Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1860

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02064 дүгээр шийдвэртэй, Х.Сийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн/ нэхэмжлэлтэй, хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т холбогдох, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 11 688 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Сэ нь хуучин нэрээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах явган хүний гүүрэн гарцны шатны доод сэндвичэн хийцтэй байрыг цайны газрын үйлчилгээний зориулалтаар сарын 500 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ уг байрны дотор талыг өөрийн хөрөнгөөр бүрэн тохижуулж 6 768 000 төгрөгийн засварын зардал гаргасан ба гэрээний барьцаанд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500 000 төгрөг байршуулсан. Ингээд сар бүр түрээсийн төлбөрт 500 000 төгрөг төлж байсан. Уг объект төвийн бохир, цэвэр устай холбогдоогүй тул үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байсан. Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.6-д тус тус зааснаар Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь 2016 онд татан буугдан 3 хуваагдаж, уг түрээсийн байр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т шилжсэн ба тус газар биднийг үйл ажиллагаагаа зогсоо гэж шаардаж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 297 дугаар албан бичиг явуулж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр цахилгаан тасалсан учир үйл ажиллагаа бүрэн зогссон. Тухайн байгууллага нь эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.8, 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул уг хэлцлээс учирсан хохирол шаардана. Тохижуулсан объектыг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ цаашид бүрэн ашиглах боломжтой. Хариуцагч байгууллагын хууль бус буруутай үйл ажиллагаанаас гэрээ байгуулж энэ хугацаанд барьцаа болон түрээсийн төлбөрт нийт 4 920 000 төгрөг, засварт 6 768 000 төгрөг зарцуулж, нийт 11 688 000 төгрөгөөр хохироод байна. Бид дээрх хугацаанд ямар ч ашиггүй ажилласан бөгөөд цаг хугацаа хүч хөдөлмөрөөрөө ихээхэн хохирсон. Энэ нь түрээсийн гэрээ байгуулснаар цаашид байнга ажиллах ажлын байртай боллоо гэж итгэж ажилласантай холбоотой. Гэтэл гэрээ хууль зөрчиж хийгдсэн нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 02-07-107/55 албан шаардлагаар тогтоогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдгийг тус тус зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний эрхийг дараахь аргаар хамгаална, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах гэж заасан. Иймд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТГ-15-61 Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хууль бус буруу шийдвэр гарган хохироосон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас 11 688 000 төгрөгийг гаргуулж Х.Сэд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/638 дугаар захирамжийн дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж, Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламж ОНӨААТҮГ гэж зохион байгуулсан тул гүүрний засвар үйлчилгээ манайд шилжиж ирсэн. Х.Сэ нь тухайн үеийн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай 2015 онд түрээсийн гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах явган хүний гүүрэн гарцны шатны доор цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар тохижуулсан байдаг. Х.Сэ нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ татан буугдсаны дараа Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-тай албан ёсоор гэрээ байгуулсан баримт байхгүй тул түүнд учирсан гэх хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй. Х.Сийн сэндвичэн барилгаа хүлээлгэн өгөх газар нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар бөгөөд тэндээс уг объектыг хүлээн авахгүй гэсэн. Түүний Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний 4.6-д: Эрх бүхий төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалтын бус үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан тохиолдолд уг үйлчилгээг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авна гэсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн албан шаардлага ирсэн, уг шаардлагад дээрх сэндвичэн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг дурдсан. Гэрээний 4.8-д зааснаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар зөрчил арилгуулах албан бичгийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 тоотоор 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэл Х.Сэд өгсөн. Мөн гэрээний 5.3,5.5, 6.1, 6.3-д зааснаар түүнд учирсан хохирлыг манайх хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ татан буугдахтай холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр А/638 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, татан буугдаж буй байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэхээр болсон. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дүрмийн 1.1-д зааснаар манай үйлдвэрийн газар нь Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалт, замын тэмдэг, тэмдэглэгээ, асфальтбетон, бетон бүтээц эдлэл, хайрга дайрганы үйлдвэрлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, ашиглалтыг хариуцах чиг үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд буюу балансаас балансад шилжин ирсэн эд хөрөнгүүдийн дунд нэхэмжлэгчийн маргаж буй түрээсийн гэрээнд заасан эд хөрөнгө байхгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ болон Х.Сэ нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээнээс үүдэлтэй эрх, үүргийг эрх залгамжлан аваагүй болно.

Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлүүдэд хүчин төгөлдөр бусад тооцож болох тохиолдлуудыг зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг нэхэмжлэлдээ дурдсан нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь зөрүүтэй байна. Түрээсийн гэрээгээр 24 м.кв хэмжээтэй зөөврийн барилгыг түрээслүүлэхээр тохиролцсон боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг байгуулахад тавигдах хэлбэрийн буюу бичгээр байгуулах шаардлагыг хангасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.2-т: Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ мөн 16.1.2-т: үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах эрхтэй гэснээс харахад Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь Түрээсийн гэрээ байгуулах эрхтэй мөн уг гэрээг байгуулахын тулд аливаа этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8 болон 56.1.9-дзаасныг  зөрчөөгүй. Нэхэмжлэгч хууль зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар тогтоогдсон гэжээ. Мэргэжлийн хяналтын газраас цайны газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авалгүйгээр түрээсийн гэрээ байгуулсан тул гэрээг Иргэний хуулийн 56.1.1 56.1.8-д хэсгүүдийг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй. Гэрээний заалтаас харахад түрээслүүлэгч нь цайны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий обьектыг түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн тохиролцоо байхгүй. Харин түрээслэгч буюу Х.Сэ үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авах үүрэгтэй атал уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцлах арга хэмжээ авах эрхтэй нь гэрээний 4.6-д тусгагдсан байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Х.Сэ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тул түрээсийн төлбөрт төлсөн 4 920 000 төгрөгийг шаардах эрхгүй. Түрээсийн гэрээний 5.5-д: Түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсаны үндсэн дээр түрээсэлсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийж болно, 5.7-д: гэрээний хугацаа дуусгавар болж эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байрыг чөлөөлөх үед засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр байрны засал чимэглэл, тохижилт, хамгаалалтад зориулж хийсэн эд хөрөнгийг хэвээр үлдээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл талууд гэрээгээр өөрөөр тохиролцсон буюу засвар, засан сайжруулалтын зардлыг түрээслэгчид төлөхгүй байхаар харилцан тохиролцсон тул засварын зардал 6 768 000 төгрөгийг ч нэхэмжлэх эрхгүй. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас түрээсийн гэх байр нь балансаас балансад шилжиж ирээгүй, эхлэлтийн баланс шилжиж ирсэн байсан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр баланс шилжиж ирсэн бөгөөд энэ хүртэлх хугацаанд шилжиж ирэх нь тодорхойгүй байсан учир түрээсийн төлбөрийг манай дансанд шилжүүлсэн байсныг хүлээн авсан. Иймд нэхэмжлэгч Х.Сийн 11 668 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэл тус тус тогтоогдоогүй тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас 2 538 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 55.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоолгүй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т ... гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 24 сарын хугацаанд түрээсийн байрыг ашиглахын тулд 6 788 000 төгрөгийн засвар тохижуулалт хийсэн гэж үзэх бөгөөд түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, гэрээг дуусгавар болгосноос тэрээр уг байрыг гэрээнд заасан хугацаагаар ашиглах боломжгүйд хүрсэн нь тогтоогдож байх тул гэрээний үлдэх хугацааны хохирлыг шаардах үндэслэлтэй гэж үзлээ” гэж дүгнэлт хийсэн нь хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг буруу үнэлж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ болон Х.Сэ нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлээс харахад түрээслүүлэгч нь 24 м.кв сэндвичэн хийцтэй зөөврийн барилгыг түрээслэгчид ашиглуулах, түрээслэгч нь уг зөөврийн барилгыг эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж, тохирсон түрээсийн төлбөрийг төлөх харилцаа талуудын хооронд үүссэн. Түүнчлэн гэрээний 6.1-д талууд хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Үүнээс үзвэл түрээслүүлэгч нь цайны газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий обьектыг түрээслэгчид түрээслүүлнэ гэсэн тохиролцоо байхгүй. Харин түрээслэгч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авах үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч гэрээг цуцлах арга хэмжээ авах эрхтэй болох нь гэрээний 4.6-д зааснаас тодорхой харагдаж байна. Иймээс дээрх заалтын дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон үндэслэл нь түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс буюу түрээслэгчийн буруугаас гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс аваагүйн улмаас гэрээ цуцлагдсан. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй буюу хариуцагч нь аливаа хохирол төлөх үүрэг хүлээхгүй болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.5-д зааснаар түрээчлэгч талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байдаг. Уг зохицуулалт нь талууд гэрээнд өөрөөр зохицуулаагүй бол хэрэглэгдэх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.5-д түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр түрээслэсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийж болно, мөн 5.7-д гэрээний хугацаа дуусгавар болж эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байрыг чөлөөлөх үед засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр байрны засал чимэглэл, тохижилт, хамгаалалтад зориулж хийсэн эд хөрөнгийг хэвээр үлдээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээгээр өөрөөр тохиролцсон буюу засвар, засан сайжруулалтын зардлыг гэрээ дуусгавар болоход түрээслэгчид нөхөн төлөхгүй байхаар харилцан тохиролцсон байна. Мөн гэрээний 4.8-д түрээслэгч нь энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа түрээчлэгчид ажлын 5 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараагаас чөлөөлж өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгч засварын зардал болох 6 768 000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэх эрхгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн 61-63 дугаар талд авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зохицуулалтыг харгалзан үзэлгүй хариуцагчаас 2 538 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй бөгөөд хууль бус шийдвэр болсон. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Сэ нь хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулж түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 11 688 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Х.Сэ нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах явган хүний гүүрэн гарцны шатны доод /замын урд талын/ 24 м.кв сэндвичэн хийцтэй ажлын байрыг хүнс, үйлчилгээний зориулалтаар сарын 500 000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар  Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын зүүн салбартай гэрээ байгуулсан байна. /хх8-11/

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, бичгээр байгуулах шаардлага хангасан түрээсийн гэрээ байгуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь дээрх гэрээг байгуулсан Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ыг 2016 онд эрх бүхий байгууллагаас “Хот тохижилтын газар”, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар”, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан ба гэрээний оролцогч биш учраас үүрэг үүсэхгүй, хариуцлага хүлээхгүй гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.  

Шүүх Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн үүрэгтэй холбоотой хэсгийг хариуцах талаар хэрэгт авагдсан нотлох баримт /хх48-52/-ыг үндэслэн дүгнэлт хийсэн нь зөв болжээ. Тухайлбал, түрээслүүлэгч тал гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд түрээслэгч Х.Сэд эзэмшүүлсэн, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ болон түүний эрх, үүргийг хүлээн авсан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т шилжүүлж байсан, улмаар түрээсийн байранд явуулж байгаа үйл ажиллагааг зогсоож уг байрыг чөлөөлж өгөхийг хариуцагч байгууллага албан бичгээр /хх12/ нэхэмжлэгчид мэдэгдсэн, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн үйл ажиллагаа зогсоосон үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Х.Сэ нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сард түрээс, цахилгаан болон барьцааны төлбөрийг төлж байсныг шүүх зохигчдын шүүхэд гаргасан санхүүгийн баримтад тулгуурлан дүгнэсэн байна. /хх3,6,34-36,53/ Үүнээс үзвэл, түрээслэгч нь түрээсийн зүйлийг тодорхой хугацаанд ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний дагуу төлөгдсөн түрээсийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Түүнчлэн түрээслэгч нь түрээслүүлэгчийг зохих этгээдээс зөвшөөрөл авалгүйгээр түрээсийн гэрээг байгуулсан гээд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв.

Харин “Хос стандарт” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11/09 дугаартай “хохирол үнэлгээний тайлан”-гаас үзвэл нэхэмжлэгч түрээсийн байранд засвар тохижилт хийж 6 768 000 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдсон байна. /хх13-18/ Шүүх түрээсийн гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө дуусгавар болгосноор  талуудын тохирсон хугацаанд ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас дээрх зардлыг гэрээний үлдэх хугацааны хохиролд тооцон шаардах эрхтэй гэж дүгнэн 2 538 000 төгрөгийг тооцож хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 4 230 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/02064 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Т.ТУЯА