| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/208 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г-эд холбогдох эрүүгийн 2438000000217 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г-,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх сайг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.96 м.куб шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тээвэрлэж ойн санд 954,106 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх сайг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 3.96 м.куб шинэс мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Мөрөн сум хүртэл тээвэрлэж ойн санд 954,106 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20 тал/, эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн банктай, ногоон өнгийн бариултай, ягаан хөрөөний ирний хамгаалалттай хөрөө 1 ширхэгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23 тал/, 3,96 метр куб хэмжээтэй, 318,035,52 төгрөгийн үнэлгээ бүхий түлшний модыг битүүмжлэх тухай 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Цогтсайханы мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 44-46 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн: “...954,106,56 /мян, төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 51 тал/, “Дамно” ХХК-ийн үнэлгээчний 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ХөЦ24-12 дугаартай “Киа Серес” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3,871,375 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 56-66 тал/, “Киа Серес” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84 тал/, прокурорын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор Э.Ариунжаргалын өмчлөлийн “Киа Серес” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /хх-ийн 91 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Б.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 318,035,52 төгрөгийн хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 954,106,56 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг иргэний нэхэмжлэгч Н.Цогтсайхан нэхэмжилснийг шүүгдэгч Б.Г- нь нөхөн төлсөн болох нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,96 метр куб хэмжээтэй, 318,035,52 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, прокурорын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Киа Серес” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Г-эд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,871,375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн банктай, ногоон өнгийн бариултай, ягаан өнгийн хөрөөний ирний хамгаалалттай хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3,96 метр куб хэмжээтэй, 318,035 (гурван зуун арван найман мянга гучин тав) төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг, прокурорын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн “Киа Серес” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Г-эд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 3,871,375 (гурван сая найман зуун далан нэгэн мянга гурван зуун далан тав) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Эрүүгийн 2438000000217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн банктай, ногоон өнгийн бариултай, ягаан өнгийн хөрөөний ирний хамгаалалттай хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР