| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0191/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/212 |
| Огноо | 2024-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 2438000000143 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт Е.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж, толгойн тус газар архины шилээр цохиж, өшиглөсний улмаас баруун дээд, доод зовхи, баруун хацрын шонтон, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000143 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт Е.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж, толгойн тус газар архины шилээр цохиж, өшиглөсний улмаас баруун дээд, доод зовхи, баруун хацрын шонтон, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын өгсөн: “... ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Е.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мөрөн сумын 1-р хорооны үзүүрт байх танил дүү Б-гийн гэрт очиж 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архийг юм ярьж суунгаа хувааж уусан юм. Тэндээс 17 цаг 10 минутын үед гараад гэр лүүгээ харих гээд 1-р хорооны Нисэхийн засмал замаар уруудаад явж байтал саадны дэргэд зүс таних М-, Б.У- хоёр нэг залуутай хамт архи согтууруулах ундаа хэрэглээд сууж байсан. Зүс таньдаг хүмүүс байсан болохоор хажууд нь яваад очсон. Надад архи хийж өгөхөөр нь би уугаагүй, угаасаа би архи уух хүсэлгүй болчихсон байсан. М-, Б.У- хоёртой хамт сууж байсан Г-гэх нэртэй залуутай би нэрээ хэлээд танилцсан юм. Хэн хэн нь согтуу байсан болохоор бид хоёр хальт ам зөрж, үл ойлголцол үүссэн. Тэгтэл тэр Г-гэх залуу гэнэт архитай шилээр миний толгойн орой хэсэг рүү цохисон. Архины шил нь хагарсан, үргэлжлүүлэн хагарсан шилээрээ миний толгойн орой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ хөлөөрөө миний баруун нүд рүү болон зүүн гуя, ахар сүүл зэрэг лүү өшиглөж зодсон. Миний толгойны орой хэсгээс цус гоожоод тогтохгүй байсан. М- нь Г-г надаас салгаж холдуулсан. Б.У- гэх залуу миний толгойноос гарч байгаа цусыг тогтоох гэж хичээсэн. Би ч шууд гэр лүүгээ харьсан, гэртээ ороод эхнэр Б.С-гаар цусаа тогтоолгосон. Түүнээс хойш гэртээ эмчилгээ хийж хэвтсээр байгаад өнөөдөр л цагдаагийн байгууллагад хандаж байна. Дээрх асуудал болсны маргааш өдөр нь намайг зодсон залуу буюу Г-н дугаарыг нь олоод холбогдож ярьсан. Оройхон тийшээ тэр залуу нэг шил архитай манайд ирээд надаас уучлалт гуйгаад байсан... надад 300.000 төгрөг өгсөн. Эмчилгээндээ зарцуулаад дууссан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13 тал/,
Гэрч Б.С-гийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад нөхөр Е.Б- над руу утсаар залгаад "хүнд зодуулчихлаа" гээд байсан. Би тэр үед Мөрөн сумын 14-р хороонд каргонд юм тавьчихаад удалгүй гэртээ яваад очтол хөнжил даавуу цусаар бохирлогдчихсон, нөхөр маань орондоо ороод хэвтэж байсан. Хаанаас нь цус гараад байгаа юм бол гээд биеийг нь сайн харахад толгойн орой дээрээс нь цус гараад байсан, хоёр нүд нь аниастай, баруун нүд нь айхтар хавдчихсан байсан. Ер нь л нөхөр маань танигдахааргүй болтлоо хүнд зодуулсан байсан. Би нөхрөөсөө хэнд зодуулсан талаар асуухад Г-гэсэн залууд зодуулчихлаа л гээд байсан. М-тай хамт тэр Г-гэх залуу байсан, гурвуулаа байсан гэж бас хэлсэн. Тэр хүмүүс нь бүгдээрээ манай хороонд амьдардаг хүмүүс. Надад хэлэхдээ архинаас нь уухгүй гээд зөв зүгээр байж байхад л архины шилээр толгой руу цохиод нүд, ахар сүүл рүү өшиглөөд зодсон гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Б.У-ын өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Г-, М- бид гурав Мөрөн сумын 1-р хороо 50 100 Event Hall-н ард байх талд саадны дэргэд нэг шил архи хувааж уугаад сууж байтал Е- Б- буюу Б- гэх хүн согтуу ганцаараа ирсэн. Е.Б- нь шууд бид гуравт хандаж "гомдол байхгүй, зодолдчихъё" гээд хувцсаа тайлаад томроод байсан. Тэгэхэд нь манай Г-гийн дургүй хүрээд бөгжтэй гараараа Е.Б-ы халзан дух руу нь нэг удаа, нүд орчимд нь нэг удаа цохичихсон юм. Цохиулсны дараа Е.Б-ы толгойн орой хэсэг нь халцраад цус гарч байсан. Би цасаар толгойг нь угааж, цусыг нь тогтоож өгсөн. Би түүнд хандаж "чи гэртээ харь, балай юм уу" гэж хэлсэн. Тэгээд Е.Б- яваад өгсөн. Маргааш өглөө нь Е.Б- өөрөө бид нарыг дуудахаар нь бид гурав гурвуулаа яваад очсон. Е.Б- Г-д хандаж "200.000 төгрөг өгчих тэгвэл гомдолгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Е.Б-д хандаж "чи өөрөө гомдолгүй гэж хүнд зодуулчихаад юу яриад байгаа юм" гэж хэлсэн. Е.Б- өөрөө их далчиганаж томорсноос болж зодуулсан. Болиоч гэж түүнд хэлсэн. Г-гийн уур нь хүрээд л түүнийг зодох болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Г.М-ийн өгсөн: “...Тухайн өдөр Б.У- хөдөөнөөс орж ирсэн гээд нутгийн гурав буюу Б.У-, Б.Г- бид гурав Мөрөн сумын 1-р хороонд байх саадны дэргэд 0.5 литрийн хэмжээтэй 1 шил Хараа нэртэй архийг хувааж уугаад бараг л дуусаж байсан. Тэгэхэд Нисэхийн замаар нэг хүн уруудаад ирж яваа харагдсан. Бид нарын тушаа ирэхэд нь харахад Е- Б- байсан. Нэлээн согтуу явж байсан, бид гурав луу харангуутаа "манай 1-р хороонд архи уугаад сууж байдаг ямар хулгайчууд байна аа" гэж агсарч эхэлсэн. Б.У- бид хоёрыг тухайн үедээ Е.Б- таньсан. Тэгэнгүүтээ Е.Б- Б.Г-т хандаж "чи намайг мэдэх үү, намайг Е- Б- гэдэг юм ш дээ" гэж хэлсэн. Тэгэхэд нь Б.Г- "би яаж мэддэг юм" гэж хэлсэн. Тэгсэн чинь Е.Б- хувцсаа тайлснаа "эр хүн шиг сайхан үзчихье, гомдолгүй гээд гар хөл барилцчихъя" гээд эхэлсэн. Тэгэхэд нь Б.У- бид хоёр хэрүүл хийхээ больцгоо гэж хэлсэн. Е- Б- бол бид хоёрыг тоох шинжгүй байсан. Тэгтэл манай найз Б.Г- уурандаа архины шилээр Б-ы толгой руу нэг удаа цохисон. Түүний толгойн орой хэсгээс цус гарч эхэлсэн. Би Б.Г-ын хойноос нь татаж болиулсан. Б.У- болохоор Б-ыг холдуулсан. Салгамаар болоод байж байтал Б- орилоод үг амаар доромжлоод, янз бүрийн юм яриад байсан. Тэгсэн чинь Б.Г- хөлөөрөө Б-ы нүд рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын Ю-ны өдрийн 170 дугаартай: “...1. Е.Б-ы биед баруун дээд, доод зовхи, баруун хацрын шонтон, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун зулайн хуйханд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Е.Б-ы биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн өнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад юлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 24 тал/,
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.У-, Г.М- бид гурав Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1- р багт байх саадны дэргэд 2024 оны 03 дугаар сард /өдрийг санахгүй байна/1 шил архи хувааж уугаад сууж байтал Е.Б- засмал замаар хойд зүгээс уруудаж ирж яваа харагдсан. Бид нар дээр ирэнгүүтээ “манай хороонд яаахаараа архи ууж байдаг бааснууд вэ, Е- Б- гэж намайг мэдэх үү” гээд агсарч ярихдаа над руу гараа далайхаар нь би урд талд байсан архины шилийг авангуутаа түүний толгой руу нэг удаа цохьчихсон юм. Бас толгой орчимд нь нэг удаа өшиглөсөн. Ийм асуудал болсон. Би Е.Б-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Е.Б-, гэрч Б.Сарануяа, Б.У-, Г.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт Е.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдаж, толгойн тус газар архины шилээр цохиж, өшиглөсний улмаас баруун дээд, доод зовхи, баруун хацрын шонтон, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл, баруун зулайн хуйханд шарх бүхий гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Е.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Г-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Е.Б-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Г-ын хохирогч Е.Б-ы бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Е.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 300,000 төгрөгийг хүлээн авсан талаарх мэдүүлэг /хх-ийн 13 тал/ авагдсан, хохирогч Е.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн байх тул цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 30, 33-35 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч Б.Г-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2438000000143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Е.Б- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай
6. Эрүүгийн 2438000000143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР