Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

       2024          06           05                                      2024/ШЦТ/67

                

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                   Б.Наранжаргал,  

Улсын яллагч                                                 Б.Баттуяа,

Шүүгдэгч                                                        Ч.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Баярмагнайд холбогдох эрүүгийн 2404000780063 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их Гүн хэсгийн 14 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Бодонгууд овгийн Чимэддоржийн Баярмагнай  /РД:СБ84110518/.

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч Ч.Баярмагнай нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 15 дугаар гудамжны 5 тоотод Г.Даваадуламын гэрт хохирогч С.Маш-Эрдэнийн “ажил хийж олсон мөнгийг нь авдар хийж өгөөд аваарай” гэсэн үгэнд дургүйцэн нүүрэн хэсэгт 1 удаа, толгойн ар хэсэгт 1 удаа шилэн аягаар тус тус цохиж, эрүүл мэндэд нь толгойн ар дагз, баруун хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Ч.Баярмагнай шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С.Маш-Эрдэнийн гэрт очиж хийсэн ажлынхаа хөлсийг авах гэхэд С.Маш-Эрдэнэ “пизда, лалар, гичий минь чамд өгөхгүй” гээд өөдөөс салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би ширээний хажууд цай ууж байсан сэнжтэй шилэн аягыг аваад С.Маш-Эрдэнэ рүү шидэхэд түүний нүүр хэсэгт оносон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 84-85-р хуудас/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

 - Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хохирогч С.Маш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Гэрч Г.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас /,

- Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 28-55-р хуудас/,

- Шүүгдэгч  Ч.Баярмагнайн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 86-р хуудас/,

- Хохирогч С.Маш-Эрдэнийн гэрэл зураг /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ч.Баярмагнай нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүний 15 дугаар гудамжны 5 тоотод Г.Даваадуламын гэрт хохирогч С.Маш-Эрдэнийн “ажил хийж олсон мөнгийг нь авдар хийж өгөөд аваарай” гэсэн үгэнд дургүйцэн нүүрэн хэсэгт 1 удаа, толгойн ар хэсэгт 1 удаа шилэн аягаар тус тус цохиж, эрүүл мэндэд нь толгойн ар дагз, баруун хөмсөгний хэсэгт оёдол тавигдсан зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч С.Маш-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан толгойн ар дагз, баруун хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч Ч.Баярмагнайн хохирогчийн  нүүрэн хэсэгт 1 удаа, толгойн ар хэсэгт 1 удаа шилэн аягаар цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь:

- Хохирогч С.Маш-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс Баярмагнайтай хамт айлын саравч барих ажилд яваад ирсэн юм. Тэгээд Багануурт ирээд Баярмагнайн гэрт Хараа нэртэй 0,75 граммын хоёр шил архи гурвуулаа хувааж уусан. Архи ууж байхад нөгөө танихгүй залуу гараад явчихсан. Баярмагнай нь надад нэг авдар хийж өгөх ёстой байсан. Архи ууж байхдаа тэр тухай яриад сая хөдөө ажилд явахдаа авсан цалинг нь Баярмагнай данс байхгүй гэхээр нь миний дансанд хийчихсэн байхаар нь тоглоод “чи надад авдраа хийж өгөөд мөнгөө аваарай” гэж хэлчихээд тэднийхээс гараад гэртээ очоод хадам ээжийн гэрт ороод ганцаараа баруун талын орон дээр хэвтэж байтал гаднаас Баярмагнай орж ирээд шууд нүүр лүү шилэн аягаар цохьсон ба аяга хагарсан. Тэгэхэд миний баруун талын хөмсөгний орчмоос цус гарсан. Би дээшээ өндийтөл хоолойн урд хэсэг рүү юмаар зүсэх шиг болохоор нь доошоо тонгойтол толгойн ар хэсэг рүү дахиад нэг удаа аягаараа цохьсон. Тэгээд шууд буцаад гараад явчихсан. Би араас нь “чи яаж байгаа юм бэ” гэхэд надтай юу ч яриагүй, шууд хашааны хаалгаар гараад явчихсан. Гомдолтой байна, цаашид толгойгоо эмчид үзүүлэх шаардлагатай, гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

- Гэрч Г.Даваадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өнөөдөр орой 21 цаг 20 минутын үед гэртээ байж байтал хүн хаалга тогшихоор нь онгойлготол хашаанд хамт байдаг Маш-Эрдэнэ нүүр нь нил цус болчихсон зогсож байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн. Би болсон асуудлыг мэдэхгүй, гадаа ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай: “...1.С.Маш-Эрдэнийн биед толгойн ар дагз, баруун хөмсөгний хэсэгт оёдол тавигдсан зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/, 

- Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

              Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.

Шүүгдэгч Ч.Баярмагнай нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч С.Маш-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/-ээр тогтоогджээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Маш-Эрдэнэ нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч Ч.Баярмагнайгаас 144,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Баярмагнайг хохирогч С.Маш-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногт төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгч Ч.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ч.Баярмагнайн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Баярмагнайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бодонгууд овгийн Чимэддоржийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бодонгууд овгийн Чимэддоржийн Баярмагнайд 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Ч.Баярмагнайд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Баярмагнайд тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардалтай холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Маш-Эрдэнэ нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шүүгдэгч Ч.Баярмагнайгаас 144,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Баярмагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН