Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 50

 

2017         04           17                                                       50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган, улсын яллагч С.Алтай, хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

      

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эцээд овогт ******* холбогдох эрүүгийн 201711000060 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч Эцээд овогт Батболдын Энхбат, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол улсын иргэн /*******/, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төв спорт заалны үүдний хэсэгт 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас ******* маргалдан улмаар харилцан зодолдож ******* биед хүзүүний 2 дугаар нугаламын зүүн урд болон арын мэдрэлийн нумын хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн   хэлэлцүүлэгт: Би   мөрдөн   байцаалтын шатанд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн болохоор шүүх хуралд нэмж ярих зүйл байхгүй. Би энэ хэргийн улмаас мөн хохирсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгосон гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "… Би тухайн өдөр спорт хорооны зааланд сагс тоглож байгаад найз Билгүүн, Анхбаяр, Оюунбат нарын хамт заалны зүүн урд талын хэсэгт сууж байхад гаднаас Хосбилэг орж ирэхээр нь би юу байна гээд гар барих гэтэл намайг зайл аа, пизда минь гэж хэлэхээр нь биЧи яачихсан юм гэж асуухад, ХосбилэгЧи пизда, гадуур харзны усанд орсон талаар яриад байгаа юм уу гэж хэлээд бид хоёр маргалдаж байгаад заалнаас гараад үүдний хэсэгт очиход Хосбилэг эхлээд миний нүүрэн тус газарт цохиод, хавсарч унагаагаад дахин нэг удаа цохиод толгойн дээрээс минь дарахаар нь би Хосбилэгийн малгайтай цамцны малгайнаас нь татаад босохдоо толгойн тус газарт нь өвдөглөөд бид хоёр босоод зууралцаад байж байхад заалнаас хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан …" гэжээ. /хх 71-72/

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах төв спорт хороонд “Дорнод лиг” сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байхад Энхбат спорт заалны зүүн урд талд найзуудтайгаа зогсож байхаар нь очоод би, “чи юу яриад яваад байгаа юм бэ, харзны усны талаар юм ярьж яваад байгаа юм уу” гэж хэлээд Энхбаттай маргалдаж бид хоёр спорт хорооны үүдэн хэсэг рүү хамт гараад намайг хоёр гараараа заамдаж авчихаад хана руу түлхээд байхаар нь би хажуу тал руу нь хавсарч унагаасан...Энхбат босож ирэх гээд байхаар нь толгой дээрээс нь дараад...би эрүүнээс нь хойшоогоо дарсаны дараа Энхбат босч ирээд намайг нүүрэн тус газарт мөргөж, миний малгайтай цамцны малгайнаас бариад миний нүүрэн тус газарт өшиглөсөн....бид хоёрыг хүмүүс салгаж, Энхбат спорт заалны бие засах газар руу ороод араас нь би орж бид хоёр юм ярьж байгаад гар барьж салцгаасан... Одоо миний хүзүү өвдөж, дөрвөн мөч бадайрч, дотор муухайрч толгой өвддөг болсон. Эмчилгээний зардалд нийт 1300000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардалд  /18 сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай/ нийт 10000000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 84 тоот дүгнэлтэд: "1.******* биед хүзүүний 2-р нугаламын зүүн урд болон арын мэдрэлийн нумын хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 1-ээс доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэжээ. /хх 49/

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 5 тоот нэмэлт дүгнэлтэд: 1.******* биед хүзүүний 2-р нугаламын зүүн урд болон арын нумын хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд хүзүүний 2-р нугаламын зүүн урд болон арын нумын хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байна. Харин хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон хүзүүний 2-р нугаламын зүүн урд болон арын нумын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 2.4.1-д зааснаар хамрын таславчийн муруйлт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтлүүд нь эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх 122/

 

Хохирогч ******* /хх 18-20/, *******ыг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх 21-23/,  Гэрч ******* /хх 24-26/, ******* /хх 27-29/, /хх 30-31/, /хх 32-33/, /хх 34-35/, /хх 36-37/, /хх 38-39/, /хх 40-41/, /хх 42-43/, /хх 44-45/, /хх 46-47/ нарын мэдүүлгүүд,  *******ын сэжигтэн, яллагдагчаар /хх 71-72, 77-78, 125/, ******* сэжигтэн, яллагдагчаар /хх 74-75, 80-81/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 50/, Яаралтай тусламжийн хуудас /хх 51-52, 59/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-54-55, 118-119/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 87 тоот дүгнэлт /хх 58/, Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 5/32 тоот прокурорын тогтоол /хх 130-131/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 8-10, 12-14/, Эд зүйлийн үнэлгээ /хх 11, 15/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 86/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87/, Хохирлын баримтууд /хх 98-101, 103-107/, Хохирол төлсөн талаарх баримтууд /хх 102,108/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байршилтай “Спортын ордон”-ы заалны үүдний хэсэгт 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд “Харзны усны талаар юм ярьж явсан”  гэх хохирогч ******* маргаанаас үүдэн харилцан зодолдож, улмаар түүний биед “Хүзүүний 2 дугаар нугаламын зүүн урд болон арын мэдрэлийн нумын хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эдгээрийг давхар нотолсон хоорондоо харилцан зодолдсон талаар нүдээр харсан гэрч *******гийн “...Намайг харахад, заалан дотроос хоёр залуу гарч ирээд гарах үүдний ойролцоо очоод намхан биетэй /*******/ залуу нь өндөр нуруутай /*******/ залууг эхэлж баруун гараараа нүүрэн тус газар нь цохиж унагасны дараа дээрээс нь олон удаа цохисон. Тэгээд өндөр залуугийн хамраас цус гарсны дараа бие биетэйгээ цохилцсон...” /хх 25/ гэх, гэрч Г.Урантуяагийн “...Намхан биетэй залуу нь өндөр биетэй залууг урд талаас нь хавсарч унагаасан...Өндөр залуу нь босоод ирсэн чинь хамраас нь цус гарсан байсан...Дараа нь хоёулаа бие биетэйгээ цохилцоод байсан...” /хх 28-29/ гэх, мөн харзны усанд ороод даарсан талаар маргалдсаныг сонссон гэрч ын “...Хосбилэг заалны хойд хэсгээс Энхбат руу баруун гараараа салаавч өгсөн байдалтай ирэхээр нь Энхбат өөдөөс нь Хосбилэгт хандаж “чи тоглоод байгаа юм уу” гэсэн чинь Хосбилэг “чи гадуур ярих юм аа ярьж яв мэдэв үү” гэсэн...Харзны усанд ороод даарч байсан талаар Энхбатыг ярьсан гэж хоорондоо маргалдсан...” /хх 30-31 гэх, гэрч /хх 32-33/, /хх 34-35/, /хх 36-37/, /хх 38-39/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр, хохирогч ******* биед хөдөлмөрийн чадварыг удаан хугацаагаар алдагдуулсан “хүзүүний 2-р нугаламын зүүн урд болон арын нумын хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий гэмтэл тогтоогдсон болохыг дүгнэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 29, 84 тоот дүгнэлтүүд, Шинжээчийг байцаасан тэмдэглэл, Анхны үзлэгийн тодорхойлолт, Яаралтай тусламжийн хуудас, Хохирлын баримтууд, Хохирол төлсөн талаарх баримтууд зэрэг хуульд  заасан  үндэслэл  журмын  дагуу  олж  авсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч *******, хохирогч ******* нарын харилцан зодолдож хэн алиндаа хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт /факт/ нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн мэдүүлгүүд, мөн гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч *******ын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хохирогч *******т учирсан гэмтлийн талаарх удаа дараагийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87/, Хохирол төлсөн талаарх баримтууд /хх 102,108/, хохиролд 1300000 төгрөг хүлээн авсан талаар хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчийн ял хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

 

Хохирогч ******* нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Энхбатыг зодож, цохиогүй...” гэж, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч *******ын биед учирсан гэмтэл тогтоогдоогүй, хуурамч баримт бүрдүүлсэн...Энхбатын биед учирсан гэмтлийг шалгуулах талаар хүсэлт өгсөн боловч хэрэгт байхгүй байна...” гэж мэтгэлцжээ. 

Гэвч *******ыг хохирогч түрүүлж зодсон талаар нүдээр харж мэдүүлсэн гэрч *******, ******* нарын, мөн хохирогч ******* маргалдах эх үүсвэрийг эхэлсэн талаар тэдний яриаг сонсож мэдүүлсэн гэрч , , , нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл болно.

      Хохирогч нь шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учруулсан эсэх талаар хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хэн аль нь хүсэлт, гомдол гаргаагүй байна. Мөн шүүгдэгчид учирсан гэмтлийн талаар маргах нь гэмт хэргийн зүйлчлэл, хохирогчид учирсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй юм.  Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэжээ.

     Иймд хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.

     Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би эмчилгээний зардалд 1978440 төгрөг зарцуулсан, баримтаа өгсөн. Энхбатаас 1300000 төгрөг авсан, 678440 төгрөг дутуу төлөгдсөн...Цаашид 18 сар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул эмчилгээний зардалд зарцуулах нийт 10000000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.

     Шүүх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл,          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулж нийт 1978440 төгрөгийн 23 нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд өгчээ.

Үүнээс замын зардлын 126400 төгрөгөөс Лхамжавын 31600 /эмчилгээнд хамт яваагүй гэх хх 99/ төгрөгийг хасч, 94800 төгрөгийг, эмчилгээний зардлын  1269540 төгрөгөөс DXN сүлжээний эмний үнэ 20800 төгрөг /өөр бусдад зориулагдсан/, биллээр авсан эмний үнэ 244240 төгрөг /хэнд зориулагдсан нь тодорхой бус, бусад баримтаар давхар нотлогдоогүй/ нийт 265040 төгрөгийг хасч, 1004500 төгрөгийг, бусад 550000 төгрөгийн зардлаас өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 350000 төгрөг /гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй/, хохирогч өөрийн эцэг Л.Батжаргалд дансаар шилжүүлсэн 200000 төгрөг /гэмт хэргийн хохиролд хамаарахгүй/, тооцооны зөрүү 32500 төгрөг, нийт 582500 төгрөгийг, бүгд 879140 төгрөгийг  нэхэмжилсэн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд 1978440 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 1099300 төгрөгийн нотлох баримт байна гэж шүүх дүгнэлээ. Үүнийг шүүгдэгчийн төлсөн 1300000 төгрөг /хх 102,108/-тэй харьцуулснаар шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

     Мөн хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Цаашид эмчлүүлэх эмчилгээний зардалд 10000000төгрөг нэхэмжилж байна...” гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид гэм хорын хохиролд 1300000 төгрөг төлсөн ба одоо төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах, шүүгдэгч нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй байх тул түүний эзэмшлээс “Samsung” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болговол зохино.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Эцээд овогт Батболдын Энхбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батболдын Энхбатыг 400 /дөрвөн зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-д зааснаар хохирогч нь ирээдүйд эмчлүүлэх эмчилгээний зардалд 10000000 /арван сая/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг хохирогч *******т мэдэгдсүгэй.

5. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид 1300000 төгрөг төлсөн буюу одоо төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс 400000 төгрөгийн үнэ бүхий “Samsung” маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтанд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

 

ДАРГАЛАГЧ                     Ү.ОДГЭРЭЛ