Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 0036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч                                           Л.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.О

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Л.М-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Л-н М.

 

Шүүгдэгч Л.М нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Булаг багийн 4 дүгээр гудамжны 01 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 65 настай Б.Д-ийг зодож, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн, хүнийг бие хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:

 

  • Б овгийн Л-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Л.М-ыг 18 /арван найм/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мын цагдан хоригдсон 264 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.М-аас 4.500.000 төгрөгийг гаргуулж Ц.Ш-т олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ерөөл архины шил, ёроол хэсгээр хонхойсон төмөр сав, амь хохирогч Б.Д-ийн биед өмсгөөтэй байсан босоо судалтай хар өнгийн пиджак, цэнхэр ногоон өнгийн хөндлөн судалтай улбар шар өнгийн хоолойтой эрээн цамц, саарал өнгийн урт ханцуйтай цамц, XL гэсэн бичигтэй улбар шар өнгийн фудболк, D&С гэсэн бичигтэй саарал өнгийн дотоож, хар өнгийн 4 ширхэг оймс, шүүгдэгч Л.М-ын гэрээс хураан авсан хар өнгийн нэхий дотортой савхин хүрэм, саарал өнгийн брюкэн өмд, бор өнгийн үдээстэй гутал, хэргийн газрын үзлэгээр байшингийн багананы хойд талын цус мэт зүйл дуссан хивсэнцэрийн хэсэг, цогцосны толгойн хажуу талаас шингээн авч хатаасан цус байшингийн багананы хажуу талаас авч хатаасан цус цагаан саарал өнгийн даавуу, шүүгдэгч Л.М, гэрт Х.Б, Ц.Г Н.Ц, талийгаач Б.Д нарын биенээс авч хатаасан цус, хэргийн газрын үзлэгээр зуухны доороос хураан авсан 4 ширхэг тамхины иш, цогцосны зүүн талаас хураан авсан 4 ширхэг тамхины иш, шүүгдэгч Л.Мын биенээс авсан 10-н хурууны хумс, талийгаач Б.Д-ийн биенээс авсан 10-н хурууны хумс талийгаач Б.Д-ийн цогцост хийсэн үзлэгээр зүүн гар дээрээс авсан үс мэт зүйл, мөн харьцуулах шинжилгээнд хүргүүлж буй шүүгдэгч Л.М, гэрч Ц.Г, Н.Ц, Х.Б нарын биенээс авсан үснүүд, шүүгдэгч Л.М-аас хураан авсан Нокиа 6070 загварын гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх нь гэрч Г-н мэдүүлэг.../134 хх / Б хөнжлөө эвхээд арын хашаагаар давуулж шидээд бид хоёр хойшоо хашаа даваад явсан гэх мэдүүлэг нь 136 хх байгаа.

            Гэрч Г-н дахин мэдүүлсэн мэдүүлэгтэй зөрүүтэй буюу ...тэгээд эхлээд байшингийн арын хашаа давуулж хөнжил гудсаа шидчихэд хашааны урьд талын хаалгаар гарч Булгын 23-8 тоот хашаанд байдаг... гэх мэдүүлгийг өгсөн.

            Энэхүү мэдүүлгээс Б, Г нар нь талийгаачийн гэрийн урьд хаалгаар явсан эсэх, арын хашааг давж явсан эсэх ялангуяа явсан уу гэдэгт эргэлзээтэй баримт байхад шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ач холбогдолтой ноглох баримт гэж үзэж дүгнэлт хийсэн.

             Хэрэгт авагдсан шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 тоот дүгнэлт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 дүгнэлтүүд болон шинжээч Г-н мэдүүлэг /151-152хх/ зэрэг нотлох баримт өөр хоорондоо үгүйсгэгдсэн байхад Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 дүгнэлтээр нас барсан цаг хугацааг тухайн үед хийгдсэн цогцосны гадна үзлэгийн үед тогтооно гэх дүгнэлтийг нотлох баримт гэж үзсэн ба энэхүү баримт нь талийгаач хэзээ нас барсан талаарх цаг хугацааг тогтоосон гэж үзэх боломжгүй дүгнэлт бөгөөд шинжээч Г-н мэдүүлэгт 16 цагт цогцост үзлэг хийсэн гэх мэдүүлэг, хүүрийн толбо нас барснаас хойш 3-4 цагийн дараа бүдэг үүсч эхэлнэ, хүүрийн хөрөлт нас барснаас хойш 1-2 цагийн дараа нүүр сарвуу хөрсөн байна, 4-5 цагийн дараа хувцастай хэсэг хөрж эхэлнэ гэсэн мэдүүлэгтэй зөрүүтэй шинжээчийн 2019 оны 02 дугаар 13-ны 09 тоот дүгнэлт зэрэг нь талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоогоогүй зөрүүтэй нотлох баримтууд.

             Цогцост анх хэргийн газрын үзлэг хийгдэхэд хүүрийн хөшилт хүзүү, мөчдийн булчинд сул, хүүрийн толбо илрээгүй, цавь хэсэг бүлээн, энгэр битүү норсон байдалтай гэх цогцосны гадна үзлэг тэмдэглэгдсэн /15 хх/ байх ба энэхүү шинж нь хэргийн газрын үзлэг 12 цаг 45 минутад хийгдэх үеийн шинж бөгөөд нас барснаас хойш 1-2 цагийн нүүр сарвуу хөрөх, 3-4 цагийн дараа хүүрийн толбо илэрнэ гэж үзвэл 27-ны орой нас барсан гэж үзэх боломжгүй.

Нас барснаас хойш хүүрийн толбо 3-4 цагт бүдэг үүсч эхэлдэг гэж үзвэл 12 цаг 45 минутын үзлэгийн үед хүүрийн толбо үүсээгүй байгааг хэрхэн дүгнэж үзэх ялангуяа уг асуудлаар дахин дүгнэлт гаргах буюу талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоохоор дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах болсон атал уг бүрэлдэхүүн тухайн асуудлаар дүгнэлт гаргаагүй. Нас барсан цаг хугацааг цогцосны гадна үзлэгээр тогтооно гэх дүгнэлтийг хийж ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй дүгнэлт хийсэн.

Уг дүгнэлтийг баримталбал 1 цаг 45 минутанд үзлэг хийх үед хүүрийн толбо үүсээгүй байгаа нь нас бараад 3-4 цаг болоогүй байх магадлалтай, эргэлзээтэй байдал үүсч байгаа юм.

Шинжээч Г-н мэдүүлэгт 16 цагт цогцост гадна үзлэг хийхэд хүүрийн толбо бага зэрэг илэрсэн гэж байгаа нь 12 цаг 45 минутаас 16 цагийн хооронд илэрсэн шинж тэмдэг байх бөгөөд хэргийн газрын үзлэг хийх үеийн цогцосны гадна илэрч байсан шинж тэмдэгийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон гэх байдал зөрүүтэй шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтүүдийг үндэслэл болгон шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Учир нь Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1030 дүгнэлтэд талийгаач эдгээр гэмтлийг аваад шууд үхэлд хүрнэ гэж дүгнэсэнтэй цогцосны гадна үзлэгийн шинжийг буюу хүүрийн толбо илрээгүй цавь бүлээн гэх үеэс нас барсан цаг хугацааг тоолвол 27-ны шөнө 03 цагаас өмнө / гэрч Б ...хүү шөнийн 03 цагийн үед ирсэн тухай мэдүүлсэн/ нас барсан гэж үзэх боломжгүй байгаа.

Иймд талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоох шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт эргэлзээтэй байхад ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн талийгаач өвлийн хүйтэн шөнө гал түлээгүй / хэрэгт 20 цагийн үед гал түлж хоол хийсэн гэх хугацаанаас хэргийн газрын үзлэг хийх хүртэл 12 цаг 45 минут/ гэрт нас барсан байдалтай байх хугацаанд цавь бүлээн хүүрийн толбо илрээгүй мөчдийн хэсэгт хөшилт үүсч эхэлсэн шинж тэмдэгийг харьцуулан дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нас барсан цаг хугацааг тогтоогдоогүй учир хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй .

Хавтаст хэргийн 21-хх ард хэргийн газрын үзлэгийн гэрэл зургаас Л.М миний сууж байсан гэх сандлын хөл хугарсан. Хугарсан хэсэг нь байхгүй байгаа байдал. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх гутлын мөрүүд болон хэргийн газрын үзлэгт авагдсан цус болсон гутлын мөрүүд хоорондоо тохирч байгаа эсэх харьцуулан шинжилгээ хийлгүүлэх, хэргийн газраас гэрч Г нь М цүнхийг булаагаад үлдсэн, цүнхээ хэргийн газраас өглөө авсан гэх мэдүүлгийн дагуу уг цүнхийг эд мөрийн баримтаар тооцуулан ДНХ шинжилгээ хийлгүүлэх, Б Г нар нь хэргийн газраас шөнө авч явсан гэх хөнжил, хашаа давуулан шидэж авч явсан гэх ул мөрийг эд мөрийн баримтаар тооцон, гэмт хэргийн ул мөр байгаа эсэхийг шинжилгээ хийлгүүлэх, гэрч Г нь Б эргээд очно гээд буцаад явсан гэх ба Б нь М, талийгаач нар нь гудамжинд хамт явж байсан гэх гэрчийн мэдүүлгийг өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба талийгаачийн хамт Л.Мыг шөнө ...урд дэлгүүрийн баруун талаар ...худгийн ар овгор шороон дээрээс харж байгаад .../153хх / ... явсан гэх мэдүүлгээс худгийн тэндээс талийгаачийн гэр харагдах эсэх, өвлийн шөнө гэрэлгүй газарт яваа хүмүүс харагдах эсэхийг шалгах, гэрч С.Б-ын ... 11 цагийн орчимд ...модон амбаарын хажууд 2-3 хүн зогсож байгаа харагдсан би эрэгтэй хүн гэж харсан ямар ч байсан нэг нь дээгүүрээ хар куртиктай байсан би ойролцоогоор 10-15 орчим метрийн зайнаас харсан гэх гэрчийн мэдүүлэгт мэдүүлж байгаа хүмүүсийг эрэн сурвалжилж гэрчээр таньж олуулах ажиллагааг хийлгүүлэх, өглөө Б гэрт галгүй гэдгийг мэдэж байсан, гал түлэхээр мод хашаа давуулсан тухай мэдүүлэг, худалдагч Ц-с шөнийн 23 цагийн үед талийгаач болон М нар нь Ерөөл архи болон бэлэн хоол 2 ширхэг авсан гэх ба эдгээр архины шил болон бэлэн хоолны ул мөр үлдэц хэрэгт нотлох баримтаар авагдаагүй зэрэг нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтууд бөгөөд эдгээр ажиллагааг хийгээгүй учир прокурорт буцааж нэмэлт ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

         Шүүгдэгч Л.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

         Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

         Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 65 настай Б.Дийг хүнд зэргийн согтолттой, олон тооны гэмтлийн улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж, зодож биед нь хавсарсан гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны дух яс болон хоёр талын чамархай ясыг хамарсан хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан доорхи зүүн чамархай хэсгийн цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доор цус харвалт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, доод эрүүний баруун талын өнцөг хэсгийн хугарал, цээжний битүү гэмтэл, хоёр талын олон хавирганы цээжний хэлбэрийг алдагдуулсан /зүүн 2-10, баруун 2-9 дүгээр хавирганы/ далд зөрөөтэй хугарал, толгой, их бие дээд доод мөчдөд зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралт, няцарсан шарх, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хүнд гэмтэл, олон тооны гэмтэл учруулж, алсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

         Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Л.М-ыг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7.д зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

             

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд

2019 оны 01 дүгээр сарын 27-ны орой  Б.Д гэртээ Х.Б, Ц.Г, Ж.Э, нартай кино үзээд байж байхад Л.М согтуу 0,75 граммын архитай орж ирсэн. Л.Мыг орж ирэхэд Ж.Э зөрөөд гараад явсан. Авч ирсэн архиа Л.М Б.Д-тэй хувааж уусан. Б-ыг архи уухгүй гэхээр нь Л.М Х.Б, Ц.Г нарыг янхан, гичий, банди минь, лалар минь, чамайг мешок болгох уу гэх зэргээр хэлж агсам тавьсан. Кино дуусахаар  Х.Б, Ц.Г хоёр машиндаа очиж хонохоор гарсан. Б.Д Л.М хоёр архиа уугаад гэрт нь үлдсэн. Шөнийн 23 цаг өнгөрч байхад Д, М хоёр согтуу Ц-н дэлгүүрээс 0,75 граммын “Ерөөл” архийг Б.Д-ийн утсыг барьцаалан зээлээр авч явсан байдаг бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед Ц.Г гэрт нь ороход Б.Д гэртээ нас барсан байдалтай байсан. Амь хохирогчийн биед олон тооны гэмтэл учирч хавсарсан гэмтлийн улмаас нас барсан ба энэ олон тооны гэмтлүүд нь түүнийг амьд байх үед нь үүссэн гэмтлүүд. Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд этилийн спирт 2,55 промиль процент илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна, талийгаачийг хэргийн газрын үзлэг эхлэхээс 8-12 цагийн өмнө нас барсан болохыг дүгнэж анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Л.М нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт Х.Б Ц.Г талийгаач бид дөрөв миний авчирсан архийг уугаад сууж байсан, Б архи уухгүй гэж байсан... Би архиндаа нилээд согтсон байсан...Архинд тасраад унасан уу, хүнд зодуулсан уу хэсэг хугацаанд ухаан балартсан. Ямар хугацааны дараа гэдгийг мэдэхгүй нэг ухаан ороход талийгаачийн гэрт шалан дээр хэвтэж байсан. Мөн талийгаач орныхоо урд цус нөж болчихсон хэвтэж байсан. Өөр хүн байгаагүй... гэж мэдүүлдэг боловч амь хохирогчийг яг зодож байхыг нь шууд харсан гэрч байхгүй хэдий ч тэрээр амь хохирогчийн гэрт согтуугаар архи авч ирж ууж байхдаа түүний таагүй харьцаа үүсгэж байсны улмаас амь хохирогчийн гэрт байсан Х.Б, Ц.Г нар хөнжил авч машиндаа унтахаар гарч явсан, шөнийн 23 цагийн үед шүүгдэгч Л.М, амь хохирогч Б.Д хоёр ойролцоох дэлгүүрээс дахин 0,75 граммын архи зээлээр авч нэмж уусан байдаг ба шүүгдэгч Л.М нь согтолтын дунд зэрэгтэй, амь хохирогч Б.Д согтолтын хүнд зэрэгтэй байсан, Л.М нь шөнө өмсөж байсан хувцсаа өглөө  сольсон байсан, хэрэг учрал болох үед өмсөж байсан хувцаснаас нь амь хохирогчийн цус илэрсэн, шүүгдэгч Л.М нь архи согтууруулах ундааны зүйл уухаараа ширүүн зантай болдог гэдгийг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлэг, амь хохирогчийг 2018 онд согтуугаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлэх замаар шүүгдэгчийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 4 дүгээр гудамжны 01 тоотод байх Б.Д-ийн гэрт 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 65 настай Б.Д-тэй хамт архидан согтуурч байхдаа түүнийг зодож биед нь олон тооны гэмтэл, шарх үүсгэн биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан онц харгис хэрцгийгээр алсан болох нь нотлогдож байна.

 

Түүнээс гадна шүүгдэгчээс өөр хэн нэгэн хүнийг амь хохирогчийг алсан хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг төдийлөн зөрүүтэй биш, хохирогчийн нас барсан цагийг хэргийн газрын үзлэг эхэлснээс 8-12 цагийн өмнө нас барсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хүүрийн толбо нь нас барсан шалтгаанаас хамаарч харилцан адилгүй хугацаанд үүсдэг. Талийгаачийн биед үүссэн олон тооны гэмтлүүдийг аваад удаан хугацаанд амьдрах боломжгүй, согтолтын хүнд зэрэгтэй хүн өөрөө алхаж, гишгэх, гадна орчинтойгоо чөлөөтэй харьцах зэрэг үйлдлүүдийг өөрийн ухамсраар хийхгүй, харин рефлексээрээ  алхах, гишгэх, хэвтэх зэрэг үйлдлүүдийг хийнэ гэсэн шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогчийн нас барсан цагийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

 

Сандлын хугарсан хөл, Ц.Г-н цүнх зэргийг эд мөрийн баримтаар хураан авах, гудамжинд зогсож байсан 2-3 хүнийг таньж олуулах ажиллагаа хийлгэх нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ажиллагаанууд биш байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА