Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар    109/ШШ2021/0014            

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

            Нэхэмжлэлийн шаардлага: “Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д-ын О нь 1965 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Одоо 56 настай. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1063 тоот шийдвэрээр 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Энэ шийдвэрийг үндэслэн өндөр настны тэтгэвэр тогтоолгоод тэтгэврээ авч байтал, 2020 оны 12 дугаар сарын тэтгэвэр ороогүй байсан ба дараа сард нь орох байх гэж бодож байтал 1,2 дугаар сарын тэтгэврийг оруулаагүй байна. Яагаад тэтгэвэр орохгүй байгаа талаар уулзахад намайг 1981 онд сурч байсан байна гэж үзээд тэтгэврийг чинь зогсоолоо гэж амаар хэлсэн. Надад ямар нэгэн баримт эрхийн акт өгөөгүй. Би 4 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд өгч шүүх түүнийг үнэлээд шүүхийн шийдвэр ч гарсан, шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байхад 1981 онд ажиллаж байсан нотлох баримт олж ир гэж тэтгэвэр зогсоогоод байгаа нь эс үйлдэхүй буюу хууль бус байна. Иймд Д.О миний өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогт Д-ын О-н тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллагаас 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж зогсоосон тул тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Д.О нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явцыг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон. 2018 оны 1063 тоот шүүхийн шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Энэ шүүхийн шийдвэрээр Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад Нийгмийн даатгалын байгууллага нь 2013 онд өргөдөл бичихдээ 1985 оноос эхэлж Архангай аймгийн Ихтамир суманд ажилласан байсан гэдгийг өргөдөлдөө бичсэн байна гэдгээр шалтаглаж тэтгэврийг зогсоосон байгаа. Тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бичгээр шүүхийн шийдвэр гаргуулсан гэдэг. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзэж байна гэж ойлгож байна. Өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага, Захиргааны хэргийн анхан шатны шүүх биш зохигчид өөрсдөө хүсвэл давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ гаргаж шүүхийн шийдвэрийг хянуулдаг. Нөгөө талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь заавал биелэгдэх эрхийн акт юм. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага нь иргэдийг чирэгдүүлж нотлох баримтыг гаргуулахыг шаардаж тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус юм. Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага, төрийн байгууллагын үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчмыг мөрдөнө. Гэтэл тухайн байгууллага нь үндсэн хуулийн зарчмыг биелүүлэхгүй, хэрэгжүүлэхгүй байна. Үүний цаана Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх зөрчигдөж байна. Нийгмийн даатгалын байгууллагын тэтгэврийг зогсоосон хуулийн зүйл заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримталдаг. Энэ хуулийн 27 дугаар зүйл нь  хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно гэсэн зүйл заалтыг баримталдаг. Гэтэл хуурамч баримт бичиг гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Өмнө нь тэтгэвэрт ороход бүх баримтыг бичгийг үзэж, хянаж тогтоосон хэрнээ тэтгэврийг зогсоогоод байгаа нь буруу гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтад дахин нотлох нөхцөл байхгүй. Яагаад дахин тогтоож, нотлох зүйл байхгүй гэж тайлбарлаж байна вэ гэхээр Нийгмийн даатгалын байгууллагын тавьсан шаардлага нь бүхэлдээ буруу байгаа юм. Шүүхийн шийдвэрээр 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хотонд суманд ажиллаж байсан байдлыг тогтоосон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.О-г 1981-1989 онд ажиллаж байсан байдлыг тогтоосон байхад 1985 оны материалыг нэмж шаардаад байгаа нь буруу юм. Нийгмийн даатгалын байгууллага нь энэ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй маргах эрх бүхий субъект биш. Тэгэхээр нотлох баримтыг хуурамч байна гэж үнэлэлт дүгнэлт өгөх байгууллага нь нийгмийн даатгалын хэлтэс биш. Нотлох баримтыг хуурамч гэж үзэх эрхгүй, тогтоох субъект ч биш юм. Энэ шийдвэрт зохигч буюу Д.О л маргах эрхтэй. Д.О маргаагүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу заавал биелэгдэх шинжтэй эрхийн акт хэвээрээ байна. Мөн тэтгэврийг зогсоосон хэрнээ иргэдтэй уулзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 25, 29 дүгээр зүйлд заагдсан сонсох ажиллагаа хийх ёстой байсан. Д.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлтэй байна. Нийгмийн даатгалын байгууллагын тэтгэвэр тэтгэмж зогсоохдоо баримталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн гол агуулга нь хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон бол гэсэн байна. Нийгмийн даатгалын байгууллага хуурамч нотлох баримт гэдгийг ямар үйл явдлаар яаж тогтоосон юм. Хуурамч нотлох баримт гэдгээ тогтоосны дараа тэтгэврийг зогсооно уу гэхээс биш хяналт шалгалт хийх явцдаа хуурамч гэж үзэж тэтгэврийг зогсоож болохгүй. Энэ үйлдэл нь иргэний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Тухайн иргэн тэтгэврээрээ амьдралдаа залгуулдаг гэтэл тэтгэврийг зогсоочихлоор энэ цаг үеийн хүнд нөхцөл байдалтай үед иргэний дархлааг унагааж хямраах, эдийн засгийн хямралд оруулж эрхийг зөрчиж байна. Төрийн байгууллага иргэнийг маш их чирэгдүүлж, хууль бус шийдвэр гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч Д.О-н материалыг шалгахад 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн Ихтамир сумын материалд Д.О-н хувийн өргөдөл байгаа бөгөөд өргөдөл дээрээ 1985 оноос эхлэн тус суманд ирж мал маллаж байгаа гэсэн байна. Гэтэл Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1063 дугаар шийдвэр нь 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дүгээр сарын 31 хүртэлх хугацаанд Хотонт сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь О-н Ихтамир суманд ажилласан байх хугацааг Хотонт суманд ажилласан гэж гаргасан нь зөрж байгаа зэрэг нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн.

Иймд хэлтсийн даргын 1/635 дугаар албан бчигийг үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн Д.О-д хүргүүлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу Д.О-н тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүй зогсоогоод байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О-н 2020 он 12 дугаар сарын тэтгэврийг өгсөн байгаа. 2021 оны эхний 1, 2, 3 сарын тэтгэврийг олгоогүй байгаа. Шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзээгүй. Шүүхийн шийдвэр гаргуулахдаа Архангай аймгийн Хотонд сумын Цацрал нэгдэлд ажиллаж байсан гэдгийг гаргуулсан байна. Харин манайд гаргасан өргөдөлдөө 1985 онд Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж байсан гэдэг. Тэгэхээр нь 1985 онд Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж байсан нотлох баримтуудаа авчирч ир гэхэд Д.О Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж байгаагүй Хотонт сумын Цацрал нэгдэлд ажиллаж байсан гэж хэлсэн. Анх 2013 онд Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж манай байгууллагад материал бүрдүүлж өргөдлөө бичихдээ 1985 оноос Ихтамир суманд ажилласан гэх өргөдлийг худлаа бичнэ гэж байхгүй гэж бодож байна. Иймд манай байгууллагаас тэтгэврийг зогсоосон байгаа. Хэрэв 1985 онд Архангай аймгийн Ихтамир суманд ажиллаж байсан нотлох баримтаа аваад ирвэл тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой. Ихтамир сумын байцаагч иргэн Д.О-д утсаар мэдэгдсэн. Тэгээд 2021 он 1 сард Д.О ирээд уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Тухайн хүнийг 1985 онд ажиллаж байсан байдлыг шүүлгэхэд архиваас лавлагаа гаргаагүй, 1992 оны өмч хувьчлалын материал гарсан байдаг. Өргөдөлдөө 1985 оноос Архангай аймгийн Ихтамир суманд ирж мал малласан гэдгийг бичсэнийг үнэн гэж үзсэн. Гэхдээ энэ баримт шүүхийн шийдвэртэй зөрсөн  учраас тэтгэврийг түдгэлзүүлэн түр зогсоосон. Түүнээс биш шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзээгүй гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Д.Оээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Иргэн Б овогт Д-н О нь 1965 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 нас 6 сартай эмэгтэй байна.[1]

Нэхэмжлэгч Д.О нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/01063 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржгон овгийн Д-н О-г Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. [2]

Улмаар нэхэмжлэгч Д.О-д 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.[3]

Нэхэмжлэгч Д.О-н хувьд  нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил 30 өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан Д.О-н тэтгэврийн хувийн хэргийн баримтаар[4] тогтоогдож байна. Тодруулбал, 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр 8 жил 3 сар 30 өдөр, 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажилласан жилийн нөхөн тооцсон 11 жил, 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 9 сар төлснөөр нийт 20 жил 30 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэг[5], Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1[6], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/-т[7] заасан тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.

Нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг тодруулбал, 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Д.О нь 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 11 жилийг нөхөн тооцуулсан байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэг Энэ хуулийн 4 дүгээр зүйлд[8] заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ: 7.1.2.-т “1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/09 дүгээр тушаалын хавсралтаар баталсан маягтын дагуу Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолтоор “******** регистрийн дугаартай Д.О нь 1990-1995 оны хооронд /5 жил/ Бугат багт Д.А-тай гэр бүлийн хамт мал малласан ...” болохыг тодорхойлжээ.[9]

Дээрх асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Д.О нь 2012 оны ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн дагуу 11 жил, сайн дурын даатгалд даатгуулж 9 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн шүүхийн шийдвэрээр малчнаар тогтоосон 8 жил, 3 сар, 30 өдөр байсан ... улмаар 2018 оны малчны тэтгэвэр тогтоох тухай хуулийн 54 нас 4 сартайдаа малчны тэтгэвэрт орсон байгаа. 1990-1994 оны хооронд малчнаар ажилласан талаарх багийн Засаг даргын тодорхойлолттой тул уг жилийг малчнаар тооцох журмын дагуу малчнаар ажилласан гэж тооцсон, ийнхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон жил дээр нэмж, хуульд заасан 12 жил 6 сарын шаардлагыг хангасан байгаа ...” гэж тайлбарлаж байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Д.О-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, тэтгэвэр тогтоосон нөхцөлийн талаар маргаагүй болно.

2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актаар малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1544 иргэний тэтгэврийг хамруулан шалгаж хуурамч баримт бичиг бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 43 иргэний тэтгэврийн олголтыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэж, уг актын хавсралт Ихтамир сум, 2 дугаарт Д.О гэж дурджээ.[10]

Нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актын Д.О-д холбогдох хэсэгтэй маргаагүй бөгөөд уг акт нь иргэн Д.О-рүү чиглэсэн акт биш, сумдын Нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн, тэдгээрийн зөвшөөрсөн гарын үсэг бүхий акт байна гэж тайлбарласан.

Дээрх 47 дугаартай акт нь 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотоод хяналт шалгалтын үр дүнд хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэх нэр бүхий 43 иргэдийн мэдээллийг харьяалах сумдын байцаагч нарт хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан акт байх бөгөөд уг акт нь иргэн Д.О-д тухайлан чиглээгүй, түүнд хууль зүйн үр дагавар шууд үүсгээгүй байна.[11]

 Иймд шүүх дээрх актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. Мөн дээрх агуулга бүхий нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоож буй талаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар 28-ны өдрийн 1/635 дугаар албан бичгийг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн байна.[12]

Харин нэхэмжлэгч Д.О-д Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс түр зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн боловч Д.О гарын үсэг зурж хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, ******* утсаар мэдэгдэв гэх тэмдэглэл хийжээ. [13]

Мөн Төрийн банкны Архангай аймаг дахь салбараас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 35/159 дүгээр албан бичгээр ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд иргэн Д.От 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр олгоогүй байна.[14]

Дээрх үйл баримтаас дүгнэвэл иргэн Д.О-д өндөр насны тэтгэврийг анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Ихтамир/ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн боловч, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүй зогсоосон буюу тэтгэврийн мөнгө иргэний эзэмшдэг дансанд ороогүй болох нь 2021 оны 2 дугаар арын 17-ний өдөр хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, Төрийн банкны Архангай аймаг дахь салбарын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 35/159 дугаартай албан бичиг, иргэн Д.О-н тэтгэврийн мөнгөө авдаг Төрийн банкны ************* дугаартай дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.О-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүйн улмаас тэрээр өндөр насны тэтгэвэр зогсоосон дээрх үйлдэлд холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.[15]

Хоёр: Нэхэмжлэгч Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Д.О-н өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн зогсоосон байна.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “ ...  Ихтамир сумын  нийгмийн даатгалын байцаагчид гаргасан материалд Д.О-н хувийн өргөдөл байгаа бөгөөд уг өргөдөлд 1985 оноос эхлэн тус суманд ирж мал маллаж байгаа гэсэн ... гэтэл шүүхийн шийдвэр нь 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хотонт сумын цацрал нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоосон нь зөрж байгаа  нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тэтгэврийг түр зогсоосон”  гэж татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэн Д.О-н 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан өргөдөлдөө “ ... Бугат багийн иргэн, 1981 онд Хотонт сумын  жилийн сургууль төгссөн, сургууль төгссөн гэрчилгээгээ гээгдүүлсэн тул нотлох баримтгүй байна. 1985 оноос эхлэн тус суманд ирж мал маллаж байгаа ...” гэж бичжээ.[16]

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч Д.О нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2018/01063 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын гурвын 3.1.-д Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно гэж, 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйг нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, /хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/ гэж зааснаар малчнаар ажилласан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох баримт бичиг мөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэгчийг дээрх хугацаанд Хотонт сумын Цацрал нэгдэлд 1981 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдлыг нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “тэтгэвэр авагчийн 2013 онд гаргасан өргөдөлд 1985 оноос эхлэн Ихтамир суманд ирж мал маллаж байгаа гэж бичсэн” гэх үндэслэлээр шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болжээ.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.О-н малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно.

 

Мөн хариуцагч тайлбартаа “...тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тэтгэврийг түр зогсоон”  гэж  татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлон маргаж буй боловч чухам тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байна. Тодруулбал, иргэн Д.О нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн Д.Оийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Д.Оийн өндөр насны тэтгэврийг зогсоосон байна.

Иргэн Д.Оийн өндөр насны тэтгэврийг зогсоосон дээрх үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Түүнчлэн захиргааны байгууллага буюу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Ихтамир/ нь анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч иргэний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар анх тэтгэврийг тогтоохдоо захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох,  нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байх бөгөөд үүндээ нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/,  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.,  24.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.О-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

[1] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 54, 80-82, 85 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[5] 1.Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.

[6] 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.

[7] 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.

[8] 4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

4.1.1.аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

4.1.3.өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

4.1.4.мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

[9] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 34-35, 48-49 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 48-49 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 92-95 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 1 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 33 дугаар тал