| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/05726/и |
| Дугаар | 101/ШШ2021/00397 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/00397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,702,394.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Голомт банк нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/220696727 дугаартай кредит карт эзэмшигчтэй гэрээ байгуулж, хосолсон валюттай Ногоон Американ экспресс картыг 600,000 төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй олгосон. Бусад нөхцөл, шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 25 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 1. Ногоон Американ экспресс карт /төгрөг/ зээлийн үндсэн төлбөр 726,602.78 төгрөг, үүнээс бэлэн 249,612.78 төгрөг, бэлэн бус 476,990 төгрөг, зээлийн үндсэн хүү 408,159.14 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 169,664.14 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 238,495 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 257,097.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 241,719.55 төгрөг, нийт 1,633,579.39 төгрөг, 2. Ногоон Американ экспресс карт /ам.доллар/ ханш 1$*2,851.69₮, зээлийн үндсэн төлбөр 52 ам.доллар, үүнээс бэлэн 37 ам.доллар, бэлэн бус 15 ам.доллар, зээлийн үндсэн хүү 39.44 ам.доллар, үүнээс бэлэн гүйлгээний хүү 32.37 ам.доллар, бэлэн бус гүйлгээний хүү 7.07 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний хүү 15.72 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 16.93 ам.доллар, нийт 124.09 ам.долларын үлдэгдэлтэй байна. Хариуцагч Ч.Бээс бүгд 1,987,445.60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Голомт банкнаас карт ашиглан зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Банкны тооцооллыг шалгаж үзээгүй, зээлийн хүүг хуульд нийцүүлэн тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,987,445.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь зээлийн эрхтэй карт ашиглан зээл авснаа хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлттэй гэж тайлбарлаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г б ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-5/.
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Ч.Бтэй 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ/220696727 дугаар кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, Ногоон Американ экспресс картыг 600,000 төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй, бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байх нөхцөлөөр 24 сарын хугацаатай ашиглуулахаар тохирчээ /хх-25-27/.
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэлд хосолсон валюттай картын зээлийн гэрээний шаардлагаа дор дурдсанаар тодорхойлсон. Үүнд:
- Төгрөгийн зээлийн хувьд, зээл 726,602.78 төгрөг, үүнээс бэлэн 249,612.78 төгрөг, бэлэн бус 476,990 төгрөг, зээлийн хүү 408,159.14 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 169,664.14 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 238,495 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 257,097.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 241,719.55 төгрөг, нийт 1,633,579.39 төгрөг.
- Ам.долларын зээлийн хувьд, ханш 1 ам.доллар 2,851.69 төгрөг, зээл 52 ам.доллар, үүнээс бэлэн 37 ам.доллар, бэлэн бус 15 ам.доллар, зээлийн хүү 39.44 ам.доллар, үүнээс бэлэн гүйлгээний хүү 32.37 ам.доллар, бэлэн бус гүйлгээний хүү 7.07 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний хүү 15.72 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 16.93 ам.доллар, нийт 124.09 ам.доллар.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн картны тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд:
Төгрөгийн зээлийн хувьд,
- 2017 оны 09 дүгээр сарын 06-23-ны өдрийн хугацаанд нийт 504,591 төгрөг бэлэн бус гүйлгээгээр ашиглаж, 15,000 төгрөг бэлнээр авч, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 210,000 төгрөг төлсөн,
- 2017 оны 10 дугаар сарын 16-23-ны өдрийн хугацаанд 211,600 төгрөг бэлэн бус гүйлгээгээр ашиглаж, 2017 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрийн хугацаанд 300,000 төгрөг төлсөн,
- 2017 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрийн хугацаанд 328,380 төгрөг бэлэн бус гүйлгээгээр ашиглаж, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 23,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50,000 төгрөг тус тус төлсөн,
- 2017 оны 11 дүгээр сарын 11-16-ны өдрийн хугацаанд 40,000 төгрөг бэлэн бус гүйлгээгээр ашиглаж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 150,000 төгрөг төлсөн,
- 2018 оны 01 дүгээр сарын 16-21-ний өдрийн хугацаанд 40,238 төгрөг бэлэн бус гүйлгээгээр ашиглаж, 100,000 төгрөг бэлнээр авч, 2018 оны 09 дүгээр сарын 04-17-ны өдөр 774,000 төгрөг төлсөн,
Дээрх хугацаанд бэлэн бус гүйлгээгээр нийт 1,124,809 төгрөг, бэлнээр нийт 115,000 төгрөг тус тус авсан, картын жилийн хураамж 100,000 төгрөг, АТМ-ын шимтгэл 300 төгрөг, зээлийн хүүнд 132,044.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 34,359.5 төгрөг /хугацаа хэтрүүлсний 19,267 төгрөг болон эрх хэтрүүлсний 15,092.5 төгрөг/ тус тус тооцсон байх ба хариуцагч нийт 1,507,000 төгрөг /илүү төлөлт 487.22 төгрөг/ бүрэн төлсөн байна.
Харин 2018 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрийн хугацаанд бэлэн бус гүйлгээгээр ашигласан 376,990 төгрөг, картын жилийн хураамж 100,000 төгрөг, нийт 476,990 төгрөг, бэлнээр авсан 250,000 төгрөг, АТМ-ын шимтгэл 100 төгрөг, нийт 250,100 төгрөг, үүнээс дээрх илүү төлөлт 487.22 төгрөгийг тооцон 249,612.78 төгрөг тус тус төлөгдөөгүй, мөн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд нийт 408,159.14 төгрөг тооцсон байх ба уг тооцоолыг хариуцагч маргаагүй.
Ам.долларын зээлийн хувьд,
- 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 35 ам.доллар бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 45 ам.доллар бэлнээр тус тус авч, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 35 ам.доллар, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 10 ам.доллар, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 46.15 ам.доллар тус тус төлсөн.
Дээрх хугацаанд нийт 80 ам.доллар бэлнээр авсан, АТМ-ын шимтгэл 0.25 ам.доллар, зээлийн хүү 10.9 ам.доллар тооцсон байх ба хариуцагч нийт 91.15 ам.доллар бүрэн төлсөн байна.
Харин 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр авсан 37 ам.доллар, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бэлэн бус гүйлгээгээр ашигласан 15 ам.доллар тус тус төлөгдөөгүй, АТМ-ын шимтгэл 0.11 ам.доллар, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүүнд нийт 39.44 ам.доллар тооцсон байх ба уг тооцоолыг хариуцагч маргаагүй.
Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн хариуцагчаас төгрөгийн зээлд 726,602.78 төгрөг, түүний хүүнд 408,159.14 төгрөг, ам.долларын зээлд 52 ам.доллар, түүний хүүнд 39.44 ам.доллар тус тус нэхэмжилснийг хангах үндэстэй.
Харин төгрөгийн зээлийн эрх хэтрүүлсний хүү 257,097.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 241,719.55 төгрөг, ам.долларын зээлийн эрх хэтрүүлсний хүү 15.72 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 16.93 ам.долларын шаардлагыг тус тус дор дурдсан үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Банкнаас олгох зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх хариуцлагыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид хуульд заагаагүй хариуцлага хүлээлгэх, тодруулбал сарын 2 хувиар тооцон зээлийн эрх хэтрүүлсний хүү төлүүлэхээр шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, зээлийн гэрээнд заасан хэмжээгээр зээл олгох үүрэг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч банкинд хамааралтай.
Түүнчлэн зээлийн гэрээний 3.4, 3.6 дахь хэсэгт тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн эргэн төлөх доод хэмжээг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө картанд төлсөн байна, төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заажээ.
Талуудаас шүүхэд гаргасан зээлийн гэрээний хувиудад зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөх доод хувийн хэмжээ хоорондоо зөрүүтэй тусгагдсан, тодруулбал нэмэгдүүлсэн хүү - нэхэмжлэгчийн гэрээнд 1 хувь, хариуцагчийн гэрээнд 2 хувь, эргэн төлөх доод хувь - нэхэмжлэгчийн гэрээнд 15 хувь, хариуцагчийн гэрээнд 20 хувь гэж тусгагджээ.
Мөн зээлийн картны тооцооллын хүснэгтэд хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь сар тутам өссөн дүнтэй байх ба энэ нь зээл, шимтгэл, хураамж болон зээлийн хүүг хуримтлуулан тооцсон үлдэгдэл дүнгээс тооцдогтой холбоотой гэж үзэхээр байна.
Иймд зээл төлөх хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү тооцох талаарх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр болсон гэж үзэх, улмаар Иргэний хуульд тодорхойлсон нэмэгдүүлсэн хүүний зохицуулалтад нийцсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсаныг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагч Ч.Б-ээс төгрөгийн зээлд 726,602.78 төгрөг, түүний хүүнд 408,159.14 төгрөг, ам.долларын зээлд 52 ам.доллар буюу 148,287.88 төгрөг, түүний хүүнд 39.44 ам.доллар буюу 112,470.65 төгрөг, бүгд 1,395,520.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 591,925.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Б-ээс 1,395,520.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 591,925.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,749.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-ээс 37,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА