгаа үйл баримт юм, ... Б.Ч-той биечлэн уулзаж ажлын санал тавьсан нь хүлээж аваагүй тул түүний хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. ...Нэхэмжлэгч Б.Ч-ийн иргэний эрх зүйн чадамжийг шүүхийн шийдвэрээр хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн утга агуулга, цаашид гарах үр дагаврыг ойлгож байсан гэж үзнэ. Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтэд Б.Ч өөрийн гарын үсгээ зурсан үйлдлээр хүсэл зоригийн илэрхийллээ зөвшөөрсөн үйл баримт нотлогдсон...” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугааp зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг хэрэглэж, нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг хуулийн этгээдийн эрхтэй эсэх, хэрэв эрхгүй бол үйлдвэрийн захирал Б.М нь “М” ТӨҮГ-ыг ямар хэмжээнд төлөөлөх эрхтэй буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох чадамжтай эсэх, түүнчлэн шүүхэд төлөөлөх эрхтэй эсэх талаар гүйцэт тодруулаагүй, ... шүүх хуульд заасан арга хэмжээг авах, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хангах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ...” гэсэн үндэслэлийг заажээ.
10. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлийн хүрээнд хянаж үзэх нь зүйтэй гэж танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь шийдлийн хувьд зөв боловч зарим дүгнэлтийг хяналтын шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэв.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргахдаа ажил олгогч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийг хариуцагч гэж заасныг буруутгах үндэслэлгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллага түүний салбар, төлөөлөгчийн газрыг ажил олгогч байж болохоор заасан бөгөөд “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023.01.16-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул энд “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь ажил олгогч мөн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь өөрийн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг хариуцна.
12. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байж болох ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ба энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд маргаанд хамаарах Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхэд дурдсан нотлох баримтуудад заасан хэм хэмжээг харгалзаж, уялдуулан хэрэглэх зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.
Улмаар хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд маргааны үйл баримтад хамаарах нөхцөл байдлыг талууд харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд хэрхэн зохицуулсан нь ач холбогдолтой байхаас гадна энэ талаар зохигчийг мэтгэлцүүлснээр шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
13. Иймээс энэ үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
14. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.09.15-ны өдрийн 001/ШХТ2023/00922 дугаартай тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа харьяалал зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж үзэн, энэхүү хэргийг мөн шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 226/МА2024/00004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 2024.03.04-ний өдөр төлсөн 383,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА