Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2021/00093/И |
Дугаар | 134/ШШ2021/00122 |
Огноо | 2021-09-01 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 134/ШШ2021/00122
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, эмэгтэй, 34 настай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,********************-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1978 онд төрсөн, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, ************************-д
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Батзаяатай 2015 онд анх танилцаж, 2018 оны 04 дүгээр сарын 18-нд хүүтэй болсон. Хүүхэд төрөх үед хаяж алга болоод 2018 оны 07 дугаар сард хайж, холбоо барьснаар ирэн очин байсан ба 2020 оны 06 дугаар сараас 1 гэрт амьдарч байгаад 2021 оны 07 дугаар сараас холбоо тасарсан. Уг хүнтэй цаашид амьдрах боломжгүй, ирэх болгондоо архи ууж агсам тавьж, үр хүүхдээ айлгадаг. Амьдралын зорилгогүй тул харилцаагаа тасалсан. Хүү Н.Алтангэрэл нь 3 нас 3 сартай, Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт явдаг.*******тай амьдарч байх хугацаанд өөрийн гэсэн байр сууцгүй тул түрээсийн байранд сарын 200 000 төгрөгийн төлбөр төлж амьдарч байна.
Архи уугаад, тамхи хэрэглэдэг гэж яриад байна. Энэ миний хувийн асуудал учраас яримааргүй байна. Ирээд 8 хоноод буцахдаа 6 хоног архи уудаг. Архи уухаараа агсам тавьдаг. Эр, эм 2 тусдаа 60-120 хоног байдаг учраас харддаг. Шөнө унтаж байхад 2 удаа эмэгтэй хүн залгаад*******тай яръя гэж байсан. Мөн хотод уулзахад 99274887 гэсэн дугаартай согтуу хүүхэн залгаад Заяатай яримаар байна гэхээр, чи хэн юм бэ гэсэн чинь багын найз нь байна. Чи хэн бэ? гэхээр нь би эхнэр нь байна гэсэн чинь битгий солиор, чамд хамаагүй, би Заяатай яримаар байна гээд хэрүүл маргаан болсон. Би 3 өөр эмэгтэй хүнтэй ярьсан. Тийм болохоор бүтэхгүй юм байна гэж бодсон. Би хөгширсөн хойно ганц хүүхэд төрүүлсэн. Би өөрөө хойд эцэгтэй учраас хүүхдээ өнчрүүлчихгүй юмсан гэсэн бодолтой байсан. Хариуцагч үр хүүхэд, гэр орноо авч явах үүрэгтэй.******* авсан зүйлээ тооцдог. Намайг ажилгүй байсан бол дарлах шинжтэй байдаг.*******д хэлэхэд өрх толгойлж байгаа учраас үүргээ хүлээх ёстой. Энэ талаар ярихгүй байя гэж бодсон боловч яриад байна. Тэгэхээр чи ярь, би бас яръя. Цаашид хүүхдийн өдөр бүрийн хэрэглээ өсөж, санхүүгийн хэрэглээ байнгын шаардлагатай байгаа тул эцгийн дэмжлэг хэрэгтэй байна.
Иймд, эцэг*******гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь *******тай 2015 онд танилцаж, өдийг хүртэл хамтран амьдарч цуг байсан. 2018 онд нэг хүүтэй болсон. Өөрийн гэсэн орон гэр байхгүй болохоор ирж очин байсан. 2020 оноос би ажилд орж, 2020 оны 06 дугаар сараас байр түрээсэлж амьдарч байна. Сүүлийн 1 жил жаахан юмнаас болж муудалцан, хэрүүл хийх болгондоо хөөнө эцэг, эхийг минь байнга дорожилно. Би амарч байх хугацаандаа ганц нэг хоног архи уудаг нь үнэн, агсам согтуу ёстой тавьж үзээгүй, тэр бол худлаа. Би олон хоногоор хөдөө ажилтай явдаг. Хамт ажилладаг цэвэрлэгч хүүхэнтэй хүртэл хардаг. Хажууд эмэгтэй хүн л байх юм бол харддаг. Хөдөө ажил хийж байхад дандаа согтуу байдаг. Надтай анх танилцахдаа ******* архи ууна, тамхи татна. Намайг ажилд явсан хойгуур гэртээ байнга хүн цуглуулж, хүүхдийн хажууд архи ууна. Үүнийг нь хэлэхээр өөрийгөө гаргууд сайн өмөөрнө, багш хүн байж арай л дэндүү дандаа худлаа ярина. Хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 06-нд бас муудалцаад хөөсөн. Би салъя гэж бодоогүй, шууд ажилдаа явсан. Явсан хойгуур шүүхэд өгч хүүхдийн тэтгэмж тогтоолгоно гэсэн байна. Миний хувьд салах бодол байгаагүй, нэгэнт одоо ингэж шийдсэн бол татгалзах зүйл байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар хайр сэтгэлийн холбоотой байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү Н.Алтангэрэл төрсөн болох нь 4207000032 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Зохигч нар хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн өсөж бойжих орчин, эх, эцгийн анхаарал, халамж, ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Алтангэрэлийг эх *******ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх ******* саад учруулахгүй байх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 416 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамж 34 416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Алтангэрэлийг эх *******ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Алтангэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг******* энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх *******д мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34 416 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 34 416 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАA