Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1859

 

 

 

 

 

 

 

 

 

С.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01298 дугаар шийдвэртэй, С.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.О, Р.О нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 99 785 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ж.О, Р.О,

Хариуцагч нарын өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Р.О, Ж.О нарт 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нар гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болон хүүг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие эдгээр хүмүүсийг бодоод өмнө гаргасан нэхэмжлэлдээ зээлийн хүүг багаар бодож алданги нэхэмжлээгүй. Гэтэл хүүд өгсөн мөнгөө үндсэн зээлд төлсөн мэтээр тайлбарлаж байна. Иймд үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 67 200 000 төгрөг, алданги 182 078 400 төгрөг байснаас надад өгсөн хүү 43 010 000 төгрөгийг хасч 24 190 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 24 190 000 төгрөг, нийт 54 190 000 төгрөг, алдангийг үнийн дүнгийн 50 хувь буюу 27 095 000 төгрөг, нийт 81 285 000 төгрөг, мөн хариуцагч нарт мөнгө хэрэгтэй байна гээд өгсөн зээлийн гэрээнд тусгагдаагүй 6 500 000 төгрөг, 12 000 000 төгрөгийг тус тус нэмж, нийт 99 785 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 30 000 000 төгрөгийн гэрээ байгуулж 27 000 000 төгрөгийг хүлээж авсан. 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 12 000 000 төгрөгийг хүлээж аваагүй. Харин 6 500 000 төгрөг нь данс руу 3 хуваагдаж орсон. Би С.Хаас нийт 33 500 000 төгрөг авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хүүтэй нь хамт нийт 43 010 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн мөнгө шилжүүлсэн Хаан банкны 5034315438, 5014350691 гэх данснуудыг нэхэмжлэгч нь өөрийн данс мөн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээ байгуулснаас 2 сарын дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ний өдөр 6 500 000 төгрөгийг шилжүүлсэн нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 27 000 000 төгрөгийг шилжүүлсэн. 30 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчид 10 000 000 гаруй төгрөг илүү төлсөн бөгөөд хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.О, Р.О нараас 99 785 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо үндэслэх хэсэгт хариуцагч нарыг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 43 010 000 төгрөгийг төлсөн, нэгэнт гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул алданги гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр буюу гэрээ дуусах хугацаанд 16 300 000 төгрөгийг төлсөн байтал бүрэн гүйцэт төлсөн мэтээр дүгнэж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд алдангийн талаар зохицуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгөөс хугацаандаа төлсөн 16 300 000 төгрөгөөс хасч 22 700 000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гарч байгаа бөгөөд уг дүнгийн 0.5 хувь болох нэг өдрийн 113 500 төгрөгийн алдангийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн төлөлт хүртэл 7 өдрөөр тооцож 794 500 төгрөгийн алданги тооцогдоно, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нар 2 000 000 төгрөгийн төлөлт хийж үндсэн төлбөр 20 700 000 төгрөгөөс хоног тутам 103 500 төгрөг буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 414 000 төгрөгийн алданги тоологдож эцсийн байдлаар 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл алданги тооцож бодох ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн хариуцагчид 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг шүүх үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч зээлсэн гэж үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгч ингэж дүгнэхдээ нэхэмжлэгчээс бүрэн тайлбар авч, нэхэмжилж буй 12 000 000 төгрөг хэрхэн нотлогдох, нотлох баримт байгаа эсэх талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд шаардах алдангийг тооцоогүй мөн хийгдэж болох ажиллагаа дутуу хийж 12 000 000 төгрөгийн шаардлагыг хангаагүй үлдээсэн нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ж.От холбогдуулан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу барагдуулаагүй төлбөр 70 000 000 төгрөг, алданги 35 000 000 төгрөг, нийт 105 000 000 төгрөг гаргуулах /хх1/ нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа өөрчилж үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 24 190 000 төгрөг, алданги 27 095 000 төгрөг, гэрээнд тусгаагүй боловч дансаар 6 500 000 төгрөг, 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул нийт 99 785 000 төгрөгийг хариуцагч Ж.О, Р.О нараас гаргуулана гэж нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч Ж.О, Р.О нар нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч С.Хтай зээлийн гэрээ /хх22/ байгуулж, үүгээр 30 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг харилцан тохиролцсон байх боловч уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь 27 000 000 төгрөгийг зээлдэгч Ж.Оийн дансанд /хх34/ шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцэх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, уг гэрээний дагуу зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээг зөв тодорхойлсон байна.

 

Мөн талууд бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ж.Оийн дансаар 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 6 500 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримт хэргийн 37 дугаар талд авагдсан хариуцагчийн Дипозит дансны хуулгаар тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангаагүй учраас хүү шаардах эрхээ алдах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 27 000 000 төгрөг, хүүг 10 хувиар 3 сараар тооцвол 8 100 000 төгрөг, нийт 35 100 000 төгрөг болох бөгөөд үүнээс хугацаандаа төлсөн 18 300 000 төгрөгийг хасч 16 800 000 төгрөгийг хугацаа хэтэрсэн 5 өдрөөр тооцвол 420 000 төгрөгийн алданги нэмэгдэж, нийт 35 520 000 бичгээр хийсэн зээлийн гэрээний үүрэг гэж үзэв. Мөн дансаар шилжүүлсэн 6 500 000 төгрөгийг мөнгөн төлбөрийн нийт үүрэгт нэмж 42 020 000 төгрөг төлөх байжээ.

 

Харин нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг зээлүүлсэн байдлаар хариуцагчийн үүргийг тооцоолж, түүнээс хүү, алдангийн хэмжээг тодорхойлж байгаа нь буруу юм.

 

Хариуцагч тал нийт 43 010 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ нь Ж.Оийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгааар тогтоогдсон тул шүүх түүнийг гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 12 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  хариуцагч Ж.Оийн хүсэлтээр өөр хүний данснаас шилжүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан тооцсон байх боловч анхан шатны шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх хэмжээний зээлийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар энэ талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.

 

Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “хууль буруу хэрэглэсэн, үндсэн зээл, хүү, алдангийн тооцоог зөв хийгээгүй, нотлох баримт байгаа эсэхийг тодруулаагүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2018/01298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА