Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2021/00109

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: 1983 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,  тоотод оршин суух, **********************/-т холбогдох  

Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний үлдэгдэл төлбөр, нийт 4 323 122 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттуяа,*******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* дахь Банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол шуудан банк болон Хадгаламж банкны хооронд 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив хөрнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр Монгол шуудан банкны зарим шаардах эрхийг Хадгаламж банкинд шилжүүлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн*******-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар тушаалаар*******-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч Банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Хадгаламж банкны чанаргүй актив нь Банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд зээлдэгч *******т олгосон зээл чанаргүй зээлд хамаарч байна. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа. Зээлдэгч нь Монгол шуудан банкны 3 дугаар тооцооны төв салбартай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 89 дугаартай Зээлийн гэрээ, 89 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан 4 000 000 төгрөгийн зээлийг сарын 2.2 хувь, жилийн 13.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэн авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкийг илтэд хохироож байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээл авах үеийн хаягтаа оршин сууж буй эсэх нь тодорхойгүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/000516 дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг гаргуулан авч, зээлдэгч *******ыг нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаг болохыг тогтоосон. Үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 3 752 578.47 төргөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 570 543 94 төгрөг, нийт үлдэгдэл 4 323 122,41 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд, зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 4 323 122,41 төгрөгийг гаргуулж,******* дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус банкны эрх хүлээн авагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 4 323 122,41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Монгол шуудан банкны 3 дугаар тооцооны төв салбараас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөг зээлж аваагүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Ямар байдлаар хэрхэн, яаж миний нэр дээр зээл гарсан эсэхийг би мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт 2004 оноос амьдарч тус дүүргийн УБТЗ-ын вагон ашиглалтын депогийн харьяа Багахангай техник үйлчилгээний газарт вагон үзэгчээр ажиллаж байгаад 2015 онд Говьсүмбэр аймагт амьдрахаар ирж одоо ч ажиллаж, амьдарч байна. Багахангай дүүрэгт ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар зээл төлүүлэх талаар шаардаж, сануулж байсан асуудал байхгүй. Нэхэмжлэгчээс нэхэмжилж буй үнийн дүнгээс харахад тодорхой хэмжээнд зээл төлж байсан байх магадлал харагдаж байна. Үүнээс үзэхэд би хэн нэгэн эрх бүхий банкны аль нэгэн ажилтан миний нэр, амьдарч байсан газрыг ашиглаж хуурамчаар зээлийн зээлийн нөхцөл үүсгэн зээлийн гэрээ байгуулсан мэт дүр эсгэн мөнгө авч ашигласан байна гэж хардаж байна. Зээлийн гэрээний зориулалт нь байр засах материал авахад ашиглан гэсэн нөхцлөөр зээл гаргасан байна. Миний амьдарч байсан Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 14-13 тоот, 1 өрөө ажилчдын байр шинэ орон сууц байсан. Уг орон сууцанд ямар ч засвар үйлчилгээ хийж тохижуулах шаардлагагүй байсан. Тухайн үед зээл авах хэрэгцээ шаардлага үүсээгүй. Мөн зээлийн гэрээ байгуулахдаа барьцааны гэрээ байгуулан барьцаанд 1 дүгээр хорооны 0072281 дугаар бүхий 2 өрөө орон сууц, автомашин миний өмчлөл эзэмшилд байхгүй, миний мэдэхгүй хөрөнгө байна. Намайг Говьсүмбэр аймагт шилжин ирснээс хойш 2017 оны үед Монгол банкнаас байх гэнэт ойр ойрхон ярьж, ирж уулз гэсний дагуу ажлын шугамаар хот орохдоо уулзахад зээлийн гэрээ харуулж та энэ зээлийн талаар мэдэх үү, энэ таны гарын үсэг мөн үү гэсэн асуудлыг тодруулж байсан бөгөөд өөр зүйл асуугаагүй өнгөрсөн. Миний гарын үсгийг шалгаад, миний гарын үсгийг шалгаж үзтэл тэр гарын үсэгтэй миний гарын үсэг таарахгүй байсан. Миний гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан байсан. Миний хувьд энэ байдлаас үзэхэд банкны байгууллагын ажилтан бусдын нэр дээр хууль бусаар зээл гаргаж бусдыг хорироосон асуудал байсан учраас тодруулсан болов уу гэж бодож байна. Дээрх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш бөгөөд хэн нэгэн миний нэрийг ашиглаж гарын үсэг зуржээ гэж үзэж байна. Би энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 2.2 хувийн хүүтэй зээлсэн гэхээр, миний тухайн үед ажиллаж байсан ажлын цалинтай харьцуулахад хэтэрхий өндөр төлөхөөр болж байгаа юм. Би тухайн үед 300 000 гаруй төгрөг авч байсан, тэгээд 6 сарын хугацаатай гэхээр банк надад тийм зээл гаргаж өгөх боломжгүй байгаа юм. Би иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийнхөө хүсэлтийг өгсөн, тэр хүсэлтийн дагуу гарын үсгийн хэв бусад байр, эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг шалгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Яаж ч бодсон надад банк зээл гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгэхээр банк дотроосоо хүний нэр барин зээл гаргуулсан байх гэж бодож байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3 752 578 төгрөг 47 мөнгө, зээлийн хүүний үлдэгдэл 570 543 төгрөг 94 мөнгө, нийт 4 323 122 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* ... зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш, би тус банкнаас зээл аваагүй, барьцаанд тавьсан хөрөнгө минийх биш, намайг 2017 оны үед Монгол банкнаас нэг дуудаж уулзаад зээлийн гэрээ харуулаад, та энэ зээлийг мэдэх үү, таны гарын үсэг мөн үү гэж асуугаад, уучлаарай гээд явуулсан, ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн******* дахь Банкны эрх хүлээн авагч томилох тухай А-216 дугаар тушаалаар М.Энхтөрийг******* дахь Банкны эрх хүлээн авагчаар томилсон байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-258 дугаар тушаалаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай сунгажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч******* дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3 752 578 төгрөг 47 мөнгө, зээлийн хүүний үлдэгдэл 570 543 төгрөг 94 мөнгө, нийт 4 323 122 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Банкны эрх хүлээн авагчаар томилогдсон М.Энхтөр нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийгөө төлөөлөх бүрэн эрх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон итгэмжлэлийг *******, А.Баттуяа,******* нарт 2021 оны 07 дугаар сарын 22, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Итгэмжлэлийн хугацаа сунгах тухай албан бичигтээ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар олгожээ.

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч *******ыг Монгол шуудан банкны 3 дугаар тооцооны төв салбартай 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 89 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан гэх боловч нэхэмжлэгч нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* нь тухайн зээлийг авсан нь тогтоогдсонгүй гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч ******* нь зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсэг түүнийх мөн эсэхийг тодруулахаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан ба дүгнэлтэд ... Шинжилгээнд ирүүлсэн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй,

Зээлийн өргөдөлд бичигдсэн гар бичмэлүүдийг харьцуулан шинжлэхэд чөлөөт болон харьцангуй чөлөөт загварууд нь тоон болон чанарын хувьд шаардлага хангахгүй байх тул цаашид шинжилгээ хийх боломжгүй гэжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх үүрэгтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч талаас *******ыг зээл авсан болохыг нотлохоор зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Хадгаламж банкны балансын гадуурх дансны хуулга зэрэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтууд нь хариуцагчийг тухайн зээл авсан болохыг нотлохгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* нь зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний үлдэгдэл, нийт 4 323 122 төгрөг 41 мөнгө зээлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Хуульд зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******т холбогдох зээлийн үлдэгдэл 3 752 578 төгрөг 47 мөнгө, зээлийн хүүний үлдэгдэл 570 543 төгрөг 94 мөнгө, нийт 4 323 122 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар  нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П. ЦОГЗОЛМАА