| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/03629/И |
| Дугаар | 101/ШШ2021/02371 |
| Огноо | 2021-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2021/02371
2021 08 13 101/ШШ2021/02371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............плаза, С ХХК-ийн /РД: ,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................. тоотод оршин суух, Б.Ц /РД: ,,,,,,,,,,,/ холбогдох
284.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Ц нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 8 сарын 27-ны өдөр төхөөрөмжийн үйлчилгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 91745458 дугаартай скайнет В33155-607 төхөөрөмжийг 24 сарын хугацаанд сар бүр 25.000 төгрөгийн цэнэглэгч картаар цэнэглэх нөхцөлтэй зээлээр худалдан авсан.
Гэтэл Б.Ц гэрээний үүргээ үл биелүүлж төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 280.000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу үйлчилгээг нь хаасан.
280.000 төгрөгийн үнэтэй скайнет интернет үйлчилгээний төхөөрөмжийг сар бүр 25.000 төгрөгөөр 17 удаагийн цэнэглэлт хийснээр уг төхөөрөмжийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр авч байгаа гэсэн үг. Б.Ц хамгийн сүүлд 2021 оны 2 сарын 11-ний өдөр 25.000 төгрөгөөр цэнэглэсэн.
Манай зээлээр худалдсан интернет үйлчилгээний төхөөрөмжид доголдол байхгүй, төхөөрөмжийг Б.Цт өгөхдөө шалгаж байж өгсөн. Дата хурдан дуусч байгаа нь тухайн айл өрхийн интернетийн хэрэглээтэй холбоотой.
Хэрэглэгч Б.Ц нийт 13 удаа тус бүр 25.000 төгрөгийн цэнэглэлт хийсэн ба гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд төхөөрөмжийн үнэ болон үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг тус тус төлөх үүрэгтэй.
Манай байгууллага Б.Ц-аас 284.500 төгрөг нэхэмжилсэн ба 19.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд Б.Цаас үйлчилгээний төлбөр 125.000 төгрөг, төхөөрөмжийн үнэ 140.000 төгрөг, нийт 265.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Скайтел” компаниас Б.Ц нь 2018 оны 8 сарын 27-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 91745458 дугаартай скайнет В33155-607 интернет үйлчилгээний төхөөрөмжийг 24 сарын хугацаанд сар бүр 25.000 төгрөгийн цэнэглэгч картаар цэнэглэх нөхцөлтэй зээлээр худалдан авсан.
Төлбөрийг тасалдалгүй төлж байсан ба “С” компаниас сар бүр өгдөг 20gb датаа нь 15 хоногийн хэрэглээнд хүрэхгүй дуусчихдаг. Мөн сүлжээний доголдол байнга гардаг ба лавлах утсаар нь тухай бүр утасдаж шалгуулаад мөн салбар дээр нь очиж сүлжээний доголдлыг шалгуулахад хэвийн байна гэсэн хариу өгдөг.
Дата хэрэглээгээ хянаад зөвхөн фейсбүүк ашиглахад дата нь хагас сар хэрэглээд сардаа хүрэхгүй дуусдаг.
Б.Ц 25.000 төгрөгөөр нийт 12 удаагийн төлөлт хийсэн ба үлдэгдэл төлбөрт скайнет В3155-607 төхөөрөмжийг буцаан өгөх хүсэлтэй байна гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 284.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа 19.500 төгрөгөөр багасгаж хариуцагч Б.Ц-аас 265.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
С ХХК нь Б.Цтай 2018 оны 8 сарын 27-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Б.Ц нь скайнет зөөврийн интернетийн 280.000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг дагалдах үйлчилгээний хамт 24 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлээр худалдан авахаар, гэрээнд заасан 17 сарын хугацаанд сар бүр 25.000 төгрөгийн үнэ бүхий цэнэглэгч картаар цэнэглэснээр уг төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар харилцан тохиролцжээ.
Дээрх 2018 оны 8 сарын 27-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5 дугаар хуудас, 5 дугаар хуудасны ар тал/
Гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 8 сарын 27-ны өдөр хариуцагч Б.Цт с ХХК зөөврийн интернетийн төхөөрөмжийг инженерээр шалгуулан хүлээлгэн өгсөн ба төхөөрөмжийг инженер шалгаад хэвийн гэсэн дүгнэлт өгсөн нь төхөөрөмж хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 6 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч Б.Ц нь 25.000 төгрөгийн цэнэглэгч картаар 12 удаа цэнэглэн интернет үйлчилгээ авсан тухайд болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 125.000 төгрөг талаар хэн аль нь маргахгүй байгаа болно.
Хариуцагч Б.Ц хэрэглээгүй үйлчилгээний төлбөр 125.000 төгрөгийг төлөхгүй, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөгт төхөөрөмжийг буцаан өгнө гэж маргаж байна.
Тэрээр уг төхөөрөмжийг ашиглах явцад сүлжээний доголдол гарч байсныг компани дээр тухай бүр очиж шалгуулахад хэвийн гэсэн хариуг өгч байсан хэмээн тайлбарласнаас гадна сар бүрийн 20gb дата сардаа хүрэлгүй дуусдаг гэж маргаж байх ба дата дуусдаг гэх тайлбар тухайн интернетийн үйлчилгээ хэрэглэгчээс хамааралтай бөгөөд энэ нь үйлчилгээний төлбөрийг төлөхөөс болон гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т ”Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”,
Талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 сарын 27-ны өдрийн төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “Хэрэглэгч гэрээнд заасан хугацаанаас өмнө болон цэнэглэлтийн тоонд хүрээгүй үед гэрээг цуцлах, гэрээний үүргээ зөрчих, цэнэглэлт хийх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 10 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төхөөрөмжийн төлбөр болон интернетийн үйлчилгээг ашиглах ёстой байсан хугацаанд ногдох нөхөн төлбөрийг тус тус төлнө”,
6 дугаар зүйлийн 6.6-д “Хэрэглэгч гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу цэнэглэлт хийх үүрэгтэй”,
10 дугаар зүйлд “Хэрэглэгч Б.Ц миний бие 280.000 төгрөгийн үнэ бүхий скайнет зөөврийн интернет үйлчилгээний төхөөрөмжийг дагалдах үйлчилгээний хамт 24 сарын хугацаатай гэрээ байгуулан зээлээр худалдан авсан бөгөөд гэрээнд заасан заавал ашиглах ёстой хугацаанд интернет үйлчилгээг ашиглаагүй тохиолдолд доорхи хуваарьт заасан нөхөн төлбөр төлөх”,
3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд төхөөрөмжийн өмчлөх эрх үйлчилгээ үзүүлэгч талд хэвээр байх ба гэрээний үүргээ биелүүлснээр төхөөрөмжийн өмчлөх эрх хэрэглэгчид шилжинэ” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзэхэд хариуцагч Б.Ц нь гэрээний 10 дугаар зүйлд заасан хуваарийн дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, үйлчилгээний төлбөр 125.000 төгрөг, нийт 265.000 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Цаас 265.000 төгрөг гаргуулан С ХХК-д олгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Ц-аас 265.000 төгрөг гаргуулан С ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цаас 8.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН