| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/04992/и |
| Дугаар | 101/ШШ2021/00398 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П,в ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М,л ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,985,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шинэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П,в ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Шинэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... П,в ХХК нь 2016 оноос эхлэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. М,л ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 200222/01 дугаартай мах нийлүүлэх гэрээгээр дараах байдлаар махан бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 994.3 кг гахайн хааны махыг кг тутмыг 12,000 төгрөгөөр тооцож, 11,931,600 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 201.1 кг гахайн өөхийг кг тутмыг 7,500 төгрөгөөр тооцож, 1,508,250 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 118.5 кг гахайн өөхийг кг тутмыг 7,000 төгрөгөөр тооцож, 829,500 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 150.3 гахайн өөхийг кг тутмыг 7,000 төгрөгөөр тооцож, 1,052,100 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1082.8 кг гахайн хааны махыг кг тутмыг 12,000 төгрөгөөр тооцож, 12,345,600 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 217.5 кг гахайн өөхийг кг тутмыг 7,000 төгрөгөөр тооцож, 1,522,500 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350.3 кг хааны гахайн махыг кг тутмыг 12,000 төгрөгөөр тооцож, 4,203,600 төгрөгийн бүтээгдэхүүн, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1232.2 кг гахайн хааны махыг кг тутмыг 12,000 төгрөгөөр тооцож, 14,786,400 төгрөгийн бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлсэн. Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаар тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэгтэй ба гэрээний 4.3 дахь хэсэгт төлбөр тооцоог бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш төлөхөөр хугацаа тохирсон боловч тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан. Хэдийгээр худалдан авагч тал бүтээгдэхүүний төлбөрийг төлөх хугацааг удаа дараа хэтрүүлж, дутуу төлж байсан боловч манай компанийн зүгээс алданги тооцолгүй, төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцож байсан юм. Гэтэл хариуцагч М,л ХХК 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрч, худалдагч талыг хохироож байгаа тул гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болон алданги тооцож гаргуулахаар тус нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь нийт 48,179,550 төгрөгийн үнийн дүн бүхий гахайн мах, өөхийг худалдан авсан бөгөөд үүнээс 24,189,550 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 23,990,000 төгрөгийг төлөөгүй. Иймд хамгийн сүүлд төлбөр хийсэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 119 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход нийт алданги 14,274,050 төгрөг болох бөгөөд хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 11,995,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч М,л ХХК-аас бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 23,990,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 11,995,000 төгрөг, нийт 35,989,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П,в ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч М,л ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч П,в ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М,л ХХК нь нэхэмжлэгч П,в ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мах нийлүүлэх гэрээг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл П,в ХХК гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй байхад алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр П,в ХХК нь нийт 48,179,550 төгрөгийн үнэ бүхий махан бүтээгдэхүүн худалдан борлуулсны төлбөрөөс М,л ХХК 24,189,550 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 23,990,000 төгрөгийг төлөх тухай тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Мөн тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 200,000 төгрөгийг М,л ХХК нь бэлнээр П,в ХХК-д төлсөн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 23,790,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П,в ХХК нь хариуцагч М,л ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт махан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 23,990,000 төгрөг, алданги 11,995,000 төгрөг, нийт 35,985,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М,л ХХК нь бүтээгдэхүүний үнэд 23,790,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200222/01 дугаар бүхий мах нийлүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч П,в ХХК нь махан бүтээгдэхүүн худалдах, хариуцагч М,л ХХК үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-6-7/.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд 8 удаагийн нийлүүлэлтээр нийт 48,179,550 төгрөгийн үнэ бүхий 3,659.6 кг гахайн хааны мах, 687.4 кг гахайн өөхийг тус тус нийлүүлсэн, хариуцагч нь тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авч, гэрээний үнэд нийт 24,189,550 төгрөг төлсөн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар мөн маргаагүй.
Түүнчлэн талууд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч М,л ХХК нь нэхэмжлэгч П,в ХХК-д 23,990,000 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулжээ.
Харин хариуцагч дээрх акт үйлдсэнээс хойш 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх тайлбар шүүхэд гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон бараа бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 23,990,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Нэхэмжлэлд хариуцагчийг сүүлийн төлөлт хийсэн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 119 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 11,995,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний хугацаа дуусаагүй, талууд тооцоо нийлж акт үйлдсэн үндэслэлээр алданги төлөхөөс татгалзаж байна.
Талуудын байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт төлбөр тооцоог бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш төлөхөөр хугацаа тохирсон боловч тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан байх ба энэхүү нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Гэвч талууд гэрээндээ худалдан авагчийн захиалгын дагуу нийлүүлсэн махан бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг нарийвчлан тусгаагүй, гэрээний 2.5 дахь хэсэгт худалдагч нь төлбөр тооцоог тухай бүр нь нэхэмжлэл гаргуулж авах эрхтэй байхаар заасан боловч шүүхэд энэ талаар ямар нэгэн баримт гаргаагүй, өөрөөр хэлбэл худалдагч нь худалдан авагчаас бараа бүтээгдэхүүний үнийг төлөх хугацаа тогтоон шаардаж байсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, талуудын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актад төлбөр төлөх хугацаа тогтоогоогүй байна. Үүнээс гадна гэрээний 1.2 дахь хэсэгт гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд тус гэрээ хүчинтэй байхаар заажээ.
Иймд хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээнд заасан бараа бүтээгдэхүүний үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хуулийн дээрх зохицуулалт болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэлд алданги тооцсоныг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч М,л ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт махан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 23,990,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П,в ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 11,995,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М,л ХХК-аас 23,990,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П,в ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,995,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас, 277,900 төгрөгийг хариуцагч М,л ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч П,в ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА